UBLife Logo
Newsfeed

Охидод хөрөнгө оруулцгаая | Охидод чиглэсэн, охидын санаачилсан "ид шид" мэт НАЙМАН санаачилга

Г.Сүрэн
Г.Сүрэн
Охидод хөрөнгө оруулцгаая | Охидод чиглэсэн, охидын санаачилсан "ид шид" мэт НАЙМАН санаачилга

НҮБ-ын санаачилгаар жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрөөдөг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Охидын аюулгүй байдал анхаарал татаж буй өнөө үед бид охиддоо тавих анхаарал халамжаа сайжруулж, охидын манлайллын ур чадварыг хөгжүүлснээр охид эрхээ мэддэг, өөрийгөө хамгаалж чаддаг хүчирхэг залуу бүсгүйчүүд болон төлөвшин хөгжих билээ. Энэ жилийн охидын өдрийг "Охидод хөрөнгө оруулъя" уриалган дор охидын эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, охидын манлайллын ур чадварыг хөгжүүлснээр олон гайхамшгийг бүтээж чадна. 

Бид Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран энэхүү нийтлэлээр охидын сайн сайханд чиглэсэн, өсвөр насны охидыг чадавхжуулахад нөлөөлөн "ид шид"-ийг бодитоор бүтээж буй гайхалтай хөтөлбөр санаачилгуудыг онцлон хүргэж байна. 

Та ч бас эргэн тойрны охиддоо энэхүү мэдээллийг хуваалцаж, жижиг санаачилга ч том өөрчлөлт эхлүүлдгийг анзаарч, охидын боловсрол мэдлэгт хөрөнгө оруулалт хийдэг "күүл" нэгэн байгаарай. 

#1 Охидын өрөө

Завхан аймгийн 1-р сургуулийн сурагч охин Ичинхорлоо өөрийн санаачилгаар аймгийнхаа Эрүүл мэндийн газрын НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан үе тэнгийн сургагч багшийн сургалтад суужээ. Тэр өөрийн туршлагадаа үндэслэн байрныхаа охидтой яг л эгч дүүс шиг хандаж, сарын тэмдэг болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар тогтмол мэдээлэл байршуулан, сургалтын мэдлэгээ үе тэнгийнхэндээ түгээж байгаа нь гайхалтай байгаа биз?

Хоёр найзтайгаа хамтран дотуур байрандаа Охидын өрөөг сайн дураараа байгуулсан Ичинхорлоогийн санаачилгыг дэмжин 2022 онд НҮБ-ын Хүүхдийн Сан Люксембург улсын Maßvoll Stiftung Сангийн дэмжлэгээр Завхан аймгийн Улиастай сумын сургуулийн дотуур байранд  охидод хэрэгцээтэй бүх зүйлийг нэг дор багтаасан Охидын өрөөг ийнхүү тохижуулжээ.

#2 Код бичих охидын хөтөлбөр

Сошиалд дагах: Girls Code

Монгол орны өнцөг булан бүрээс 1500 охид бүртгүүлснээс эхний ээлжид 30 охиныг хамруулсан энэхүү хөтөлбөрийн төгсөгч охид эхнээсээ олон улсын нэр хүндтэй их дээд сургуульд тэнцэн суралцаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт манлайлж байна. Говь-Алтай аймгийн оролцогч Б.Маргад Тонхил сумын ЕБС-ийн веб сайтыг зохион бүтээж, оролцогч Б.Анударь сургууль дээрээ код бичих клуб байгуулсан бол Сүхбаатар аймгийн оролцогч Н.Мөнхжин "И-Монгол" академид суралцан хоёр ч аппликейшн бүтээжээ. 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас санаачилсан уг хөтөлбөрөөр дамжуулан жендэрийн тэгш бус байдлыг бууруулж, алслагдсан бүсийн охид ч боловсролд хүртээмжтэй хамрагдах болжээ. 

#3 Period UB 

Сошиалд дагах: period.ub

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр сарын тэмдгийн олон улсын "The Menstrual Movement" хөдөлгөөнийг эх орондоо хэрэгжүүлжээ. Сарын тэмдэг нь эмзэглэх сэдэв биш гэдгийг таниулах цахим аяны хүрээнд таван ч сургуульд үнэгүй ариун цэврийн хэрэглэлийн хайрцгууд байршуулжээ.

Тэд сошиал хэрэгслээр дамжуулан сарын тэмдгийн талаар маш ойлгомжтой, хөгжилтэй, эерэг дулаахан мэдээлэл оруулж, нийгмийг уриалан дуудсаар байна. 

