UBLife Logo
Авторын булан

Будапештын тэмдэглэл

Ub.life
Ub.life
Будапештын тэмдэглэл

Будапештыг зорьсон хэрэг 17 цагийн дараа л нэг бүтсэн юм. Улаанбаатараас хөөрч 9 цаг нисэж Стамбулд буугаад, дараагийн онгоцоо хүлээн 6 цаг суух, холхих хослуулав. “Дэлхий Стамбулд уулздаг” гэсэн уриа ч гэх үү, сурталчилгаа ч гэх үү энэ үг яасан үнэн байв. Зургаан цагийн турш зургаан тивийн улс амьтан ажиглах завшаан тохиолоо. Аль газрын айл хүүхэд хөгшдөөрөө явахыг харах цаанаа нэг соньхон байдаг даа. Ази байна уу, араб байна уу, настай нь аяншсан, хүүхэд залуус нь хөөрсөн улс олон хэлээр шулганан явж байна даг. Аяны улс ялгаагүй л хээ шаагаа гээчихсэн бүдүүн бараг төрхтэй болдог юм хойно. Ачаа тээшээ чирэн ийш тийш зүглэхийг, хоол ундны үнэрт хамар даган эргэхийг, тэрэндээ ч энэндээ ч бэлэг сэлт сонжихыг нь, бүүр сульдчихсан сандал тэгнэн ухаан жолоогүй хурхирахыг гээд хамаг амьтны явдлыг харан суух нь дэлхийн энтэй Стамбулын буудал санж. Харин дараагийн онгоцны хаалга онгойход л энэ “дэлхийгээс” залхсанаа ойлгоод ганцхан Будапешт руу яарсан юмдаг. Зургаан цаг гэдэг үзье харъя гэсэн хүнд завшаан боловч хүлээсэн хүнд бол мөд өнгөрч өгдөггүй хүндхэн даваа аж.    

Унгар гэхээр социализмын үед Монголын аж үйлдвэрт унгар инженерүүд ирж ажилласан тухай, манай гуанзнуудын меню болгонд унгар гуляш албатай юм шиг л хятад мантуутай хослон цохиж явдаг тухай, монгол оюутнууд өнөө хэр тэдний их сургуулиудад тэтгэлэгтэй суралцсаар байгаа тухай хүн бүхэн мэднэ. Гуравдугаар сарын 6-нд цас хайлах хаа ч байсан хайруу Улаанбаатараас зорьсон газраа очиход тэнд юун цас. Сүүлийн жилүүдэд цас орохоо ч байсан гэнэ. Харин өнгөрсөн өвөл Будапештад бүр гурвын гурван удаа цас оржээ. Энэ хавар олигтой дулаарахгүй байгаа гэсэн ч нимгэн цувтай монгол хүн даарахааргүй л хавар болж байна лээ. 

Будапештад оройтож буусан, онгоцонд дажгүй хооллосон атлаа мөнөөх алдарт унгар гуляшийг зочид буудлууд төвлөрсөн гудамжин дахь жижигхэн ресторанд идэх сургаар хонхолзоод явчихлаа. Үүдэнд нь хийл, морин хийл, бас манай ёочинтой тун эндүүрмээр адилхан цимбалы хэмээх цохивор хөгжмийн найрал тоглоно. Унгарын үндэсний хөгжмийн зэмсэг цимбалы хэмжээгээрээ том, цохиурынх нь үзүүрийг зөөлөн эдээр ороосноороо л манай ёочингоос ялгаатай харагдсан. Ингээд амьд хөгжимд Моцарт эгшиглэсэн Будапештын үдэш орой унгар гуляшийг эх оронд нь амталж үзэв. Гэхдээ миний танил гуляш биш, ялимгүй өтгөн л болохоос шөл шиг шөл юм билээ, гуляш чинь тэндээ. Манай гуанзанд Оросын гал тогооны хувиргалттай дамжин ирэв үү, эсвэл унгар мэргэжилтнүүд Монголд амьдрахдаа манай бэлчээрийн малын махыг зөөллөх гэж хэтэрхий удаан богштол чанасаар гуляшаа шөлгүй шахам иддэг байснаас болсон уу, лав л унгар гуляш бол шөл, харин Монголд хуурга. За, муу хүн идсэнээ гэж, хоолоо үүгээр дуусгая. Гэхдээ усны нь амтыг дурдалгүй горьгүй. Тийм усыг Монголдоо уулын булгаас л хүртдэгсэн. Унгарт бол үйлдвэрээс савлаад зардаг ус нь ч шүүдрийн гэмээр зөөлөн юм билээ. Ус сайтай хойно архи, айраг, дарсны нь чанар маргаангүй байж таарна. Ерөөс Унгар усны аж үйлдвэр, усны технологиороо дэлхийд дээгүүрт орох болсон орон гэнэ. 

