Өсвөр үе буюу 13-19 насанд хүүхэд өөрийн зорилго, мөрөөдлөө тодорхойлж, насан туршийн хэрэгцээт ур чадвартаа суралцдаг. Дунд сургуулиа төгсөн, их дээд сургуульд элсэн суралцаж эсвэл анхны ажил хөдөлмөрөө энэ үед бүтээдэг. Үүний адил ирж буй тодорхойгүй цаг үеэс айж, ганцаардаж, сэтгэл гутралд автах нь энгийн үзэгдэл юм. АНУ-ын судлаачид өсвөр үеийнхэнд хоёр жилийн хугацаанд ажиглалт хийхэд тэд эцэг эхээс хамааралтай дараах 6 шалтгаанаар сэтгэл гутралд автдагыг тогтоосон байна.
1. Анхаардаггүй
Эцэг эхчүүд бага насанд нь хүүхдэдээ их цаг зарцуулдаг ч өсвөр үед нь төдийлөн анхаарахаа больдог. Та хүүхдээ бие даах хэрэгтэй гэж үздэг учир өөрийн орон зайг нь хүндэтгэдэг байж болох юм. Гэвч хүүхэд өсвөр насандаа хамгийн их анхаарал халамж шаарддаг. Эцэг эхийн халамж дутсанаас хүүхэд гар утас, интернетэд их цаг зарцуулж, өөрийг нь илүү анхаарах хүчин зүйлийг эрэлхийлдэг аж.
2. Хэтэрхий хангалуун орчин
![](https://www.ignant.com/wp-content/uploads/2013/02/depression001.jpg)
Та хүүхдээ өдөр тутмын хоол хүнс, хувцас хэрэглэлээр дутаахгүй өсгөхсөн гэж хүсдэг байх. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ зовоохгүй өсгөхсөн гэсэндээ өөрийнхөө хэрхэн хөдөлмөрлөж, хатуу бэрх амьдрал туулж буйгаа нууцалдаг. Ингэснээр хүүхэд эцэг эхээ ойлгохоо больж, тэд мөнгийг амар хялбар аргаар л олдог гэх буруу ойлголттой болно. Ийм амьдралтай хүүхэд ирээдүйд мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй, цамаан зантай, аливаад сэтгэл ханадаггүйгээс байнгын гутралтай болох юм.
3. “Шилдэг нь байх” амлалт
![](http://www.ub.life/uploads/images/-%D0%A7%D0%B8%20%D1%88%D0%B8%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3%20%D0%BD%D1%8C%20%D0%B1%D0%B0%D0%B9%D1%85%20%D1%91%D1%81%D1%82%D0%BE%D0%B9-.png)
“Миний хүү хамгийн шилдэг нь”, “Бусад хүүхдүүдээс хамгийн ухаантай нь” зэргээр хүүхдээ магтах нь урам зориг өгөх хэдий ч цаад утгаараа сэтгэл гутралд оруулж байдаг. Учир нь “Шилдэг нь л биш бол тэд намайг хайрлахгүй” гэх ухагдахуун далд ухамсарт нь сууна. Ингэснээр хүүхэд алдаа гаргахаас айдаг, ялагдлаа хүлээх дургүй нэгэн болон хүмүүждэг. Харин эсрэгээрээ хэт их шүүмжлэх нь ч сөрөг нөлөөтэй. Тэнцвэрийг олж, ойлгож сурах нь чухал юм.
4. “Нойтон хамуу” шиг дагах
![](https://metrouk2.files.wordpress.com/2016/04/depression.jpg?quality=80&strip=all)
Элсэлтийн шалгалтаа өгөхөд нь, төгсөлтийн үдэшлэгээ тэмдэглэхэд нь ч эцэг эх нь 100 хувь санаа тавьж, хүргэж өгч, туслах нь хүүхдэд дарамт бий болгодог. Мэдээж амьдралын эгзэгтэй цаг үед нь хүүхдээ анхаарахгүй байж болохгүй ч тэнцвэрийг тогтоох нь чухал юм. Өсвөр насныхан аливаад насанд хүрсэн хүний байр сууриар хандах дуртай тул эрх чөлөөтэй байхын тулд эцэг эхийн үгнээс зөрөхөд хүрдэг.
5. Үл хүндэтгэх
![](http://wierzbickaillustration.com/wp-content/uploads/2015/02/1.jpg)
Их сургуулийн нэгдүгээр ангид элсэж буй оюутнуудаас судалгаа авахад тэдний 60 хувь нь сэтгэл зүйн хямралтай гэдэг нь тогтоогджээ. Амьдралын орчин нөхцөл нь гэнэт өөрчлөгдөхөд өсвөр насныхан хамгийн эмзэг хүлээн авдаг. Зөвхөн бие физиологийн өөрчлөлтөөс гадна гадаад орчин тун хүчтэй нөлөөлдөг. Шинэ орчинд дасан зохицохын тулд хувь хүн бүр тодорхой хичээл зүтгэл гаргадаг. Энэ үед эцэг эхээс ирэх шүүмжид бүр ч хурцаар хандах юм.
6. Чиглүүлэх бус шаарддаг
![](https://irp-cdn.multiscreensite.com/86df2c99/dms3rep/multi/o-DEPRESSION-facebook-2000x1000.jpg)
Энэ насныхан ирээдүйгээ гэгээлгээр мөрөөдөж, өөрийн зорилгоо хэдийн дэвшүүлсэн байдаг. Гэсэн ч цаашид юу хийж чадах талаар ойлголтгүй хэвээр байна. Энэ үед нь эцэг эх нь зөвхөн хоол хүнсээр хангаж, “тэжээх” бус ойлгож, ярилцах нь хамгийн чухал юм. Ирээдүй гэдэг өсвөр насныхны хувьд дотор нь юу байгаа нь тодорхойгүй харанхуй өрөө л гэсэн үг. Тиймээс “Яах бол?”,”Яавал дээр вэ?” зэргээр байнгын гүн бодолтой явдаг.
Эх сурвалж: Psychologytoday.com