Сэтгүүлч, нийтлэлч Э.Энэрэлийг энэ удаагийн ярилцлагын зочноор урилаа. 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан тэр сурагчийн ширээнээс мэргэжлийн гараагаа эхэлж, оюутан байхдаа тэр үеийн хэвлэл мэдээллийн толгой байгууллага болох “Ардын эрх” сонины үндсэн ажилтан болж байв. Сэтгүүл зүйн салбарын өнгийг тодорхойлогч, хамгийн нэр хүндтэй шагнал болох БАЛДОРЖ шагналын Канадын элчин сайдын яамны нэрэмжит охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр бичигдсэн оны шилдгийг тодруулах анхны шагналыг “Сэтгүүлчдийн хандлага өөрчлөгдөж байж нийгмийн ойлголтыг засна” нийтлэлээрээ хүртэж байсан билээ. Өдгөө тэрбээр Жендэрийн Үндэсний Хороо, Азийн хөгжлийн банк хамтран Японы улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” төслийн элчээр сонгогдоод байна.
-Таныг сурагчийн ширээнээс сэтгүүлч болох гараагаа эхэлсэн гэж сонссон. Тэр үед хэдэн настай байв, ямар сэжмээр энэ мэргэжлийг сонгов?
-Сэтгүүл зүйн салбарт хөл тавьсан үе гэвэл аравдугаар анги л даа. Тухайн үед сэтгүүлч мэргэжил өнөөтэй адилгүй, их сургууль сэтгүүлчийн ангидаа хоёр жилд нэг удаа элсэлт авдаг байсан нь дөнгөж өөрчлөгдсөн үе байв. Харин би балчир ахуй цагаасаа сэтгүүлч болох чин хүсэлтэй охин байсан юм. Ээж маань Монголын радиод насаараа ажилласан сэтгүүлч хүн. Тийм болохоор энэ мэргэжлийг сонгоход ээжийн минь нөлөө их байсан гэж боддог юм.
Тэр үед мэргэжлийн сэтгүүлчид ховор учраас Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамгийн том байгууллага болох “Ардын эрх” сонин бие даан сэтгүүлч бэлтгэх зорилгоор “Шавь” сургалтыг эхлүүлсэн. Ингээд өөр мэргэжилтэй ч сэтгүүлч болох хүсэл эрмэлзэлтэй салбар салбарын хүмүүсийг шалгаруулж, сэтгүүл зүйн тэр том гал тогоонд чанаж бэлтгэхээр болсон хэрэг. Тоон дунд үсэг гэгчээр томчуудын дунд 17 нас ч бүтэн хүрээгүй би багтсан хэрэг л дээ (инээв). Аравдугаар ангийн сурагчийг авна, авахгүй гэх нарийн шалгуур заагаагүй тул зохион бичлэгээ бусадтай эн тэнцүү сайн бичиж сургалтад хамрагдах боломжоо олж авч байлаа. Томчууд маань сургалтаа дүүргээд шууд “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажилд орсон бол насаар бага би ХИС-д нээгдээд удаагүй байсан орчуулагч сэтгүүлчийн ангид элсэж, зуны амралтаараа “Ардын эрх” сонинд дадлага хийдэг болов. Ингэж явсаар гуравдугаар курстээ “Ардын эрх” сонины үндсэн ажилтан болсон доо.
Төрийн төв хэвлэл гэгдэж байсан “Ардын эрх” сонин 1998 онд ганцхан толгой компьютероороо интернэтэд холбогдож дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээллийг авдаг байсан.
