Соул, фанкийн эцэг гэгддэг алдарт Жэймс Брауны “I Got You (I feel good)” дууг сонсохоор хоёр зүйл эрхгүй санаанд бууна. Нэг нь, миний үзэх дуртай TikTok-ийн пранк. Хүмүүсийг ажиггүй байхад энэ дууны эхлэлийг санаатайгаар чангаар тавьж савж унатал нь цочоодог трэндийг та ч санаж буй байх. Нөгөө нь мэдээж “Хоолондоо!” нэвтрүүлэг. Ёстой энэхүү пранк шиг Монголын хоолны шоунуудыг тэсэрч, цочтол нь бүүм болж гарч ирсэн тогооч Я.Энхээгийн нэвтрүүлэг. Тогооч гэхээр том том товчтой цагаан халат, өндөр босоо малгай духдуулсан цэмцгэр хүмүүс төсөөлдөг байтал “Chaps Denim”-ийн үзмэн ягаан богино цамц, саравчтай малгай, хар шил зүүчихсэн, чанга дуутай нэг нөхөр “Хоолондоо!” хэмээн орилоод, араас нь Жэймс Брауны “I Got You (I feel good)” дууны ая явдаг тэр нэвтрүүлгийг TV-9 телевизээр шимтэн үздэг байснаа мартдаггүй юм. Олон айлаар зочлон амттай хоол хийнэ, хамаа замбараагүй ярина, тас тас инээнэ, заримдаа хүнсний ногоотойгоо хүн шиг ярьчихсан ч зогсон шиг. Энэ “янзын нөхөр”-ийн өөрийнхөөрөө, чөлөөтэй, яг л та бидний гэрийн гал тогоонд л болдог дотно, энгийн, үнэн, хөгтэй бүхэн тэнд гарсаар хоол хийхэд үнэн голоосоо дуртай болж, урам зориг авсан хүмүүс олон бий байх аа. Одоо өмнө минь суугаа, удахгүй таны мэдэх Я.Энхээ анхнаасаа л хоол хийхийн тулд төрсөн хүн гэж та бодож байна уу? Энэ бүхэн их өөр цэгээс эхэлсэнд би өөрөө ч гайхаж билээ.
***
Хэрэв бид цаг хугацааг ухрааж, хүүхэд нас руу нь очвол 9 настай Я.Энхээг гал тогоондоо зогсоогоор харна. Аав, ээж хоёр нь улсын хариуцлагатай ажил хийдэг учраас ид оройн хоолны цагаар байхаасаа байхгүй нь их. Гурван охин дүү нь тусад орох хараахан болоогүй. Зураач мэргэжилтэй үеэл ах нь нэг өдөр “Хоёулаа хорвоод байхгүй, хосгүй хоол хийе” гэсэн нь хоол хийхтэй холбоотой анхны дурсамж нь. “Анх удаа аймаар том гурил элдээд, дээр нь махнуудаа хэрчиж өрөөд хуушуур болгож дүү нартаа хоол хийж билээ. Ер нь бол хачин муухай зүстэй л юм болсон, тодорхой. Харин анх удаа хоол хийж үзсэндээ дотроо их баяртай, том хүн болсон юм шиг санагдаж билээ”.
Аав, ээжийгээ ирэхэд гурван дүүгээ хооллочихсон, гэрээ цэмцийтэл цэвэрлэчихсэн додигор суух “том хүн”-ий үүргийг тэр үүнээс хойш онц гүйцэтгэжээ. Ээж нь гадагшаа томилолтоор их явдаг, тэгэх бүрдээ тухайн үед ховор нандин хүнс, амттан авчирна. Хүнсний технологич аав нь хэдийгээр оройтож ажилладаг ч, өглөө бүр ажилдаа явахдаа хүүхдүүддээ өглөөний ундыг нь бэлдчихээд явдаг. “Аавын өглөөний цайг үгүйлээд л босож ирнэ. Эргээд бодоход шинэхэн талх, сүүтэй будаа, масло үнэртэх шиг болж байна. Аав өөрөө хүнсний технологич байсан болохоор хамгийн эрүүл, хамгийн сайхан өглөөний цай бэлдэж өгдөг байсан”. Хэдий багаасаа хоол хийж сурсан ч гэлээ энэ түүний ажил, мэргэжил, амьдралын утга учир болтлоо автуулаагүй байлаа.
