UBLife Logo
#WomenWhoDare | Б.Тэмүлүн: 70 нас хүрсэн ч бартендараа хийдэг гоё эмээ болно гэж боддог
#WomenWhoDare

#WomenWhoDare | Б.Тэмүлүн: 70 нас хүрсэн ч бартендараа хийдэг гоё эмээ болно гэж боддог

Төгөлдөр хуурын багш нь түүнийг "сэргэлэн бор" гэж хочилдог байж. Асуулт нь дуусдаггүй, эрэл хайгуул нь дундардаггүй тэр арван жилээ төгсмөгц хүсэж тэмүүлсэн мэргэжлээрээ суралцахаар 16 настайдаа гадны орныг зорьсон байна. Огт төсөөлөөгүй ирээдүй нь түүнийг сэтгэл судлаач, жүжигчин ч биш, харин бартендар болох зам руу хөтөлжээ. Эх орондоо долоон жилийн дараа эргэж ирээд тэрбээр коктейль соёлыг түгээх зорилго өвөрлөн Монголын хамгийн жижиг коктейль баар гэгдэх BITSY & CO-г хоёр хамтрагчийн хамт үүсгэн байгуулжээ. "Women Who Dare" булангийн энэ удаагийн дугаарт Tee буюу Б.Тэмүлүнг урьж ярилцлаа.


- Бааранд ганц нэгээрээ орж ирсэн хүмүүс бартендартай яриа хөөрөө дэлгэж, хувийн асуудлаа хуваалцаж буй кинонууд сценүүд олон харагддаг. Үнэхээр хүмүүс тэгж сэтгэлээ онгойлгохоор яриа өдөх юм уу?

- Тухайн мөчөөсөө л хамаардаг байх. Баасан гараг шиг бужигнасан, хөл ихтэй өдрүүдэд ийм яриа хэр барагтай гарахгүй. Тайван, цөөхөн хүнтэй үед яриа өрнүүлэх гээд ороод ирдэг үйлчлүүлэгчид бий бий. 

- Тэр үед танд ямар санагддаг вэ? 

- Зарим хүн зүгээр л сэтгэлээ уудалж, хэн нэгэн намайг сонсоосой гэж хүсдэг бол зарим нь ганцаараа асуудалтай биш гэдгээ мэдрэх гэж ярьдаг юм шиг санагддаг. Хүмүүс надад итгээд хувийн асуудлаа хуваалцахад нь аль болох сайн сонсохыг бодно. Сэтгэл судлалаар суралцаж байхдаа мэргэжлийн бус сэтгэлзүйн зөвлөгөөний үр дагавар, хор уршгийн талаар хангалттай ойлголт авсан болохоор ингэ тэг гэж зөвлөдөггүй. Адилхан асуудалтай нүүр тулж байсан, байгаа бол “Та ганцаараа биш ээ” гэсэн ханьтай мэдрэмж төрүүлэхийг хичээдэг.  

- Одоогийн хүмүүст танигдсан бартендар, бизнесмэн эмэгтэй болохоос өмнөх Тee-гийн амьдралын талаар сонирхмоор байна. Багаасаа хийл, балет, төгөлдөр хуураар хичээллэж, франц хэл үзэж байжээ. Урлагтай холбогдоход юу нөлөөлөв?

- Манай аав ээж хоёр. Аав минь багаасаа хөгжимд дурлаж, Хөгжим бүжгийн коллежид ч шалгалт өгч явсан юм билээ. Намайг багад манайх гэр бүлээрээ Германд 3 жил орчим амьдарсан юм. Тэгэхэд аав надад жижиг касио хөгжим авч өгсөн нь манайд одоо ч бий. Тэрийгээ их дуртай тоглодог байсан болохоор охиноо урлагаар явуулъя гэж шийдсэн байх. Би ер нь гараараа хийж үзэж байж л аливааг сайн сурдаг хүн. Бүтэн биеэрээ мэдэрч, үнэрлэж, амталж, гараараа хүрч байж сурсан зүйлс илүү үлддэг болохоор урлаг хувь хүний онцлогт минь нийцсэн байж мэднэ.