Тэр үеийн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн ажиллах арга барил өнөөдрийнхөөс их ялгаатай байлаа. Төрийн төв хэвлэл гэгдэж байсан “Ардын эрх” сонин 1998 онд ганцхан толгой компьютероороо интернэтэд холбогдож дэлхий дахинд болж буй үйл явдлын мэдээллийг авдаг байсан. Интернэтэд холбогдох оролдлого бүр маш үнэ цэнэтэй, тэр бүр шууд холбогдож чаддаггүй байсан санагдана. Мөн Монгол дахь гадны Элчин сайдын яамд руу очиж, уншиж дууссан сонинг нь авчраад эх сурвалжаа болгон мэдээлэл бэлддэг байв. Мэдээлэл одоогийнх шиг нээлттэй байгаагүй учраас сэтгүүлчээс ихээхэн хөдөлмөр, хүчин чармайлт шаарддаг, үүнийг дагаад цаг наргүй ажиллахаас өөр аргагүй байсан. Тэр хэрээрээ сэдэв дагнаж бичиж, мэргэшиж чаддаг байсан байх.
Нөгөө талаар, ардчиллын эхэн үед хэвлэл мэдээллийн салбарт гарсан томоохон өөрчлөлт, шинэчлэлийг залуу сэтгүүлчийн хувиар үзэж, туулсан гэж боддог юм. 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдахад төрийн мэдэлд байсан “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх” сонин 1999 оны нэгдүгээр сарын 1-нээс татан буугдаж, эдгээр нэрийг дараагийн таван жилд ашиглах эрхгүй болж байсан. Чөлөөт хэвлэлийг бий болгох, гарааны тэгш байдлыг хангахын тулд ийм шийдвэр гаргасан байдаг. Тэр үед “Ардын эрх” сонины хамт олон үргэлжлүүлж “Өдрийн сонин”-г үүсгэн байгуулж байлаа. Тухайн үед “Ардын эрх” гэсэн брэнд болсон нэрийг ашиглах байтугай багахан санагдуулсан ч нэр авч болохгүй гэсээр “Өдрийн сонин” нэртэй болтлоо бараг таван удаа нэрээ өөрчилж байсан шүү. Гэхдээ манай хамт олон шинэ нэрээ брэнд болтол өнгөрсөн он жилүүдэд ажиллаж ирсэн.

- Сонины халуун тогоонд “чанагдсан” сэтгүүлч бүр жижиг мэдээнээс ажлын гараагаа эхэлдэг. Таны хувьд анхны даацтай бүтээл юу байсан гэж боддог вэ?
- Анх сонины арын нүүрний сав шимийн ертөнц буланд амьтдын тухай бичиж байлаа. Нийгэм, соёлын албанд ажиллаж байгаад олон улсын алба руу очсон.
Зөвхөн үйл явдлын мэдээ орчуулах нь надад хангалтгүй санагдсан учраас анх Хойд, Өмнөд Солонгосын талаар анализ, харьцуулалт бүхий жижиг тойм бичиж билээ. 1998 онд БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ-жүн Монгол Улсад айлчлахын өмнөхөн тэр тойм гарч таарсан юм. Тэгсэн хөрөг бичвэрийн мастер гэгддэг ахмад сэтгүүлч Ш.Цэрэнпил ах коридорт намайг зогсоогоод “Миний дүү их монголжуу бичдэг юм байна. Сонин, ховор үгсийг ашиглажээ” гэж урамшуулж билээ. Чадаад байна уу чадахгүй байна уу гэдгээ мэдэхгүй явсан надад тэр үг урам өгч, зөв зүгтээ явж байгаа юм байна гэдэг итгэл үнэмшлийг төрүүлсэн.
Ер нь өдөр тутмын сонины “гал тогоо” гэдэг гайхалтай амьд орчин шүү дээ. Чадвал бүгдээрээ чамд баяр хүргэж, тэвэрч үнсээд л, чадаагүй бол бичсэн материалыг чинь урж шидээд, сонины коллегийн хурлаар нүүр хийх газаргүй болтол зэмлэдэг тийм л амьд, халуун харилцаа өрнөж байдаг. Оюутан байхад олон улсын мэдээний албанд дадлага хийж байхад албаны дарга Д.Гантуяа эгч “Унгирал хөглөрөх цагаар” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн юм. Тэгсэн спортоор мэргэшсэн манай сайн сэтгүүлчийн нэг Н.Саранчимэг эгч гаднаас набор, вино барьчихсан орж ирээд “Ямар гоё бичээ вэ, миний найз” гээд л тэвэрч аваад баяр хүргэж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Уран бүтээлчид сайн бичсэн нэгнийхээ өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж чаддаг хүмүүс юм байна гэдгийг тэгэхэд ойлгож, тэр амьд ахуй их сайхан санагдаж билээ.
