UBLife Logo
The New York Times

"Гэрэг" сэтгүүлийн 'Turning Points-2022" дугаараас заавал унших ТАВАН нийтлэл

"Гэрэг" сэтгүүлийн 'Turning Points-2022" дугаараас заавал унших ТАВАН нийтлэл

"Гэрэг" сэтгүүл дэлхийн шилдэг хэвлэл Нью-Йорк Таймстай гурав дахь жилдээ хамтран ажиллаж "Turning Points-2022" дугаарыг эрхлэн гаргалаа. Дэлхийд танигдсан нэр хүндтэй уран бүтээлч, сэтгэгчид, шүүмжлэгчид гээд олон улсын авторуудын бүтээлээс гадна энэ оны турш эргүүлэн сөхөж харсаар байхаар "Гэрэг"-ийн редакцид төлөвлөгдсөн цоо шинэхэн сурвалжлага, ярилцлага, нийтлэлээр баялаг шинэ дугаар юм. 

Эндээс бид монгол авторуудын бүтээлээс заавал унших ТАВАН нийтлэлийг онцолж байна. 

Та сэтгүүлээ энд  дарж захиалан хүргүүлж авах боломжтой.

ЗОВЛОНГИЙН ХАТАН ХААН

Алив сэтгүүлд “гол материал” гэж нэрлэгддэг айхтар зүйл байдаг. Энэ дугаарынх бол хэвлэлийн бидний хэллэгээр шууд “хадаас”. Таны дэлгэж буй энэ агшнаас хоёр жилийн өмнө сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Балдорж” шагналт Б.Ганчимэгийн хийсэн, хоёр зун, хоёр намар, хоёр өвлийн дараа анх удаа олны хүртээл болж буй ярилцлага бидний урилгаар манай “гол материал” боллоо. Ярилцлагын мастер, сэтгүүлч Б.Ганчимэг жүжигчин Д.Цэрэндарьзав гуайнхаас гарч явахдаа л харамсал гуниг, халгам хатуу тавиланг уншигчдын өмнө тавих гэж хэрхэн халгахаа төсөөлж байсан болов уу. 

“...Нэг хүнд оноосон гэхэд дэндүү хүнд санагдах амьдралын жимээр энэ алдарт эмэгтэйтэй хамт өдөржин алхлаа. Урагдаж шархалсан нь амсагдавч тэр уйлсангүй. Зовлонд бууж өгөх биш зовлонг сөрж эрхшээсэн болохоор нь түүнийг би зовлонгийн хатан хаан гэж нэрлэв”. “...Сэмэрч урагдсан ч сэтгэлээ тэр бүтэн авч үлджээ. Угаас цас уулынхаа хэрээр л буудаг гэдэг... Тэр ачаа зовлонг үүрэхээс татгалзаагүй. Өгсөн, сорьсон бүгдийг шударгаар хүлээж авчээ”.

Б.Ганчимэг “Д.Цэрэндарьзав жүжигчин ярих дургүй хүн шиг санагдсан. Бүхнийг дотроо ширгээдэг, шингээдэг хүн гадагшаа халгиж цалгиад байдаггүй л дээ. Цэл залуухан насандаа ханилж хоёр хүүгийн ээж аав бололцсон анхны ханиа өөр бүсгүйн төлөө яваад өгөхөд нь ганцаараа уйлж, ганцаараа хашгирч, ганцаараа хүлээж байснаа тэр дурссан. Хоёр дахь хүнтэй учирч хоёр хүү төрүүлээд эмнэлгийн орон дээрээс хүнд өргүүлчихээд тэр чив чимээгүй хүн болсон. Хүүхдээ үгүйлж, зүүдэлж, буцаж очоод авмаар өдрүүд түүнд зөндөө байжээ. Энгэрээс нь сүү дусалж, элгээ эмтлэн уйлж бас л ганцаараа туулсан. Амьдралын тулгасан болгоныг энэ эмэгтэй турьхан биеэрээ туулсан. Угаасаа хайр...хагацал хоёрт шударга ёс л үйлчилдэг биз ээ...” хэмээлээ.

ХӨДӨӨГИЙН САЙХАН ТАЛД ЗОРИНО

“Балдорж” шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргал нийтлэл бичих гэж Хатгал ороогүй юм билээ. Салхи түүнийг хөтөлж мөсний баярт аваачсанаар эл нийтлэл төрсөн хэрэг. 

