UBLife Logo
Нийгэм

Бүс нутгийн хөгжлийн хэлэлцүүлгийг Улаанбаатараас удирдана

Ub.life
Ub.life
Бүс нутгийн хөгжлийн хэлэлцүүлгийг Улаанбаатараас удирдана

Монгол Улс Төв Азийн бүс нутгийн бодлого, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй тоглогчоор гарч ирж байна. CAMCA бүс нутгийн 11 дэх форумыг Улаанбаатар хотод удаа зохион байгуулж, Төв Ази, Кавказ, Монгол болон Афганистаныг холбосон стратегийн хэлэлцүүлгийн төвд байр сууриа бэхжүүлж байна.

2025 оны 6 дугаар сарын 19–20-нд болох энэхүү форум нь бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, технологи, ногоон хөгжлийн талаарх цогц хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой. Форумыг АНУ-ын Төв Ази–Кавказын Хүрээлэн, Рамсфелд Сан, CAMCA нетворк хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хоёр дахь удаа Монгол Улсад зохион байгуулагдаж буйгаараа онцлог.

Форумын үндсэн зорилго нь бүс нутгийн орнуудын бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг гүнзгийрүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, технологи болон инновацийн түншлэлийг хөгжүүлэх явдал юм. Монгол Улс эдгээр чиглэлээр бодлого, түншлэл, экспортын бодит өсөлтөөрөө бүс нутгийн тоглогчдын эгнээнд идэвхтэй орж ирж байна.

Форумын хөтөлбөрт “Финтек ба бүс нутгийн санхүүгийн инноваци”, “Газрын ховор ашигт малтмал”, “Ногоон санхүүжилт”, “Дижитал шилжилт ба хиймэл оюун ухааны ирээдүй”, “Худалдаа болон тээвэр ложистикийн холболт” зэрэг 14 салбар сэдвийг хамарсан хэлэлцүүлгүүд багтаад байна.

Тоон баримтаас харахад:

  • Азербайжан улс руу хийсэн экспорт 2023 онд 315 мянган ам.доллар байсан бол 2024 онд 1.9 сая ам.долларт хүрч, 6 дахин өссөн байна.

  • Казахстан нь Монгол Улсын бүс нутгийн чухал худалдааны түнш хэвээр байна. 2024 онд Монгол улсын экспорт 6.8 сая ам.долларт хүрсэн нь хоёр орны худалдаа тогтвортой үргэлжилж буйг харуулж байна. 2023 онд тус дүн 22 сая ам. долларыг давж байв.

  • Узбекистан руу хийсэн экспорт мөн 28%-иар өсч, 5.9 сая ам.долларт хүрсэн.

  • Армени руу экспорт 15 орчим хувиар нэмэгджээ.

Эдгээр өсөлт нь зөвхөн тоо бус, Монголын бараа бүтээгдэхүүний бүс нутгийн зах зээлд эзлэх байр суурь тэлж, хамтын дипломат болон эдийн засгийн суурь бэхжиж буйн илрэл юм.

CAMCA форумыг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нээж үг хэлэх бөгөөд Монгол Улсаас Монголын Хөрөнгийн Бирж, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Монголын Байгалийн Өв Сан, Монголын Финтек Холбоо, AI Academy Asia зэрэг байгууллагууд оролцож, аялал жуулчлал, ногоон санхүүжилт, финтек, дижитал эдийн засаг, инноваци, газрын ховор ашигт малтмалын стратегийн нөөц зэрэг сэдвээр бүс нутгийн болон олон улсын түншүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүнчлэн Templeton Global Investments, Lightswitch Capital, EBRD, IFC, Qazaqstan Venture Group зэрэг CAMCA бүсийн хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагууд оролцож, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэлэлцүүлэгт оролцоно.

“Монгол Улс зөвхөн ажиглагч бус, бүс нутгийн хамтын хөгжлийн бодит хамтрагч, санаачлагч болох шатандаа ирээд байна. CAMCA форум нь Монголын хувьд эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хаалга нээж байна,” хэмээн CAMCA нетворкийн Удирдах зөвлөлийн дарга, Монгол дахь үндэсний зохицуулагч О.Гэрэлтуяа онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.