Энэ онд Монголын нэгэн их сод хүмүүн, говийн тавдугаар догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож буй юм. Түүний тухай яриа үлгэр домог болон хувилж, үйлс бүтээл, үзэг бийрээр таталсан бичгийн эрдмийнх нь үр шим цагийн уртад охор болсонгүй. Учир нь ноён хутагтын өөрийн арвин их бүтээл туурвилаас гадна монгол, төвд, дорно дахины бичгийн их мэргэд, эрдэмтэн судлаачид уран бүтээлийг нь судлаж, бусдад түгээн дэлгэрүүлэхээс гадна намтар дурсамж, баримтат уран зохиолын номуудыг туурвин бүтээсээр ирсэн билээ. Түүний нэг нь зураач, зохиолч Б.Төрмөнхийн “Говийн ноён хутагт Д.Данзанравжаа” хэмээх зурагт ном юм.
Хадаг шиг усан цэнхэр тэнгэрийн хээлэнд шавиа дагуулан, морь унан алхуулж яваа хутагтын залуу цагийн дүрийг уран сэтгэмжлэн гаргасан зураг бүхий хавтастай тус номоос олон зүйлийг онцолж болно.
ДҮР, ДҮРСЛЭЛИЙН ХОРШИЛ
Уг ном хутагтын төрсөн газар орны байдал болоод түүний цаад мөн чанар, бэлгэдлийг байгалийн нууцлаг оршихуйтай зүйрлэн дүрсэлсэн өгүүлбэрээр эхэлж байна. Тиймдээ ч зурагт говийн аараг толгод алсад торгон сэрвээгээ зэрэглээнд хөвөлзүүлэн байгаагаар дүрслэгджээ. Тэдэн дундаас Ханбаянзүрх хайрхан тодхон үзэгдэж, энгэр бэлээр нь хийд, суварга байх нь харагдана.
Гэхдээ хараахан нууцыг дэлгэх болоогүй. Ном маань дөнгөж эхэлж байна шүү дээ. Ерөөс хүүхдэд зориулсан зурагт номууд олон талын ач холбогдолтой, өөрсдийн гэсэн агуулга, зохиомжтой байдаг. Жишээ нь үйл явдал өрнөх талбарыг ийнхүү дүрслэн үзүүлэхдээ тэнд ямар дүр гарах, ахуй нь хэрхэн бүрэлдэх зэрэгт уншигчийн анхаарлыг хандуулж, ухамсрыг нь мөнөөх талбар луугаа чимээгүйхэн хөтөлнө гэсэн үг.
“Эрдэс баялгийг доороо нуусан аараг толгодын дундаас ид шид ургаж дэлгэрсэн байдаг. Дэлхий үүссэн цагаас энэ нутагт тэрхүү эрдэнэс баялаг, ид шид үүсэн бүрэлдсэн байж мэднэ. Гэхдээ одоо дэлгэж буй түүх бол эрдэм номын гэгээгээр ид шидийг олсон хүмүүний түүх юм”.
Зохиолын эхлэл дээрх эл өгүүлбэрүүд чухам ид шид, түүнийг эрдэм, боловсролоор олж авсан нэгэн хүний тухай өгүүлнэ гэжээ. Ид шидийг нээрэн эрдмийн гэрлээр олж болох уу? Эрдэм номын ач тус бидний дотрыг гэгээрүүлэх ид шидтэй байдаг уу? гэх асуултуудыг уншигч өөртөө тавьж эхлэнэ. Хутагтын дүрийг тодорхойлж буй эдгээр дүрслэлүүд, эхний нүүрээс авахуулаад хоорондоо хэрхэн хоршиж буйг харуулна.