Ямар мэргэжилтэй хүн болох вэ гэх асуултад охид нь эмч, багш, хөвгүүд нь цагдаа, хэрэв ургуулж мөрөөдвөл сансрын нисгэгч болно гэдэг үед тоондоо сайн Я.Энхээ сонголт хийх цаг болоход аав нь инженер болбол яасан юм гэж санал болгожээ. “Аав их алсыг харж зөвлөсөн нь тэр. Монгол Улс маань ирээдүйд эрх биш үйлдвэржсэн орон болох байлгүй, энэ салбарт эртнээс өөрийгөө бэлтгэвэл яасан юм гэсэн. Хэдийгээр аавд надтай тулж ярилцах зав бага байсан ч гэлээ ширээн дээр маань Оросын шинжлэх ухаан, техникийн сэтгүүлүүдийг сэмхэн тавьчихдаг байж билээ”. Аавын арга эвээ олж, Я.Энхээ металл судлалын инженер хэмээх мэргэжил сонгож Украиныг зорилоо.
Хичээлдээ сайн, сийрэг толгойтой түүнд металл судлалын инженерээр сурах тийм ч хэцүү байсангүй. “Монголоос гадаад руу дандаа топууд нь хуваарь авч явна. Харин тэндхийн уугуул нөхөд тийм биш. Сургуульд сурах дэндүү амархан санагдаад, нөхөд надаас хуулдаг болж, би тэдний орос хэлний алдааг хүртэл засаж өгдөг боллоо. Ер нь амархан санагдаад байгаа зүйлийг хүн үнэлдэггүй юм билээ. Хичээл тасалдаг боллоо, шоудаж сурлаа. Би амархан гээд мэрийхээ болиод, нөгөө хэд маань хэцүү хэмээн хичээсээр байтал III курс болоход надаас илүү мундаг болчихлоо. Эргээд өнөө хэдээсээ хуулж эхэлж байгаа юм. Азаар би зөв цагтаа ухаарч, ер нь ингэвэл балрах нь гэж бодоод эргээд хичээж, дипломоо онц дүнтэй төгссөн. Би яг мэргэжлээрээ ажилласан бол гайгүй сайн инженер болчих байсан болов уу гэж боддог”.
Монголдоо буцаж ирэхэд металл судлалын мэргэжлээр бэлтгэгдсэн цөөн хэдэн хүний нэг боллоо. Зохион бүтээх товчоонд ажилд ороод удаагүй байхад нь Баруун Европ руу мэргэжил дээшлүүлэх сургалтад явуулахаар сонгосон залуусын нэг нь Я.Энхээ болов. “1989 онд Баруун Европ руу практик сургалтад явуулна гэдэг чинь жир юм биш. Баруун Герман, Финланд, Польш гээд л жинхэнэ утгаараа юм үзэж, нүд тайллаа даа. Үйлдвэрүүд, технологи, хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол унд, унаж байгаа машин гээд л бүх талаараа өөр, бүх талаараа гоё. Хагас жил тэнд практикт сурахдаа залуу хүн л юм хойно сэтгэл зүрхээ үлдээчхээд ирсэн. Гэтэл эргээд Монголдоо ирэхэд Ардчилсан хувьсгал гараад, картын бараанд орчихсон, эдийн засаг уналтад орж, юун металлын үйлдвэр манатай болов. Мэргэжилтний хувьд ажиллах боломжгүй болсон. Тэгээд би Герман руу гарах сонголт хийсэн”
