Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times: Харин одоо, хэт үзэлтний үгийг сонсохтун!


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд гэхчлэн сонирхолтой, өгөөжтэй бичвэрүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ.


Дэвид Брүүкс / The New York Times 

Интернэтийн туйлшрагчийн оюун руу өнгийвөл.

Би бие муутай хүн. Би хорлонтой муухай хүн. Би бас нүдэнд хүйтэн царай. Элэг минь гэж авах юмгүй болсон нь лав. 

Би баруун болон зүүний хэт үзлийн фанатуудын нэг, онлайн хэлэлцүүлгүүдийг хурцатгаж, нүүрэн дээр нь хэлж, нэрийг нь балладаг, онлайн уур амьсгалыг үзэн ядалтаараа дүүргэдэг постеруудын нэг. Би уур бухимдал нь сэтгэл зүйн эмзэг байдалтай нь шууд холбоотой, үнэхээр буруу муухайд уурсах нь өөрийн оршихуйн үймээнээр бузарлагдсан хүмүүсийн нэг. 

Миний талаар мэдэхийг хүсвэл чи эхлээд миний дотоод оршихуйн гүнд эргэлдэх эрчилсэн хуйлрааныг ойлгох хэрэгтэй. Би тодорхой ёс суртахууны хүрээгүйгээр өссөн хүн. Би нийгмийн задрал хуваагдлын дунд, байнга урсан хөврөх шинэчлэлийн үед өссөн.

Миний амьдралд итгэж болох том хүн байгаагүй. Найзууд минь ч мөн ялгаагүй. Эмэгтэйчүүд намайг тоодоггүй. Сургуулиа хэнд ч анзаарагдалгүйгээр л төгссөн. Зовлонгоо ч үл туулж чадах тийм л арчаагүй байсныг минь чи төсөөлөх ч үгүй байх. Би жинхэнэ амьдралаас бусад эрсдэл бүхнээс хамгаалуулж бөөцийлгүүлж өссөн хүн. 

Залуу байхдаа би “Том хүн байх, эр хүн байх ямар байх ёстойг харуулаад өгөөч!”  гэж нүдээрээ гуйдаг байв. Өөдөөс минь хүмүүс “Чи хүсвэл юу ч болж чадна!” гэж л хариулдаг байсан. Энэ үг чинь хэнд хэрэгтэй юм бэ? Та нар намайг цор ганц хувь, онцгой нэгэн л гэдэг, гэхдээ энэ дэлхий надтай надгүй эргэлдсээр л байна.

Би хэв журмыг хүсдэг. Шулуун энгийн зүйлсийг. Өөр хаанаас ч олохгүй сайн, муу гэсэн хоёр туйлыг улс төр олгодог учраас би бүх зүйлийг улс төртэй холбодог. “Либералуудыг будаа болго! Расист барууны үзэлтнүүдийг бяцлаад хая!” Цэвэр сайн ба цэвэр муугийн дайн. 

Бүх юмыг тодорхой байлгах нэг л хандлагыг би шаарддаг. Бүх зүйл арьс өнгөний үзлийн тухай. Бүх зүйл анги нийгмийн давхаргын тухай. Бүх зүйл бурхан, шашингүйгээс үүдэлтэй ёс суртахууны ялзрал... Зарим хүмүүс фундаментализмыг хатуу бас дарангуйлагч шинжтэй гэдэг. Тэдэнд хандаж хэлэхэд, Тийм ээ! Би фундаментализмыг хүсч байна. Тэр чанга дэглэмдээ намайг хамруулаад өгөөч. Тэгэхгүй л бол би өөрийгөө тодорхойлж чадахгүй байна.

Сүйрэл, мөхөл нь миний сэтгэлгээ юм. Юмсыг сүйрлийн ирмэгт байна гэж харах нь амархан: Нийгэм бүрэн ялзарсан. “Систем” нь ч бүхэлдээ өтсөн. Тодорхойгүй байдал, хоёрдмол утга, миний хараагүй нөгөө талын өнцөг байхвий гэсэн бодол намайг айлгадаг. Би нэг туйлын жишээг аваад түүнийгээ байдаг л зүйл болгодог. Би ийм аргаар л үнэнийг бүтээдэг. Нэг цагаач хүн алсан бол бүх цагаач алуурчид гэсэн үг.

Хүмүүсийг хувь хүнийх нь шинж чанараар бус бүлгээр нь авч үздэг. Хувь хүн гэдэг ойлгоход хэтэрхий төвөгтэй, харин бүлгүүд нь хийсвэр ойлголт ба хэвшмэл ойлголтдоо хамруулахад хялбар. Хүн нэг бүрийг ангилалд багтааж болно, тэр тусмаа миний дургүй зэвүүн нөхдүүдийг: либералууд, цагаан арьст эрчүүд... 