Тэгшээг тэнд зочлохоос хамаагүй өмнө, аль халуун намраар дөрвөн ам бүлтэй залуухан айл Улаанбаатараас нүүж очоод төвхнөсөн байлаа. Тэд бол гэрийн эзэн график дизайнер, илюстрэйтор  Б.Төгсжаргал, эзэгтэй хуульч, судлаач, нийтлэлч Ч.Бат-Уянгынх. Нийслэлээс хөдөөг зорьсон хотын залуусын амьдралын хэв маягт гал түлэх, ундны мөсөө зөөхөөс эхлээд онлайнаар ажиллах, мэдээллийн сайтуудаар урсаж буй мэдээний 80 хувь нь ямар ч хамааралгүй болох, хэрэггүй болсон апп-уудаа гар утаснаасаа устгах, оронд нь подкастад дурлах гэхчлэн олон өөрчлөлт оржээ. 

Дүнзэн байшинд зуух тойрон ярилцах залуусын хот, хөдөөгийн тухай, хөгжлийн тухай, хүсэл мөрөөдлийн тухай яриа нуурын эрэг дээрх монгол тосгоны ахуй төрхийг илтгэх гэрэл зургуудын хамт эгээ л сэнгэнэсэн үзүүрт салхи шиг хөтлөх авай. 

Айлын бүсгүй нэг л өдөр боджээ. “Би энд Хатгалд байгаа ш дээ. Гэтэл би яагаад далай орж чадахгүй байна вэ, яагаад би ууланд гарах завгүй сууна вэ?”. Ийм сайхан орчинд ирчихээд өдөржин компьютерийн ард хадагдана гэдэг “шударга биш” хэрэг. Улаанбаатараас 100 хувь хамааралтай ажиллана гэдэг нь сэтгэл зүйгээ ядаж 80 хувь хотод амьдруулна гэсэн үг. Би үүнийг хүсэхгүй байна”.

“Энд бүх юм амар, тайван. Орчноо дагаад сэтгэл санаа ч амар, стрессгүй болчихдог юм билээ. Хэрэв таагүй байх юм бол далай руугаа алхчихна. Тэгж алхах зуураа нэг л мэдэхэд тайвширчихсан байдаг. Хөдөө хэсэг зуур ч болтугай амьдарч үзье, хотоос гаръя гэж бодож байгаа хүн байвал би “Яв, туршаад үз” л гэж хэлнэ. Хотод асуудал бий, энд ч асуудал бий. Гэхдээ эндэхийнх хотынхоос хамаагүй амар байх” гэж гэрийн эзэн Б.Төгсжаргал хэлжээ.

ИРЭХ ЦАГ ГЭДЭГ БОЛ БИ

Тамирчны замнал дэвжээн дээр дуусч болох ч, амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Мэргэжлийн тамирчдын зодог тайлсны дараах амьдрал ямар байдгийг хүмүүс тун бага мэднэ. “Дасгалжуулагч болдог” гэх түгээмэл ойлголттой байдаг ч тэдний сэтгэл зүйд ямар өөрчлөлт гардаг, тэд шинэ амьдралдаа хэрхэн дасдаг тухай ойлголт бараг л үгүй. 

Ялалт, ялагдал буцалсан дэвжээнээсээ бууж, өндөр дэглэмтэй бэлтгэлээ орхиж, нэг л өдөр эгэл хүний амьдралд хөл тавих мэдээж амаргүй байх, тийм үү? Бид энэ сониуч асуултын хариултыг хайж жүдо, хөлбөмбөг, сүмо, чөлөөт бөх гээд сонгодог төрлүүдэд од болон гялалзаж асан тамирчдын зодог тайлсны дараах амьдралд “саатав”. Таныг зодог тайлсан алдартай дөрвөн тамирчны шинэ амьдралаар аялсан У.Чинзоригийн бэлтгэсэн сурвалжлагад урьж байна. 

“Рио-2016” олимпын наадмын хүрэл, 2017, 2018 оны дэлхийн АШТ-ий хошой хүрэл медальт, олон улсын тэмцээний нийт 28 медальт жүдоч Г.Отгонцэцэг.