- Та сая сэтгэл судлалаар суралцаж байсан тухайгаа цухас дурдлаа. Арван жилээ төгсөөд сэтгэл судлалаар Сингапурт, драмын урлагаар Англид суралцаж байж. 16-тай охинд гадны улсад ганцаараа бие даан амьдарч, суралцах ямар байсан бол? 

- Гадагшаа суралцахаар явсан минь том алхам байсан. Хүссэн юмаа хийнэ гээд дотроосоо шатаж явсан тийм л үе. Зөн совиндоо хөтлөгдөөд шинэ зүйл оролдож үзнэ, энэ биш юм байна гээд мэдэрчихвэл шууд дараагийнхаа сонголт руу зүтгэдэг байлаа. Сингапурт сэтгэл судлалын чиглэлээр суралцаж байгаад сургуулиасаа гарсан. Дараа нь Англид драмын урлагаар суралцаж байсан. Драмын сургуульд суралцаж байхад сэтгэл зүйн хувьд өөрийгөө энэ мэргэжилд хангалттай бэлэн биш байгаагаа ойлгосон. Аливааг хүндээр тусгаж авдаг зантай болохоор заримдаа дүрдээ хэт автсанаас болж депресст орж, хоёр долоо хоног гэрээсээ ч цухуйлгүй бүгдэг байв. Тэр үеүдэд л өөрийгөө таньж, сургамж авсан. Дураараа, өөрийнхөөрөө өссөн өсвөр насны охин хүний нутагт очоод бага сага зовлон үзэхийн хэрээр өөр лүүгээ өнгийж, хөрсөн дээрээ бууж билээ. 

Гадныхан бартендар нь дажгүй байвал хамт ууж идэх дуртай улс. Тэгээд л намайг хэр даах нь уу шалгая гэж бодсон байх. Эхний өдөр захирлаас авхуулаад ерөнхий нягтлан, менежер хүртэл бүгд нэг нэгээрээ хүрч ирээд надтай тулгаж уусан. Тэр орой хэчнээн ч шот татсан юм бүү мэд. Дотроо “Монгол хүн гэдгээ харуулна аа” гээд гүрийчихсэн.

- Англид байсан үеийг тань сонсохоор сэтгэл зүйн хувьд амаргүй байсан бололтой. Өртөг өндөртэй хотод суралцахын хажуугаар ажиллах амаргүй шүү дээ. Ингэхэд яаж яваад бартендер болчихсон юм бэ? 

- Оюутан юм хойно мөнгө төгрөг муутай. Нэмээд өртөг өндөртэй газар болохоор ажил хийхээс өөр сонголтгүй байсан юм. Анхнаасаа бартендар хийх сонирхолтой байсан. Сонины зараас хэдэн ажлын зар харж, газрын зураг дээр байршлыг нь тэмдэглэж аваад маргааш нь вагонд суугаад нөгөө газраа очсон. Тэгээд л эхнээс нь анкет бөглөж, ажилд орох хүсэлтэй байгаагаа чадахаараа хэлж захиж байлаа. Бүтэн өдөржин тэгж явсны эцэст хоёр гурван дажгүй газар намайг туршиж үзье гэсэн. Дан эмэгтэйчүүд ажилладаг баар ч байсан. Тэр дундаас Canvas-ын орчин, баасан гарагийн уур амьсгал надад их таалагдсан. Бартендаруудынх нь ур чадвар ч хавь илүү санагдаж байлаа. Яадаг ч байсан ийшээ л оръё гэж зүтгэсээр байгаад ажилд орсон. 

- Өмнө нь ганцхан удаа хийж үзсэн мохито коктейль найруулж өгөөд тэр ажилдаа тэнцсэн гэсэн. Тэрнээс өмнө коктейлийн талаар хэр сайн мэддэг байсан бэ?