Өдөр тутмын сонины “гал тогоо” гэдэг гайхалтай амьд орчин шүү дээ. Чадвал бүгдээрээ чамд баяр хүргэж, тэвэрч үнсээд л, чадаагүй бол бичсэн материалыг чинь урж шидээд, сонины коллегийн хурлаар нүүр хийх газаргүй болтол зэмлэдэг тийм л амьд, халуун харилцаа өрнөж байдаг.
Ер нь сэтгүүлзүйн салбарынхан бүтээлч өрсөлдөөнөөр бусдыг ирлэж, хурцалж байдаг хүмүүс. Ийм нэг явдал надад том сургамж, мартагдашгүй дурсамж үлдээсэн юм. Улсын начин Ц.Бэгзсүрэн микротой хүмүүсийг буудсан дуулиан ид гарч, дүү Ц.Цэрэнпунцагийг нь хүртэл хүмүүс буруутгаад эхэлчихсэн, хохирогч нэг эмэгтэй Ц.Цэрэнпунцагийн арьсыг авч нөхүүлмээр байна гээд зарлачихсан үе л дээ. Ахын хэргийг дүүд нялзайж байсан тэр цаг үед гарьд Ц.Цэрэнпунцагаас ярилцлага авна гэдэг сонин байсан. Тэгэхэд би түүнтэй таарч ярилцлага авмаар байгаагаа хэллээ. Гэтэл тэр үед Сараа эгч бас давхар ярилцлага авахаар хөөцөлдөж байж л дээ. Би тэрийг мэдэлгүй давхардаж таарсан хэрэг. Сараа эгч бол туршлагатай, мундаг бичдэг, спортоор бол мэргэшсэн сэтгүүлч. Тэгсэн нөгөө хүнээсээ надад өгөх гэж байгаа тухай сонссон бололтой, “Тэр бацаан хэн бэ, хэдэн он бэ” болоод явчихлаа. Айж байсан ч дотроо шар хөдлөөстэй. Яалт ч үгүй Ц.Цэрэнпунцаг гарьд надад яриагаа өгөх болсны дараа “Тэгвэл хоёулаа хамт ярилцлага хийгээд, цуг автороо тавиад явъя” гэдэг санал тавилаа. Мэдээж туршлагатай сэтгүүлч надаас илүү хийнэ гэдгийг мэдэж байсан ч тухайн үедээ мэргэжлийн амбиц, хор шар хөдөлсөн ч юм уу. “Үгүй” гэв. Хэдий наанаа хатуу хандсан мэт боловч намайг үгүй гэхэд Сараа эгч хүлээн зөвшөөрч, боломж олгосон. Энэ ярилцлага намайг сэтгүүлчийн хувьд жинхэнэ ирлэж, хурцалсан бүтээл болсон юм. Ярилцлагаа авчихаад буулгах гэж байж ядан, босон сууж, шатаж хоносон. “Гарьд магнай” кинон дээр “Миний бүх бие задарлаа, Очир ахаа” гэдэг шиг сэтгүүлч болох “шаталт” яг тэр үед л явагдсан юм болов уу даа (инээв).

- Сэтгүүлч хүнд ямар ч цаг үед хазайж болохгүй шугам, огоорч болохгүй ёс зүй гэж байдаг. Таны хувьд ямар зарчим мэргэжлийн жанжин шугам тань болсоор ирсэн бэ?
