Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Бороотой өдрүүдэд санал болгох "сэтгэл гэгэлзүүлсэн" шүлгүүд


"Yiruma"-гийн төгөлдөр хуурын намуухан аяыг эгшиглүүлэнгээ шүлгээ уншиж, бороотой өдрүүдийг жинхэнэ утгаар нь мэдрээрэй.


Хэтэрхий бүүдгэр, зэврүү оргиод...
Улаанбаатарт бороо орж байна
Хэн ч чамайг орлож чадахгүй...
Улаанбаатарт бороо орж байна

Үнэрийг чинь хайж өөрийгөө үнэрлээд л...
Улаанбаатарт бороо орж байна
Үсээ самнаагүй, зүсээ тольдоогүй өдрүүд...
Улаанбаатарт бороо орж байна

Харчихмаар юм юу ч алга, гэр хоосон...
Улаанбаатарт бороо орж байна
Хаа эрт орж л байсан бороо
Улаанбаатарт бороо орж байна

Чамгүйгээр бороо орж,
Чамгүйгээр би амьсгалж, цохилж байна
Итгэмээргүй юм, үнэмшмээргүй юм
Энд, чиний эзгүйд бороо орж байна..

Л.Өлзийтөгс

Л.Өлзийтөгс "Үзэхийн хязгаар"

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч буцаж ирэхээргүй явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан...Дараа нь удаан бороо орсон

Хойноос нь гүйж гараад үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов,
нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан

Бүдэгхэн дууг минь сонсох гэж аяархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан

Гуйгаад уйлахад нь жишүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна...

1998.9.21


Л.Өлзийтөгс "Үзэхийн хязгаар" 172-р тал

ДҮР

Дүр эсгэж
Эсгэснээ эвтэйхэн зүйж
Эвлүүлэн оёж
Энд тэнд явахдаа
Ээлжлэн зүүж
Уулзах хүн бүрийнхээ таашаалд зориулан
Углах дүрээ халаасан дотроо хулгайч шиг тэмтэрч
Бие биеийнхээ эсгэсэн дүрийн уран нарийнийг
Биширч, халуунаар тэврэлдэн салаад
Алжаасан бээр үдэш нь хуучин толины өмнө
Амгалан, хүндтэй, ухаантай, дорой, омголон, завхай
Зүсэн зүйлийн зүйдэл болж зүдэрсэн царайгаа харан зогсохдоо
Зүрхээр үхэж, хэнд ч юм хачин ихээр гомдож.., тэгээд хутга шүүрэн
Эсгэсэн дүрүүдээ хайр найргүй ханз татна.., хурц мэдрэмж...
Эсгэчихсэн нүүрээ цочин дарахуй
Алган дотор час улаан гуниг..., тайвшрал, тэгээд нэг асуулт?
Амьдралд БИД байдаг гэж үү?

Б.Баясгалан "Эдгэрэл" шүлгийн түүвэр

Хотын дээрх тэнгэрийг хэн ингэтлээ гомдоочихоод
Хорин хоног тасралтгүй бороогоор уйлдаг байна аа
Гуниж дуслуулсан нулимсыг нь алгандаа тосч хөнтөрчихөөд
Гурван хоног би чинь согтуу юм шиг л алхаллаа
Үнэ хямдтай гоёлын шаахай бидний гунигийг даасангүй
Үүл болоод солонгын тухай үглэж дуулаад ч сонссонгүй
Норсон гэзэг, гандмал шүхэр, чихарсан нойтон савлуур л
Ноднин жилийн тэнэгхэн дурлалын тунгалаг шаналлыг сэдрээнэ дээ
Үргэлжийн бүүдгэр бүхэнд ингэтлээн адгаж дасчихаад
Үүр цайхад нар мандчихсан байвал үхмээр л санагдах байх даа.