- Манай найзууд Сүхбаатарын талбайн хойно Bitterhouse нэртэй газар ажиллуулдаг байсан юм. Сургуулийнхаа амралтаар Монголд очихдоо тэднийхээр очиж, есөн шидийн юм ууж үздэг байлаа (инээв). Англи хэлтэй болохоор хааяа тэдний гадаад үйлчлүүлэгчид орчуулга хийж тусална. Тэгэхдээ л баарны орчинтой танилцаж, ганц хоёр удаа коктейль хийж үзсэн. Тэрнээс биш алгохоль, коктейлийн талаар төдийлөн мэддэггүй байсан. 

Миний хийсэн коктейлийг амсаж үзээд төсөөллөөрөө тэр амтыг эрэлхийлж буй хүмүүсийн харц, дүр зураг их сонирхолтой.

- Ажилд орсон анхны өдөр ямархуу өнгөрсөн бэ?

- Гадныхан бартендар нь аятайхан харилцаатай, дажгүй байвал хамт ууж идэх дуртай улс. Тэгээд л намайг хэр даах нь уу шалгая гэж бодсон байх. Эхний өдөр захирлаас авхуулаад ерөнхий нягтлан, менежер хүртэл бүгд нэг нэгээрээ хүрч ирээд надтай тулгаж уусан. Тэр орой хэчнээн ч шот татсан юм бүү мэд. Дотроо “Монгол хүн гэдгээ харуулна аа” гээд гүрийчихсэн. Төвлөрөөд ажиллаж байхад уусан ч анхаарал алдаж, согтдоггүй юм билээ. Ядартлаа олон цаг зогсож ажилласнаа баарны араас гарахдаа л анзаарсан. Суудлаасаа 20 минут босож чадаагүй. Ажлын эхний өдрөө тэгж өнгөрсөн. Гэхдээ надад их зугаатай санагдсан шүү. Янз бүрийн амтаар тоглож, цоо шинэ, сонирхолтой амт гаргаж авна. Миний хийсэн коктейлийг амсаж үзээд төсөөллөөрөө тэр амтыг эрэлхийлж буй хүмүүсийн харц, дүр зураг их сонирхолтой. 

- Хоёр ч сургуулийг хаяж, бүтэн цагаар ажил хийж үзсэн байна. Дараа нь юу болсон юм бэ? 

- Хагас жил ингэж явсны эцэст ажил, хичээлийн аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй болсон. Ингээд л сургуулиа хаяж, тэндээ дахиад 6 сар ажиллаа. Тэр хугацаанд бодож байгаа юм л даа. Коктейлийн талаар ерөнхий ойлголтыг авчихлаа. Цаашдаа энэ чиглэлээр явъя гэвэл Америкт очих хэрэгтэй гэдэг бодолтой болчихсон байсан. Тэгээд ганц таньдаг хүн болох авга эгчээ бараадан Америкт очсон. Гэвч санасан шиг минь байгаагүй. Эргээд бодоход жаахан түргэдсэн шийдвэр байсан. Англиас өшөө ихийг сурах боломжоо сэтгэл хөдлөлдөө автаад алдчихсан. Тэрэндээ одоо жаахан харамсдаг. Нөгөөтээгүүр Нью-Йоркийн бараан дурсамжаас болоод ч тэр үү Нью-Йорк, ДС-гийн аль нь ч Лондонг гүйцэхгүй юм шиг санагддаг. Ажиллаж байсан салбар, миний амьдарч байсан нөхцөлөөс болоод ч юм уу муу тал руу хазайсан зүйлс бишгүй байсан. Эсрэгээрээ Лондонд би яг гэртээ байгаа юм шиг амьдардаг байлаа. Одоо ч хааяа Лондонг зүүдэлж, бэтгэрдэг. Үнэрийг нь хүртэл үгүйлээд байдаг юм, их сонин шүү. 

Лондонд би яг гэртээ байгаа юм шиг амьдардаг байлаа. Одоо ч хааяа Лондонг зүүдэлж, бэтгэрдэг. Үнэрийг нь хүртэл үгүйлээд байдаг юм, их сонин шүү.

