Ердөө арав гаруй жилийн өмнө хэн нэгний хоол идэж байгааг үзэх нь сонирхолтой санагдана гэж хэн ч төсөөлөөгүй явсан. Харин өдгөө "мукбанг" буюу хоол идэх шоу олон сая хүнийг татдаг сонирхолтой контентын төрөлд зүй ёсоор тооцогдож байна.
Хоол идэх шоутай холбоотой сонирхолтой, хачирхалтай баримтуудыг хүргэе.

Мукбанг шоу гарч ирэх болсон шалтгаан?

Мукбанг гэдэг нь солонгос хэлний идэх (먹는), нэвтрүүлэх, дамжуулах (방송) гэсэн хоёр үгний нийлбэр юм. Анх 2009 онд AfreecaTV телевизээр мукбанг шоу цацагдаж эхэлсэн бөгөөд тус суваг нь шууд нэвтрүүлгүүдээ интернэтээр цацдаг билээ. Тиймээс хоол идэж буй хүн үзэгчидтэйгээ онлайнаар чатаар холбогдож, ярилцах боломжтой байсан нь мукбанг шоуг трэнд болоход түлхэц болжээ.
Харин мукбанг шоу гарч ирэх болсон шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Тухайлбал, Солонгосын нийгэмд үүссэн сэтгэл зүйн түгшүүр, ганцаардлаас үүдэлтэй гэж тайлбарлах хүмүүс байхад эдийн засаг буурч, ажилгүйдэл нэмэгдэх үеэр хийх зүйлгүй, гэртээ сууж байсан хүмүүс сэдсэн гэх нь ч бий. Түүнчлэн ганц бие, гэр бүлгүй хүмүүс ганцаардахдаа мукбанг хийж эхэлсэн гэж үздэг.
Ямартай ч Өмнөд Солонгосоос эхэлсэн хоол идэх шоу төд удалгүй Япон, Хятад зэрэг Азийн орнуудад тархаж улмаар дэлхий дахинд танигджээ.
Хүмүүс яагаад мукбанг шоу үздэг вэ?

Хэн нэгний тасралтгүй хоол идэхийг сая саяараа үзнэ гэдэг зарим хүнд утгагүй санагдаж мэднэ. Гэхдээ л үүний цаана төрөл бүрийн шалтгаан нуугдаж байдаг. Жишээ нь, идэх эмгэгтэй хүмүүст мукбанг шоу үзэх нь тус болдог гэнэ. Идэх эмгэг гэдэг нь зохистой хэмжээнээс хэт их эсвэл хэт бага хоол идэхийг хэлдэг. Хоолны хэт их дуршилтай хүмүүс мукбанг үзэж юм идэх хүслээ дардаг байхад эсрэгээрээ, хоолны дуршлаа нэмэгдүүлэх хөшүүрэг болгож ашигладаг хүмүүс ч байдаг аж. Үүгээр зогсохгүй хоол идэх чимээнээс таашаал авдаг, тайвширдаг хүмүүс байдаг гэнэ. Зүгээр л "Энэ их хоолыг дуустал нь идэж чадах болов уу" гэх сониуч зандаа хөтлөгддөг хүмүүс ч бий гэжээ.

Мукбанг хийдэг хүмүүс биеийн жингээ хэрхэн барьдаг бол?

Мукбанг хийдэг алдартай влоггеруудыг харвал итгэмээргүй галбирлаг, зарим нь бүр бодибилдингийн тамирчин мэт биетэй байдаг нь үзэгчдийг гайхшруулдаг. Тиймээс хэрхэн жингээ барьдаг вэ гэсэн сониуч асуулт тэдэнд үргэлж ирдэг байна. Жишээ нь, Өмнөд Солонгосын алдартай влоггер Banzz хуримтлуулсан калороо шатааж, биеийн жингээ барихын тулд өдөрт 12 цаг дасгал хийдэг хэмээн BBC-д ярьжээ. Тэгвэл The Gobbler хэмээх YouTube сувгийн влоггер A-May хэчнээн их идсэн ч биеийн жинд нь төдийлөн нөлөөлдөггүй тул ямар нэгэн дэглэм барьж, дасгал сургуулилт хийдэггүй гэжээ.
Бичлэг хийхээс бусад үед жимс, ногоо давамгайлсан эрүүл хооллолтыг хэв маягийг баримталж, тогтмол дасгал сургуулилт хийдэг гэж зарим влоггерууд хариулжээ. Мөн тэд үзэгчдийн төсөөлж буй шиг үргэлж их хэмжээгээр иддэггүй гэсэн байна.

Мукбанг хийдэг алдартай влоггерууд хэр их орлого олдог вэ?
Контент бүтээгчдийн нэг адилаар тэд бичлэгээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Дива нэрээрээ танигдсан Солонгосын алдартай мукбанг влоггеруудын нэг Пак Сү Ён YouTube сувгаараа дамжуулан сард 9000 долларын орлого олдог гэж ярьсан удаатай. 2.7 сая дагагчтай Америкийн влоггер Бетани Гаскин YouTube зар сурталчилгаанаас 1 сая гаруй долларын орлого олсон гэж Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагдаа дурджээ.
Зар сурталчилгаанаас гадна AfreecaTV, Twitch зэрэг платформуудад үзэгч таалагдсан влоггертоо дижитал мөнгө илгээх боломжтой ба влоггерууд түүнийг нь жинхэнэ мөнгөн тэмдэгт рүү хувиргаж авах боломжтой байдаг. Мукбанг хийдэг ихэнх влоггер ийм аргаар мөнгө олдог боловч бүгд өндөр орлоготой гэж ташаа бодох хэрэггүй юм.

Нэг дор их хэмжээний хоол идэх нь эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?
Влоггерууд энэ талаар төдийлөн ярьдаггүй боловч бичлэг хийгдэж дууссаны дараа хэдэн өдрөөр гэдэс нь өвдөж, бие нь тавгүйрхэхээс эхлээд олон эрүүл мэндийн асуудалтай нүүр тулдаг байна. "Нэг дор их хэмжээний хоол идсэн тохиолдолд юун түрүүнд бие махбод тавгүйрхэх, ходоод гэдэс хямрах, нойргүйдэх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Урт хугацааны турш ингэж хоолловол жин нэмэх, зүрхний өвчин, чихрийн шижин тусах эрсдэлтэй" гэж хоолзүйч Тереза Кинселла Нью Йорк Таймс сонинд ярьжээ.
Америкийн влоггер Никокадо Авокадо олон мянган кл калори хоол идсэний дараа үргэлж хэцүү сорилттой нүүр тулдаг гэж ярьсан бол Солонгос-Америк гаралтай влоггер Мина 2017 онд яагаад мукбанг хийхээ больсноо тайлбарласан бичлэг оруулж байв. Тэрбээр хоёр жилийн турш нийтдээ 45 мукбанг бичлэг хийсэн бөгөөд 5,6 удаа толгой өвдөх, халуурах, хоолны хордлогод орох зэргээр хүнд өвдөж байсан гэжээ. Нэг удаагийн бичлэгээс болж 14 хоногийн турш өвдсөн тохиолдол ч гарсан гэнэ.