UBLife Logo
Хөгжим

“Metallica” 45 жил: Тэдний хувь заяа хэрхэв?

“Metallica” 45 жил: Тэдний хувь заяа хэрхэв?

1981 оны аравдугаар сарын 28-нд хүнд хөгжмийн түүхэнд хамгийн алдартай хамтлаг болох “Metallica” байгуулагдаж байжээ. Энэ 45 жилийн дотор тэд 125 сая цомог борлуулж, Грэмми шагналыг 9 удаа хүртээд дэлхийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийг эрхшээлдээ оруулжээ. Том хэрүүл маргаан, дотоодын зодоон гээд энэ хамтлагийн түүхэнд маш олон зүйл гарч байсан.

“Metallica” (зүүн гар талаас): бас-гитар Клифф Бертон, бөмбөр Ларс Ульрих, гоцлол дуучин, гитар Жеймс Хетфилд, гитар Кирк Хэмметт нар 1985 онд.

“Metallica” хамтлагийн гишүүд 45 жилийн дараа:

Жеймс Хэтфилд

1981 онд 18 настай Хэтфилд бөмбөрчин Ларс Ульрихийн хөгжимчин хайж байгаа зарлалыг харснаар энэ хамтлагийн түүх эхэлсэн юм. Жеймс эхлээд гитар л тоглох бодолтой байсан ч тохирох дуучин олдоогүй тул гоцлол дуучин болжээ. Удалгүй тэр хамтлагийнхаа нүүр царай нь болж, хүнд хөгжимд  Enter Sandman, Nothing Else Matters, Master of Puppets зэрэг сонгодог бүтээл хийж өгсөн юм.

Харамсалтай нь хэт алдаршаад архинд орж, 2001, 2019 онд эмчлүүлж байлаа. Одоо 63 настай Хэтфилд “Metallica” хамтлагтайгаа тоглолт хийсээр байгаа. Чөлөөт цагаараа зөгий үржүүлж, машин цуглуулдаг.

Ларс Ульрих

Ларс Ульрих алдартай теннисчин болох бүрэн боломжтой байлаа. Аав нь мэргэжлийн тамирчин, Ларс өөрөө Данийн шилдэг залуу тамирчин байв. 1980 онд гэр бүлээрээ Калифорнид ирсэн Ларс америк тамирчдаас ур чадвар хол дутуу гэдгээ ойлгожээ. Ингээд цохиур модоо бөмбөрийн цохиураар сольсон. Ингээд дээр дурдсан хөгжимчин хайсан зарлалаа сонинд өгсөн юм. Ульрих хамтлагийнхаа гол хүн, зохион байгуулалт хариуцдаг.

2017 онд эх орон нь түүний гавьяаг үнэлж, хун тайж Фредерик өөрийн биеэр түүнд Данеброг хэмээх хүлэг баатрын хэргэм олгосон. Одоо тэр 62 настай. Хамтлагтаа байсаар байгаа. Чөлөөт цагаараа уран зураг цуглуулдаг.

Дэйв Мастейн

Дэйв Мастейн хамтлаг байгуулахад оролцсон ч хоёр жил л болсон юм. 1983 оны дөрөвдүгээр сард анхны цомгоо гаргахаас өмнөхөн түүнийг бусад нь хамтлагаасаа хөөсөн билээ. 21 настай Дейв архи ууж, агсан тавин, байнга зодоон хийдэг байсан тул Нью-Йоркоос Лос-Анжелес орох автобусны тасалбар өгөөд л явуулчихсан юм. Гэртээ 4 хоног автобусаар явсан залуу “Metallica”-г давахаар хамтлаг байгуулна гэж андгай тавьсан нь ирээдүйд дэлхийд 50 сая цомог зарж, Грэмми хүртсэн “Megadeth” байлаа. Трэш-метал хөгжмийн Их дөрвөлд Metallica, Slayer, Anthrax нарын хамт багтсан агуу хамтлаг.

Мастейн олон жил, архи, хар тамхины хамаарлаас гарах гэж оролдсон. Одоо 65 настай тэрээр зодог тайлахаар бэлтгэж байна. 2026 оны нэгдүгээр сард сүүлийн цомгоо гаргаад “Megadeth” хамтлаг дэлхий тойрох аялалдаа гарсан.  

