Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. UB LIFE сайт та бүхэндээ нэгэн шинэ, тун сонирхолтой буланг хүргэхээр бэлдсэн нь энэ юм. Долоо хоног бүр шинэ содон, өвөрмөц цуглуулга, хоббитой хүмүүсийг та бүхэндээ танилцуулахаар бэлдээд байна. Ийнхүү хамгийн эхний нийтлэлдээ гэрэл зурагчин, гэрэл зургийн аппарат цуглуулагч Д.Даваанямын цуглуулгыг та бүхэндээ сонирхуулахаар бэлдээд байна.

Дэлгэржаргалын Давааням (32 настай)
"Гамма" агентлагийн гэрэл зурагчин, "Батзориг" сангийн Гүйцэтгэх захирал, СУИС-ийн РТМУС-ийн гэрэл зургийн багш
Хобби: Гэрэл зургийн аппарат цуглуулах

-Хэзээнээс эхэлж цуглуулсан бэ? Цуглуулгын эхлэлээ хэрхэн тавьж байв?2004 онд “Хүүхдийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Монголын урлагийн зөвлөл”-ийн санхүүжилтээр “Хүүхэд ба Дуран” төсөлд хар цагаан гэрэл зураг авч эхэлсэн. Хар цагаанаар зураг авна гэдэг харьцангуй өндөр мэдрэмж шаарддаг. Хальсаа өөрөө боловсруулахаас эхлээд дуусах хүртэлх бүх процессыг өөрөө хийдэг учир энэ мэдрэмж их гоё. Анх хальсны аппарат анхаарлыг маань их татсан. Анхны хуучны аппаратын хэлбэр хэмжээ, дээрээс зураг авдаг зэрэг онцлог шинжүүд нь сонирхолтой санагдсан учир түүнээс хойш бага багаар аппарат цуглуулах хоббитой болсон.


-Цуглуулгаасаа хамгийн содон түүхтэй олдсон эд зүйлсийг онцолбол?
Хамгийн дээд эгнээн дэх аппарат бол Ц.Батзориг гэдэг хүний өөрийнх нь хэрэглэж байсан аппарат. Гэр бүлийнхэн нь надад дурсган өгсөн байдаг. Ц.Батзориг агсан "Гамма" агентлагийн гэрэл зурагчин байсан бөгөөд 2001 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн хор уршгийг гэрэл зургийн хальснаа буулгахаар Увс аймгийн Малчин сумыг зорьж яваад "МИ-8" онгоцны ослоор амь үрэгдсэн юм. Тэр ослоор 20 гаруй хүний амь эрсэдсэн юм. Энэ бол түүний яг тухайн үед авч явсан камер.

Ц.Батзориг агсны дурсгалыг хүндэтгэсэн баримтат гэрэл зургийн “Батзориг сан” маань 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна.
-Тантай адилхан цуглуулгатай хүмүүстэй уулзаж, ярилцдаг уу?
-Ганц хоёр хүнийг л танина. Түүнээс биш хоорондоо уулзах, бие биетэйгээ аппаратаа солилцох фэйсбүүк групп гэх зүйл байхгүй. Миний мэдэхийн гэрэл зургийн томоохон цуглуулгатай таван хүн бий.
-Танд нийт хэдэн аппарат байгаа тухай тодорхой тоо гаргасан уу?
-Нарийн тоолж үзээгүй ээ. Ойролцоогоор 100 гаруй байх. Миний үндсэн мэргэжил зураглаач учир хуучны камер, хальс, бусад дагалдах хэрэгслүүд зэрэг гэрэл зурагтай холбоотой олон зүйл цуглуулдаг.


-Цуглуулгаа хэрхэн хадгалдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд, гэрэл зургийн болон бусад өөр ажил их байдаг учир хадгалалт дээр төдийлөн их анхаарлаа хандуулж чаддаггүй. Жаахан нас ахиад ирэхээрээ үүн дээрээ илүү төвлөрч ажиллана гэж үзээд хойш нь тавиад байгаа. Аппарат болгоны түүх, он сарыг компьютер дээрээ хадгалсан байгаа учир тэр үедээ цааш илүү судлан музей хэлбэртэй болгоно гэж бодож байна.

-Харамсалтайгаар аппаратаа алдаж эсвэл гэмтээж байсан тохиолдол байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Манай ажил хүн хөдөлгөөн ихтэй ч ямар нэгэн зүйлээ алдах гээх тохиолдол байдаггүй учир зарим зүйлсээ ил тавьчихдаг байсан л даа. Тагнуулын жижигхэн аппаратаа тэгж ил тавьж байгаад алдсан удаатай. Халаасанд л багтах хэмжээтэй их жижигхэн аппарат байсан юм. Түүнээс хойш би энд тэнд явж байхдаа ч огт хараагүй. Их л ховор эд байсан юм билээ. Түүнээс хойш ингэж цоожилдог болсон.

-Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй аппарат аль нь бэ?
-Эхний ээлжид өөрийн сонирхлоороо гаднах хэлбэр дүрс, загвартай нь өөр өөр аппарат цуглуулдаг байсан. Хуучны “Фотокор” гээд модон том аппаратаас эхлээд “Кодак”-ын анхны загварыг, мөн гадаадад явж байхдаа цуглуулсан аппаратууд бий. Өнгөрсөн жил нэг найз маань Австралид явж байхдаа харсан хуучны аппаратуудаа намайг авахыг санал болгож, 6 аппарат авч байсан.


Юм хуучных байх тусмаа л үнэ цэнтэй.

-Гэрэл зураг сонирхогч залуус таны цуглуулгыг сонирхох болон тантай ярилцъя гэвэл нээлттэй юу. Бас "Батзориг" сангийн тухай мэдээлэл өгөөч?
-Бүрэн нээлттэй. Мэдээж наашаа гэсэн хүнийг цаашаа түлхэхгүй шүү дээ. Ирээд туршлага солилцоод, ярилцаад явах боломжтой. "Батзориг" сангийн хүрээнд бид жил болгон гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг. 2002-2009 он хүртэл “Гамма” агентлаг Ц.Батзоригийн нэрэмжит “Оны шилдэг гэрэл зураг” уралдааныг зохион байгуулдаг байсан. Хэсэг завсарласан байсан ч би гэр бүлийн гишүүдтэй нь холбогдож, 2013 оноос эхлэн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Бид жил бүр тогтмол “Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэнг зохион байгуулдаг. Одоо 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн маань дөрөвдүгээр сарын 26 буюу Ц.Батзориг агсны төрсөн өдрөөр нээгддэг ч цар тахлаас болоод энэ жил 9 сар хүртэл хойшлогдсон байгаа.
Цаашдаа Ц.Батзориг ахын хар цагаан хальсны зургийг бид бүхэн жинхэнэ хувилбараар нь буулган, түүнийгээ видео контент болгон, залууст хүргэх хүсэл байгаа.



