Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Humans of [Д]Улаанбаатар: Хотын хамгийн "дулаан" хүмүүсийн 5 төлөөлөл


Шинэ он биднийг шуудхан л сорьж эхэлсэн энэ өдрүүдэд та дархлаагаа дэмжиж, хувийн ариун цэврээ сайн сахиж байгаа биз? Эргэн тойрны хүмүүстээ анхаарал халамж тавьж, хайр түгээснээр та энэ хотыг "дулаахан" болгож чадна. Ингэхэд та өвлийн хүйтэн улиралд "UB Passport"-оо хэр их ашигласан бэ? “UBPassport 2020”-ийн хугацаа дуусахад хоёрхон сар үлдсэн ч гэсэн гуниглах хэрэггүй дээ. "Sip’n See Coffee and Wine" ирэх 3 дугаар сарын 2-нд нээлтээ хийх болно.

"Sip’n See Coffee and Wine" гэж юу вэ?

"Sip’n See" паспорт ногоон өнгөтэй байдгаараа UBPassport-аас ялгардаг шүү дээ. Бас зөвхөн уух зүйлстэй чамин, нандин газруудыг хэлж өгдөг. Харин энэ удаа "Sip’n See Coffee and Wine" зөвхөн кофе, дарс болон боба цайны газруудыг багтааж буйгаараа онцлог болоод байна. "Sip’n See Coffee and Wine" нээлтийн арга хэмжээ Шангри-Ла Моллд 3 сарын 2, 3-ны өдрүүдэд болно.

Та бүхэндээ Улаанбаатар хотын хамгийн дулаан хүмүүсийн төлөөллөөс танилцуулж байна.

Д.Баттогтох (23 настай)

“UBPassport 2020” түүнд маш олон сонирхолтой зүйлс авч “ирсэн”

-Хамгийн “дулаан” хүмүүсийн нэг та өөрийгөө танилцуулаач?

Би Эрдэнэт хотод төрж, өсөн, ахлах сургуульд ордог жил хот руу “Шинэ эрин” сургуульд шилжиж ирсэн. 2019 онд Америк улсад барилгын менежмент чиглэлээр коллеж төгсөөд ирсэн. Удахгүй Сиэтлд магистраар суралцах бодолтой байгаа. Одоохондоо эрхэлсэн ажилгүй байгаа ч гэсэн өдөр бүр шинэ зүйлд суралцаж, туршиж үзэх дуртай. Тэр хүслээрээ “UBPassport 2020”-ийн эзэмшигч болсон. Миний хувьд найзуудтайгаа тэр бүр уулзаад байдаггүй юм. Гадаадад сурдаг хүмүүс ер нь тиймэрхүү байдаг л даа. Амралтаас амралтын хооронд л эх орондоо ирж гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзана. Харин би энэ удаагийнхаа амралтыг “UBPassport 2020”-той өнгөрүүлэхээр шийдээд шинэхэн паспорт эзэмшигч болсон юм. Тэгсэн энэ паспорт намайг маш олон шинэ хүмүүстэй танилцуулж, олон сонирхолтой газруудад аваачсан. Улаанбаатар хот маань төсөөлснөөс ч том юм билээ. Тэгээд энэ амралтаараа их ч юм үзэж, шинэ зүйлийг мэдэрлээ. Хот минь нээрээ л үзэж харах юм ихтэй, адал явдалтай юм байна гэдгийг сүүлийн 2 сар биеэрээ мэдэрсэн дээ.

-Өвлийн улиралд Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

Калифорнид өвөл нь цас ордоггүй болохоор ямар ч өвлийн уур амьсгал байхгүй үнэхээр гунигтай байдаг. Харин Улаанбаатарт бол цана, чаргаар гулгана. Ядаж л болзож байгаа охиныхоо нүүрийг цасаар угаачихна.    Улаанбаатар хотод минь цас ордог болохоор их гоё санагддаг.

-Таны хувьд Улаанбаатар хотын хамгийн дулаан цэг хаана байдаг вэ?

Миний хувьд найзуудтайгаа байгаа газар бүхэн л дулаан санагддаг. “UBPassport 2020”-д орсон бүх л газрууд дулаанаас дулаан байсан. Учир нь паспортын санал болгосон  газруудыг найзуудтайгаа л хамт зорьж, цагийг үнэхээр галзуу өнгөрөөж чадсан. Баярлалаа, бас баяртай “UBPassport 2020” <3

А.Наранбаатар (36 настай)

“Ceramic Art Studio”-ын үүсгэн байгуулагчдын нэг

-Хамгийн “дулаан” хүмүүсийн нэг та өөрийгөө танилцуулаач?

