UBLife Logo
Ub.life: Бид энэ 7 хоногт юунд дурлаж байна вэ?

Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)

Ub.life
Ub.life
Mobicom Edition: Бид юунд дурлаж байна вэ? (№35)

Хамт олон, ажил хэрэгч хамтран ажиллагсдын хувь хүний ертөнцөөр аялан, юунд дурлан сонирхож байгааг хуваалцдаг ээлжит “Бид юунд дурлаж байна вэ” булангийхаа дугаарт Мобиком Корпорацийн хамт олныг онцоллоо. Энэ булан цаашид олон байгууллагаар аялах учир хүмүүс шинэ содон юунд дурлаж, юуг сонирхож буй талаар та нийтлэлээс уншин, амьдралдаа хэрэгжүүлээрэй. 

#1 Дижитал сувгийн багийн ахлагч Ш.Билгүүнзул - Математик

Ажилдаа л дурлаж байна даа. Хобби, ажил хоёр нэг болохоор ёстой гоё, амар. Багаасаа л математикт дуртай хүүхэд байсан болохоор мэдээллийн технологийн мэргэжил сонгосон. Математикийн мэргэжилтэй гэхээр л чимээгүй, дотогшоо гэж олон хүн боддог бол би харин ч эсрэгээрээ нэлээн экстраверт. Одоогийн ажил маань IT инженер болон бизнес талын мэргэжилтнүүдтэй харилцах ажил хослуулсан учир их сонирхолтой. Mobicom.mn  вэб болон аппликэйшний бизнес хаашаа чиглэж байгааг, хөгжүүлэлт нь хэрхэн явагдаж байгааг, UI UX(user interface design) нь ямар байх зэргийг хардаг бол нөгөө талаас, гаргахаар төлөвлөгдөж буй маркетингийн бүтээгдэхүүний техникийн талыг хангаж ажилладаг. Техникийн тооцоолол болон маркетингийг холбох гүүр гэж болно. Ажил, хувийн амьдралаа тэнцвэртэй авч явж хараахан чадахгүй л байна. Гэхдээ дуртай болохоор ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлчихдэг. Ихэнх хүн өдрийн идэвхтэй 14 цагийн наймыг ажил, үлдсэнийг нь гэр бүлдээ ч юм уу өөр зүйлд зарцуулдаг бол би гэж хүн унтахдаа хүртэл ажлаа бодож хэвтдэг дээ (инээв). 

#2 Monpay-ийн график дизайнер Э.Амар-Амгалан - Дуу хөгжим, дижитал арт

Саяхан гарсан Joji-ийн дуу “Glimpse of Us” үнэхээр таалагдсан. Joji-гийн шүтэн бишрэгчдийн нэг учраас дуунууд нь их ойр буудаг. Шинээр гарсан энэ дууг сонсоход яг л миний амьдралыг хүүрнээд байгаа ч юм шиг санагдсан болохоор ганц хоёр сонсоод л орхилгүй ахин дахин давтан сонсож байгаа. Өгч байгаа мэдрэмжээс нь гадна дууны ерөнхий хийц нь их таалагдаж байгаа: чихэнд эвтэйхэн, хөнгөхөн. Бас, би зураг авах, дижитал арт хийх дуртай. Ажлаа хийж байхдаа байнга дуу сонсдог. 

#3 График дизайнер Б.Номин - Брэндийн шинэчлэл

Ойрд "BE" брэндийнхээ дүр төрх, үйлчилгээг шинэчилж байгаа учраас завгүйхэн л байна. Бид 14-29 насны хүүхэд, залууст зориулсан "be plus" хосолсон төлбөрт багцууд гаргаж байгаа. Тэр хүн юу сонирхож байна, ямар амьдралын хэв маягтай байна гэдэгт тохирсон дата, ярианы эрхтэй, боломжийн үнэтэй багцуудыг олон сонголттойгоор гаргаж өгч байгаа юм. Залууст таалагдах байх аа. 

"BE" брэндийн шинэчлэлийн маань гол санаа нь өөрийнхөө дотоод мөн чанарыг нээх. Орчин цагт хүмүүс нэг хүнийг тахин шүтэх буюу нэг л хүнээс үлгэр дуурайл авахаа больсон санагддаг. Мундаг хүн гэж бодтол тэр хүн нь сонин зан гаргадгаас болоод ч юм уу. Хүн л юм чинь төлөөлснөөс өөр байх үе байна шүү дээ. Тэгэхээр нэг хүнийг шүтэх энэ үзлийг мартаад өөрийнхөө дотор байгаа зүйлийг гаргая, олъё гэж уриалж байгаа юм. Өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд заавал цахим орчинд танигдах албагүй, өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж сэтгэлээр уналгүй өөрийнхөө гүнд орших “БИ”-г олж, бүтээе гэсэн санаа манай be брэндийн гол консепт болж буй. Түүн дээр "plus” гэдэг үг нэмсэн нь өөрийгөө нээж, үнэ цэнээ нэмэгдүүлье гэдэг агуулга. 

