UBLife Logo
Хөгжим

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр буюу Дэлхийг донсолгосон “хөдөө” бүсгүйчүүд

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр буюу Дэлхийг донсолгосон “хөдөө” бүсгүйчүүд

Олон улсын хөдөөгийн эмэгтэйчүүдийн өдөр жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тохиодог. Энэ өдрийг Монгол Улс санаачлан, НҮБ-ын Ерөнхий чуулганаар батлуулсан юм. Гол зорилго нь  хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын хөдөлмөр, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах болон эдийн засагт оруулж буй үнэт хувь нэмрийг үнэлж, тэдний эрх, аж байдлыг сайжруулах явдалд оршдог. Үнэхээр хөдөөгийн амьдрал хүнд хэцүү. Гэхдээ хүнийг тэсвэр хатуужилтай, зоригтой болгон хүмүүжүүлдэг билээ. Жирийн нэгэн хөдөөгийн бүсгүйгээс дэлхийн хэмжээний од болсон эмэгтэй цөөнгүй бий.

Тейлор Свифт

Америк мөрөөдлийн биелэл, эрч хүчтэй энэ бүсгүй 2019 онд Зул сарын баяраар “Christmas Tree Farm” хэмээх шинэ бүтээлдээ Пенсильванд мод тарьдаг байсан аавынхаа хөдөө фермд өнгөрөөсөн бага насаа дурссан байдаг. Дууны клипэд багынхаа гэрэл зургуудыг оруулсан байлаа. Тейлор багадаа мод зөөх, мөчир тайрах, цэвэрлэх гээд олон ажил хийж байжээ.

Долли Партон

Кантри дуучин, олон удаагийн Грэмми шагналт Долли Партон 1946 онд Теннесси мужийн Литтл-Пижин голын эргийн нэгэн урцанд төржээ. 12 хүүхэдтэй өнөр айлын 4 дэх хүүхэд нь тэр. Аав нь эхлээд ууланд хөлсний ажил хийдэг байсан ч дараа нь өөрийн тамхины фермтэй болжээ. Доллиг эх барьж авсан эмчид тэр шуудай гурил өгч байсан гэдэг. Уэльсээс гаралтай ээж нь орой болгон ардын дуу дуулж өгнө. Долли 6 настайдаа сүмд дуулдаг болж, 7 настайдаа гитар тоглож сурсан.

Кэрри Андервуд

Кантри дуучин, хөгжмийн зохиолч Кэрри 2005 онд “Inside Your Heaven” дуугаараа алдаршсан. Тэрээр 1983 онд Оклахома мужийн Маскоги хотод төрж, Чекот хотын ойролцоох хөдөө тосгонд бага насаа өнгөрөөжээ. Аав нь цаасны үйлдвэрт, ээж нь бага сургуульд ажилладаг байлаа. Кэрри тосгоны концерт дээр дуулж, сүмийн найрал дуунд яван, 2004 онд “American Idol” нэвтрүүлэгт орон, алдаршсан түүхтэй. Алдарт гарсан ч хөдөө амьдралаа мартаагүй. 2010 онд нөхрийн хамт хөдөө ферм худалдан авч, улаан лооль тарьж, хонь үржүүлж байна.

Ева Лонгория

Алдарт Ева Техасын адууны фермд төрж, өссөн хүн. Эцэг эх нь Америкийн уугуул индиан гаралтай хүмүүс байв. Хөдөө өнгөрөөсөн цаг хугацаагаа тэр дурсан санах дуртай. Үүний ачаар амьтан, байгаль дэлхийгээ хайрлаж, хүнсний ногоо тарьж, сурсан гэж ярьсан байдаг. Гахай, буга агнаад өвчөөд, махыг нь эвдэж чадна гэж хэлсэн удаатай.

Шарлиз Терон

ӨАБНУ-ын Йоханнесбургийн ойролцоох Бенони фермд бага насаа өнгөрөөсөн. Эцэг эх нь барилга, замын компанийн хамтран эзэмшигчид байв. Аав нь архи ууж, агсан тавьдаг. Тероныг 15 настай байхад аав нь ээжийг нь зодоход ээж нь буудаж, нөхрийнхөө амийг хөнөөжээ. Шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзсэн ч Терон сэтгэлийн гүн шархтай болсон юм. Шарлиз Терон гэрийн тэжээмэл амьтдаа маллах үүрэгтэй байсан ч дуулах, жүжиглэх дуртай байлаа. 16 настайдаа тэр моделийн тэмцээнд түрүүлж, ээжийгээ дагуулан, АНУ явсан юм.

Моника Беллуччи

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүлийн нэг Моника Италийн Апеннин хөндийд төрж, Сельчи-Лама тосгонд өсжээ. Айлын ганц хүүхэд байсан тул тун эрх. Кино үзэх дуртай, загвар сонирхоно. 13 настайдаа модель болж, алдар хүндийн замнал нь эхэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...