- Анх “Шавь” сургалтад сэтгүүлзүйн хичээл зааж байсан С.Жамбалдорж багш маань самбарт сэтгүүлч гэж бичээд “Та нар энэ үгийн язгуурыг хар. Сэтгүүлч гэж сэтгэдэг хүн байх ёстой. Сэтгүүр шиг юмыг ухаж, төнхдөг хүн байх ёстой. Аан гэхдээ, түүнээс урьтаж сэтгэлтэй хүн байх ёстой юм шүү” гэж захисан нь миний толгойд бат нот үлдсэн дээ. Тиймээс сэтгүүлч хүн мэдээлэх, үнэнийг гаргаж тавихын зэрэгцээ хүнд хүн ёсоор хандах сэтгэлээ гээж болохгүй гэж итгэдэг. Магадгүй өнөө цагийн шалгуураар юу болсныг бүгдийг дэлгэж тавиад, нүцгэн үнэнийг хайр найргүй дэлгэх ёстой гэсэн зарчмаар би сайн сэтгүүлч биш ч байж мэднэ. Гэхдээ хүн ёсны сэтгэл, хүнлэг байдлыг эхэндээ тавих бол миний гуйвшгүй зарчим, чанд баримталдаг мэргэжлийн ёс зүй юм. Сэтгүүлч С.Батзаяа найз маань хүртэл нүүр хуудас дээрээ “Би ч нэг л үг хэлдэг дээ. Дахиад хэлье. Барьж яваа микрофон чинь чагнуур болохоос буу биш шүү. Өрсөлдөөн, хурд нэр төр, орлого чинь “хүнлэг байх” гэдэг хурд сааруулагчтай байх ёстой шүү” гэж хэлээд байгаа нь ч учиртай. Энэ цагт үүнийг илүүтэй анхааруулмаар санагдаад байгаа юм. Сэтгүүл зүйд ч олсон баримт чинь хувь хүн, байгууллага, улс орны эрх ашигт харшилж, шархлуулах бол цацахгүй байх ч зарчим бий. Сэтгүүл зүйд хүн ёсны сэтгэл, хүнлэг байх зарчим чухал. Бид заримдаа аливаа мэдээллийн цаана байгаа хүний нэр хүнд, үр хүүхдийн шархлах сэтгэл, хувь заяаны өөрчлөлтийг үл тоож гишгэчих нь бий. Сэтгүүл зүй тийм цэвдэг, дагаад сошиал орон зайд хүмүүс тийм хэрцгий болсонд харамсдаг.
Сэтгүүл зүйд хүн ёсны сэтгэл, хүнлэг байх зарчим чухал. Бид заримдаа аливаа мэдээллийн цаана байгаа хүний нэр хүнд, үр хүүхдийн шархлах сэтгэл, хувь заяаны өөрчлөлтийг үл тоож гишгэчих нь бий. Сэтгүүл зүй тийм цэвдэг, дагаад сошиал орон зайд хүмүүс тийм хэрцгий болсонд харамсдаг.
- Дэлхий дахинд жил бүр олон арван сэтгүүлч амиа алдаж, шоронд хоригдож, шүүхэд дуудагдаж байна. Энэ утгаараа сэтгүүлч амаргүй мэргэжил юм шиг санагддаг. Манайд ч бас сэтгүүлчид бичсэн нийтлэл, бэлтгэсэн мэдээ сурвалжилгаасаа болж шүүхэд дуудагддаг, сүрдүүлэгт өртсөн тохиолдол цөөнгүй бий. Танд ийм бэрхшээл тохиолдож байв уу?
- Сэтгүүлчид хэдэн удаа цагдаад дуудагдсан, тэдэн удаа шүүхэд дуудагдсан гэдгээрээ сайны үнэлэмжийг тогтоох гэсэн хандлага ажиглагддаг болж. Энэ нь магадгүй улстөрч, эрх мэдэлтнүүд шүүх, хууль тогтоох засаглалд хөндлөнгөөс нөлөөлдөг болсонтой холбоотой байх л даа. Харин би сэтгүүлчийнхээ хувиар шүүхэд дуудагдаж байсан удаагүй. Ур чадваргүй, муу сэтгүүлчдээ биш, угаас тэгж л ажиллах ёстой байсан гэж боддог. Магад одоогийн хэмжүүрээр “лаг” сэтгүүлчид тооцогдохгүй байх. Гэвч сэтгүүлчид заавал цагдаа, шүүхэд дуудагдаж байх албатай биш. Үнэхээр зөв баримтаа гаргаад, хийгүй чанд бичсэн тохиолдолд буруутай хүмүүс буруутгаж чаддаггүй. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн сонин, сайтын ёс зүйн хорооны гишүүний хувьд ёс зүйн алдаа гаргасан гэх маргаантай материалууд дээр манай сэтгүүлчид үг сонголтын алдаа, баримтын зөрүү зэргээс болж ихэвчлэн унах нь бий.
