UBLife Logo
Кино

Ой санамжнаас удтал үл арилах 25 кино

Ой санамжнаас удтал үл арилах 25 кино

Зарим киног бид зүгээр л үзээд өнгөрдөггүй. Бид түүгээр амьсгалж, амьдарч, бүр хүндээр тусан санаанаас гарахгүй байх нь бий. Энэ удаа та бүхэндээ "Taste of Cinema" сайтад гарсан жагсаалтыг орчуулан хүргэж байна. Үзэх киногоо эндээс сонгоорой.


25. Chinatown (1974) - Roman Polanski

Тус киноны сэтгэлд хамгийн тод үлдэх хэсэг нь төгсгөлийн сценүүд байх болно. Толгой эргэм үйл явдлууд, гарч чадахгүй болсон төөрдөг байшин шиг хэргийн үйл явдлууд нь таныг бачимдуулна.

24. Boys Don’t Cry (1999) - Kimberly Peirce

Тус киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн. Өөрийгөө эрэгтэй хүн хэмээн мэдэрч, түүгээрээ байхыг хүсдэг Тээна өөрийнхөөрөө байхыг хүсдэг ч ямар олон асуудал түүний амьдралд тулгарч, эцэст нь тэсч давах аргагүй болж байгааг, энэ бүхнийг дагаад бидний нүдэнд үл үзэгдэх ямар олон зүйл энэ хорвоод болдгийг та мэдрэх болно. Таны дургүй хүрч, гайхширч, өрөвдөж, дотроо олон байдлаар зөрчилдөх болно.

23. The Imposter (2012) - Bart Layton

Баримтат киноны хэв маягаар хийгдсэн тус бүтээл таны санаанд ч оромгүй үйл явдлыг агуулна. 23 настай, хар үс, бор нүдтэй жүжигчин залуу 13 насандаа алга болоод, 16 настайдаа эргэн ирж буй цэнхэр нүд, шар үстэй хүүгийн дүрд тоглож, гэр бүлийнхэн нь мэдэлгүй түүнийг гэртээ авчирч буй тухай гарна. Гэхдээ киноны эргэлт ингээд л дуусчихгүй. Гэр бүлийнхний цаана ямар нууц нуугдаж байгаа бол? Энэ киноны хамгийн эвгүй хэсэг нь тэр алга болсон хүү магад дахин хэзээ ч эргэн ирэхгүй бодит үнэн байх.

22. 8MM (1999) - Joel Schumacher

Николас Кэйж хувийн мөрдөгчийн дүрд, туслах дүрд Хоакин Феникс тоглосон бөгөөд энэ нь хангалттай үзэх шалтгаан болж ч мэдэх юм. Нэгэн баян эмэгтэй нас барсан нөхрийнхөө эд зүйл дундаас нэгэн залуухан бүсгүй амиа алдаж буй бичлэгийг олох бөгөөд бодит уу эсвэл хуурамч уу гэдгийг олж мэдэхээр нэгэн залууг хөлслөх болно. Энэ кино дөнгөж гарч байх үед интернет гарч ирээд удаагүй байсан бөгөөд бүгд ийм төрлийн кинонд бэлэн биш байсан юм. төгсгөлийн хэсэг нь таны санаанаас удтал гарахгүй.

21. 28 Days Later (2002) - Danny Boyle

Хүмүүсийн сэтгэлийг дэлхийн сүйрэл, нуран уналт, өвчин, тахал шиг айлгадаг зүйл бараг үгүй байх. Энэ бол аймшгийн кинонууд дундаас хэзээ ч үл мартагдах бүтээл юм. Гол дүрийн залуу хоосорч эзгүйрсэн Лондон хотоор тэнүүчлэн, юу болоод байгааг үл ойлгон явдаг хэсэг үнэхээр өвөрмөц. Бас дээрээс нь энэ киноны хөгжмийг дурдахгүй өнгөрч боломгүй.

20. I Saw the Devil (2010) - Jee-woon Kim

БНСУ-ын триллер, аймшгийн бүтээлүүд дэлхийд хамгийн алдартай байдаг. Тэр дундаа энэ кино өшөө авалтын тухай кинонууд дундаас хамгийн алдартай нь билээ. Эхнэрийг нь хүчирхийлж хөнөөсөн алуурчныг тарчлаан зовоохоор шийдсэн залуугийн өшөө авалт эцэстээ юу болж дуусах бол? Түүний харуусал, алдааныхаа араас гашуудаж байгаа нь таны зүрхийг зүснэ.

19. The Act of Killing (2012) - Joshua Oppenheimer

Бодит үйл явдлын мөрөөр орж хийсэн энэхүү баримтат кино Индонез улсад болсон аймшигт хядлагын тухай өгүүлэх бөгөөд киноны турш танд бодит болсон энэ мэт түүхээс илүү санаанаас үл гарам аймшигт зүйл гэж үгүй мэт санагдуулна.