Б.Баясгалан "Эдгэрэл" шүлгийн түүвэр


Борооны чийг шиг чиний үнэр
сэтгэлийг минь ѳѳртѳѳ цонх шиг татдаг.
Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг
бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг.
Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур
охидод уншсан шүлгийн мѳрүүдээс ч үнэтэй санагдах
эл хульхан гудамжаар ус туучин алхахуй
амар амгалан ганцаардлыг мэдэрнэм.
Харанхуйн тухай цог шиг тѳсѳѳллийг минь гартаа атгаад хаа нэгтээ гүйж яваа жаахан минь
үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг
үүлс сэмрэхийг хараад л салхинд дургүй хүрдэг.
Хагацалд цоо дүрүүлсэн шѳнийг цолмон од сорох мѳчид
харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд ѳѳрийгѳѳ ѳрѳвдѳж эхэлсэн.
Хавирган цаана нэг зүйл хатгуулдан ѳвдѳж жигүүр минь хугарахад
халуун цусаа асгаруулан байж ѳлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн.
Даанч бидний хэн хэнд нь
дарвуулт хѳлѳг шиг бардам зан заяасан.
Эрхэмсэг зан үзэсгэлэн гоо чинь хүртэл
эхлэлээсээ холдож чадаагүй тѳгсгѳл байсныг ухаарсан.

Б.Алтанхуяг "Шувуудын гүн ухаан" 72-р тал

БОРООТОЙ ӨГЛӨӨ

Бодлогоширсон цонх нүд шиг нулимсарна
Бороо яах вэ дээ . Нөгөө л бороо шүү дээ
Босъе доо...Хөнжилдөө гал ноцтол
Бодлоо гээд , дэргэд чи ирэх биш

Навчсан шүхэртэй наадаад байх шиг хэрнээ
Намрын бороо цаанаа л нэг гунигтай
Намайг сэрээсэн дээвэр төмрийн нижигнээ
Намсан намссаар дасал болчих нь гунигтай

Болиосой доо гэмээр уйлагнанхан зүсэрч
Бодлоор болдоггүй бороо цонхонд нулимсарна
Сарнайд өргөс ургаагүй бидэн хоёрын зун
Сайхан л зүүд болохоос , ямар дурдатгал биш
Босъе доо ...


Г.Аюурзана
1990 он
Уран бүтээлийн " Бясалгал " яруу найргийн түүвэр 2013 он


Бороо орж байна уу даа гадаа
Бодол минь сэргэх чинь
Болдогсон бол дахиад хүүхэд болохсон
Бор биeэ гаргаад
Бороон дундуур гүйхсэн дээ
Шивэрч байна аа бороо,
зөөлөн шивэрч байна
Сэтгэлийн гунигаа орхиод би
Ширхэгнийх нь дусал мөнгөхөн гэрт
Сэмхэн тэгээд нуугдчих юмсан…

Д.Нямсүрэн


Хувцсан дээр минь үлдсэн хурууны чинь хээ
Чамайг надтай байлгаж байна
Уруул дээр минь үлдсэн уруулын чинь хээ
Намайг ганцаардуулахгүй байна
Нүдэн дотор минь үлдсэн чиний харц
Надад тайтгарал өгч байна
Нүүрнээс минь туяарах чиний төрх
Надаас улам тод харагдаж байна
Алхаанд минь шигсэн чиний алхаа
Улам л сайхан харагдаж байна
Анх чамайг харсан өдөр шиг энд
Усан бороо шаагиж байна.


О.Элбэгтөгс "Чимээгүй хот" 29-р тал


Гарт гар чинь бас борооны шүхэр атгаастай, шалба норчихсон биднийг
Гатлах ёстой усанд автсан олон гудамж хүлээж байлаа
Гэвч төд удалгүй бороо зогсож, тэнгэр цэлмээд
Хөтлөлцөх хэрэггүй, шүхэр ч тээртэй санагдаад
Тэгээд л хэн хэн нь гараа тавиад
Тэр чигтээ салж одсон доо
Хэрэв тэр өдрийн бороо
Хэдхэн хором илүү асгарсан бол
Аль нэг дусалд нь бид хамтдаа
Амжиж нуугдаж чадах л байсан
Ахиад жаахан хугацаа байсан бол....


Мө.Батбаяр "Өртөөн дээр хэлэгддэг үгс" яруу найргийн түүвэр

Нийтлэлийг бэлтгэсэн Д.Хулан

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
2 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.