Сэтгүүлчид заавал цагдаа, шүүхэд дуудагдаж байх албатай биш. Үнэхээр зөв баримтаа гаргаад, хийгүй чанд бичсэн тохиолдолд буруутай хүмүүс буруутгаж чаддаггүй.
Үнэхээр их хөдөлмөр зарсан, нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээл мөртлөө яах аргагүй алдаа гаргаж, эсрэг талын байр суурийг сонсоогүйгээс, эсвэл доромж үг хэрэглэснээсээ зарим сэтгүүлч ёс зүйн алдаа гаргасан нэрийг зүүж байгаад харамсдаг. Гэхдээ сэтгүүлч хүн ямар ч тохиолдолд өөрийг нь буруутгах гогцоо өгөхөөргүй нягт нямбай, хариуцлагатай ажиллах учиртай. Сэтгүүлчийг, редакцыг, сэтгүүл зүйг эрх мэдэлтнүүд, улстөрчид шууд болон дам нөлөөллөөрөө нухчин дарах гэсэн оролдлогууд байдаг, байсаар ч ирсэн. Ардчилсан засаглалт улс орон болох гэж тэнцэж ядсан он жилүүдэд гол түшиг тулгуур болж байсан “Өдрийн сонин”-д тийм дарамт байгаагүй биш байсан. Тэр цаг хугацааны арван жилд нь улс төр, олон улсын мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан хүний хувьд яах аргагүй том гэрч нь болж таарах биз ээ. Нэг намын, нэг хүний хэмжээлшгүй эрх мэдэл тогтлоо гэж байсан үеүдэд “Өдрийн сонин”-ы мэдээ нийтлэл дээр ганцхан байцаагч гарчихсан, тэрэнд нь хариу тайлбар гаргах том ажил манай хуульч, сонины зөвлөлд байдаг байсан.
- Та сая ардчиллын дараах түүхэн шинэчлэл, өөрчлөлтүүдийн гэрч болж явсан гэлээ. Тэдгээрээс сэтгэлд тод үлдсэн үйл явдлаас хуваалцаач?
- Хүн тухайн амьдарч яваа цаг хугацаа, үйл явдлынхаа гэрч болсоор ирдэг. Гэхдээ хүн өөрийгөө гэрч, нэг хэсэг нь болж байгаагаа мэддэггүй л дээ. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарынхан олон зүйлийн нэг хэсэг болж байдаг. “Өдрийн сонин”-ы 2008 оны долдугаар сарын 2-ны дугаарыг би удирдсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 1-ний өдөр сонины гал тогоог хариуцаж ажилласан гэсэн үг. Хэдийгээр сонины зөвлөл бүх чигийг гаргах ч дугаар удирдагч гардаж ямар сэдвийг хөндөх үү, аль үйл явдал руу хэнийгээ явуулах уу гэдгийг шийддэг. Тухайн үед МАХН-ын байрны гадна хүмүүс цуглаж, үймээн гарч эхлэнгүүт манай улс төрийн албаныхан эхнээсээ тийшээ очсон. Нэг хүнээ дотогшоо С.