Кирк Хэмметт 

Кирк Хэмметт 1983 онд хамтлагт Мастейны оронд орж ирсэн. Хэдхэн сарын дараа тэр анхны “Kill 'Em All” цомгоо бариад сууж байлаа. Тэрээр аймшгийн кинонд дуртай, зурагт хуудас, баг, хувцасны цуглуулгатай. Нэг бус удаа аймшгийн киноны үзэсгэлэн гаргаж байлаа.

2022 онд анхны гоцлол цомог болох “Portals”-аа гаргасан. Одоо 63 настай. “Metallica” хамтлагтаа байгаа ч ганцаараа тоглолт хийх нь нэмэгджээ.

Рон Макговни

Рон Макговни бол хамтлагийн анхны бас-гитарчин төдийгүй түүний машины гараажад хамтлаг мэндэлсэн юм. Тэрээр сургуульд байхдаа Жеймс Хэтфилдтой нөхөрлөж, 1981 онд хамтлагт орж ирсэн. Гэхдээ бас-гитар бараг тоглож чаддаггүй байсан гэдэг. Хамтлаг бэлтгэлээ Роны аавын гараажад хийж, Рон өөрөө зохион байгуулалт, тоног төхөөрөмж хариуцаж байв. Харин гитарчин Дэйв Мастейн ирж, түүнийг хамтлагийн хамгийн сул гишүүн гэсээр байгаад 1982 онд Рон гараад явсан.

Рон хөгжмөө орхиж, хөдөө тосгонд тайван амьдрах болсон. Одоо 62 настай. Хойд Каролинад аж ахуйтай.

Клифф Бертон

Роныг явсны дараа Клифф Бертон бас-гитар хариуцлаа. 1982 онд түүнийг “Trauma” хамтлагт тоглож байхад нь Жеймс Хэтфилд, Ларс Ульрих хоёр хараад салгаж дөнгөсөн юм. Бертон зөвшөөрсөн ч хамтлагаа Лос-Анжелес хотоос Сан-Францискод шилжвэл орно гэсэн болзол тавьжээ. Авьяаслаг хөгжимчний төлөө тэд нүүхийг зөвшөөрсөн юм. Клифф “Metallica”-д Kill 'Em All, Ride the Lightning, Master of Puppets гэсэн 3 цомог гаргаж, хөгжим, дуугаралт дээр маш их нөлөө үзүүлжээ.

1986 гоны есдүгээр сард Шведэд аялан тоглолт хийх үеэр хамтлагийн автобус онхолдож, 24 настай Бертон амиа алдсан. 2009 онд Рок-н-роллын Алдрын танхимд заларсан.

Жейсон Ньюстед

Бертоны харамсалтай үхлийн дараа шинэ бас-гитарчнаар Жейсон Ньюстедыг авлаа. 23 настай залуугийн хувьд замналынхаа оргил үед гарч ирсэн ч хамтлагийн гишүүд Бертоны үхлийн шокоос гараагүй байв. Тэд юм болоход л шинэ хөгжимчнөө ад үзэж, зарим цомогтоо бас-гитарын аяаа маш аяархан хийдэг байлаа. Гэхдээ алдарт “Black Album” цомогт тэр оролцсон.

2001 онд 15 жилийн дараа Жейсон хамтлагаас гарсан. Эрүүл мэнд, ядаргаа, хэрүүл маргаан нөлөөлжээ. Тэрээр өвчин намдаагч эмийн хамааралд орж, эмчилгээ хийлгэх гэсэн ч хамтлагийн гишүүд зөвшөөрөөгүй тул гарч явсан гэж хэлсэн байдаг. “Metallica”-гаас гараад тэрээр Оззи Осборнтой хамтран ажиллаж байлаа. 63 настай Ньюстед уран зураач хүн болсон.

Роберт Трухильо

2003 онд түүнд бас-гитарчин болох санал тавихдаа хамтлагаас бонус болгон сая ам.доллар өгсөн байдаг. Тэр үед  Роберт Трухильо “Suicidal Tendencies” хамтлаг, агуу Оззи Осборнтой ажиллаж байсан ч амттай саналаас татгалзаагүй юм. Ажилд ороод шууд аялан тоглолтоор явж, шагналын мөнгөө сайн үрж амжаагүй гэдэг.

Тэрээр хамтлагт хамгийн удаан тоглосон бас-гитарчин болсон. 62 настай ч тайзанд гарсан хэвээр.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...