***

УИХ-ын дарга Г.Занданшатар Унгарын мянган жилийн түүхийг эхлүүлсэн Арпад тэргүүтэй баатарлаг 14 хааны дурсгалд зориулан 1900 онд иж бүрэн бүтээгдэж дууссан морьт хөшөөдийн цогцолборт цэцэг өргөснөөр албан ёсны айлчлалаа эхлүүлэв. Энд энэ улсын хаадын олон баатарлаг гавьяаг мажар хэлнээ бичиж үлдээснээс “1241 онд монголчуудын довтолгооны дараа улс орноо сэргээн мандуулсан”, “1286 онд монголчуудын довтолгоог няцаасан...” зэрэг бидний өвөг дээдсийн түүхтэй эгнэгт холбоотой өгүүлбэрүүд ч тэнд хүрсэн монгол хүний зүрхэнд гэрэлтэх авай. Хятадын Цагаан хэрмийг хараад монголчуудын байлдан дагууллын ид хавыг гайхан биширдэг шиг л юм уу даа. Будапештын талаар хойно өгүүлэмз.

Унгарт ирэх жуулчдын заавал очиж Будапештыг үзсэнээ фэйсбүүкт бүртгүүлдэг Баатруудын талбай олон хэлийн улсаар дүүрэн байх бөгөөд хөтөч нь улаан дарцаг бариад дор нь зочдоо жагсаан дагуулах нь эндэхийн эгэл дүр зураг хэдий ч талбайн нэртэйгээ дүйхүйц “эрэлхэг” ч юм шиг үзэгдэнэ. 

Монгол Улсын парламентын спикер 17 жилийн дараа анх удаа Унгар улсад хүрэлцэн ирснийг Унгарын гол хэвлэлүүд цөөн үгээр угтуулан онцолсон өглөө УИХ-ын дарга Г.Занданшатар алба нэгт Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлотой албан ёсны хэлэлцээ хийснээр ажил хэрэг эхлэв. Энэ үеэр социализмын үед Унгарын тусламжаар байгуулагдсан Улаанбаатарын ойролцоох Биокомбинатыг сэргээн хүчитгэхэд зориулах хөрөнгө оруулалтын тухай 18 жил яригдсан ч нэг л хэрэгжсэн зүйлгүй гацаад байсан яриаг нэг мөр эргүүлж орхив. Унгар Монголд оруулахаар төлөвлөсөн хөрөнгийн зориулалтаа  бүрмөсөн царцаах, харин түүний оронд Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулахад Унгар улсын Засгийн газар хөнгөлөлттэй зээл олгож, сэргээгдэх эрчим хүчний эл төслийг бүрэн хэрэгжүүлэхийг хоёр спикер дэмжин санал нэгдсэн юм. Энэ хэлэлцээний дараа Г.Занданшатар “30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр Байдрагт бий болсноор баруун төвийн бүсийг Орос, Хятадаас импортолж буй эрчим хүчний тарифаас 10 дахин хямд цахилгаанаар найдвартай хангах боломжтой” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Түүнчлэн тэрээр хэлэлцээний үеэр дурдсан “хөнгөлөлттэй зээл” гэдгийг “хүүгүй шахам” хэмээсэн нь Байдрагийн усан цахилгаан станцын төслийн гэрээнүүд албан ёсоор эцэслэн батлагдахад хүүгүй зээл, хэр хөнгөлөлттэй зээл болох нь тодорхой болох аж. Сангийн сайд Б.Жавхлан “56 сая ам.долларын хэмжээтэй” гэсэн нь уг санхүүжилтийн тухайд байв.    

Түүнчлэн Унгар болон Зүүн Европын улсуудад ажиллаж, амьдарч буй 30 гаруй мянган монгол хүн, тэдний Монгол дахь гэр бүлд хамаатай нэгэн ажил биелэх нь тодорхой болсон юм. Энэ бол сүүлийн 30 жил яригдсан, ковидын үеэр туршиж үзсэн нь амжилттай болсон Улаанбаатар-Будапештын шууд нислэг байв. Европын холбооны улсууд руу зөвхөн Франкфурт, Стамбул чиглэлийн нислэгээр дамжин явахад аяллын хугацаа урт, тэр хэрээр нислэгийн зардал өндөр. Монгол, Унгар хоёр улс шууд нислэгээр холбогдох хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт гарын үсэг зурлаа.