#4 "Хүчирхэг охид- Хүчирхэг улс" аппликейшн 

Хүүхэд, өсвөр үе, залуу эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн халдлага, дарамт, хүчирхийллийг таних, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хөөрхөн зүрхнүүдийн аян" ТББ-ын шидтэн хамт олны бүтээсэн "ид шид" мэт аппликейшн. Бага, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүд гэсэн дөрвөн насны ангилалтай учраас хэн бүхэн гар утсандаа татан авч ашиглах боломжтой юм. 

#5 Girls' Voice Mongolia

Сошиалд дагах: Girls' Voice Mongolia

"Гүнж" төвийн 15-18 насны Охидын манлайллын хөтөлбөрт хамрагдсан охид өөрсдийн санаачилгаар Монгол дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг арилган, үе тэнгийнхэндээ мэдлэгээ хуваалцахаар фэйсбүүк сүлжээнд "Girls' Voice Mongolia" хуудас нээн төрөл бүрийн сонирхолтой контент бэлтгэн оруулж байна. Б.Ганцэцэгээр ахлуулсан охидын баг 2022 онд Азийн Охидын хүний эрхийн “Change makers team award” шагналыг хүртэн багийн төслөө үргэлжлүүлж буй гайхам сайхан амжилт гаргажээ. 

#6 “Монгол охид дэлхийд” менторшип хөтөлбөр

Ахлах ангийн 300 сурагч охинд гадаадын их дээд сургуульд амжилттай суралцан төгссөн 60 орчим ментор залуус сайн дураараа мэдлэг туршлагаасаа хуваалцах үр дүнтэй хөтөлбөр. “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ-ын санаачилсан уг хөтөлбөрт хамрагдсан охид их дээд сургуульд сурах арга зам, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх мэдлэг чадвартай болох нь гоё биз? 

#7 "Шинжлэх ухаанч охидын манлайлал" 

ЕБС-ийн 11,12 дугаар ангийн охидод зориулсан хоёр сарын манлайллын хөтөлбөрт хамрагдсан охид шинжлэх ухааны салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилган, бие даан болон багаараа төсөл боловсруулан, хэрэгжүүлж байна. 

МЗХ-н дэргэдэх Залуучуудын хөгжлийн хүрээлэнгээс санаачилсан уг хөтөлбөрийн хүрээнд охид өөрсдийн биеэр салбарын тэргүүлэх байгууллагуудтай танилцан, хүрээллээ тэлэн, төрөл бүрийн сургалтад хамрагдах аж.

#8 Охидын манлайлал

Монголын Хүүхдийн Зөвлөл “Тэгш оролцоо - Хязгааргүй боломж” уриатай Анхдугаар майхант чуулганаараа 400 гаруй гишүүдтэйгээр байгуулагдаж анхны тэргүүн, дэд тэргүүнээ сонгоход 2-р үеийн дэд тэргүүнээр 11Б ангийн сурагч А.Энхзаяа охин сонгогдож, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваад байна. Монголын Хүүхдийн Зөвлөл нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүүхдийн эрх, эрүүл аюулгүй орчин, хүүхдийн утга учиртай оролцоо, эрүүл хооллолт  болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллажээ. 

 “Охид бидний хийж чадах зүйлсийн хязгаарыг бидний үзэл бодол тогтоодог” -А.Энхзаяа 

А.Энхзаяа “Монголын Хүүхдийн Зөвлөл бидэнд айхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, олон талт байдалтай танилцахад тусалдаг. Энэхүү байгууллагаас бидний сурч болох хамгийн чухал зүйл нь бид хэн нэгнийг өөрчлөлт хийхийг хүлээж суух бус өөрөөс эхлэх хэрэгтэй гэдгийг заадаг" хэмээн үе тэнгийхнээ уриалан манлайлж байна.

Охидод хөрөнгө оруулцгаая! 

Эмэгтэй хүүхэд болж төрснийхөө төлөө гадуурхагдах, боловсрол эзэмшиж чадахгүй байх, нийгмийн харилцаанаас тусгаарлагдах, бэлгийн дарамт хүчирхийлэлд өртөх, хүчээр гэрлэх зэрэг дэлхийн нийтийн тулгамдсан асуудлууд өнөөдөр ч байсаар байна. Харин та бид хамтдаа охидын боловсрол, эрүүл мэнд, нийгэмд хувь нэмрээ оруулах боломжид хөрөнгө оруулснаар энэ бүхнийг үгүй хийж чадна! 

Охидыг нийгмийн идэвхтэй гишүүд болж, сурч боловсрон, ур чадвартай ажиллах хүчин болж, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бүтээх жолоодогч болгоход та хөрөнгө оруулаарай!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.