2012 онд "Ceramic Art Studio"-г ахтайгаа хамт үүсгэн байгуулсан. "Ceramic Art Studio" бол манай ээж, аав, ах, эгч гээд бүгдээрээ гар бие оролцдог гэр бүлийн бизнес. Ерөнхийдөө гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлэх гэж зорьдог үйлчилгээний газар гэж болно. Хэдийгээр би технологийн салбарын хүн ч гэсэн "Ceramic Art Studio"-гийн үйл ажиллагаанд оролцоод явдаг. Сонирхолтой зүйл нь гэвэл би өөрийгөө манай "Ceramic Art Studio"-гоор үйлчлүүлэгчдийн нэг жишээ гэж боддог. Яагаад гэвэл надад энэ урлагийн талаар ямар ч мэдлэг, мэдээлэл байхгүй. Шавар урлал хийхэд урлагийн мэдрэмжтэй эсвэл керамикч хүн ирэх шаардлагагүй. Энэ зүйлийг хийж үзмээр байгаа хүн болгон хийх боломжтой. Харин зарим урлагт тийм боломж байдаггүй шүү дээ. Жишээлбэл зураг зурахад ямар нэгэн хэмжээгээр гарын ур дүй хэрэгтэй. Харин шавар керамик гэдэг чинь өөрөө хэрэглээний урлаг. Хэрэглээний урлаг учраас хэн ч хийх боломжтой байдаг.

-Өвлийн улиралд Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

Шинэ жилийн баяр, цас орох, он солигдох мөч. Цас бидэнд олон сайхан учралыг авчирдаг. Цас орохоор гадуур гарах санаа их төрнө, найз нөхөд, гэр бүлээрээ агаар салхинд гарах үе ч их бий.

-Таны хувьд Улаанбаатар хотын хамгийн дулаан цэг хаана байдаг вэ?

Энэ асуултыг сонсоод хүмүүст хамгийн түрүүнд гэр нь бодогдох байх. Гэр гэдэг чинь гэр бүл байгаа газар шүү дээ. Тэгэхээр гэр бүлтэйгээ хамт байгаа газар болгон л миний хувьд хамгийн дулаан байдаг даа. Манай "Ceramic Art Studio"-доо гэр бүлийн уур амьсгал бүрдүүлэхийг зорьж ажилладаг болохоор бид энэ газрыг ч бас хамгийн дулаан газар гэж итгэдэг.

П.Анар (30 гаруй настай)

UBPassport төслийг санаачлагч "UBPM" компанийн үүсгэн байгуулагчдын нэг

-Хамгийн “дулаан” хүмүүсийн нэг та өөрийгөө танилцуулаач?

Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Хөгжим тоглож, дуу дуулах дуртай. Бас кино үзэх дуртай. Сагс, хөлбөмбөг тоглодог. "UBPassport" төслийг буюу "UBPM" компанийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. "UBPassport"-ыг хамгийн анх бид хөнгөлөлт гэж харж байсан. Гэтэл бид явц дундаа үйлчилгээний газруудынхаа байршлыг гаргаж харахад тэр нь өөрөө Улаанбаатар хотын газрын зураг болж байсан. Тэр мөчид энэ бол нэг төрлийн хөтөч юм байна гэдэг утгаар жуулчдад зориулж англи хэлээр анх паспортаа хэвлэж байсан. Энэхүү дэвтэр маань апп, карт, вэб сайт биш паспорт гэх бодитой, биет зүйл болсон шалтгаан нь сувинер буюу дурсгалын зүйл болгож эзэмшигчдэдээ үлдээх зорилгоос үүдсэн. Хотын маань газрын зурагтай артворк, концепц, өнгө аяс гээд бүх зүйл дээр нь бид нар маш өндөр ач холбогдол өгдөг. Бас нөгөө талдаа хүн дайлах Монгол соёлыг илүү орчин үежүүлж, нэг ёсондоо би нэг зүйл аваад дахиад нэг юм үнэгүй авч байгаа бол түүгээрээ хамт яваа хүнээ дайлдаг концепцоор паспортыг хийж байсан. Эсвэл заавал найз нөхөд биш хэн нэгэн даарч байгаа хүнийг ч дулаацаарай хэмээн дайлж болно шүү дээ. Ялангуяа хамгийн анх бид "Sip’n See" паспортаараа “Дулаан яваарай” гэх санааг сэдэж Сүхбаатарын талбайгаар явж байсан хүмүүсийг халуун аарцаар дайлах аян өрнүүлж байсан. Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн хүйтэн хот гэдэг хэдий ч халуун, дулаан, зочломтгой зангаараа бид хотоо дулаалцуулдаг.  

-Шинэ "Sip’n See Coffee and Wine" паспортын хувьд ямар онцлогтой байгаа вэ?