Г.Занданшатарын айлчлалд бас нэг “анхны” тэмдэглэгдсэн нь тэрээр Унгар улсын Ерөнхийлөгч Томаш Шүйокийн нүүр тулан уулзсан хамгийн анхны гадаад зочин болов. Томаш Шүйок Г.Занданшатартай уулзахаасаа ердөө нэг өдрийн өмнө буюу энэ сарын 5-нд Ерөнхийлөгчийн албаа хүлээн авсан юм.

***

Технологи, мэдээллийн хурд, хүртээмжээс үүдэлтэйгээр дэлхий хавтгай боллоо гэх, дэлхийн улс орнууд глобалчлагдлаа гэх уриа лоозон олон улсын харилцаа, улс төр, эдийн засгийн бодлогод хүч түрэн орж ирж, алсуураа геополитикийг нэг хавтгай дээр нэг толгой хянах тийш эргэсэн цаг үед үүнд эргэлзэх, үгүйсгэх сэтгэлгээнүүд дэлхийн өнцөг булан бүрд үндэсний үзэл, заримд нь хэт үндсэрхэг, бүр хэт явцуу үзлээр ч тод илэрсэн арван жил өнгөрч байна. Манайд ч ялгаагүй олон улсын харилцааны дүрэм журмууд улс төрийн намууд, тэдгээрийн лидерүүдээр дамжин илэрхийлэгдсээр л байдаг. Ер хаа ч ялгаагүй улс төр ингэж л явдаг жамтай. 

Унгарт очоод анхаарал татсан нэгэн үйл явдлаас нэгэн өнцгийг аль болох товчоор тоймлохыг хичээе. УИХ-ын даргын Унгар улсад хийсэн айлчлалын хөтөлбөрт тусгагдсан Алтай судлалын олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл нь Г.Занданшатарыг улстөрчийнхөө хувьд чухам хэн болохыг тодорхойлсон онцгой үйл явдал байлаа. Тэр яагаад Алтай судлалыг барьж авсан нь сонирхол татна. Монгол ондоо юу ондоо. Гэхдээ ондоо гэдгээ хэрхэн илэрхийлэх, ойлгуулах вэ гэдэг асуултын хариуг Г.Занданшатар бодож олсон нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” хэмээх шинэ механизм бололтой. Монгол ондоогоо ганцаараа биш, ондоошлоороо төстэй байх ижилслээр, тодорхой механизмаар илэрхийлбэл илүү тод, мөн дөт байх арга замыг нээсэн нь олон улсын Алтай судлал байж болох юм гэж тэр тооцоолсон байх нь. Ижилсэл доторх ондоошлоо ч тунхаглаж болох яриа хэлэлцээний механизм, улс төрийг түүх соёлоор, шинжилгээ судалгааны замаар харилцан ойлголцох арга зам ч юм уу. Тэгж таамаглахад хүргэлээ. Тэр орчин үеийн дипломатад монгол хэв маягийг илэрхийлэх өөрийн гэсэн дипломат бодлогыг бариад авчээ. Унгарын парламентын даргатай хийсэн уулзалтын үеэр ярианы сэдэв Орос, Украины дайны асуудал руу эрхгүй хэлбийхэд энэ тухайд баримталж ирсэн байр сууриараа хоёр улстөрч ив ижил буйгаа итгэлтэйгээр хэлэлцэж, цаашид олон үйл хэрэгт ойлголцон нөхөрлөх завшааныг бэхлэв.  

Өнгөрсөн зургадугаар сард Стэнфордын их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан нь УИХ-ын даргын гэхээсээ Г.Занданшатар гэдэг улстөрчийн амбийцаас гарсан сэдэл, санаачилга байсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хотноо болох хоёр дахь удаагийн хурлыг явуулахаар төлөвлөжээ. Унгарт байхдаа уулзсан эрдэмтэн судлаачид болон парламентынхныг урьж явна лээ.  

