Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Фото: Намрыг угтсан "Poetry Night"-ийн нэгэн үдэш


Өнгөрсөн даваа гарагт буюу есдүгээр сарын 9-нд намрын эхний "Poetry Night" болж өнгөрлөө. Тэр үдэш залуу яруу найрагчид дээр нэмэгдээд хүндэт зочин яруу найрагчид хүрэлцэн ирсэн хүмүүсийг бүтээлээрээ уярааж бас гайхшруулсан юм.

Гэрэл зургуудыг: Г.Булгантамир 

Инстаграм: bulgantamiraa

Манай зочин яруу найрагчдыг сонсохоор зорин ирсэн хүмүүс олон.

Шинэ үеийн яруу найргийн содон төлөөлөл Ороолонгийн Элбэгтөгс. Уран бүтээлийн гараагаа "Чимээгүй хот" (2008) яруу найргийн түүврээр эхлэснээс хойш "Эмгэнэлийн үр хөврөл" (2012), "Чөлөөт шувуу" (2015), "Тэнцвэр" (2019) яруу найргийн түүврүүд, "Бүслэлт" (2015) өгүүллэгийн түүврээрээ өөрийгөө хэр чансаатай, давтагдашгүй уран бүтээлч болохыг хэдийн баталжээ.

ОДОО Ч ГЭСЭН ЦҮНХНЭЭС ТАНЬ АЛИМ УНАСААР БАЙНА

Аавдаа зориулав

Амьдралд бүх зүйл өөрчлөгдөж, ээж минь өтөлсөн
Амгалан инээмсэглэх таны зурагтай үргэлж ярилцдаг
Хэн нэгний зохиосон хувь тавилангаар замнаагүй, хүү нь
Хэлж сургасан бүхэн тань үнэн байсан гэж хэлж чадахгүй

Алхам тутамд тулгарах худал хуурмаг бүхнээс зугатах гэсэн
Аргаа барсан хүсэл минь амиа хорлох өчүүхэн оролдлого
Гэвч би таньд, бас ээждээ, гэрэл гэгээ, ертөнцөд хайртай
Гар минь мэс атгаад л үүнийг ухаарсан, яг л гэгээрэл шиг

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
“Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ.”

Таны алхдаг гудамж, таны ажлын газар, танил найзууд
Танихын аргагүй их өөрчлөгдсөн. Олны хөлд элсэн.
Орон гэрийнхээ босгыг л таних байх, таниас хойш
Орж гардаг хүмүүс ховордсон. Бороо орох нь цөөрсөн.

Зүүдэг зангиа, өмсдөг малгай, зарим нэг хуучин цамц
Зүүд аргаддаг дээл тань дэрэн дор минь одоо ч бий.
Дуу хоолойг тань мартчих вий гэсэн айдас эзэмдэхэд
Дуу зохиож таны хоолойгоор дуулаад үр нь тайвширна

Одоо ч гэсэн цүнхнээс тань алим унасаар л байна
Олон олон алимнуудаас би амьдралын гүн ухааныг өөртөө нээсэн
“Амьдрал эгээ л алим шиг, харахад сайхан, хазахад амттай
Аманд торох өчүүхэн хальсыг ч аль болох залгихыг хичээ.”

Яруу найрагч Х.Одончимэг. Түүний бүтээлүүд таны сэтгэлийн утсыг эгэл үгсээрээ хөндөж чадна.

Хүрч туулах ёстой зам минь намайг энд авчирлаа
Хүлээсүүд нэг, нэгээрээ алдуурахад далавчтай гэдгээ би сая мэдлээ
Хүйтэн алга, хүйтэн уруулын алинд нь чи хайртай вэ?
Хүнийх юм шиг гэж зэмлүүлдэг би жинхэнээсээ одоо хүнийх боллоо

Гомдож хэлэх үг одоо надад үлдээгүй
Гол зурах харуусал, цээж өөд өгсөх тэмүүлэл үгүй
Эвлэрэл бүхнийхээ дор үсээ дэвсээд
Энгэртээ сүүлчийн удаа чамайг тэвэрлээ

Хүйтэн алгандаа тэгээд нэг од олж атгалаа
Хөх урууландаа харин улаан навч зуулаа
Хүлээсний мөртэй, эрэмдэг далавчаа дэлгэлээ
Хүнийх юм шиг гэж зэмлүүлдэг ч чамайг өөрийнх юм шиг л үдлээ би

Зөгнөж зүүдэлсэн шигээ бид үнэнээсээ хагацлаа
Зөрөөд өнгөрсөн ч чам руу сарвайх гар үгүй боллоо

Манай хамгийн олон хүнийг шуугиулж чадсан нэгэн зочин бол модернист яруу найрагч Б.Галсансүх. Тэр бол гарцаагүй энэ удаагийн эвентийн маань нэгэн чимэг билээ.

Гэгээн гуниглал минь
Гадны хүн орж болохгүй гэсэн бичигтэй тэнцүү.
Тунгалаг инээд минь
Тамирдсан сэтгэлийг минь илааршуулахгүй. Ариун хайр минь
Авсанд орсон хойно үнэд орно.
Харанхуй ганцаардлыг минь
Хэн ч анзаарахгүй.
Цайлган бачуурал минь
Цаг хугацаатай тэмцэлдүүлнэ.
Хөнгөн алхаа минь
Харалган болгосноос цаашгүй.
Зүүрмэглэх төдий нойр минь
Зүүд гэдэг өвчнийг сэдрээнэ.
Хувирамтгай сэтгэл минь
Хорин дөрвөн цагт
Хэлэхийн аргагүй нэг л зүйлд
Хувьсгалч шиг зовно.
Хувирашгүй шаналана.
Өөрийгөө таних гэж оролдсон минь
Өвчин болж хувирав.
Өргөс шиг авчихаж болохгүй энэ өвчин
Үхсэн хойно ч салахгүйг би мэдэв.

Яруу найргийн үдшийг шүлэг найраг сонирхогч залуусгүйгээр төсөөлөх аргагүй. Тийм ч учраас тэдний тайзан дээр гаран зоригоо чангалан унших шүлгүүд хамгаас амттай. Мөн Fat Cat Jazz Club-ийн чадварлаг хөгжимчид, уран бүтээлчид, өнөөгийн жазз хөгжмийг дэлгэрүүлэгчид ч мөн энэ үдшийг дуу хөгжмөөр мялаав. Энэ бол гарцаагүй шүлгийн үдшийн сайхан нээлт байлаа.

Та бүхэн дараа дараагийн эвентэд оролцох бүрэн боломжтой юм шүү. Бид шүлгээ унших хүсэлтэй хүмүүсийг бүртгэдэг бөгөөд эвент болгон зарладаг байгаа. Чих тавин хүлээж байгаарай!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
17 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
3
22 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

аа 2019.09.13 203.91.116.185

Зарладаг байгаа биш зарладаг гээд л болно шүү дээ. Тэгдэг бгаа ингэдэг бгаа гэж буруу найруулга

0 Хариулах


Зочин 2019.09.12 59.153.85.95

neg shuleg unshchii geed utasaa maajaad baidag oloogui shu

0 Хариулах