Хүмүүст ярихаас ичиж, гэмтэй юм шиг санагддаг ч таашаал төрүүлдэг зүйлсийн нэг бол яах аргагүй гар хангалга. Гэвч энэ нь чиний бодож байгаа шиг "муу" зүйл биш юм. Эсрэгээрээ эрүүл мэндийн ач холбогдолтой болохыг олон янзын судалгаагаар баталжээ.
Гар хангалгыг шинжлэх ухааны баримт, судалгаанд тулгуурласан ач холбогдлуудыг нэрлэж байна. Холбоос дээр дарж ороод судалгаа тус бүрийн талаар дэлгэрэнгүй унших боломжтой.

Стресс, түгшүүрийг бууруулна

Коронавирусийн улмаас хүмүүсийн сэтгэл түгшил нэмэгдэж, улмаар нойргүйдэх хандлага ажиглагдаж байгааг сэтгэлзүйд анхааруулжээ. Тэгвэл энэ мэт сэтгэл санаа тогтворгүй үед гар хангалга хийх нь стресс, түгшүүрийг бууруулах ач холбогдолтой аж. "Хүн бие махбодын таашаал хүртэж байхдаа ихэвчлэн гүнзгий амьсгал авдаг. Мөн дур тавихтай зэрэгцэн зүрхний цохилт нэмэгддэг бөгөөд энэ нь айдас, түгшүүрийг намдаахад тусалдаг" гэж физик эмчилгээний эмч, аарцагны хөндийн эрхтний мэргэжилтэн Аманда Олсон ярьжээ.
Мөн гар хангалгын үеэр амьсгалд өөрчлөлт орсноор эндорфин, допамин, окситоцин зэрэг аз жаргалын гормонуудын ялгаруулалт нэмэгдэж, биеийн ерөнхий эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Бэлгийн таашаалыг нэмэгдүүлнэ

"Ямар мэдрэмж чамд таашаал төрүүлдгийг, биеийнхээ аль хэсэгт хүрэхэд таалагддагийг гар хангалгаар дамжуулан олж мэдэж болно. Магадгүй энэ шалтгааны улмаас зарим тохиолдолд ганц хүний секс хосоороо хийснээс илүү сайхан байх нь бий. Нэгэнт чи юу хүсдэгээ, яавал таашаал авдгаа мэдээд авчихсан бол дараагийн удаа хамтрагчтайгаа сайн ойлголцож, гүнзгий харилцаа үүсгэж чадна" гэж Олсон эмч ярьжээ.

Зүрхний үйл ажиллагааг сайжруулна

Гар хангалга хийх үеэр зүрх хэрхэн хурдан, хүчтэй цохилдгийг (дур тавьсан эсэхээс хамаарч харилцан адилгүй) ганц хүний секс хийж үзсэн хүмүүс хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Тэгвэл энэ нь зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй гэнэ.
Аманда Олсон: Гар хангалга нь зүрхний хувьд дасгал сургуулилт л гэсэн үг. Гар хангалга зүрхэнд спорт алхаатай адил эерэг нөлөө үзүүлэх боловч үр дүн нь алхаснаас ч илүү сэтгэл ханамж өгдөг. Долоо хоногт гурван удаа гар хангалга хийх нь зүрхэнд таатай дасгал сургуулилт болдог.

Нойрны чанарыг сайжруулна

Бат бөх нойрсмоор байна уу? Тэгвэл нэгэн судалгааны үр дүнг хэлж өгье. 2019 онд хийгдсэн судалгаагаар "гар хангалгын үед дур тавих нь нойрны чанарыг сайжруулахад нөлөөлдөг" гэж үзжээ. "Дур тавих үед ялгардаг пролактин хэмээх даавар биед ядарсан мэт мэдрэмж төрүүлдэг бол окситоцин хэмээх даавар нь тайвшруулах нөлөө үзүүлдэг. Тиймээс гар хангалга хийсний дараа сайн унтаж амардаг" гэж Америкийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын зөвлөлийн сертификаттай эмч, Анагаах ухааны доктор Рене Велленштейн ярьжээ.

Үтрээний хуурайшилтыг бууруулна

Сэрэл хөдлөх үед үтрээний ханыг дагасан булчирхайгаас шингэн ялгардаг тул үтрээг хуурайшихаас хамгаалж байдаг аж. Усан суурьтай энэхүү шингэн нь үтрээний хувьд "сайн найз" л гэсэн үг. Мөн тогтмол гар хангалга хийх нь сексийн үеэр ялгарах (ганцаараа эсвэл хосоороо хийх аль аль сексийн үед) шингэний хэмжээг нэмэгдүүлэхэд тусалдаг байна.

Аарцагны булчинд тустай

2015 онд хийгдсэн судалгаагаар бэлгийн идэвхтэй амьдралтай эмэгтэйчүүдийн аарцагны булчин сайн хөгжсөн байдгийг тогтоожээ. Аарцагны ёроол хэсгийн булчингийн хөгжил нь сексээс авах таашаалыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Түүнчлэн гар хангалга тогтмол хийснээр аарцагны булчинг хөгжүүлж, зохицуулалтыг сайжруулдаг гэжээ.

Өвдөлтийг намдаана

Хамгийн таагүй мэдрэмжүүдийн нэг бол сарын тэмдгийн үеийн өвдөлт билээ. Тэгвэл гар хангалгын бас нэг давуу тал нь өвдөлтийг намдаах юм. "Дур тавих нь аарцагны доод хэсгийн булчинд амралт болохоос гадна сарын тэмдгээс үүдэлтэй өвдөлтийг намдаадаг. Учир нь дур тавилтын үед ялгардаг аз жаргалын гормон болох эндорфин нь тархинд очиж буй өвдөлтийн дохиог бууруулдаг" гэж Олсон эмч тайлбарлажээ.