Баяр даргын хэвлэлийн хурал руу оруулчихсан чинь эргээд гарах боломжгүй болчихсон. Нөгөө хүн маань гармаар байна гээд утасдаад байдаг. Өөр сурвалжилга руу явсан зарим хүнээ иртэл би тэнд байх хэрэгтэй болчихсон. Тэр өдөр би машинаа МАХН-ын байрны гадаа тавьчихсан байтал нөхөр маань “Наана чинь аймаар юм болж байна” гэж ирээд машин аваад явлаа. Гэтэл орой нь хажууд байсан машиныг шатаачихсан байсан. Орой болтол байдлыг харж бид хүлээсэн. Явсан зарим маань “Нулимс асгаруулагч цацаад угаартаж унахаа шахлаа. Нэг залуу алчуур өгсний ачаар амь аврагдлаа” гэчихсэн орж ирсэн. Шөнө нь Ерөнхийлөгч онц байдал зарласны дараа энэ нөхцөл байдлыг мэдээлээд дугаараа буулгаж, үйлдвэр рүү шилжүүлэх үед шөнийн 2 цаг болж байлаа. Тэгэхэд ажил дээр байсан сонины нүүр өрдөг оператор залуучууд бид бүгдээрээ гарах үед нэг залуу байдал эвгүй байна, эндээ хононо гэхэд нь бүгд шоолж инээлдэж байлаа. Би гэр хүртлээ тэднийг дөхүүлээд нөгөө хэд маань тус тусдаа харихаар замдаа бууж байсан. Хэрэв бид чухам юу болоод байгааг мэдэж байсан бол үлдэхээр хаширласан нэгийгээ шоолохгүй, би ч тэднийг зам зуур буулгах биш хүргэж өгөх байсан. Бидний хэн нь ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй, тийм нөхцөл байдалд хэн ч бэлэн байгаагүй.
Онц байдлын үеэр хүний эрх зөрчигдсөн эсэх асуудал яригдаж, хүний эрхийн шинжээчид зөрчилгүй байна гэж, хэвлэл мэдээллээр юу гаргахыг хянаж байх үед манай сурвалжлагч Урьдчилан хорих төвийн хашаан дотор баривчлагдсан залуучуудыг галуун цуваагаар алхуулж байгааг гэрэл зургаар баримтжуулж, үйл явдал хэрхэн өрнөж байгааг дараа дараагийн дугаартаа хөндөж байлаа.
Долдугаар сарын 1-ний үйл явдал хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг бидэнд ч том сургамж болсон. Онц байдлын үеэр хүний эрх зөрчигдсөн эсэх асуудал яригдаж, хүний эрхийн шинжээчид зөрчилгүй байна гэж, хэвлэл мэдээллээр юу гаргахыг хянаж байх үед манай сурвалжлагч Урьдчилан хорих төвийн хашаан дотор баривчлагдсан залуучуудыг галуун цуваагаар алхуулж байгааг гэрэл зургаар баримтжуулж, үйл явдал хэрхэн өрнөж байгааг дараа дараагийн дугаартаа хөндөж байлаа. “Өдрийн сонин” бол нөхцөл байдал маш эгзэгтэй байсан цаг үед зоригтой дуугарсан цөөхөн хэвлэлийн нэг. Үнэний талд бат зогсдог хамт олны дунд ажиллаж байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг.
- Та жендэрийн тэгш байдлын талаар хөндөж бичдэг сэтгүүлчдийн нэг. Мөн Жендэрийн Үндэсний Хороо, Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж буй олон нийтийн кампанит ажлын элч, төлөөлөл болж байгаа хүн. Ер нь бид яагаад жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулах ёстой юм бэ. Энэ талаар та өөрийнхөө байр суурийг илэрхийлээч?
