UBLife Logo
М.Гүюг: Залхуурал бидний зорилгыг хазаарлах учиргүй
Ярилцлага

М.Гүюг: Залхуурал бидний зорилгыг хазаарлах учиргүй

“Хятад хэлний гүүр” Олон улсын 17 дахь удаагийн тэмцээний шилдэг оролцогч М.Гүюгтэй ярилцлаа. Түүний амжилт хийгээд үзэл бодлынх нь талаар хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.

- “Хятад хэлний гүүр” дэлхийн олон улсын их дээд сургуулийн оюутнуудын 17 дахь тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Монгол Улсын хоёр удаагийн аварга болсон шүү дээ. Дээр нь оноогоороо дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдсэн. Сэтгэгдлээ хуваалцана уу?

- Баярлалаа. Энэхүү тэмцээнд дэлхийн 120 гаруй орноос ирсэн 150 гаруй оролцогч хятад хэлний мэдлэгээс гадна түүх, соёл, зан заншил гээд бүх талын мэдлэгээ уралдуулсан. Миний хувьд энэхүү тэмцээнд Монголдоо хоёр дахь удаагаа аварга болж байна. Анх 2016 онд түрүүлсэн боловч насанд хүрээгүй гэх шалтгаанаар олон улсын тэмцээнд явж чадаагүй. Энэ жил 18 хүрээд тэмцээндээ амжилт үзүүлэн, эх орноо төлөөлж хятад хэлний мастер оюутнуудтай мэдлэг, чадвараа уралдуулсандаа баяртай байна. Монголд 400 гаруй чадварлаг залуустай өрсөлдөж, шилдэг 30-д багтан, цаашлаад тэргүүн байр эзэлсэн.

- Хятадад болсон тэмцээнийг телевизийн шоу хэлбэрээр зохион байгуулсан. Энэ тухай дэлгэрэнгүй сонирхуулаач?

- Орон орноос ирсэн 150 гаруй оролцогчоос эхний 30 оюутан шалгарч, телевизийн шоунд оролцдог. Тус реалити нэвтрүүлэг нь тэмцээний нэг хэсэг юм.  Шигшээ тэмцээн найман үе шаттай бөгөөд сүүлийн дөрвөн шатанд зөвхөн 15 оюутан шалгарч үлддэг. Түрүүн хэлсэнчлэн тэмцээнд оролцогч оюутнууд хятад улсын талаар бүх талын мэдлэгээ сорьдог. Дан ганц бичгэн байдлаар үнэлэлт өгдөггүй. Ярих, бичих чадвараас гадна авьяас билэг, илтгэх чадварыг мөн хардаг. Телевизийн шоу хэлбэрээр зохион байгуулсан нь тэмцээнийг илүү сонирхолтой болгосон шүү.

- Бусад орны оюутнуудаас сурч мэдсэн зүйл их байгаа байх?

- Сурах зүйл их байсан. Япон оюутнууд үнэхээр хичээнгүй, нямбай. Европ залуус нээлттэй, чөлөөтэй, эрч хүчтэй. Азиуд болохоор ичимхий, бүрэг талдаа байсан. Улс орны соёлын ялгаа харагдсан. Гэхдээ соёлын ялгааг хэт их гаргахгүйн тулд тив тивээр нь баг болгосон.

- Хятад хэлээр түргэн хэллэг хэлж буй бичлэгийг цахим хуудаснаас үзсэн. Тэмцээний нэг хэсэг байсан уу?

- Бидний дунд тэмцээнээс гадна олон жижиг уралдаан зохиогддог. Тэрхүү тэмцээнүүдийн нэг нь түргэн хэллэг хэлэх юм. Мэдээж Хятадад очоод илтгэл тавих байсан учраас хэл яриагаа зүгшрүүлэх үүднээс бэлддэг байсан. Тэр нь түргэн хэллэгийн тэмцээнд түрүүлэхэд тус болсон гэж бодож байна.

- Илтгэлийн сэдвийг цаанаас нь зааж өгдөг үү?

- Яг нарийн заадаггүй. Гэхдээ агуулга нь Хятадын түүх соёлтой холбоотой байх хэрэгтэй. Хятад болон тухайн орны найрамдалт харилцаа зэрэг агуулгатай байдаг. Миний хувьд хятадын уран зохиолтой холбоотой илтгэл тавьсан.

- Яагаад хятад хэлийг сонгож сурсан бэ?