Надад ямагт тодорхой байх удирдагчид, төлөөний хүмүүс хэрэгтэй. Би нөгөө л нэг бусдыг буруушаадаг удирдагчидтай баймаар байна. Муусайн банкны хүүлэгчид! Муусайн цагаачид! Бусдыг ухаантай гэгч нь доош нь хийдэг, эсрэг талаа дэвсэлж ялахад нь дахин дахин даган баясахаар юүтүбчидийг бас би хүсч байна.

Миний ёс суртахууны тогтолцоо ч бас их энгийн. Дээшээ бол муу, доошоо бол сайн. Нийгмийн шатанд надаас дээш зогсож байгаа хүн бол авлигач, харин надтай адил манай бүлгийн хүмүүс бол тэдний хээл хахууль, завхралын хохирогч. Нийгмийн шатлал гэж ойлголт байгаа нь л өөрөө шударга бус байдлын эхний нотолгоо юм.

Компьютерийн дэлгэцэн дэх хийсвэр давуу байдлын өнцгөөсөө би дэлхий ертөнцийг миний дайснууд болох элит дарангуйлагчид болон тэдэнд дарлуулах над шиг хүмүүс гэж хардаг. Тэд өөрсдийн гэсэн онцгой хүрээлэлтэй, түүнд нь би зэвүүцдэг. Тэгээд хамгийн шударга бус зүйл нь юу гээч? “Тэднийг хүлээн зөвшөөрдөг мөртлөө яагаад намайг хүлээн зөвшөөрдөггүй юм бэ?” Эгдүүцэл минь урсдаг галт уулын халуун төв энэ. Нийгмийн тогтсон ёс маань намайг хүндэлдэггүй, тиймээс би үзэн яддаг.

Тэгэхээр миний улс төрийн үзэл яг ч нийгмийн тулгадсан асуудлуудын тухай биш, хүлээн зөвшөөрүүлэх гэсэн эрэлхэг дайн төдий. Би эдийн засаг эсвэл гадаад бодлогын төвөгтэй асуудлуудыг анхаардаггүй. Би дайсныхаа алдаж гишгэсэн алхам бүрийг ашиглаж тэдний талыг гутаахыг зорьдог. Чи бүдэрчихсэн үү? Чам дээр дэвсэхдээ таатай байна! Либералуудыг будаа болгох нь намайг нэгэнтэй нь найзалж мэдэж авах аймшигтай байдлаас авардаг.

Би үндэслэл, шалтгаанд итгэл үнэмшлээ алдсан. Харилцаа холбоо нь буруушаах бас сэрэл өдөөх л зорилготой. Уучлах нь миний хувьд харь зүйл болжээ. Заримдаа бас шударга ёсны төлөө харгис хандах хэрэгтэй. Хэрвээ би амар тайван байгаа нэгнийг зовоовол шударга ёс үйлдлээ гэсэн үг. Зовсон нэгнийг амар тайван байлгах тал дээр харин санаа зовох хэрэггүй. Алс холын буруу номтнуудыг давшилж л байвал хүүхдэд сайныг сургах тал дээр санаа зовох албагүй.

Онлайн дайн бол амьдралын утга учрыг өгдөг хүч юм. Үзэн ядалт тэр хуурмаг хүч чадлын амтыг надад мэдрүүлдэг. Та нар намайг тансаг кофе, өнгөц амьдралын хэв маяг дунд өсгөчихөөд та нарын энэ релятивизм бас материализмын чинь эсрэг босох арга замаа олохгүй гэж бодоо юу? Хүмүүнийг дундаж хөрөнгөтөн болгож тэгшитгэх гэж оролдвол хэт үзэлтэн болж эсэргүүцдэг мөнхийн жамыг та нар анзаараагүй гэж үү?

Гэвч… яагаад ч юм энэ нэг л биш байна. Яагаад ч юм энэ улс төр сэтгэлийг минь дүүргэхгүй, тайвшруулахгүй эсвэл оршихуйн зовнилыг минь зогсоохгүй байна. Эмзэг байдал гэдэг ойлголт байх боломжгүй хатуу хорвоог бүтээхэд би өөрөө оролцсон ба эмзэг байдалгүйгээр хайр сэтгэл байх боломжгүй. Миний хамгийн ихээр хүсдэг зүйл хайр сэтгэл ч, түүнийгээ би өөрөө боломжгүй болгожээ. Намайг аварч чадах цор ганц зүйлээсээ би өөрийгөө тусгаарлачихаж.

Би уур хилэн. Би онцгой нэгэн. Би Достоевскийн “Газар Доороос Бичсэн Тэмдэглэл” уншдаг. Би ганцаар.

c.2019 The New York Times Company 

Орчуулсан Б.Баттогтох

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
1
1
0
0
0
1
0