Юнителийн 14-23 насны залууст зориулсан “U хөтөлбөр”-ийн залуусын цуврал ярилцлагыг хүргэж байна. Энэ удаад metal core “Growl of Clown” хамтлагийн бөмбөрчин Алтка, гитарчин Бараатай ярилцлаа. “Growl of Clown” буюу G.O.C хамтлаг нь жил бүр Playtime амьд хөгжмийн наадамд оролцдог, сонсогчдын хүсэн хүлээдэг хамтлаг юм.
“U”: Сайн байцгаана уу, хамтлагийн нэрний тухай яриагаа эхэлье?
G.O.C: Монголоор “Алиалагчийн хашхираан” гэсэн үг байгаа. Нэг талаас алиалагч дандаа хүмүүсийг инээлгэж, аз жаргалтай болгодог. Гэхдээ хүн учраас уурлах, инээхгүй байх үе байгаа. Тэрийг бодоод нэрээ өгсөн. Нөгөө талаас амьдрал дээр зарим хүмүүс яг алиалагч шиг хиймэл, олон масктай байдаг. Нэг өдөр энэ бүх багаа тайлаад хашхираад өөрийнхөөрөө байгаарай гэсэн утгатай байгаа.
“U”: Хамтлагийн гишүүдийг танилцуулбал?
G.O.C: Бид 5-уулаа байгаа. Дуучин – Хүрлээ, Бөмбөрчин – Алтка, Гитарчин – Бараа, Гитарчин – Нямаа (Ямаа), Басс гитарчин – Шуурга (Шудаатай шуурга) Яг энэ бүрэлдэхүүнээрээ 3 жил, хамтлаг байгуулагдсанаас хойш 5 жил болж байна.
“U”: “U хөтөлбөр”-ийн гоё нь юу вэ?
G.O.C: “U хөтөлбөр” яг бид нарт зориулсан нь таалагдаж байгаа.
“U”: Хамтлагаараа байхдаа юу хийх дуртай вэ?
G.O.C: Ихэнх цагийг бэлтгэлийн байрандаа өнгөрөөдөг. Хөгжмөө тоглох, бэлтгэлээ хийх гэдэг бидний хобби учраас хэдэн цагаар ч хамаагүй бэлтгэлээ хийдэг.
“U”: Бэлтгэлийн байраа дүрсэлбэл?
G.O.C: Бид нар хамгийн анх аавынхаа ферм дээр Монгол гэрт хөгжмийн бэлтгэлээ хийдэг байсан. Тэр үед хамтлагийн нэрээ олж байсан.
“U”: Бэлтгэлийн байрны дүрэм?
G.O.C: Тавчик өмсөнө.Тамхи татахгүй.Гадны хүн дагуулж ирэхгүй.
“U”: Гэр бүлийнхэн нь дэмждэг үү?
G.O.C: Бидний гэр бүлийнхэн хөгжмийн урсгалыг нь ойлгоод байдаггүй ч дэмждэг.
“U”: Найз охинтой юу? Хөгжмийн урсгалыг нь дэмждэг үү?
АЛТКА: Бүгдээрээ найз охинтой. Хөгжмийг маань сонсоод чихээ дардаг ч юм уу тийм дургүй биш. Аймаар дуртай ч биш. Гэхдээ аль хэсэгтээ ямар хэсэг нь тоглогдож байгааг сайн мэддэг.
БАРАА: Заримдаа алдвал бэлтгэл дээр байснаас муу байна гээд хэлдэг. Хэхэ /инээв/
“U”: Хамтлагаараа асуудлыг хэрхэн шийддэг вэ?
G.O.C: Ярилцана, муудалцана, хэрэлдэнэ. Гэхдээ зодолдохгүй. Бүр ойлгохгүй бол хэсэг чимээгүй болцгооно. Хамтлаг бол бие биедээ саналаа хэлж, ярилцаж, нэгдсэн нэг шийдэлд хүрч байх нь чухал.
“U”: Аялах дуртай юу?
G.O.C: Аялах маш их дуртай.
“U”: Аяллыг юутай зүйрлэх вэ?
G.O.C: Аяллыг бие биенээ хайрлах хайртай зүйрлэнэ.
“U”: Хамгийн сүүлд хамтлагаараа хаашаа аялаад ирсэн бэ?
G.O.C: 10 сард Хятад руу тоглолтод оролцох гээд явахдаа вагоноосоо хоцорчихсон юм. Тэгээд зохион байгуулагчийнх нь машинд 2 нохойтой нь хамт явсан. Энэ үнэхээр хөгжилтэй, дурсамжтай аялал байсан.