Герман түүнд ихийг сургасан. Амьдрал түүнд олон хаалга нээхдээ содон, гайхалтай завшаан олныг бэлджээ. “Эхэндээ олдсон ажлаа л хийдэг байлаа. Тэгж байтал АНУ, Германы хамтарсан худалдааны компанид орох завшаан тохиож, салбарын захирал болж, явсаар бүр Маркетинг, борлуулалтын захирал хүртэл дэвшсэн. Тэнд би хүмүүстэй харилцаж сурсан, харилцаа бол миний давуу тал юм байна гэдгийг ойлгосон. Дээр нь хоол гэдгийг хүн цадах гэж биш, таашаах гэж иддэг юм байна гэдгийг мэдэрсэн”. Карьерын хувьд тасралтгүй өсөж явсаар компанидаа хувь эзэмших болж, бүр нэг салбараа худалдаж авах гэрээ үзэглэх цаг ирлээ. Ажил эрхлэгч бус ажил олгогч болох тул визний статусаа өөрчлөх хэрэг ч гарлаа. Бичиг баримт, чухал шаардлагатай цаас сэлтийг хамтрагчид нь бүгдийг нь бэлдээд, 1996 онд Монгол руугаа ирж, визний статусаа солиод буцах зорилготой. Удлаа гэхэд таны бичиг баримт хөөцөлдөх хугацаа сар л болох байх гэж. Баруунд бол тийм л, гэтэл тэд Монгол гэдгийг тооцоогүй байлаа.
Монголд ирээд Германы элчинтэй уулзахад нүд нь орой дээрээ гарч. Яахаараа нэг монгол нөхөр 40-50 хүнтэй компанийн захирал болохоор визний статус ярьж суудаг билээ гээд л. Сарын хугацаа нь гурав болж суналаа. Судалж байна, шалгаж байна гэсээр хагас жил ч өнгөрөв. Зүгээр суугаад байх хэцүү, шийдвэр хүлээнэ гэхээр тодорхой болзол байхгүй. Энэ үед Италид амьдарч байгаад Монголдоо ирсэн хүргэн дүү нь түүнд зүүгээр суухаар пицца хийх үү гэж санал тавьжээ. Энэ түүний хувьд эргэлтийн цэг болох санал гэдгийг хэн мэдэх билээ, тэгэхэд.
***
1997 оны нэгдүгээр сарын 1. Шинэ оны нүргэлсэн баярын дараа хот бүхлээрээ амарч байхад МУИС-ийн II байрны урдхан талд байх павильонд хоёр залуу пиццаны гурил бэлтгээд сууж байна. Өдөржин хүн харуулдлаа, хэн ч байдаггүй. Үд өнгөрч, харанхуй болох үед “Pizza Shack” гэсэн бичиг нь анивчаад эхэллээ. Хүн хүлээж, уйдаж цөхөхийн алдад америк хос хаалгаар нь орж ирээд “Уучлаарай, ажиллаж байгаа юу” хэмээн монголоор муухан хэлжээ.
“Тэд манай хамгийн анхны үйлчлүүлэгч. Яван явтлаа манайхаас салаагүй дээ. Эхнэр нь сэтгэл хөдлөл ихтэй, пицца идээд бүр босож дэвхцээд, нулимс гарах нь холгүй л байсныг тод санаж байна. Монголд ажиллаж, амьдарч байсан гаднынхан, элчингийн ажилчид манайхаар их орж ирдэг боллоо. Тэр цагаас хойш хүний хөл ер тасраагүй”. Эндээ тэд зөвхөн пицца биш сэтгэл хөдлөл, халуун яриа “зардаг” байсан болохоор Улаанбаатарын уйтгартай хэмнэлд цоо шинэ өнгө болж, өөрийнх нь хэлснээр “бүүм” болжээ. Орсон гарсан хүмүүсийн хэлийг сугалчих гээд яриа өднө, амар мэнд мэдээд зогсохгүй элдвийг хүүрнэнэ. Ер нь нэг галзуу сайн найзынхаараа ороод гарсан шиг мэдрэмж төрдөг байсан тухай хүмүүс дурсана.