18. The Wrestler (2008) - Darren Aronofsky

Барилдахаас өөр зүйлд амьдралаа зориулаагүй ганцаардмал, гунигтай эр өөрийн мэдэх цор ганц зүйлээ хүртэл алдах магадлалтай болно. Учир нь барилдах нь түүний зүрхэнд халтай хэмээн эмч хэлдэг. Гэхдээ энэ киноны хамгийн мартагдашгүй зүйл нь бид сайхан цаг дуусч, төгсгөл ирнэ гэдгийг мэдэлгүй явдгийг харуулсанд оршино. Тэр төгсгөл ирэх мөчид бид Рэнди шиг харууслаар дүүрэх болов уу...

17. Blue Valentine (2010) - Derek Cianfrance

Энэ бүтээл кино шиг биш зүгээр л хоёр хүний амьдралыг, тэд хэрхэн нэг нэгэндээ бууж өгч, оргүй хоосонд замхарч байгаа тухай харуулсан бодит амьдралын хэсэг шиг л санагдана.

16. The Texas Chain Saw Massacre (1974) - Tobe Hooper

Энэ бол аймшгийн кинонууд дундаа алдар нэрийг олж, олны зүрхэнд айдас үлдээж чадсан цөөн бүтээлүүдийн нэг юм. Энэ кинонд анх удаа АНУ-ын багтай алуурчны дүрийг харуулах бөгөөд өөрийн төрөл жанрыг бий болгосон юм. 

15. Don’t Look Now (1973) - Nicolas Roeg

Живж нас барсан охиныхоо араас гашуудахаа больж чадаагүй эцэг эх хоёр бараг л усаар хучигдсан гэж хэлж болох газар ажиллахаар очиж, удалгүй охинтой нь адилхан улаан цувтай охины дүрсийг харж эхлэх болно. Мөн киноны үеэр эхнэр нөхөр хоёрын дотно харилцаанд ордог хэсэг жинхэнээсээ байсан хэмээн олон хүн шуугьдаг билээ.

14. Hostel (2005) - Eli Roth

Тарчлан зовоож, тамладаг төрлийн кинонууд үнэхээр тавгүй. Тэр дундаа энэ бүтээл гайхалтай байр суурь эзлэх болно. Энэ киноны санаанаас гарахгүй зүйл нь бол энэ ертөнцөд хэн нэгнийг тарчлааж, зовоохын тулд мөнгө төлдөг хүмүүс байгаа гэх үнэн болон түүний золиос болох хүмүүс ч байгаа гэх утга санаа юм.

13. The Boy in the Striped Pyjamas (2008) - Mark Herman

Дайны үеийн хоморголон устгалыг харуулах хамгийн хэцүү, хүнд арга зам нь магадгүй хүүхдийн өнцгөөс түүнийг үзүүлэх биз ээ. Учир нь ялгаварлан гадуурхах үзэл төрөхөд заяадаггүй, харин түүнийг хүүхдүүд багаасаа сурдаг. Нацист офицерын хүү Бруно харин хоригдож буй хүүтэй найз болох болно. Тэд торны цаанаас хоорондоо ярилцаж, их ч хугацааг ардаа үлдээнэ. Гол нь киноны төгсгөл үсэн хүн бүрийн санаанаас хэзээ ч арилахгүй тод үлддэг.

12. Dear Zachary: A Letter to a Son about His Father (2008) - Kurt Kuenne

Киноны эхлэл аллагын ул мөрийг мөшгөж буй гэмт хэргийн төрлийн баримтат кино шиг эхэлдэг. Гол нь энэ киноны тухай тийм ч олон хүн ярьж, шуугиулаагүй ч үзсэн хүн бүрийн сэтгэлд тод үлддэг. Та өөрөө үзсэн нь илүү сонирхолтой.

11. Prisoners (2013) - Denis Villeneuve

Нэгэн хотод хоёр охины алга болсон хэрэг гарч, түүний араас цагдаа хөөцөлдөн, учрыг олохоор шийднэ. Гэвч энэ тийм амар тайлагдах хэрэг биш ажээ. Үргэлжлэх тусам итгэл алдарч, хүнд мэдрэмж цээжин дээр дарах тус бүтээлийг та заавал сонирхоод үзээрэй.

10. Amour (2012) - Michael Haneke

Нас дээр гарсан хос хоёрын аз жаргалтай амьдрал нэг л өдөр гуниг гутралаар дүүрэх болно. Эхнэр нь харваснаас болоод шаналж, дагаад нөхөр нь ч юу хийх яах аа мэдэхгүй шаналж гүйцэх болно. Агуу хайрын тухай өгүүлэхийн зэрэгцээ бидний хэзээ ч зугтаж чадахгүй үнэн буюу бид бүгд нэг л өдөр үхнэ гэх зугтаж боломгүй санааг та эндээс олж харах болно.