Г.Занданшатар энэ хуралд илтгэл тавихдаа мажар хэлээр эхлүүлэв. Дашрамд сонирхуулахад, Унгарын телевизийн ярилцлагын эхний асуултад мөн л мажар хэлээр ярьсан. Спикер, Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч чингэсэн. Айлчлалын сиймхийгээр мажар хэлээр мэндлэх, тодорхой агуулгыг бэлдэхэд хэр хугацаа зориулсныг нь асуухад өөдөөс жишээ болгон зарим өгүүлбэрийг орчуулж өглөө. “Нэг их удаан хугацаа зарцуулаагүй, үг үгээр нь биш, өгүүлбэр өгүүлбэрээр нь тогтоосон, ингэхдээ үгийн утгыг мэдэж цээжилсэн” гэв. Ялимгүй гэж алгасаж болох ч гүн сэтгэл, үгүй ядаж жижигхэн дурсамж үлдээх энэ мэт хүчин чармайлт хувь улстөрчийг, хувь улстөрчөөр дамжуулан түүний эх орныг ойлгох хүсэл, ирээдүйг үлдээдэг. Хүний чадвар, бусдад төрүүлэх сэтгэгдэл дээр орчин үеийн улс төрийн нөлөөлөл, нөөц мөн орших цаг үе ирж байна. 

Хүннүгээс улбаатай түүхээр Монгол, Унгар ижилсэх эрмэлзэл дундуур Туркийн талыг баримталдаг судлаачдын үгүйсгэл эрчимжих хандлагатай байгааг Монголд буй археологийн баримтууд сааруулдаг гээд гүнзгий орвол энэ Алтай судлал чинь нигууртай л юм билээ. Генетик хөгжиж байхад нэг талдаа шийдэгдэж болох биз ээ. Унгар бол монгол судлалаар Европ төдийгүй дэлхийд шинжлэх ухааны томоохон голомтод тооцогдох орон. Унгарын залуу үе монгол судлал дотроос бөө мөргөлийн сэдэвт сониучирхах нь түгээмэл хэдий ч хэл шинжлэлд тууштай хандахгүй, цаг гаргахааргүй болох хандлага мөн ажиглагдах болсныг Өтвөш Лорандын нэрэмжит ЭЛТЭ их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн Монгол судлалын төвийн тэргүүн доктор профессор Бирталан Агнеш дурдсан. 

***

Будапештад сэрсэн анхны өглөө гудамжинд гармагц шууд л музейд хөл тавих шиг санагдсан. Дундуур нь Дунай мөрөн цэлэлзэж, усан онгоц хөвөөд л. 18-р зууны Европын хүчирхэг орон болж байх үеийнх нь үлэмж тансаглал энэ хотын амин сүнс ажээ. Цонх, тагт болгонд нэгбүрчлэн зориулсан хүрээ, хээ хуар бүхий хананууд, төмөр тоногтой аварга том модон хаалганууд, чулуун баганууд, чулуу шигтгэсэн гудамжууд, улаан будагтай төмөр дээврүүд. Уран барилгын барокко, классик хэв маягаар өвч дагнасан Будапешт дэлхийн хоёрдугаар дайнд үрэгдээгүйн төлөө энх тайвны үзэл санаа өөрөө Унгар оронд баярламаар тийм дагшин байна. Гэхдээ яаж хадгалж, тордож, хэдэн зууны өмнөх өнгөөр нь сэргээн засварладаг нь илүү гайхмаар. Мод, чулуу хэдий бөх ч хүний хөдөлгөөн, нар, хурын нөлөөгөөр хагарч гэмтэж таарна. Арчилж додомдох, сэргээн засварлах зардал гэдэг нураах, тэнгэр баганадсан шил толин барилга барихаас хамаагүй үнэтэй тусмаар юм? Хариуг нь унгарчууд, тэдний урчууд, ухаалаг улстөрчид нь болгоох биз ээ. Нэг хүнд ногдох Нобелийн шагналтныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын бодлого өөр байх. Маньд бол гайхмаар аа. 

Ажлаар явсан тул зугаалж амжаагүй. Нааш явахын өмнөх орой залуу хүмүүс цугладаг гудамжаар нааш цааш дэмий тэнэлээ. Дэлхий дээрх бүх хүн, юмс байна. Герман, чех, орос, хятад, япон солонгос, тэгээд монгол. Старбакс, макдональдс, сүши ресторан завгүй байна. Унгарт очсон жуулчид рашаан дагасан амралтын газруудад нь заавал хоног төөрүүлмээр гэнэ. Хожим боломж гарвал заавал ашиглана гэж шийдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.