Дарс бол дэлхий нийтийн гол хүнсний бүтээгдэхүүний нэг болчихсон. Кофе, дарс хоёрыг хослуулж байгаа нь хамгийн супер комбо болж байгаа болов уу. Дарс бол нэг талаасаа согтууруулах ундаа юм шиг боловч хэрэглээ талаасаа соёл, хоолны маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Хоол идээд хүн дарс уудаг. Түүнээс биш хүмүүс тойрч суугаад архи ууж байгаа юм шигээр дарсыг уудаггүй шүү дээ. Гэхдээ зарим тохиолдлыг эс тооцвол.

 -Өвлийн улиралд Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

Шинэ жил гоё. Хот гэрлээр бүрхэгдэж өөрийгөө чимэглэдэг. Би Сансар орчимд төрж, өссөн. Бид нарыг жаахан байхад утаа гэж байгаагүй юм. Салхитай, дөнгөж цас орсон орой хотын гудамж их гоё болдог. Сансар орчмын гудамжаар явган хүний замын цас мөстчихсөн, хүүхдүүд гулгаад л явна. Тэр үе л шууд нүдэнд бууж байна. Харин одоо бол Сөүлийн гудамж, циркийн ойр орчмоор гэрэлтүүлэг ихтэй учраас их гоё харагддаг.

-Таны хувьд Улаанбаатар хотын хамгийн дулаан цэг хаана байдаг вэ?

Маш олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ би өөрийнхөө гэрийг онцолмоор байна. 2 шалтгаантай. Хамгийн түрүүнд мэдээж миний гэр учраас дулаан мэдрэмж төрүүлдэг. Харин 2 дугаарт манайх үнэхээр халуун. Зүгээр сууж байхад ч хөлс гардаг. Хүүхдүүд маань хөл нүцгэн л явж байдаг. Манай цонхоор нар их тусдаг болохоор паараа багасгаад ч халуун бас хамгийн дулаан.

Д.Болор (31 настай)

“УуЛаа” фэйсбүүк группийн гишүүн

 -Хамгийн “дулаан” хүмүүсийн нэг та өөрийгөө танилцуулаач?

Би сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч маркетингаар ажилладаг. Одоохондоо маркетингийн бүүст менежмент, дата анализ тал дээр ажиллаж байгаа. Хажуугаар нь хоббигоороо рекламын зураг авалтын засал чимэглэл бэлтгэх зураачийн ажил хийдэг. Мөн “УуЛаа” фэйсбүүк группийн идэвхтэн гишүүн. “УуЛаа” бол сонирхлоороо нэгдсэн бүтээлч залуусын групп. Ерөнхийдөө залуу гишүүдтэй, шинэ сонин зүйлийг турших дуртай, салбар салбартаа манлайлагч хүмүүс ямар нэгэн бусад төрлийн амбиц биш зөвхөн уух зүйл дээр төвлөрч шинэ соргог мэдээлэл түгээж байгаа нь хамгийн сонирхолтой.

Манай ээж шинэ зүйл турших, аялах дуртай хүн байдаг. Тийм болохоор багаасаа ээжийгээ дагаж аялж эхлээд, яваандаа өөрөө олон газраар явах дуртай болчихсон юм. Би өөрөө гэр бүлтэй болоод, хүүхдүүд маань аялах хэмжээний настай болонгуут нь Монгол орноо тойрч аялж эхэлсэн дээ. Баруун аймгуудаа дуусгаад манай 2 хүүхэд одоо Говийн 3 аймаг, зүүн 3 аймгаар л аялах үлдээд байна. Хамгийн сүүлд энэ өвөл Завхан аймаг руу аялаад ирсэн. Аялахын хажуугаар мөн хоол хийх дуртай. Нэг удаа “Ороод гараач” ТВ нэвтрүүлэгт орж байсан. Хоол хийхдээ янз бүрийн сонирхолтой арга туршиж үзнэ. Хүүхдүүдийнхээ хоолны ногоог янз бүрийн хэлбэр дүрстэй хэрчдэг ч юм уу. Ер нь л би ямар ч зүйл хийсэн бүтээлч байхыг эрмэлздэг. Хүн ер нь нэг юм хийж л байгаа бол тултал нь шинэлэг, сонирхолтой, бүтээлчээр хандаж яагаад болохгүй гэж.

-Өвлийн улиралд Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

“Өвлийн нэг гоё зүйл нь шинэ жил болоод дараа нь цагаан сар болдог юм байна” гэж манай хүүхэд саяхан надад хэлсэн. Цагаан сар бол миний хувьд хамгийн чухал баяр. Манай эмээ 90 нас хүрч байгаа. Ойр тойрны хамаатан садан гээд маш олон хүн ирж золгоно. Түүнд нь хамгийн их гар бие оролцож тусалдаг хүнийхээ хувьд би догдлон хүлээдэг. Эмээ маань ч маш их баярладаг. Эмээгийнхээ баярлаж байгааг харах үнэхээр сайхан.

