Заримдаа романтик кино үзэж “эмормоор” эсвэл гэгэлзмээр санагддаг л биздээ. Тийм бол та энд дурдсан кинонуудыг сонирхоод үзвэл яаж байна?
1. One Day (2011)
Сургуулиа төгссөн оройг цугтаа өнгөрүүлснээсээ хойш тэд хэдийгээр хоёр өөр тийш салан одох ч жил бүрийн яг л тэр өдрөө эргэн уулздаг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд өөр өөрийн замаар явах хэдий ч эцэст нь бүхий л амьдралынхаа турш нэг нэгнээ л хайж байснаа ухаардаг.

2. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)
Нэгэн залуу бусдаас содон, хөнгөн явдалт бүсгүйд ухаангүй дурлана. Гэвч тэрхүү бүсгүй өөрийг нь мартахын тулд дурсамж устгах тархины эмчилгээнд орж, түүнтэй холбоотой бүх дурсамжаа устгуулсан байдаг. Зовж шаналсан залуу ч мөн дурсамж устгах эмчилгээнд орох боловч оюун бодолд нь тодоос тод үлдсэн хайртай бүсгүйгээ өөрөөсөө хүртэл харамлан байгаагаа мэдэрч, зөвхөн өөрсдийн гэх төсөөллийн орон зайдаа хамтдаа амьдарч эхэлнэ. Энэ киног эхний удаа үзээд та нэг их зүйл ойлгохгүй байж магадгүй юм. Харин хоёр, магадгүй гурав дахь, удаагаа үзээд таны тархинд энэ киноны үйл явдлаас өөр юу ч бодогдохоо болино гэдэгт итгэлтэй байна.

3. About Time (2013)
Хэрвээ та цаг хугацаагаар аялж чаддаг байсан бол өнгөрсөн рүүгээ буцаад бүхнийг өөрчлөх байсан уу? Магадгүй үнэхээр боломжтой байсан бол маш олон хүмүүс өнгөрсөн дурсамжаа өөрчлөх байсан байх. Гэвч болох ёстой зүйл болдгоороо л болох учиртай. Хэчнээн та хүсэхгүй байсан ч, эцэст нь тухайн зүйлтэйгээ нүүр тулгарах л болно. Энэхүү кинонд удам дамжсан онцгой чадвартай залуу, заяаны ханьтайгаа учирч хуримаа хийх болно. Гэвч тэр үеэс л залуу онцгой чадварынхаа талаар мэднэ. Улмаар өнгөрсөн рүүгээ очоод алдаа бүрээ залруулахыг хичээх боловч амьдралд болох ёстой зүйлс болдгоороо л болдог гэдгийг ойлгож авах болно.

4. Notting Hill (1999)
Түүх Лондонгийн Ноттинг-Хиллийн нэгэн дүүрэгт эхэлж тэндээ дуусна. Аяллын барааны дэлгүүрт ажиллах залуу болон тус хотод ирсэн нэгэн бүсгүй санаандгүй нэг нэгэнтэйгээ танилцах ба үйл явдал хурдацтайгаар өрнөж тэдний амьдрал орвонгоороо эргэнэ.

5. Eat Pray Love (2010)
Амжилттай яваа зохиолч Элизабет гэнэт хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаагаа ухаарч бүхнээ орхин өөрийгөө нээх аялалд гарна.

6. 500 Days of Summer /2009/
Хайр дурлал, үерхэл, харилцаа холбоо бодит амьдрал дээр ямар байдаг, хэн нь шархалж үлдээд, хэн нь шархлуулаад үлдээдгийг энэ кинон дээрээс л төвөггүйхэн, нэмэлт хачиргүй харж болох мэт. Эхэндээ тэд энгийн найзууд байна, сүүлдээ бие биедээ татагдаж, дурлаж эхэлнэ. Тун удалгүй үнэнчээр хайрлаж явсан нэг нь шархалсан зүрхээ тэврээд, харин хоёрдмол сэтгэлтэй нэг нь өөрийгөө аргалаад явчихдаг. Гэхдээ л энэ киноны дуунууд, зураг авалтууд бол үнэхээр ярих ч юм биш.
7. Submarine (2010)
Энэхүү киноны гол дүр болох Оливер эцэг эхийнхээ салалтыг болиулж, мөрөөдлийн охинтойгоо учрах гол зорилгыг өвөртөлж явдаг нэгэн. Хүний мөн чанарыг тод томруун харуулж чадсан гайхалтай кинонуудын нэг яриангүй мөн.

8. The Perfect Date (2019)
Брүкс бол үнэтэй сургуульд сурч, тасархай машин унаж, алдартай охидтой болзох мөрөөдөлтэй түргэн хоолны тогооч залуу. Даанч мөрөөдлөө биелүүлэхэд хүрэлцэхүйц мөнгө түүнд байхгүй. Тэгээд тэр санамсаргүй байдлаар сэтгэсэн шинэ бизнесээ эхлүүлэх болно. Энэ юу вэ гэвэл? Болзоот залуу болох. Хүн бүрт таарсан түрээсийн болзоот залуу.

9. The Fault In Our Stars (2014)
Хорт хавдартай охин, түүнд дурласан үнэнч хөвгүүн хоёрын хөгжилтэй хэрнээ хөнгөхөн гунигтай энэ кино нь жүжигчдийн ур чадвар, зохиол, киноны дуу зэргээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Ямартай ч таны сэтгэлийг хөдөлгөж, нулимс дуслуулах кинонуудын нэг гэж хэлмээр байна.

10. Midnight Sun (2018)
Кэти Прайс охин генийн эмгэгээс болж бүхий л насаараа өдрийн нарыг харж чадалгүй өссөн бөгөөд нарны хэт ягаан туяанд хэдхэн хором болох төдийд үхлийн аюул учирч мэдэх ажээ. Тэрээр бусдын адил өсөж томрон өсвөр насанд хүрч, гадаах ертөнцийг сонин хачин үлгэр туйлын мэт санах болж, хайр дурлал шохоорхол хийгээд цөм бүгд үл таних нууц мэт. Ингэж явсаар үргэлж цонхоороо ширтэн суудаг байсан Чарли Рийд гэх залууг нууцхан хүсэмжлэх болов. Өдрийн цагаар гэрээс гарч болохгүй Кэти охин шөнийн оройгоор Чарлитай уулздаг болсон ч өөрийн өвчний талаар хэлэх зүрх зориг түүнд дутав.

Мэдээг бэлтгэсэн: Д.Учирал