- Герман, Монгол, Сингапур, Их Британи, АНУ гэсэн олон оронд амьдарч үзчихээд эргээд бодоход өнөөдрийн Тee-г төлөвшүүлэхэд юу хамгийн их нөлөөлж вэ?

- Дуртай зүйлээ олох гэж яваад хоёр ч сургууль хаяж, цаашдаа яахаа ч мэдэхгүй байхдаа Америкт хөл тавьсан. Зорилгогүй, ажилгүй тэр нэг хэсэгхэн үе үнэхээр чанга байсан. Ирээдүй нүдэнд харагдахгүй, урсгалаараа өдөр хоногуудыг өнгөрүүлж буй мэт тэр мэдрэмж хамгийн хүнд санагдаж байлаа. Ер нь хүнд тиймэрхүү уналт, шалдаа буусан мөчүүд том сургамж болдог. Гэхдээ дараагийн удаа тийм сорилт тулгарахад учраа мэддэг болчихдог. Сая ковидын үеэр үйлчилгээний салбар бүхэлдээ уналтад орж, бизнес эрхлэгчид амаргүй үеийг туулсан. Тэр үед яг өмнөх шиг уналтад орох гэж байгаагаа мэдээд өөрийгөө татаж авсан. 

- 16-тайдаа Монголоос гараад өөр өөр газруудад сурч, ажиллаж үзээд зургаа долоон жилийн дараа эргэж ирсэн байна. Ирсний дараа танд хамгийн тод анзаарагдсан хувь хүний өөрчлөлт юу байсан бэ? 

- Амьдрал үзээд хөрсөндөө буучхаад эргэж ирсэн дээ. Зорилгынхоо ард гарахын тулд хэр их хөлс урсгадгийг биеэрээ мэдэрч, баргийн бэрхшээлд шантрахгүй хаттай болсноо анзаарсан. 

- Бусдын удирдлага дор ажиллах, бие даан хувийн бизнесээ босгохын хооронд тэнгэр газар шиг зөрүү бий. Өдгөө хүмүүст танил болсон BITSY & CO коктейль баар яаж хэлбэрээ олов? 

- Би Монголд ирснийхээ дараа найзуудтайгаа хамтарч Vim Acid Bar нээж байсан юм. Цаг нь болоогүй байснаас ч тэр үү хүмүүст төдийлөн хүрч чадаагүй. Байршил, санхүү ч нөлөөлсөн биз. Удалгүй ковид эхэлж, дөнгөж босгосон бизнес маань сэхэл авахгүй нь гэдгийг мэдээд хаасан. Тэрний дараахан Bitsy-ийн хамтран үүсгэн байгуулагчдын нэг Мийгаа (А.Мягмарням) “Өмнө нь ярьж байсан баараа одоо нээе” гээд нэг өдөр ярихад нь үнэхээр гайхсан. Бид арван жилд байхын зүс таньдаг, дундын найз олонтой ч дотно нөхөрлөж үзээгүй хоёр. Намайг Vim Acid Bar-ыг нээгээд удаагүй байхад хамтарч баар нээх тухай цухас яриад өнгөрч байсан юм. Тэгтэл мань хүн ковидын дараа дахиад энэ тухай сөхөхөд нь очиж уулзсан. 

Уух зүйлийн харагдах байдалд ач холбогдол өгснөөс болж хэт их сахар хэрэглээд байх шиг санагддаг. Хүмүүсийн амтны мэдрэмж харилцан адилгүй ч бие рүүгээ оруулж буй хүнсэнд хайнга хандаж болохгүй. Ороод хор болж байвал тэр уух зүйл зурган дээр гоё харагдах эсэх нь огт хамаагүй биз дээ? 