“U”: Дургүй зан?
АЛТКА: Ээж хүнтэй зохицох хэрэгтэй гэдэг болохоор хүн хүнтэй эвтэй байдаг.
БАРАА: Цагаа барихгүй байвал хэцүү.
“U”: Хаашаа явж үзэхийг хүсэж байна?
G.O.C: Германд болдог "Wacken" фестивальд оролцох.
“U”: Хоббигоо ажил болгох уу?
G.O.C: Хүн заавал 09:00-18:00 цагийн ажил хийхийг ажил гэж ойлгодоггүй. Дуртай чаддаг юмаа хийгээд сайхан амьдарч болно. Одоо хамтлагтаа бүх цагаа зарцуулах боломж бүгдэд маань бүрдэж байна.
“U”: Сонсогчдын хувьд?
G.O.C: Сонсогч, үзэгчид их чанартай болсон. Гаднын чанартай бүтээлийг сонсоод, түүнтэйгээ харьцуулдаг болсон. Тиймээс бэлтгэлээ сайн хийдэг. ОХУ-д очоод тоглолтод оролцоход тайзны дуугаралт маш гоё байсан. Тэр үед хөгжмөө 100 хувь мэдэрч байгаа сонсогчдыг харсан.
“U”: Амьдралдаа туршиж үзсэн хамгийн сонирхолтой зүйл юу байсан бэ?
АЛТКА: Америкт байхдаа 90 градусын налуу, 150 метр өндөр усан гулсуураар гулссан.
БАРАА: Тоглолтон дээр бусдадаа хэлэхгүйгээр бодож байсан юмаа туршиж байсан.
“U”: Зан чанарын хувьд?
G.O.C: Бид тавуулаа өөр өөр зантай. Гэхдээ тоглож байгаа хөгжмийн урсгалаасаа тэс өөр их зөөлөн хүмүүс.
“U”: Спортоор хичээллэдэг үү?
АЛТКА: Улсын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин байсан. Улсын аваргын медальтай. Хөлбөмбөгт дуртай.
БАРАА: Спорт, за хурууны фитнесээр л хичээллэдэг юм уу даа.
“U”: Хамгийн сүүлд үзсэн кино?
АЛТКА: Сүүлийн үед 1 ангит Солонгосын гэмт хэрэгтэй кино үзэж байгаа. "Хар тамхины хаан" киног найз охинтойгоо үзсэн.
БАРАА: Pikachu.
“U”: Хүмүүсийн хэвшмэл ойлголтод хэрхэн ханддаг вэ?
G.O.C: Хүмүүсийн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүсдэг. Тийм ч болохоор анх тайзан дээр гарахдаа, цомгийнхоо нээлтэн дээр бүгд цагаан хувцастай гарч байсан. Метал хамтлаг гэхээр л бүгд үсээ урт ургуулчихсан, хар савхи өмссөн, магадгүй хар тамхи татдаг гэсэн буруу ойлголт байдаг. Бид энэ ойлголтыг эвдэж, харин ч бэлтгэлээ сайн хийдэг мундаг хамтлаг, цэвэрхэн хувцаслаад, үзэгчидтэйгээ хөгжмийг мэдрэхийг хүсдэг. Хэвшмэл ойлголтыг үйлдлээрээ харуулж эвдэнэ гэж боддог. Хүмүүс их мухар сүсэгтэй байдаг. Бас амьдралаас баталгаа нэхдэг. Харин бидний үеийнхэн амьдралаас баталгаа нэхдэггүй, өөрсдөө чаддаг, дуртай зүйлээ хийж, адал явдалтай амьдрахыг хүсдэг.
“U”: Үеийнхэндээ юу хэлэхийг хүсдэг вэ?
G.O.C: Зарим залуучууд муу юмыг нь дуурайгаад байх шиг санагддаг. Жишээ нь рок, метал хөгжим сонсонгуутаа энэ урсгалыг сонсож байгаа юм чинь согтууруулах ундаа хэрэглэнэ гэх мэт бурууг нь дуурайдаг. Гэтэл тэр хүн цаанаа амьдралын хэв маяг нь маш энгийн эрүүл байдаг.
“U”: Гоё урмын үгээр ярилцлагаа өндөрлье?
АЛТКА: Юу хүсч байна түүнийгээ хийгээрэй. Хүүхдэдээ бахархуулах түүхтэй байхыг хүсдэг. Бүх хүнийг, бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг байгаарай.
БАРАА: Хөгжмийн бүх төрлийг сонсдог байгаарай. Ер нь юуг ч битгий үгүйсгээрэй.
“U”: Ярилцсанд баярлалаа.