UBLife Logo
Нийгэм

SmartUB | 188 тэрбумыг хэрхэн зарцуулахыг та шийд

SmartUB | 188 тэрбумыг хэрхэн зарцуулахыг та шийд

Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Усны гудамжинд амьдардаг иргэн. Хорооныхоо нутаг дэвсгэр дээрх нэг асуудалд байнга бухимдаж явдаг юм. Манай хорооны нутагт тэрэгтэй хүүхэд түрээд явах засмал, шулуун зам хомс байдаг юм л даа. Явган замууд нь маш хязгаарлагдмал, дээр нь энэ хороонд өрнөж байгаа барилга байгууламжийн ажлууд явган зам руу түрээд хашаалчихсан, нэг бол машины зогсоол болгоод өөрчилчихсөн байх тул хүүхдээ түрж явах байтугай өөрөө алхаад явахад самбаачлага хэрэгтэй болно. Үүнд бухимдахын эрхэнд хороондоо хүсэлт бичиж өгөхөөс хэтэрдэггүй байлаа. Цаг заваа зарцуулан, биеэр очиж, санал санаачлагаа хүргүүлэн, хөөцөлдөж, түүнийхээ хариултыг эрж явна гэдэг бол үнэндээ иргэн бүрийн хувьд боломжтой эрэлхийлэл биш л дээ. За тэгээд зам харгуй, гэрэлтүүлэг, камержуулалт, нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал гэхчлэн санаа тавих зүйлс олон байвч ихэнх тохиолдолд хүмүүс хэнд хандахаа мэдэхгүй өнгөрөх нь бий. 

Гэтэл иргэдийн энэ олон асуудалд хариулт өгөх, түүнийг нь шийдвэрлэх төсөв хөрөнгө бүхий Орон нутгийн хөгжлийн сан гэх байгууллага байдгийг хүмүүс хэр мэддэг бол? 

Тус сангийн ажлын тайланг үзвэл жил бүр хотын дүүрэг хороодод тодорхой засвар үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажлыг хийж ирсэн ба 2013-2019 онд нийтдээ нэг их наяд төгрөгийн үйлчилгээний ажил гүйцэтгэсэн байх юм. Тэд уржнан жилийг хүртэл иргэдийн санал хүсэлтийг цаасан хэлбэрээр хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 2019 онд цахимаар авч эхлэх болсноор нийслэлийн 6 дүүргийн 76 мянган иргэн саналаа өгч, асуудлаа шийдвэрлүүлж чаджээ. Энэ нь иргэдийн оролцооны урд байгаагүй өндөр хувь хэмжээ агаад анх удаа цахим санал хураалт авснаар хотын хөгжил, төлөвлөлтөд иргэдийн дуу хоолой ямархан чухал болохыг харуулсан сайн жишээ болж. Өнгөрсөн жил гэхэд байшин хорооллын оршин суугчдын нийт саналын 20% нь камержуулалттай болох, мөн нэлээд хувь нь хүүхдийн тоглоомын талбайг тохижуулахад чиглэсэн ба эдгээр нь бүрэн хэрэгжсэн байна. Гэр хорооллын оршин суугчдын 14% нь орчны тохижилтыг сайжруулах санал ирүүлснийг мөн шийдвэрлэж. 

Бид бүгд л тайван, аюулгүй, цэвэрхэн орчин нөхцөлд амьдрахыг хүсдэг шүү дээ. Хоггүй, ногоон байгууламжтай, гэрэл гэгээтэй, хүүхэд тоглох талбай бүхий, алхаад явах замтай, аюул осол багатай дүүрэг хороонд амьдрах нь иргэн таны эрх. Та энэ эрхээ эдлэхийн тулд хаана юуг өөрчилж, сайжруулах хэрэгтэй талаарх саналаа л өгөх шаардлагатай. 

Энэ жил улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд 188 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн 9 дүүргийн 173 хорооны нэг сая орчим иргэд, оршин суугчдаас санал авч, хамгийн өндөр санал авсан ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Энэ 188 тэрбум төгрөг та биднийх бөгөөд гагцхүү бид үүнийг юунд зарцуулах тухай саналаа л өгөх хэрэгтэй.

Гэхдээ санал авах хугацаа хязгаартай шүү. 2020 оны гуравдугаар сарын 1-ээс 2020 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл нэг сарын турш ОНХС таны санал хүсэлт, шаардлагыг хүлээн авна. Насанд хүрсэн иргэн бүхэнд нээлттэй энэхүү санал асуулгыг бөглөн илгээхэд танд 10 минут л хангалттай. 

Тэгэхээр та хамгийн түрүүнд “SmartUB” гар утасны аппликейшныг татан аваад, дараах алхмуудыг хийх юм. 

  1. ОНХС гэсэн цэсэнд нэвтэрнэ

  2. 2021 оны ОНХС-ийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн арга хэмжээнд санал өгөх гэсэн хэсэг рүү орж хувийн мэдээллээ бөглөснөөр санал өгөх эрх идэвхжинэ

  3. Ингээд санал асуулгыг эхлүүлэх ба олон төрлийн хэрэгжүүлж болохуйц ажлуудаас өөрийн хороонд хамгийн хэрэгтэй ажлуудыг сонгон бөглөнө. Мөн доод хэсэгт нэмэлт санал хүсэлтээ бичих зай бий

  4. Хамгийн сүүлд гар утасны дугаараа оруулснаар утсанд тань баталгаажуулах код ирэх юм. Энэхүү кодыг оруулснаар санал илгээлт баталгаажна

Ингээд 2020 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр саналын дүн автоматаар тоологдон гарч, хамгийн их санал авсан бүтээн байгуулалтуудыг тухайн хороонд хийх юм. Мөн хийсэн ажлын тайлан, төсвийн зарцуулалтыг та аппликейшнаа ашиглан хянаж явах бололцоотой. Хотын хөгжил төлөвлөлтөөс нэг ч иргэнээ хоцроохгүй байх уриатай энэхүү ажилд иргэн та идэвхтэй оролцоорой. Тулгарч буй асуудлаа орон нутгийнхаа засаг захиргаатай хамт шийдээрэй. Би ч гэсэн санал хүсэлтээ илгээчихлээ, сарын дараа ямар шийдвэр гарахыг харах л үлдлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.