Очтол Мийгаа шууд талбайгаа харуулаад, Батуна (Д.Баттогтох)-тай ч тэнд анх удаа танилцсан. Хамтрах уу, болих уу гэж бодож амжаагүй байтал бүх юм “ОК” болж, тэр өдөртөө партнер болчихсон. Уг нь би бизнесийн хамтрагчдыг гэрлэлтээс дутахааргүй чухал гэж боддог байтал Мийгаа, Батуна хоёрын хэнийг нь ч сайн танихгүй байдаг. Тэгтэл цаанаа нэг л итгэл төрөөд. Ингээд бид гурав эрсдэлийн сангаа байгуулж, яаж ийгээд ард нь гарч коктейлийн соёлыг түгээхээр шийдсэн. Bitsy-ийг нээхээр бэлдэж байхад хөл хорио бүрэн тавигдаагүй байсан тул гэрээсээ ажлаа явуулж, чадахаараа онлайнаар судалгаа хийн, бараа материалаа татахыг хичээж байлаа. Хил хаалттай үеэр засварын ажил эхэлснийг ч хэлэх үү барилгын материалаас эхлээд Монголд байхгүй коктейлийн орц, материалуудыг авчиръя гэхээр хамаг юм нь хаалттай, амаргүй л байсан. Аз болоход бие биенийхээ шийдвэрийг хүндэлж сонсдог, асуудлын шийдлийг олж чаддаг хамтрагчидтай болсноо энэ үеэр ойлгосон. Бизнесээ эхлүүлсний дараа ч, одоо ч асуудал мундахгүй. Гэсэн ч гурван биедээ хань болж, арыг нь даагаад өнөөдрийг хүртэл бизнесээ амжилттай үргэлжлүүлж, хоёр дахь салбар Cantê-ийг ZU-тэй хамтарч нээгээд байна. 

-Монголд ирээд бартендараар ажиллахад төрсөн анхны сэтгэгдэл?

- Манайхны хүсдэг амт их өөр. Миний анзаарснаар өнгөлөг, гоёл чимэглэл ихтэй коктейль уухыг хүсдэг хүмүүс олон. Уух зүйлийн харагдах байдалд ач холбогдол өгснөөс болж хэт их сахар хэрэглээд байх шиг санагддаг. Хүмүүсийн амтны мэдрэмж харилцан адилгүй ч идэж, ууж буй хүнсэнд хайнга хандаж болохгүй. Биед чинь хор болж байвал тэр уух зүйл зурган дээр гоё харагдах эсэх нь огт хамаагүй биз дээ? Алкоголь юм чинь юу ч уусан яадаг юм гэдэг хандлага буруу. Хэтрүүлж хэрэглэвэл юу ч хор болж мэднэ. Тиймээс алкоголь руу буруугаа чихэхээс өмнө өөрсдийнхөө хэрэглээнд анхаараасай гэж хүсдэг. Алкоголь бүр өөрийн гэсэн храктертай. Иймд юу уувал зохидог, зохидоггүй, ямар алкоголийг хэзээ уувал тохиромжтойг туршаад мэдчих хэрэгтэй. Өөрөө олж мэдэхгүй юм бол хэн нэгний хэлснийг дагах эсвэл юу ч хамаагүй уух сонголт л үлдэнэ. Авууштай нь энэ хандлага бага багаар засарч байна. Хүмүүс нэг үеэ бодвол чанартай зүйлийг зохистой хэрэглэж сурч байна.

- Үүнтэй холбоод асуухад 2020 онд дөрвөн авьяаслаг бартендер нэгдээд Bharmoney эвэнтийг зохион байгуулж байсан шүү дээ. Энэ эвэнт коктейлийг сонирхолтой орчинд таашаах боломжийг олгосон гэж боддог. Эвэнтээ цаашид үргэлжлүүлэх бодол бий юу? 

- Дөрвүүлээ хийхээр хүмүүс арай өөрөөр хүлээж аваад байх шиг санагддаг. Бартендарууд хамтарвал бидний нөлөө чамлахааргүй юм гэдгийг Bharmoney эвэнтийг зохион байгуулж байхдаа ойлгосон. Үнэнийг хэлэхэд, тал талд завгүй л гүйж явна. Ойрдоо бид Монголын коктейль салбарыг таниулах зорилгоор гадагшаа нэлээд явж байна. Дахиж хийх санаа байгаа. 