- Жендэрийн тэгш байдал гэдэг бол эмэгтэй, эрэгтэй хүний аль алиных нь асуудал юм. Хэрэв хүйсийн тэгш байдал хангагдаж чадвал гэр бүлийн харилцаа эрүүл, амар амгалан байна. Том зургаар харвал, төр тогтвортой, сайн засаглалтай байх нөхцөл бүрдэнэ. Тэгэхээр бид бодох хэрэгтэй. Чухам аль салбарт, аль асуудал дээр аль хүйсний асуудал алдагдаад байна вэ гэдгийг. Хэрэв эрэгтэйчүүдийн бүрэн дунд, дээд боловсролын түвшин хангалтгүй байгаа бол үүнийг бид нөхөх талаар ярих учиртай. Өнөөдөр монгол эрэгтэй хүн эмэгтэйгээсээ даруй 10 шахам жилээр богино насалж байна. Үүнийг мөн л ярьж, гарц шийдэл эрэлхийлэх хэрэгтэй. Хэрэв эмэгтэй хүн эдийн засгийн үр өгөөжөөс бага хүртэж, шийдвэр гаргах түвшинд оролцоо нь сул байгаа бол нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бүхэн хүйсийн тэгш байдлыг хангах тухай асуудал юм шүү дээ. Түүнээс аль нэгнийх нь эрхийг хамгаалах тухай яриад байгаа юм биш.
Дэлхий нийтэд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүд дээр илүү асуудал дагуулдаг тул тэдний асуудлыг түлхүү ярьсаар ирсэн. Гэтэл энэ нь эргээд жендэрийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж хардаг хэвшмэл ойлголтыг бий болгочихоод байна. Нийт хүмүүсийн дунд байгаа хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хамгийн их нөлөө үзүүлж чадах салбаруудын нэг нь сэтгүүлзүй гэж боддог юм. Сэтгүүлзүйн салбар өөрөө жендэрийн мэдрэмжтэй байж л нийгмээ араасаа дагуулж чадна.
Дэлхий нийтэд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүд дээр илүү асуудал дагуулдаг тул тэдний асуудлыг түлхүү ярьсаар ирсэн. Гэтэл энэ нь эргээд жендэрийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэж хардаг хэвшмэл ойлголтыг бий болгочихоод байна.
- Хэвлэлийн мэдээлэл болон түүний дор бичигдэж буй сэтгэгдлүүдийг харахад хохирогчийг буруутгах, хүйсээр алагчлах байдал ажиглагдаж байна. Тухайлбал, эмэгтэй улстөрчдийг гадаад үзэмж, үг яриа гэх мэт аар саар зүйлсээр шүүж, гаргасан жижиг алдааг дөвийлгөх хандлага байна. Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэл хүргэх тал дээр та залуу сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд юуг уриалмаар санагддаг вэ?
- Эмэгтэй улстөрчдийг мэдрэмжгүй хувцасладаг, хуралдааны үеэр боов иддэг, хурал дундуур унтсан байна, бохь зажиллаа л гэнэ. Гэсэн хэрнээ хэзээ ч эрэгтэй улстөрчдийг ийм өнцгөөс харж шүүдэггүй. Гэтэл иймэрхүү хэвшмэл ойлголтууд яван явсаар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тэгш хангагдах боломжийг хязгаарлаж байна. Манайд хүн амын хүйсийн харьцаа бага зөрүүтэй, эн тэнцүү шахам боловч УИХ-ийн гишүүдийн ердөө 17 хувийг эмэгтэй гишүүд бүрдүүлж байна. Нөгөөтэйгүүр, аливаа хүйсэд байгалиас заяасан төрөлхийн өгөгдөл, онцлог, давуу ба сул тал байдаг бий. Хүйсийн тэгш байдлыг хангана гэдэг бол тэдгээр сул талуудыг нөхөж, хэн хэнийхээ давуу талыг дэмжих тухай болохоос эмэгтэйчүүд илүү эрх мэдэлд хүрэх гэж тэмүүлээд байгаа хэрэг биш л дээ.

Тэгэхээр жендэрийн мэдрэмжтэй сэтгүүлч ядаж л улстөрч эмэгтэйгээс “Таны амжилтын ард хэн байгаа вэ” гэж асуудаггүй л байхгүй юу. Эмэгтэй хүн ямар нэгэн ар тал, дэмжлэгтэйгээр өндөрлөгт хүрдэг гэх ойлголт өөрөө хүйсээр ялгаварласан, жендэрийн мэдрэмжгүй хандлага юм. Гэхдээ хүн төрөлхийн жендэрийн мэдрэмжтэй төрдөггүй, үүнд суралцдаг учраас бид энэ ойлголтыг тасралтгүй нийгэмд түгээх, ойлгуулах зайлшгүй хэрэгтэй.
