UBLife Logo
Үнэ цэн

Дэлхийд ганцхан Монгол наадам | он цагийн хэлхээс

Дэлхийд ганцхан Монгол наадам | он цагийн хэлхээс

Баяр наадам гэдэг аливаа үндэстний ахуйн соёл, оюун санааны ул мөрийг өөртөө шингээн уламжлагдан ирсэн байдаг. Тэгвэл энэхүү ёслол төгөлдөр баяр хэзээнээс эхэлж, хэрхэн яаж тэмдэглэгдэн ирсэн түүхийг цаг хугацааны дарааллаар хүргэж байна. 

Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээсэн байдаг. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэцэн мэргэнээ уралдуулан сорьдог байжээ. Энэ нь тухайн үеийн дайн тулааны бэлтгэлд ч бас давхар нөлөөлдөг байсан гэж судлаачид үздэг. 

⌛ 1206 оны улаан барс жил Их Монгол улсыг тунхаглаж, Тэмүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтжээ.

⌛ Наадам нь дундаа хэд хэдэн удаа тасалдаж байсан нь монгол овог угсаатнуудын хагарал, бутралтай холбоотой гэж үздэг. Зарим тохиолдолд бутарсан аймгууд нэгдэх, найрсаг харилцаа тогтоохын тулд наадам зохион байгуулдаг байсан гэнэ. Чингэхдээ овог аймгийн ахлагч нар элчээрээ дамжуулан мэдэгдэл хүргэх ба наадам зохиох хүсэлтийг нь хүлээн аваагүй тохиолдолд заналт дайсан хэмээн үздэг байжээ. Тэгэхээр наадам зохиох нь нэг талаараа монгол үндэстний эв найрамдлын бэлэг тэмдэг юм.

⌛ 1778 оны 9 дүгээр сард  Манж Чин улсын хаан наадам хийх ёс журмын тухай зарлиг буулгаж наадмыг "Уул тахих, ард түмний болон шашны баяр болгон тэмдэглэж байх"-аар тогтож байжээ.

⌛ Эрийн гурван наадмыг тодорхой хугацаанд Даншиг наадам хэмээн нэрийддэг байсан нь Манжийн хаанд даншиг өргөх гэсэн утга санаатай бөгөөд 1911 оны хувьсгалын дараа Богд хаан даншиг хэмээх нэр үйлийг хассан байна.

⌛ 1921 онд ардын журамт цэргүүд Хиагт хотыг чөлөөлж 7 дугаар сарын 10-ны орчим Салдаат овооны наадмыг тэмдэглэж байжээ.

⌛ 1925 онд Богд хааныг насан өөд болсны дараа Засгийн газраас жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Ардын наадмыг тэмдэглэж байхаар тогтоол гаргажээ. 

⌛ 1946 онд Дундад улс Монгол Улсын тусгаар тогтнолыг албан ёсоор зөвшөөрснөөр тэр жилийн наадмыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулж байжээ. Тэр цагаас хойш наадмыг Ардын хувьсгал ялсны ой хэмээн нэрийдсэн байна.

⌛ 1996 онд Их Монгол Улс байгуулагдсаны 790 жилийн ойг баяр наадмаараа тэмдэглэн, түүнээс хойш энэ нэрийдлийг үргэлжлүүлсээр байна. 

⌛ Энэ жилийн хувьд Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.