Тэгж байтал Германы элчингээс хариу ирлээ. “Уучлаарай, таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй байна” гэх хариутай хамт Германд босгосон бүхэн, боломж, эд хөрөнгө салхинд хийсэв. “Би бүх юмаа алдсан. Гэхдээ одоо эргээд бодоход харамсах юм алга байна. Хүн ер нь зарим зүйлийг хаяж сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон” хэмээн Я.Энхээ ярьсан. Удалгүй “Pizza Shack”-ийг хамт эхлүүлсэн хүргэн нь Америк яваад өглөө. Үргэлжлүүлэх гэвэл өөрөө бүхнийг сурах, турших, гэхдээ гүнд нь ортол, ясанд нь тултал…
Энэ чанар Я.Энхээг хувь тавилангийн “сугалаа”-нд үргэлж ялахад тусалж иржээ. Хийж буй, гар бие оролцож буйгаасаа тэр аз жаргал, кайф, сэтгэл ханамж авахгүй л бол удаан зууралдахгүйгээ яс мэддэг. Тийм учраас эхнээс нь бүгдийг сурч, эрэг шурагийг нь мэдэж байж л санаа амардаг хүн шиг санагдсан. “Аливаа зүйлийг эхнээс нь бүгдийг сурах, ажлын бүх процессоо өөрөө мэдэж байх ёстой гэх зарчим надад их тус болсон. Нэг хүнээс хамааралтай биш, нэг чадварлаг тогооч орхиод явахад гал тогоо чинь нурахгүй байх тийм бизнесийг босгох ёстой. Тогоочоор ажиллаж эхлээд миний барьсан гол зарчим энэ байсан учраас тогооч, угаагч, зөөгч, жолооч гээд би бүгдийг нь хийдэг байсан. Гүнд нь ортол, ясанд нь тултал ширхэгчлэн ойлгохоор зүтгэсэн” хэмээн ярина. Сэтгэл хөдлөл өндөртэй, дэврүүн зантай түүнийг сайхан хоол, сайн үйлчилгээ аваад “woow” гэж үнэн сэтгэлээсээ уулга алдах хүмүүсийн реакц өдий хол хөтөлж иржээ. “Сайхан хоол идсэн хүмүүсийн сэтгэл хөдлөлийг харах, мэдрэх намайг хамгийн жаргалтай болгодог. “Хөөх ямар гоё юм бэ”, “Ийм амт байдаг юм уу” гэж нүд нь орой дээрээ гарч, хэлэх үгээ олж ядан сэтгэл нь хөдөлсөн хүмүүс надад хамгийн гоё кайф авчирдаг. Би ер нь өмнөх бизнесээ бодоход ч тэр хүмүүстэй ажиллах дуртай, өөрөө ч үүндээ сайн гэдгээ мэддэг. Явсаар жилийн дотор л би гурван салбартай болчихсон”.
***
Хоол түүний хувьд хобби биш ажил боллоо. Буй биеэрээ автаж байж л хийсэн, бүтээсэн болдог түүний хувьд амьдралын утга учир гэвэл зохих юм болов уу. Жинхэнэ онгод нь орж, сайхан хоол хийх хүслээр цамнаж, буцалж байх үед нь найз нь түүнд Чойжин ламын сүм музейн хажууд шинэ ресторан нээвэл ямар вэ гэсэн санал тавьжээ.
