Английн замын тэмдэг "Squid Game" цувралтай холбоогүйг мэдэгджээ
Английн Тээврийн цагдаагийн албанаас Слоу хотын Т4 уулзвар дахь замын тэмдэг Netflix-ийн "Squid Game" цувралтай огт хамааралгүй болохыг мэдэгдлээ. Уг тэмдэг нь ердөө замын эргэлтийн засвар ажил хийгдэж буйг дүрсэлсэн болохыг нийт жолооч нарт анхааруулжээ.
Тэмдэг дээрх дөрвөлжин, тойрог, гурвалжин дүрс нь "Squid Game" цувралынхтай тун төстэй харагдсаны улмаас олон жолооч төөрөгдөж, лавлах утсанд дуудлага ирүүлж, өөрчлөхийг шаардаж, ямар нэг байдлаар "тоглоом" руу орохыг завдан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөөр байсан тул ийнхүү албан мэдэгдэл гаргасан гэнэ.
"М4 уулзварын тэмдэг таныг "Squid Game" тоглоом руу хөтлөхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Өмнөд Солонгосын "Squid Game" цуврал нь цацагдсан даруйдаа 28 хоногийн дотор 111 сая үзэгчтэй болсон бөгөөд 82 сая үзэгчийг хамран Netflix-ийг тэргүүлж байсан "Bridgerton" цувралын дээд амжилтыг эвдээд байна.
Эх сурвалж: BBC