Дэлхийн таван удаагийн АШТ-ий урьдчилсан шатанд тоглосон анхны монгол хөлбөмбөгчин, дэлхийн АШТ, Азийн АШТ, Зүүн Азийн АШТ-ий урьдчилсан эхний шатыг давж Үндэсний дээд лигт дөрөв, Холбооны цомд хоёр, Супер цомд хоёр удаа түрүүлсэн Б.Гарьдмагнай.

Японы мэргэжлийн сумо бөхийн жонидан, жюүрёо зиндааны барилдаануудад тус бүр нэг удаа түрүүлж, тусгай шагналыг дөрвөн удаа гардсан Асасэкирюү Б.Дашням.

Чөлөөт бөхийн Залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн АШТ-ий зургаан медальтай, Азийн аваргын дөрвөн медальтай, Дэлхийн цомын дөрвөн медальтай, Монгол Улсын гурван насны ангиллын аварга шалгаруулах тэмцээний 15 удаагийн аварга тамирчин О.Насанбурмаа.

СЭТГЭЛ ГЭДЭГ НЬ...

Хуульч, судлаач Ч.Бат-Уянга саяхан “Үлгэр болоод түүх хүүрнэлээр сэтгэл анагаах нь” хэмээх хачирхалтай гэмээр сэдэвт олон улсын хуралд оролцсоноор эл ярилцлагын санаагаа тэндээс шүүрчээ. 

“Толь минь, толь минь, энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй хэн бэ” гэх асуултыг цөм мэдэх биз. Үүнийг асуугч хорон санаат хатан юунаас болоод “хамгийн үзэсгэлэнтэй” болохыг хүссэн юм бол? Тэгвэл өөрөөсөө асууя л даа. Хамгаас гоо гэдэг нь юу вэ? Түүнийг хэн тогтоох вэ? Ер нь хамгийн гоо сайн, сайхан, мундаг, чадалтай байж яах гээ юм? Нэгдүгээр байрын төлөөх тэмцээний оролцогчид бид уралдах зуураа сэтгэлдээ юуг хуримтлуулаа бол?

“Одоо тэр уй гуниг, зовлон бэрхшээлийг туулж гарсандаа талархах болжээ. Учир нь энэ бүхэн түүнд өөрт буй аз жаргал, баяр баясгалангаа илүү сайн мэдрэх боломжийг олгосон аж” гэсэн хэсэг зохиолч Х.К.Андерсений “Нугасны муухай дэгдээхэй” үлгэрт бий. Зовлон зүдгүүрийн улмаас уртассан зун, намар, өвлийн дараа төрөлх төрхөө олсон ч түүнээ хараахан мэдээгүй нугасны муухай дэгдээхэйн эл бодлыг эргэн санасан нь учиртай. Хүн бүрийн эчнээ мэддэг үлгэрүүдээр дамжуулж амьдралын түүх рүү өнгийлгөх, улмаар шинэ түүх бүтээлгэх замаар сэтгэлийн шархаас ангижруулах энэ арга хүн төрөлхтөн ер нь сэтгэл гэж юу болохыг ойлгох, түүнийг амирлуулахаар эрэлхийлж олсон оролдлогын нэг нь л юм. Цаашдаа юуг баримжаа болгон тогтмол хөгжих вэ гэх асуултын хариултаа багцалсан “Тогтвортой хөгжлийн зорилго” хэмээх НҮБ-ын баримт бичигт хүртэл сэтгэцийн эрүүл мэндийг онцолсон байна. Бие эрүүл байхын урьдач нөхцөл төдийгүй ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүний эрхийг хангах, энх тайван, шударга ёс, тэгш эрхийн тогтоох зэрэг тогтвортой хөгжих зорилтуудыг хангах гол фактор нь “сэтгэцийн эрүүл мэнд” хэмээжихүй. 

“Эртээ урьдын цагт л гэнэм. Тэмээ урт сайхан эвэртэй, буга мухар толгойтой байж л дээ. “Ганцхан удаа эврээ зээлүүлээч” хэмээн эврийг нь авсан буга буцааж өгсөнгүй. Тэр цагаас хойш өнөөг хүртэл тэмээ ус уух бүрдээ мухар толгойгоо харан шогширч, бугыг хүлээн зогссоор байна”. Энэ бол манай ардын үлгэр. Хэний маань ч амьдралд иймэрхүү мартаж цайлгаж, ард нь гарч болдоггүй тохиол бий л байх. Эсвэл “ус уух бүрд” сэдрээд байх шарх ч байж таарна. Эрхтэн солиулах хагалгаа адил сэтгэл солиулах хагалгаа байх биш дээ. Одоо сайтар чагнах л үлдлээ”.

“Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ярих цаг аль эрт иржээ. Гэтэл бид таг дуугүй байх уу” гэж Ч.Бат-Уянга асуугаад 11 зочинтой зөвхөн сэтгэлийн тухай ярилцсанаа илгээсэн юм.

АЛДУУРСНЫГ ОЛБОРЛОГЧ

Номын санч гэхээр уншлагын танхимд цөөн үгээр шивэгнэн ярьдаг, яагаад ч юм эмэгтэй хүн төсөөлөгдөж байна уу? Энэ нийтлэлийн гол дүр номын санч. Гэхдээ номын санчийн уламжлалт хэв маягтай олон талаар амар авцалдахгүй. Тэр дэлхийн хамгийн том номын санд тооцогддог АНУ-ын Конгрессын номын санд ажилладаг. Ээж Р.Минжирмаа нь түүнийг “Явж явж миний ажлыг хийдэг хүн болсон доо” хэмээн дүгнэжээ.

“...Ээж бид хоёр номоо аваад оросууд олноор амьдардаг 15 дугаар хорооллын орон сууцнуудын дундах талбайд очлоо. Хүмүүс шавчихсан, ээж тэдэнд үзүүлээд л, тайлбарлаад л... Миний нүд яагаад ч юм том лагс биетэй, бавгар сахалтай оросын нүүрэндээ наах шахам үзэж байсан номон дээр тусчихсан. Тэрхэн зуур мөнөөх эр гэнэт үзэж байсан номоо сугавчилж аваад алхчихдаг байна шүү. Би ээжид юу болсныг хэлэх ч завдалгүй араас нь гүйцэж очоод шуудхан гэдэс рүү нь хоёр гараараа тулаад зогсчихсон. Тэгэхэд дунд сургуулийн гуравдугаар ангид байсан тул ямар юмны орос хэл байх вэ дээ, над. Сайхь эр харин зугтаагүй, ёстой л бантах гэгч нь болоод 104 рублийн үнэтэй, ээжийн зарж байсан хамгийн үнэтэй тэр номыг худалдан авсан юм. Ээж баярласандаа намайг 80 мөнгөний зайрмагаар шагнаж, бид хоёр бөөн баяр харьж билээ”.

М.Саруул-Эрдэний ажлын нэг өдрийг урьдчилан таамаглах аргагүй. Гэнэтхэн хаанаас ч, юу ч гараад ирж магадгүй дэлхийн хамгийн том номын сан шүү дээ. Дилова хутагтын монголч эрдэмтэн Латиморт бичсэн захидлууд 2020 онд гараад ирсэн шиг. Мөн нэг л өдөр хятад номын санч “Энэ танай юм. 100 жил хятад тасагт хэвтсэн эд” гэсээр хатуу хавтастай, зузаан нуруутай хоёр том үдээс сонин, сэтгүүл тэргэн дээр чирч хүрч ирээд орхиод явсан шиг. Эл хоёр үдээсийн нэгэнд Алмас Очир, Хайсан гүн нарын сэхээтнүүдийн Манжийн ноёрхлын сүүл үеэс эрхлэн гаргаж Харбинд хэвлүүлж байсан “Монголын сонин бичиг” Конгрессын номын сан 1917 оноос эхлэн авч, эмхэтгэл болгон үдээд хадгалсан нь энэ аж. Нөгөөх нь “Монголын ер үгийн сэтгүүл”-ийн үдээс бөгөөд уг хоёр хэвлэл монгол номын санч байгаагүй үед каталогт анх орсноос хойших 100 жилийн турш хятад хэлээр бүртгэлжиж байжээ. Чингээд монгол бичиг дээрх уг сурвалжууд Монголыг сонирхож очсон хүнд олдоогүй, Хятадыг сонирхогчид нээж үзэлгүй М.Саруул-Эрдэнийн гарт 100 жилийн дараа л анх иржээ.


2022 оныг тань чиглүүлж, жилийн турш "хань" болох "Turning Points" дугаарыг та дараах QR холбоосоор болон энд дарж хямдралтай үнээр захиалан хүргүүлээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
5
0
0
0
2
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.