“Чойжин ламын сүм музейн хажууд шинэ ресторан нээх гэхэд би сүм гэдгээр нь биш архитектур талаас нь илүүтэй харсан. Парисын Нотр Дамын сүмийн хажууд хүмүүс тансаг ресторанд хоол идэх тэр мэдрэмжтэй зүйрлүүлж бодоод л…”. Энэ дурсамж та биднийг Монголын топ ресторануудын нэгд зүй ёсоор тооцогдох “Silk road”-ын түүх рүү хөтөлнө. 2001 оны зургаадугаар сард барилгын ажил эхэллээ. Мэдээж Я.Энхээ бүхий л үйл явц дунд нь өөрөө оролцож таарна. Одоо бидний мэдэх зүсээ олтлоо гурван ч удаа дундаасаа нурна. Сингапураас плитагаа захиж, өөрийн биеэр урагшаа явж, үйлдвэр дээр нь хүртэл очиж материалуудаа сонгоно. “Сүүлдээ ресторан барих гээд байгаа юм уу, музей нээх гээд байгаа юм уу болтлоо л сунжирсан даа” хэмээн дурсана. Сэтгэлдээ нийцүүлэх, бодсоноо биелүүлэх гэж зүтгэсээр 2003 оны хавар албан ёсоор нээлтээ хийсэн байдаг.
“Silk Road”-ийг эхэлсэн нь миний жинхэнэ онгод орж байсан үе. Гоё хоол хийх, шинэ жор гаргахад ид донтож байсан мөчүүд. Гадагшаа их явж, шинэ хоолнууд туршаад, түүнийгээ энд нутагшуулах гэж рестораныхаа гал тогоонд гурван тогоочтойгоо манаргаад л. Сайн хоолыг сайн материалаар л хийх ёстой. Тэр бүрийг олох, захих бол хэцүү байсан. Гэхдээ хэцүү байсан гээд бид “гурилдаж” үзээгүй. Тэр үед Монголд хоолны меню их уйтгартай байсан. Муу байсан гэж хэлэхгүй, яагаад гэвэл хүнсний бүтээгдэхүүний чанар сайн, бас ч гэж бидэнд оросын школа нэвтрээд тодорхой хугацаа болсон. Гэхдээ уйтгартай”.
Стэйк, паста, шорлог, кебаб тэргүүтнийг яг жинхэнэ утгаар нь мэдрүүлэхийн шуналд автаж, гал тогоондоо шинэ туршилтууд хийсээр үүр цайлгах тохиол бишгүй. Ганц л дүрэм бий. “За гайгүй шдээ…” гэдэгтэй эвлэрэхгүй. Гайгүй гэдэг үгэнд тэр үнэнхүү дургүй гэдгээ их шийдэмгий хэлсэн. Гайгүй гэдэг үг бүхий л салбарт гай тарьж байгаа гэж тэр хэлнэ. Гайгүй дээ хэмээн “гурилдсан” хоол гаргачхаад хүнээс “wow” хүлээх хэрэггүй.
“Одоо бол хүмүүсийг хоолоор гайхашруулах хэцүү. Улаанбаатарын меню өөрчлөгдөж, хүмүүс ч хоол, амтны талаарх мэдлэг, мэдээлэл нь сайн болсон. Харин “Silk Road”-ийн эхний он жилүүдэд бид үнэхээр шинэ байж чадсан. Стэйк гэж ийм байдаг юм уу, вау, паста гэдэг чинь жинхэнэ энэ байна даа гэж үнэн сэтгэлээсээ уулга алдах тэр сэтгэл хөдлөлөөр би “хооллодог” байсан. Тиймдээ ч манайх бусад ресторанаас үнэтэй байсан ч гэсэн хүнээр тасарч үзээгүй. Бизнесийн уулзалт, ажил хэргийн яриа энд болж, би ийм газраар үйлчлүүлдэг гэж нэр төр, сонголтоо илтгэн харуулах гол орчин “Silk Road” болж байсан.
