Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо, Богд уулын арын замын уулзварын хэсгийн замын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын 2.2 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг график, төлөвлөгөөний дагуу хийж байна.
Зам барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрхийн товчоог буулгасан бөгөөд 15 хоногийн дотор авто замын ажил хийгдэж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эхний ээлжид Баянзүрхийн товчооноос Богд уулын арын уулзвар хүртэлх 800 м авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж, тус хэсгийг 2018 оны 09 дүгээр сарын 15-нд нээнэ.
Иймд иргэд Төмөр замын аюулгүйн зурвас ашиглаж Скай ресортын авто замтай холбогдох хэсгийн авто замаар зорчих боломжтой.
Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр хийгдэх нийт 2.2 км авто замын эхний 1.4 км авто шинэчлэлтийн ажил, үлдсэн 0.8 км авто замыг өргөсгөж, 4 эгнээтэй болгох юм. Гүйцэтгэгч байгууллагаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ажиллана.