АХИУЛАХ НЬ
Ахиулвал ноён хутагт багадаа “Дэмчигийн нямба” гэх хурал болж буй газар ааваасаа гуйсаар хамт очиж буй хэсэгт түүний хувь тавилан хэрхэхийг заах мэт тэнгэрийн үүлс түнэрлэн хурж, халуун говьд хур үерлэх гэж буй адил сэтгэгдэл уншигчдад төрүүлнэ. Мөн Жигмэдгончиг лам хүүг хутагтын дүр болохыг нь мэдэж буй хэсэгт сүүлийг нь борви тэгшилж тайрсан өндөр хээр морины наана тэд сууж байхуй. Эл зурагт хэдийгээ хүү ламын дэргэд, газарт зогсож байгаа боловч түүнийг ирээдүйд ямархан хүн болохыг илтгэж нэгэн хувилгаан хүний нэвт харагдах тунгалаг дүрс морин дээр сууж буйгаа дүрсэлжээ.
Мөн нэгэн өнчин янзага олж шавь нартаа эхэд нь хүргэж өг хэмээхэд шавь нар нь зүгээр л зээрийн сүрэгт нийлүүлж орхижээ. Тийнхүү шавь нартаа гомдсон сэтгэл нь номын зурагт дүрслэгдэхдээ тэнгэрийн уудам хязгаар дахь олон үүлсийн дунд өнчин янзаганы дүрс бүхий үүлс тэнүүчилж яваагаар буусан байна.Энэ мэтчилэн тус номын зургийн агуулга, хутагтад тохиолдож буй үйл явдлыг далд бэлгэдлийн чанараар бүтээсэн нь шашин хийгээд ерөөс уран бүтээлийн үнэт чанарт нийцнэ.
САРАН ХӨХӨӨНИЙ ТЕАТР
Ноён хутагтын чухал нэгэн гавьяа нь соёлын боловсролыг говь нутгийн ард түмэн, ерөөс монголчуудад таниулсан явдал юм. Тэрээр өөрөө зургийг нь зурж, хэмжээг нь тооцон дүрсэлж “Намтар дуулах дацан” буюу монголын хамгийн анхны театрыг байгуулсан байдаг. Түүнд “Саран хөхөө” хэмээх жүжгээ тоглуулжээ. Энэ нь Манж чин гүрний хууль хяналт дор байсан хэцүү цаг үед эр зоригийн ажил, олныхоо төлөөх үйл байсан юм.Түүнийг уг зурагт номд онцгойлон дүрсэлж, текстээр товч тодорхой буулгаснаас гадна хутагтын дүрийг хөхөөн биетэй, хүний толгойтой шувуу болгон дүрсэлсэн нь бага насныхан ч уншихад мөн давхар зориулагдсан хэрэг билээ.
ГОВИЙН ДУУ
Ийнхүү тус бүтээл нь Д.Данзанравжаа хутагтын үйл хэрэг, амьдралын замнал, гайхамшигт агаад гунигтай хувь тавиланг хүүхдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар өгүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.Говь нутагт дуу эгшиглэхүй, хутагтын дүр зэрэглээн дундаас өндийж байх шиг тийм дүрслэлүүдийг эл зурагт номоос мэдэрмүй. Тиймээс л зурагт ном зөвхөн багачуудад зориулагдаагүй, бүх насныхан унших, зураг текстийн хоршлоос хүртэх боломжтой байдгаараа онцлогтой.
Тиймдээ ч зохиолын төгсгөлд “Хутагтын эцэс төгсгөлгүй эрэл нь яруу найргийн төгс төгөлдөр утгаар илэрхийлэгдэж, сайн сайхан, үнэн зөвийн төлөө он цаг дамжин худал хуурмаг, ёс бус, бусармаг үйлийг догшин салхи адил илчлэн ороолгож өнөөдөр ч, маргааш ч говь талаараа дүүрэн давхисаар байна” хэмээжээ.
Их хутагтын мэлмий гийсний ой тохиож буй энэ цаг дор ном төрж, тэрхүү номын дууг бид хүртэж, сонсож суугаа нь юутай сайхан явдал билээ.