Эмэгтэйчүүд цуглахаараа зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаггүй. Бид гэр бүл, үр хүүхэд, эрчүүдийн асуудлыг ч давхар ярьдаг, хөнддөг. Эмэгтэй бодгаль байгалиасаа өөрөөсөө илүү үр хүүхдээ, гэр бүлээ өмнөө тавьдаг онцлогтой.
- Таныг үзэгчид NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгч байснаар нь илүү сайн таних болов уу. Одоо ямар нэвтрүүлэг дээр ажиллаж байгаа вэ?
-NTV телевиз дөрвөн жилийн өмнө салбар салбарын бүсгүйчүүдийг цуглуулан “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийг эхлүүлж, маш амжилттай хөгжүүлсэн. Өнгөрсөн намар нэвтрүүлгийн төслөө тодорхой хугацаагаар хийхгүй болсноо мэдэгдсэний дараа энэ нэвтрүүлгийг хийх үед найз нөхөд, эгч дүүс шиг дотноссон бидний дөрвөн эмэгтэй нийлж, C1 телевизтэй хамтран “Бүсгүйчүүд CLUB” нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. Эмэгтэйчүүд цуглахаараа зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаггүй. Бид гэр бүл, үр хүүхэд, эрчүүдийн асуудлыг ч давхар ярьдаг, хөнддөг. Эмэгтэй бодгаль байгалиасаа өөрөөсөө илүү үр хүүхдээ, гэр бүлээ өмнөө тавьдаг онцлогтой. Бод л доо. Эмэгтэйчүүд юм авахаар гарахдаа гэр бүлийнхээ гишүүдэд л түрүүлж юм худалдаж авдаг, тэдний асуудлыг шийдсэнийхээ дараа л өөрийгөө боддог. Тэгэхээр эмэгтэй хүмүүс нийлж цуглаж, хүчээ нэгтгэж асуудлыг шийдэх тухай ярьдаг байх нь чухал. Үүний цаана нийгмийн асуудал явж байдаг. Өнөө цагт сошиал болон клубын систем гээд олон платформ дээр бүсгүйчүүд нэгдэж, хүчээ нийлүүлэх боломжтой болсон. Үүнийг би зөв гэж боддог. Тэр ч утгаараа би “Бүсгүйчүүд CLUB”-аа нэг талаасаа эмэгтэйчүүдийн бага парламент гэж хэлнэ.

- Таны бодлоор ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?
-Миний бодлоор, өөрийгөө олсон эмэгтэй хүн бусдыг зоригжуулж, идэвхжүүлж байдаг юм болов уу. Эмэгтэй хүн бүр байгалийн өгөгдөлтэй, чадвартай. Гэхдээ олон хүчин зүйлийн нөлөөгөөр охид тэр бүрий өөрийгөө олж чадахгүй байх нь бий. Эрчүүдтэй эн тэнцүү ажил эрхэлдэг хэрнээ тэднээс гурав дахин их ахуйн хөдөлмөр эрхэлдэг, үр хүүхдээ асрах үүрэг зөвхөн тэднийх л юм шиг боддог, хүүхэд ахуй цагаас нь хүйсийн ялгаагаа мэдэрч өсөх гээд олон хүчин зүйлийн улмаас юунд дуртай, юуг хийвэл өөрөө жаргалтай байдгаа заримдаа анзаарах ч үгүй өсч том болсон байх нь бий. Тиймээс охин ахуйгаас нь өөрийгөө олж, өөртөө итгэлтэй болгох дээр ээж, аав нь туслаасай. Өөрийгөө олж чадсан эмэгтэй зоригтой байдаг, бусдыгаа дагуулж чаддаг гэж боддог.