- Хятад хэл бол англи хэлний дараа орохуйц олон улсын хэл шүү дээ. Тиймээс л сурах нь зөв гэж бодсон. Би бага ангиа төгсөөд Эрээн хотын 1-р дунд сургуульд суралцсан. Хамгийн сонирхолтой нь би дунд ангиа алгасаад шууд ахлах ангид ороод 14 настайдаа ахлах ангиа төгсөж байлаа. Урд гурван жилийн хугацаанд суралцахдаа HSK зургаан зэргийг 270 оноотой өгсөн. Хятадын их дээд сургуульд тэтгэлэгээр суралцахыг хүссэн боловч нас минь хүрээгүй. Сургуулиуд хамгийн багадаа 16 нас гэж заасан байдаг. Тэгээд монголдоо ирээд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хятад хэлний багш, орчуулагч гэсэн хос мэргэжлээр сураад энэ жил төгсөх гэж байна.

- Урд сурахад сургалтын хөтөлбөр нь Монголоос хэр ялгаатай байсан бэ?

- Үнэхээр их ялгаатай. Монголын дунд сургуулиуд хоёр ээлжтэй өглөө, орой гэж ордог шүү дээ. Хятадад өглөө зургаан цагаас орой 9 цаг хүртэл хичээл ордог. Хичээлийн хуваарь маш шахуу. Тиймээс өдөр унтлагын цагтай. Бас чөлөөт цаг гэж бий. Гэхдээ давтлага, хичээл маш их ордог. Урд амьдрах хугацаанд дан ганц хэл гэлтгүй олон зүйл сурсан. Мөнгөний үнэ цэнийг ойлгож, бие дааж амьдарч сурсан. Хувийн зохион байгуулалт сайтай болсон доо.

- Хятад хэлийг сурахад хамгийн хэцүү хэл гэдэг шүү дээ. Өөрийнхөө сурсан арга барилаас хуваалцана уу?

- Мэдээж хэцүү. Гэхдээ хүн өөрөө хичээх юм бол ямар ч хэлийг сурна. Аливаа хэл сурахад хамгийн чухал зүйл бол хичээл зүтгэл шүү дээ. Хятад хэлэнд хэдэн мянган ханз бий. Нэг ханз зургаа долоон утгатай. Бас маш олон хөг дуудлагатай. Өдөрт ганц, хоёрхон цаг давтаад хятад хэлийг сурна гэж байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний мэдлэгтэй болох хэдий ч будааны хятад хэлтэй л болно. Сайн эзэмшиж чадахгүй гэсэн үг. Хэрэв үнэхээр хятад хэлтэй болохыг хүсвэл хятадаар амьсгалах хэрэгтэй. Хятад дуу, кино, нэвтрүүлэг сайн үз. Ханз цээжлэхдээ өөртөө хөгжилтэй, сонирхолтой байдлаар давтвал үр дүнтэй байдаг. Мөн хятад хэлний ярианы клубуудэд явж болно. Ер нь сурч байгаа хэлээ амьдрал дээр хэрэглэх нь чухал ач холбогдолтой. Мэдээж би орчинд нь сурсан болохоор давуу талтай байсан.

- Хятад хүмүүсийн талаар монголчууд нэлээд сөрөг байр суурьтай байдаг шүү дээ. Чамд энэ хандлага нь ямар санагддаг вэ?

-Монголчууд хятад хүмүүсийн тухай дэндүү буруу бодолтой. Үндсэрхэг үзлээс болдог байх. Мэдээж бид гуравхан сая хүн амтай. Тиймээс үндсэрхэг үзэл байх хэрэгтэй. Ёс заншлаа хамгаалах нь зөв. Гэхдээ бид арай буруу замаар хамгаалдаг. Бид харааж зүхлээ гээд өсөж, дэвшихгүй. Мэдээж хэрэг би Хятадад сурч байсан болохоор хятад найз нартайгаа утсаар ярих, өөр бусад шалтгаанаар хятадаар ярих үе байдаг. Тэгэхэд хүмүүс эвэртэй туулай үзсэн юм шиг харах үе нэлээдгүй бий. Нэг удаа бүр хятад хүн гэж бодоод зайл гэж ч хэлж байсан. Бид ямар ч улс үндэстэн байсан зөв талаас нь харж, суралцах хэрэгтэй. Бизнесийн салбарт, зах зээлд хятад хүмүүс хүчтэй түрэн орж байна. Бид хараах биш, тэдний амжилтын гол үндэс юу болох талаар бодож, суралцах хэрэгтэй. 

- Өөрийн чинь хэлдэгээр хятад хүмүүс аль ч салбарт амжилттай байгаа. Дэлхийн зах зээлд Хятад улс үнэхээр тэргүүн байр суурь эзэлж байна. Чиний хувьд энэ амжилт юунд оршиж байна гэж боддог вэ?