Сайн рестораны амин сүнс нь зөвхөн хоолондоо байдаггүй. Үйлчилгээ гэдэг хоолтой дүйцэхүйц чухал. Би зөөгч гэдэг үгэнд их дургүй. Хүмүүстэй сайхан мэндлээд, тав тухтай үйлчлээд гаргах тэр утга руу дөхүүлэхийг хүссэн. Залуусаа ямар ч хүн орж ирсэн сайхан угтаад, эелдэг яриа өрнүүлээд, инээмсэглэн үйлчлээд, санаа тавьж сургахад эхэндээ их цаг орсон. “Хөөе зөөгч өө” гэж дээрэнгүй ч юм шиг орилдог байсан хүмүүс нэг их удалгүй “Уучлаарай…” гээд дуудаг болж, манай залуус ч “тип” авдаг болсон. Монголд рестораны үйлчилгээний соёл нэвтрэхэд “Silk Road”-ийн нөлөө маш их байсныг би бардам хэлнэ”.
Я.Энхээ тогоочийн дотроо төсөөлж, бодсон нь бодит утгаар биеллээ олсон учраас “Silk Road” нээгдсэн цагаасаа л Улаанбаатарын хамгийн алдартай ресторан болж чадсан. “Би юманд буй биеэрээ дурлаж байж л ажилладаг. Намайг дурлуулж, автуулахгүй л бол цаанаасаа дур хүрэхгүй. Миний өдрийн идэвхт бүх цагаа өнгөрүүлэх газар хэрвээ надад таалагдахгүй бол би галзуурчихна. Нэгэнт дурласан бол бүхнээ зориулж, зөв, байж болох хамгийн сайнаар гарах хүртэл нь зүтгэдэг. Манайхыг сонгож орж ирсэн хүнд хамгийн сайхан, төгс хоол л очих ёстой”.
***
Ресторанаа тэр торгоны зам буюу “Silk Road” гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Эрт цагт Торгоны зам зүгээр нэг тэмээн жин явдаг жим биш, мэдээлэл солилцоо, цэрэг, улс төрийн харилцаа өрнөдөг бүхэл бүтэн соёлын жим байсанчлан “Silk Road” ресторан ч Улаанбаатарын соёлын салшгүй нэгэн цөм болж, өдгөө 20 жилийн ой дээрээ иржээ.
Харин та түүнийг нийгмийн сүлжээнд дагадаг бол сүүлийн хэдэн жил бяслаг хийхээр “үзэж тарж” буйг мэдэх болов уу. 15 жилийн турш “Silk Road”-ын тогоондоо буцалсан тэр хамтдаа эхлүүлсэн, өсгөж хүмүүжүүлсэн хамтрагч нартаа гал тогоогоо даатгаад хөдөө илүү гүйдэлтэй болсон. “Та гал тогоонд ид ажиллаж байсан галзуу үеүдээ хааяа санах юм уу?” гэж намайг асуухад тэр “Аймар санадаг” гэж үнэнээ хэлээд нүд нь сэргэж байна.
“Гал тогоонд ажиллахын тулд чи яг л тамирчин шиг байнгын бэлтгэлтэй байх ёстой. Чиний хөл чийрэг, нуруу чанга, толгой сийрэг, уушги сайн байх ёстой. Залуу насны улаан галзуу эрч хүчтэй шигээ одоо тасралтгүй шунгаж ажиллана гэдэг боломжгүй. Гэхдээ саяхан хүлээн авалтын захиалгад тогоочийн тоо дутаад намайг “фронт”-д дуудсан. Би урьдынх шигээ гал тогоонд орж, солиотой гоё хоолнууд хийсэн. Өөрөө ч гайхсан, бас баярласан. Энхээ чи ч бас формтой байна шүү гэж хэлээд нуруун дээрээ алгадмаар…”.
Энд би түүний хэлсэн нэг гоё жишээг өөрийнх нь үгээр оруулж төгсгөмөөр санагдлаа. “Silk Road”-ыг эхлүүлснээс хойших 20 жилийн хугацаа намайг тал бүрээр нь сорьсон, дурлуулсан, бас хурцалсан. Самурайн сэлмийг нэг давтаад хатаачихдаггүй, олон жил давтаж байж сая нэг төгс биеэ олдог гэнэ билээ. Сэлмээр бол би сайн давтагдсан самурайн илд болсон болов уу гэж итгэж байна…”.