- Бартендаруудын талаарх олон нийтийн ойлголт ямархуу байх шиг байна? 

- Бартендаруудыг зөөгчөө гэж дууддаг хүмүүс байж л байдаг. Тэрнээс гадна хэдэн жил ажиллаад туршлага суугаад ирэхээр насаар ялгаварлан гадуурхах байдал хааяа ажиглагдана. “Өдий хүртэл бартендар хийсээр л байх юм уу” гэж надаас асууж байсан. Миний хувьд бааранд ажиллахад өдөр бүр шинэ кино, шинэ жүжиг үзэж байгаа юм шиг, тэр бүхний нэг хэсэг болж буй мэт гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Олон төрлийн амтаар наадаж, шинэ коктейль зохиох ч урамтай. Бартендараар ажиллаж эхэлснээс хойш 300,400-аад шинэ коктейль, дахин давтагдашгүй амт гаргасан байх шүү. Тийм болохоор 70 нас хүрсэн ч бартендараа хийдэг гоё эмээ болно гэж боддог. 

Алкоголь бүр өөрийн гэсэн храктертай. Иймд юу уувал зохидог, зохидоггүй, ямар алкоголийг хэзээ уувал тохиромжтойг туршаад мэдчих хэрэгтэй. Үүнийг өөрөө олж мэдэхгүй юм бол хэн нэгний хэлснийг дагах эсвэл юу ч хамаагүй уух сонголт л үлдэнэ.

- Тэгвэл эмэгтэй хүний хувьд энэ салбарт ажиллахад хэвшмэл хандлага хэр их мэдрэгдэж байна?

- Эмэгтэй бартендарууд бэлгийн дарамтанд өртөх эрсдэл илүү. Гадаад, Монгол гээд ер хаана ч ажилласан өдөж хоргоох, биед хүрэх гэх мэт асуудал бүрэн арилаагүй байна. Тэрнээс гадна хүүхэд, гэр бүлийн асуудал байна. Жишээ нь, би ирээдүйд хүүхэдтэй болчхоод буцаад ажилдаа орвол намайг яаж хүлээж авах бол гэдэг сонин. Номерт нэгт “Чи хүүхдээ яачхаад энд явж байгаа юм бэ” гэж асуух нь ойлгомжтой. Хүүхэдтэй болсны дараа асарч бойжуулахаас эхлээд эмэгтэй хүн хамгийн багадаа хоёр жил ажлаасаа завсарлага авах шаардлагатай болдог. Буцаад ажилдаа оръё гэхээр “Өө, хүүхэдтэй хүн дэмий, хүүхэд өвдсөн үед чөлөө авна, ажил тасална” гэдэг. Иймэрхүү шалтгаанаас болж эмэгтэй бартендарууд хүүхэд төрүүлснийхээ дараа буцаж ажилладаггүй байж мэдэх юм. 

- Та нэг ярилцлагадаа “Хэрэв би ирээдүйд өөрийн гэсэн бизнес эсвэл баартай болбол энэ салбарт ажиллах эмэгтэйчүүдэд зориулж юм хийнэ гэж өөртөө амласан” гэж дурдсан байсан?

- Манай ажилчдын олонх нь Gen Z. Тэдний дунд хүүхэдтэй эмэгтэйчүүд бий. Эмэгтэйчүүд ямар ч ажил хийсэн ар гэртээ үүрч буй үүрэг хариуцлага, ачааллаас болоод өөрийгөө батлахын тулд бусдаас илүү хичээх хэрэгтэй болдог. Тийм болохоор би дараа дараагийнхаа эмэгтэйчүүдэд боломж гаргаж өгөхийг хүсдэг. Харин хүүхэд, гэр бүлийн асуудал дээр хүйс харгалзахгүй ойлгож, дэмжихийг бодно. Тэнцвэрт байдал үргэлж 50/50 байхгүй шүү дээ. Заримдаа 40/60, заримдаа 60/40 байж ч болно. Юмыг өөртөө ойр тусгаж авдаг болоод ч тэр үү залуусынхаа амьдрал, ирээдүй, аз жаргалыг надаас хамааралтай гэж бодож ажилладаг. Асуудал гараад надад хандахад нь “Өөрөө учраа ол” гээд хаячхаж чадахгүй хүн гэдгээ ойлгосон (инээв). 

