UBLife Logo
Дэлхий

Английн Great Smog 71 жилийн өмнө болж байв

Английн Great Smog 71 жилийн өмнө болж байв

1952 оны 12 дугаар сарын 5-нд Английн түүхэн дэх экологийн хамгийн том сүйрлийн нэг болсон юм. “Агуу утаа” буюу Great Smog Лондон хотыг бүрэн бүрхэж, 4 өдрийн дараа 9-ний өдөр арилсан түүхтэй. Энэ утаагаар 12 мянган хүн нас барж, 100 мянган хүн өвчин тусаж, Англи улс асар их хохирол хүлээсэн билээ. Энэ өдрөөс эхлэн орчин үеийн байгаль хамгаалах хөдөлгөөн, одоо монголчуудыг зовоож байгаа утааны эсрэг дайн эхэлсэн юм.

1. 1952 оны 12 дугаар сарын эхээр Лондонд хүйтэн манан буужээ. Маш хүйтэн байсан тул иргэд нүүрс их хэмжээгээр түлж эхэлсэн байна. Яг энэ үед хотын цахилгаан трамвайг дизель хөдөргүүртэй автбусаар солих ажил дуусжээ.

2. Хүйтэн агаарын хүнд давхаргад дарагдсан хотын агаар хэдхэн өдрийн дотор хор болон хувирсан юм.

3. Манан маш өтгөн байсан тул машин явахад ч хэцүү байв. Утаа манан байшин барилгад хялбархан нэвтрэн орж байсан тул концерт, кино үзвэрийг хаав. Яагаад гэвэл дотор ч утаатай байсан тул тайз харагдахгүй байлаа. Баасан гарагийн орой үзэгдэх орчин 5 метр болтлоо багасч, зам харагдахгүй, хүмүүс байшингийн хана тулан явдаг болов.

4. Тусгай маск зүүж, ороолт, алчуураар амаа тагласан ч амьсгалах арга байсангүй.

5. Утаа манан байнга гардаг тул лондончууд эхлээд тоосонгүй. Гэвч эмнэлгийн газраас гаргасан статистик мэдээгээр нялх хүүхэд, настай хөгшчүүлийн цаг бусын үхэл 4000 боллоо гэж зарласан юм. Утаанаас хордсон 8000 хүн дараагийн өдрүүдэд нас баржээ.

6. Английн нийслэл манангаараа угаасаа алдартай. Лондонгийн манангийн талаар олон алдартай зохиолд гардаг.

7. Smog смог буюу утаа гэдэг үг энэ үйл явдлаас 45 жилийн өмнө 1905 онд гарсан бөгөөд доктор Генри де Во анх хэрэглэжээ.

8. 12 дугаар сарын 6-нд Садлер Веллс театрт “Травиата” үзэж суусан үзэгчид бүгд ханиалгаж эхэлсэн тул тоглолтыг зогсоожээ. Танхим утаагаар дүүрч, тайз харагдахаа больсон.

9. Агуу утааны үед Лондонгийн эмнэлгүүд ямар ч зайгүй болж, нас барагсдын тоо эрс өссөн байна. Эхлээд энэ талаар сонин хэвлэлээр ярихгүй байсан ч авс хийгчдийн авс дуусаж, оршуулгын ёслолын цэцэг олдохоо больсон тул хүмүүс ямар аюул тулгарсныг ойлгосон. Түргэн тусламжийн машин түгжрэлд орж, өвчтөн дээрээ очиж амжихгүй байв. Хүмүүс зүгээр л үхээд байлаа.

10. Энэ явдлаас хойш хүмүүс агаарын бохирдлын эсрэг тэмцэх ёстойгоо ойлгосон. Англид “Цэвэр агаарын хууль” 1956 онд батлагдсан бол 1954 онд Лондон хот ч мөн тийм хуультай болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.