-Таны хувьд Улаанбаатар хотын хамгийн дулаан цэг хаана байдаг вэ?

Манай гэр хамгийн дулаан цэг. Манай гэрийнхэн гэртээ байхдаа үнэхээр хөгжилтэй байж чаддаг. Хамгийн гоё дулаан уур амьсгалаар хамтдаа хоолоо хийж идээд, хоолны ширээнийхээ ард дулаан яриа өрнүүлж чаддаг. Бас нэг дулаан уур амьсгалтай газар байдаг нь “УуЛаа” групп. Би ээж нарын групп, ажлын, ангийн, 10 жилийн гээд л зөндөө фэйсбүүк групп дотор байсан ч тийм сайн харилцаа холбоогүй байсан. Харин одоо бол “УуЛаа” группийнхээ гишүүдтэй нэг ч уулзаж байгаагүй хэрнээ хэн юу хийдгийг нь сайн мэддэг. Бас юу уудгийг нь ч өмнөөс нь хэлэхээр хэмжээний болчихсон. Тэр нь хамгийн гоё дулаан мэдрэмж өгдөг. Одоохондоо бол надад тийм том хамт олон байхгүй. Харин групп маань тэр мэдрэмжийг надад нөхөж өгдөг бас нийгэмд өрнөж буй шинэ сонин мэдээ мэдээллийг группээсээ аваад явах амар санагддаг.

Б. Дамдиндорж (24 настай)

UBPassport-ын дизайнер, [Д]Улаанбаатар-ыг бүтээгчдийн нэг

-Хамгийн “дулаан” хүмүүсийн нэг та өөрийгөө танилцуулаач?

"UBPassport"-ын ахлах дизайнер. Уг мэргэжлээр 2018 онд төгсөөд мэргэжлээрээ 2 дахь жилдээ ажиллаж байна. Анх дизайны тухай бүрэн ойлголтгүй л мэргэжлээ сонгож байсан. Харин одоо бол хэзээ ч хагацаж салахааргүй амьдралын маань нэг хэсэг дизайн болсон. Мэдээж шантрах үе байна. Тэр тусмаа "UBPM" компанийн дизайнер байна гэдэг миний хувьд байнгын сорилт болж байдаг. Манай компанийг бий болгосон хүмүүс өөрсдөө залуус, тэгээд бидний бүтээсэн өнгө төрх шинэлэг учраас үргэлж л шинэ зүйл сэтгэж олох шаардлага гардаг. Бүтээлч байх бол бидний хэв маяг. Тэрхүү стандартыг алдахгүйн тулд өөрийгөө болон багийнхныгаа хөгжүүлж байхын тулд үргэлж шинийг сэтгэх ёстой болдог. Өөрийгөө байнга цэнэглэж байх ёстой болдог доо.

Ажлаас өөрөөр намайг илэрхийлэх зүйл бол Регги хөгжим. Регги хөгжимд дурлаад 8 жил болж байна. Өмнөх жилээс эхлээд манай реггичүүд “UB DUB CLUB”-ээ нээсэн. Регги хөгжмийн төлөө маш олон зүйл хийх гэж клуб байгуулсан. Олон төлөвлөгөө ч гаргасан. 2 дугаар сараас эвентүүд маань зохиогдоод эхэлнэ.

 -Өвлийн улиралд Улаанбаатар хотын хамгийн сайхан зүйл нь юу байдаг вэ?

Өвөл ууланд гараад хотыг харах үнэхээр гоё. Би хамгийн сүүлд нэгдүгээр сарын эхний 7 хоногт ууланд гарсан. Утаа ч багасаад хот маань ёстой гоё харагдаж байсан.

-Таны хувьд Улаанбаатар хотын хамгийн дулаан цэг хаана байдаг вэ?

Дулаан цэгийг хаана ч бүрдүүлж болох юм шиг санагддаг. Найзуудтайгаа уулзсан ч гэсэн, гэр бүлийхэнтэйгээ хамт хоол идсэн ч гэсэн ямар ч газар очсон тэр газар нь миний хайртай хүмүүс байвал шууд дулаан цэг болж хувирдаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
22 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.30 40.139.8.224

Нарка-г Наранбаяр гэдгээр нь их сургуульд мэдэх юм тэгсэн Наранбаатар гэдэг байсан юм байна :D

0 Хариулах


Зочин 2020.02.04 192.82.77.56

Наранбаяршдээ.. сэтгүүлч алдсан байна

0 Хариулах