9. Requiem for a Dream (2000) - Darren Aronofsky

Хар тамхи, донтолтоос болон сүйрч буй амьдралын янз бүрийн өнцөг, түүхийг та эндээс харна. Итгэл алдрах мэдрэмжийг хамгийн тодоор үзүүлсэн, өөрийн эрхгүй айж бас шаналах тийм мэдрэмж төрүүлэх маш хүнд бүтээл. Нэгэн залуу, түүний найз, хайртай бүсгүй, ээж гэх хүмүүсийг тойрон эргэлдэх амьдралын хатуу бэрх үйл явдлыг эндээс үзэж болно.

8. Sophie’s Choice (1982) - Alan J. Pakula

Нацист цэрэг Софиг хоёр хүүхдийнхээ нэгийг сонго эс бөгөөс хоёуланг нь ална хэмээн сүрдүүлж, тэр ч сонголтоо хийдэг. Үүнээс цааш тийм ч их зүйл яриад илүүц биз ээ. Софигийн гараас охиныг татан авч явдаг хэсэг таны санаанаас огт гарахгүй. Жүжигчин Мерил Стрип хожим энэ хэсэгт огтхон ч жүжиглээгүй бүх зүйл жинхэнээсээ мэдрэгдсэн гэдгийг ярьсан байдаг.

7. Grave of the Fireflies (1988) - Isao Takahata

Ghibli студийн хамгийн гунигтай бүтээл, анимейшнээр үзүүлсэн хамгийн хүнд хэцүү хэсэгтэй кино. Дэлхийн хоёрдугаар дайны үед ах дүү хоёр өлсгөлөнгөөс болж яаж тарчлан зовж байгааг үзээд та дайныг улам ихээр үзэн ядах болно.  

6. Dancer in the Dark (2000) - Lars von Trier

Исландын нэрт дуучин, жүжигчин, уран бүтээлч Бьёркт "Каннын наадмын шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг авчирсан уран бүтээл. Хүүхдийнхээ төлөө мөнгө олох гэж хичээж буй ядруухан эх хүний дүрийг тэрээр бодит мэт харуулсан юм. Минимал зураг авалт яг л та тус киноны нэг хэсэг мэт сэтгэгдэл төрүүлнэ. Шударга бус явдал, хүмүүсийн аймшигтай муухай зан чанарыг та үзэн ядна.

5. Irreversible (2002) - Gaspar Noe

Тус кино 2002 онд Каннын кино наадмын үеэр гарахад 200 гаруй үзэгч киноны дундуур жигшиж зэвүүцэн гарч явсан гэдэг. Камерын хөдөлгөөн, зураг авалтын арга барил, засал, дуу хөгжим гээд бүгд таныг тавгүй мэдрэмжээр дүүргэж, нэлээн удана толгойноос тань салахгүй. Энэ киноны хамгийн хүнд хэсгийн тухай ярихад ч бэрх. 

4. Schindler’s List (1993) - Steven Spielberg

Хүн болгоны мэдэх түүхэн үйл явдлын тухай тус бүтээл бол дэлхийн шилдэг 100 киноны нэг билээ. Оскар Шиндлер 1200 хүний амийг аварсан тухай бодит түүхийг энд харуулна. Гэхдээ дайны үеийн айдас, аймшигт хядлага, бүх зүйл нь таныг тэр үед аваачих болно.

3. Martyrs (2008) - Pascal Laugier

Хүмүүсийг зовоон тарчлааж, тамладаг газар жил орчим байсны дараа тэр газраасаа зугтах Люси охины хэсгээр кино эхэлнэ. Гэхдээ энэ кино бүх хэсгээрээ үзэгчдийг айлгаж, оюун ухаанд нь гүн суудаг тийм бүтээлүүдийн нэг юм. Тарчлаан зовоох төрлийн үзэгдэл гардаг кино үзэж чаддаггүй хүмүүс үзээд дэмий гэж хэлэх байна.

2. Salo, or the 120 Days of Sodom (1975) - Pier Paolo Pasolini

Найруулагч нь тус киног нээлтээ хийхээс 20 хоногийн өмнө хөнөөгдсөн байдаг. Тус кинонд маш их эрх мэдэл, нөлөөтэй 4 фашист эр 18 залуухан охид хөвгүүдийг 120 хоног хорьж тарчлаан зовоож буй тухай гардаг.  

1. A Serbian Film (2010) - Srdjan Spasojevic

Хүн төрөлхтний жигшлийг хамгийн ихээр төрүүлсэн кино. Тус кино нээлтээ хийгээд Сербийн мөрдөн байцаах товчооны хараанд хүртэл өртөөд байсан гэдэг. Гарч буй дүрслэлүүдээсээ болоод олон газар хориглогдсон. Зорьж үзээд байх бүтээл биш хэмээн олон ч кино шүүмжлэгч хэлдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
4
0
0
0
0
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.