Олон төрлийн амтаар наадаж, шинэ коктейль зохиох ч урамтай. Бартендараар ажиллаж эхэлснээс хойш 300,400-аад шинэ коктейль, дахин давтагдашгүй амт гаргасан байх шүү.

- Z үеийнхэнтэй ажиллах хэр байна? 

- Гайгүй. Хүмүүс асуудлыг хэт дөвийлгөөд байх шиг. Мэдээж шинэ үеийн залуус, ажил олгогчдын аль алинд нь асуудал байгаа. Бүхий л эрин үед ийм асуудал гарсаар ирсэн. Нэгэнт ирээдүйтэйгээ зохицож амьдрах шаардлагатай болсон хойно урьд нь яаж ажиллаж, амьдардаг байснаа сөхөх шаардлагагүй гэж бодож байна. Бид нойр хоолгүй, долоо хоногийн 60,70 цаг ажилладаг байсан, гэтэл сүүлийн үеийн залуучууд 40 цаг ч ажиллаж чадахгүй байна гэдэг. Мэдээж ажиллаж чадаж байгааг нь үнэлж, урамшуулж сурах хэрэгтэй. Харин яагаад бидэн шиг олон цаг "гомдоллохгүйгээр" ажилласангүй вэ гэж зэмлэх эрх байхгүй гэж бодож байна. Хямралын үед дэлхий нийтээрээ аягандаа хоолтой, мөрөндөө хувцастай, хоргодох байртай байхын төлөө л амьдарч байсан. Өнөө үед бидний амьдрал хавьгүй баялаг, үзэж харах, биеэр туулж мэдрэх зүйлс олон болчхоод байна шүү дээ. Тэр бүхнийг хүртэж амжихгүй, ажиллаж явсаар насыг барвал харамсалтай биз дээ? 

- Монголд энэ төрлийн бизнес эрхлэхэд юу нь хамгийн халширмаар вэ?

- Хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл миний санааг хамгийн их зовоодог. Хоорондоо гар зөрүүлэхээс эхлээд хэрэлдэх, хэл амаар доромжлох, эмэгтэй үйлчлүүлэгчдийг хоргоох явдал тасардаггүй. Маргааш нь ирээд “Уучлаарай, би согтуу байсан юм” гэж хэлээд буруутай үйлдлээ хаацайлах гэж оролддог. Бид зарим нэг үйлчлүүлэгчдийг зохисгүй үйлдэл гаргасных нь төлөө Bitsy, Cantê-аар үйлчлүүлэхийг тодорхой хугацаанд хориглодог журамтай. Сарын дараа ирж уучлалт гуйгаад, дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлбэл үйлчлэх эрхийг нь нээх жишээний. Ингэж ажлын орчин, бусад үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалахаас өөр аргагүй. Асуудалгүй нэг үдшийг өнгөрүүлж, залуус маань ч  сэтгэл хангалуун үйлчлээд, ажилдаа урамтай байх тэр мөчүүдэд би хамгийн их жаргалтай байдаг. 

- Таны бодлоор ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

- Бид бусдын юу туулж, ямар бэрхшээлтэй явааг мэдэхгүй шүү дээ. Бүгд л өөр өөрийнхөө хэмжээнд зоригтой, шийдмэг байж тулгарсан асуудлаа даван туулахаар хичээж байгаа болохоор бүх эмэгтэйчүүдэд "та нар эрэлхэг шүү" гэж хэлье. 

- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
31
1
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.