- Мэдээж маш хичээнгүй хөдөлмөрч ард түмэн. Дээр нь үнэхээр амь нэгтэй улс шүү дээ. Манай монголчууд амь нэгтэй байж чаддаггүй. Хувиа хичээсэн тал их ажиглагддаг. Нэг тэрбум 300 сая хүн бүгд амь нэгтэй. Харин бид гуравхан сая хэрнээ бие биенээ үргэлж хэмлэдэг. Хятад хүмүүс нэг цул болон ажиллаж чаддаг нь тэдний амжилтын бас нэг нууц.

- Залуу хүн учраас шинэ залуу үеэ илүүтэй мэдэж байгаа байх. Өнөөгийн залууст улс эх орноо хөгжүүлэх гэсэн хүсэл эрмэлзэл, ухамсар хэр зэрэг байдаг гэж боддог вэ?

- Өөрийнхөө өнөө маргаашийг боддог залуус олон. Улсын маргааш ямар байх нь хамааралгүй гэж боддог залуус нийгмийн ихэнх хувийг эзэлж байна. Би залуу хүн хэрнээ шүүмжлэлтэй хандаж байна гэж битгий бодоорой. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Мэдээж бүх залуус тийм биш. Цаашид нийгмийг удирдах шинэ үеийн залуус хамгийн гол нь зөв соён гэгээрүүлэгчид байх хэрэгтэй. Эд хөрөнгө, эрх мэдэлд байр сууриа өгч болохгүй. Ганц зөв хүн өөрийнхөө үзэл бодлыг буруу ойлголттой байгаа арван залууст хэлэхэд тэдний ердөө нэг хүн бүрэн ойлгоход үр дүн гарч байна гэсэн үг. Нэг л өдөр ид шид үйлчилж байгаа юм шиг бүх зүйл сайхан болохгүй. Бүх зүйл багаас эхэлдэг.

- Залуус руу чиглэсэн ямар нэг ажил хийе гэж төлөвлөдөг үү?

- Би зөв бодолтой, зөв залуус нийгэмд олон болоосой гэж хүсдэг. Тиймээс нийгэмд эерэг, зөв хандлага бий болгох зорилготой лекц түүнчлэн төсөлт ажил хэрэгжүүлдэг ТББ-тай болох гээд ажиллаж байна. Мэдээж өөрийн гэсэн эд хөрөнгө, эрх мэдэлгүй учраас судлах зүйл олон байна. Ном журмынх нь дагуу хариуцлагатай ажиллах хамт олонг бүрдүүлэн, залууст өгөөжтэй зүйлийг хүргэхийн тулд хичээж байна даа. Хамгийн гол нь өнөөдөр хэрэгжиж байгаа ихэнх төсөл, хөтөлбөрүүд хүрэх ёстой хүндээ хүрдэггүй. Үнэтэй тасалбар аваад сургалтад суух боломж хүн бүрт байхгүй. Хэрэв сургуулиудын захиргаа биднийг дэмжвэл үнэ төлбөргүй сургалт зохион байгуулахыг хүсэж байна. Хэрэв дэмжих бололцоогүй бол наад зах нь бидэнд лекцийн танхим түрээслэх асуудал гарч ирнэ. Тэгвэл боломжит хамгийн доод үнээр хүүхэд, залуучуудад хэрэгтэй сургалтууд явуулна. Хятад хэлний анхан шатны мэдлэгийг ч цуврал хэлбэрээр явуулах төлөвлөгөө байгаа. Хамгийн гол нь хүн өөрөө л хичээх юм бол бүх зүйл боломжтой гэх ухамсрыг нээж өгөхийг хүсэж байна. Сайхан амьдрах нөхцөл боломжоо залхуурал гэх жижигхэн зүйлд түгжүүлмээргүй байна. Залхуурал бидний зорилгыг хазаарлах учиргүй.

- Дээр хэлэхдээ япон оюутнууд хичээнгүй, нямбай гэж байсан. Улс орон бүрийн залууст нийтлэг нэг зан чанар байдаг шүү ээ. Чиний хувьд монгол хүний онцлог зан араншин юу вэ?

- Монгол хүн үнэхээр потенциал өндөртэй гэж ярьдаг. Гэхдээ миний бодлоор монголчууд бусад үндэстнүүдийг бодоход үнэхээр шартай. Сэтгэлийн гал гэж яръя л даа. Гэхдээ тэр сэтгэлийн гал нь одоохондоо бие бие рүүгээ чиглэсэн. Түүнийгээ зөв удирдаж сурсан цагт бидний ирээдүй тийм ч бараан биш. Нэг л зүйл байна. Бид нэгдэх л хэрэгтэй.

Бэлтгэсэн: Х.Хулан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
11
0
7
0
0
0
0
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.