UBLife Logo
Дэлхий

Францын Шүүх Брижит Макроныг эмэгтэй гэж баталлаа, харин АНУ-д?

Францын Шүүх Брижит Макроныг эмэгтэй гэж баталлаа, харин АНУ-д?

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Тэргүүн хатагтай Брижит нар Брижитийг эрэгтэй хүн гэж бичиж, цуурхал тараасан этгээдүүдийг Францын Шүүхэд өгөөд байсан билээ. Тэд Брижит бол эмэгтэй хүн гэдгийг баталсан шинжлэх ухааны болон гэрэл зургийн баталгааг гаргаж өгөөд байсан юм.

Шүүх хурал Парист хоёр хоног үргэлжиллээ. Цахим ертөнцөөр Тэргүүн хатагтайг доромжилж, цуурхал тараасан 10 этгээдийн ялыг ирэх нэгдүгээр сард тогтооно.

Энэ хэрэгт 41-60 насны, 8 эрэгтэй, 2 эмэгтэй холбогдоод байгаа юм. Шүүхээс тэднийг цахим буллинг, дээрэлхэл, гүтгэн доромжилсон, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгалаа. Шүүх хурлын үеэр ихэнх холбогдогч тэдний сүлжээнд тавьсан пост нь хошин шог өнгө аястай байсан, жирийн нэг сэтгэгдлээс ялгагдахгүй, олон хүн ч уншаагүй гэж заргалджээ.

Мэдээллийн технологийн мэргэжилтэн, Брижитийн талаар 9 удаа жиргэсэн хэрэгт холбогдогч “Миний аккаунт маш жижигхэн. Макрон хатагтай манай жиргээг уншдаг гэж бодохгүй байна. Энэ бол хэнд ч хоргүй, гэм зэмгүй наргиа байсан” гэж хэлсэн байна.   

Дараагийн холбогдогч, зар сурталчилгааны салбарт ажилладаг, твиттерт Зои Саган нэрээр алдартай, 41 настай Орельен Пуарсон-Атлан “Миний пост бол егөөдөл хийх хүний эрхэд хамаарна. Үг хэлэх эрх чөлөө хүн болгонд бий. Харин ч би энэ хэрэгт холбогдсоноороо эсрэгээрээ цахим мөрдлөгт өртсөн” гэж заргалдсан байна.

Төрийн албан хаагч А Брижитийн талаар бичсэн постоо хошин шогийн “Charlie Hebdo” сэтгүүлтэй харьцуулсан бол Twitter-т 100 мянган дагагчтай Бертран Ц “Би ердөө л гараад байсан баримтуудад дүн шинжилгээ хийсэн төдий. Хэнд ч хүчирхийлэл үйлдээгүй” гэж мэдүүлсэн байна.

Брижит Макрон шүүх хурал дээр ирээгүй, түүнийг өмгөөлөгч нь төлөөлж байлаа. Харин Шүүхийн танхимд ирсэн түүний охин Тифен Озьер цахим ертөнцөд байнга доромжлол гарч байгаа тул ээжийнх нь эрүүл мэнд ихээхэн доройтсоныг баталсан байна.

Тифен Озьер

“Энэ цуурхал, худал мэдээллийн сүлжээ огт тасрахгүй байна. Ээжийн өдөр тутмын амьдралд маш муугаар нөлөөлж байгаа. Бид эхлээд ийм том хэмжээний дайралт, довтолгоо болно гэж төсөөлөөгүй байсан. Ээж минь одоо байнгын айдас дунд амьдарч байна. Тэр олны өмнө гарах, эсвэл зургаа авхуулах нь ахиад олон нийтийн доромжлолд өртөнө гэж эмээдэг эмгэгтэй болсон” Тифен Озьер/

Прокурорууд хэрэгт холбогдогчдоос том аккаунттай 3 хүн, арай бага аккаунттай 7 хүнийг онцлон авч хэлэлцэж байгаагаа дурдаад бусад олон хүнийг мөрдөн, шалгаж амжаагүй гэлээ. Тэд хэрэгт холбогдогчдод 3-12 сарын хорих ял, 8000 мянган еврогийн торгууль оноохыг шаардлаа. Хамгийн хүнд ялыг хуурамч мэдээллийг анх тараасан Зои Саганд оноохоор төлөвлөжээ.

Брижит Макроны өмгөөлөгчид сэтгэл зүйн хохирол хэмээн 15 мянган евро нэхэмжлэхдээ “Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаар гэж бий. Егөөдөн, шоглоход ч хүний эрхээс давах үе байдаг. Дахин шинэ гүтгэлэг гарах болгонд хариу арга хэмжээ авна” гэж мэдэгдлээ.

Энэ бүх хэргээс үүдэн, АНУ-д ч Брижитийн эсрэг олон мэдээлэл гарсан. Америкийн хэт барууны үзэлт блогчин, хуйвалдааны онолд итгэгч, олон сая дагагчтай Кэндис Оуэнс гэгч Брижитийг төрөхдөө эрэгтэй байсан гэж мэдээлж, нийтэлж, нийтэд тараасан. Энэ хэргийн Шүүх хурал энэ онд АНУ-д болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.