#4 Олон улсын бизнес көүч, Мобиком Корпорацийн талент эксперт Мика - Хүний дотоод оршихуй 

Миний хамгийн сонирхож судалдаг зүйл гэвэл хүн. Гэхдээ хүний бие физиологи, гадаад төрх байдал гэхээс илүү харагдахгүй дотоод орон зайг нь сонирхон судалдаг гэх үү дээ. Тархи, сэтгэл, хандлага, сэтгэлгээ, дадал, мэдрэмж, сэтгэл хөдлөл, бодол гэх мэт. Хүн ямар нөхцөлд ямар хариу үйлдлийг яаж гаргаж байна, юунаас ямар мэдрэмж авч байна гээд маш сонирхолтой санагддаг. 

Яагаад дурлах болсон бэ гэвэл, би олон улсад итгэмжлэгдсэн сургагч багш. Мөн мэргэжлийн бизнес көүч. Ярилцаж байгаа хүнээ ямар хүн бэ гэдгийг ойлгох нь энэ чиглэлийн ажлын суурь болдог учраас хүнийг судлах нь миний хувьд зайлшгүй хийх шаардлагатай зүйл л дээ. Өнгөцхөн харахад хүн бүрийн асуудал адилхан юм шиг боловч тус бүрийн итгэл үнэмшил, туулж өнгөрүүлсэн зам өөр. Тэгэхээр тухайн хүний үнэ цэнэ, сорилтыг хэрхэн даван гарч өнөөдрийн өөрийгөө бүтээсэн, ирээдүйд ямар байхыг хүсэж, түүнийхээ төлөө ямар үйлдлийг яаж хийх вэ гэдгийг харилцаж байж л мэддэг гэсэн үг. Хүний дотоод оршихуй гэдэг хэмжээлшгүй сонирхолтой зүйл.

Мөн, бусдад өгөх зүйлтэй байхын тулд өөрийгөө ингэж хөгжүүлж байгаа гэж болох юм. Өөр хоорондоо адилгүй хүн бүрийг байгаагаар нь ойлгож, өөрт нь байгаа нөөц потенциал дээр нь тулгуурлан сайн сайхан зүйлсийг нээж өгч, хамгийн сүпер түвшинд хүргэх нь миний үндсэн ажил. Хүнийг дотроос нь бүрэн тольдож, ойлгож чаддаг байх нь хамгийн гоё учраас энэ ажилдаа ч дуртай :)

#5 VOO контент хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Бат-Ирээдүй - Хамтлаг

Би ажил дээрээ “Mobitone” гэдэг хамтлагтай. Тэр хамтлагийнхаа рэппер нь л дээ. Гуравдугаар сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гаднаас дуучин урьж, давхруудаар явуулан эмэгтэйчүүддээ мэндчилгээ дэвшүүлдэг байсан бол гурван жилийн өмнөөс санал нэгдсэн 10-аад залуус цугларч, байгууллага дотроо хамтлагтай болсон юм. Анх амьд хөгжмийн хамтлаг байгаагүй ч дор бүрнээ оролдсоор байгаад бүгд өөр өөрийн тоглодог зэмсэгтэй, дуучинтай амьд хөгжмийн хамтлаг болсон. Сайжирсан гэх үү дээ (инээв). Одоо бид “Мобиком”-ынхоо бүхий л үйл ажиллагаанууд дээр тоглож байна. 

Аливаа үйл ажиллагаан дээр тоглохоосоо долоо хоногийн өмнө ч юм уу тодорхой тов гаргаад, ажлаа тараад тогтмол бэлтгэл хийдэг. Өглөө есөөс орой зургаа хүртэл ажиллалаа гэхэд шөнийн 12 цаг хүртэл бэлдэх гэх мэтээр амжуулдаг. Тэгж орой бэлдлээ ч түүндээ ер ядарч түүртдэггүй шүү. Жинхнээсээ дурлаж тоглодог ийм нэг хамтлагтайдаа туйлын сэтгэл хангалуун байдаг. 

Нийтэлсэн: М.Анухатан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
8
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.