UBLife Logo
Ярилцлага

Б.Магсаржав: Хоёулаа яах билээ гэхээр мэдэхгүй, гэхдээ өдөр бүр сонирхолтой амьдарч байна

Б.Магсаржав: Хоёулаа яах билээ гэхээр мэдэхгүй, гэхдээ өдөр бүр сонирхолтой амьдарч байна

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржав “Маагаа 60” тоглолтоо үзэгчдэдээ хүргэхээр бэлтгэж байх үеэр нь уулзаж ярилцлаа. Эхнэр Ж.Ганчимэгтэйгээ хамтран бичсэн “Нар хасын дуун” ном нь хэвлэлтээс гарч номын дэлгүүрүүдэд тавигдаад удаагүй ч үе таарав.

-Таныг амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлээд хагас жил гаран болж байх 2020 оны сүүлчээр бид ярилцаж байлаа. Шинэ гэр орон, хань ижил, 60 нас... Одоо л энэ бүхэн нэгэн цул болж байдаг?   

-Таван жил ч бас хугацаа юм аа. Хүн 57 хүрч байж цоо шинээр амьдрал эхлүүлж болдог л юм байна. Одоо ч надад бүх юм шинэ, их сонирхолтой байгаа. Олон сонин үйл явдал болж байна. Гавьяат болов, гурван концерт тавив. Өөрийгөө, өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх боломж олдсон, шинийг бүтээх хүсэл тэмүүллээр сэлбэгдсэн. Өмнө нь 57 нас хүртлээ тогтсон хаяггүй “залуу” эр явсан байна. Нэг айлаас нөгөөд өөр амьсгал, өөр хоол холиод л өдөр бүхэн янз бүр, зугаатай ч явж. Үгүй яах вэ, баянхууртай бол оруулдаг, архи уусан бол оруулдаггүй байх жишээний. Ямар ч л байсан Маагаа хүү баянхууртайгаа дуу хөгжмөө бичээд, өөрөө өөрийгөө хөглөөд алзахгүй л юм шиг санагддаг байж. Тогтвортой амьдрал, тав тухтай ахуй нөхцөл гэдгийг ойшоохгүй явсан юм билээ. Цэргийн ансамбльд жаран хартайгаа ачааны машины тэвшин дээр дуулж хөгжимдөөд сурчихсан хүнд хөгжмөө өөрийн гэртээ бичих, өрөөлийн гэрт бичих нэг их ялгаа заагтай санагддаггүй л болчихгүй юү. Би 2020 оны эхээр Богд уулын орой дээр Улаанбаатарыг хараад ганцаараа удаан суусан юм. Үеийн найз нөхөд энэ их хотын хаа нэгтээ дулаахан орон гэртэй, хөл дүүжлэх унаатай, эхнэр хүүхэдтэйгээ амьдарцгааж байсан. Бодит, жинхэнэ амьдралын тухай бодсон. Харин би оюутан насандаа таг гацчихсан. Уран бүтээлээр хөөцөлдсөн нэртэй архинд дийлдчихсэн хүн их хойно хоцорчихсон байлаа. Тэгээд цоо шинээр амьдарч үзмээр болсон. Удалгүй Жалбуугийн Ганчимэг гэж сэргэлэн бүсгүйтэй ёстой л бурханы авралаар таарч нөгөө хүсээд байсан шинэ амьдралын шийдвэрээ гаргасан юм. Түүнээс хойш таван жилийн нүүр үзэж байна. Миний нас, ерөөл тавилан ингэж нэг тогтох зурагтай юм биз. Орон байртай болов, өрхийн тэргүүн боллоо. Айлын ганц хүүхэд явсан чинь хадамтай болов, эгч дүү 12 хүний хүргэн болов. Би чинь бас шинээр жолооч боллоо. Жолоо барихыг энэ таван жилд сайн сурлаа. Залуудаа 21 аймгийн бүх суманд очиж тоглосон байтлаа Монголын сайхан газар нутгаа мэдэрдэггүй л омголон явсан юм байна. Жолооч болоод очсон газар орныхоо тэн хагасаар буцаж тойроход тогтон шимтэн харах юм яасан ч их байдаг юм, их сонин санагдаж байна. Тэгэхээр Монгол орныхоо агуу сайхныг мэдэрсэн танин мэдэхүйн таван жил өнгөрсөн юм уу даа.

-Таны хайрлаж дурласан эмэгтэйчүүдээс яагаад хэн нь ч дэргэд тань үлдээгүй юм бол. 30, 40 нас гэрлэхэд, ахуй амьдралаа төвхнүүлэнгээ уран бүтээлээ хийхэд эртэдсэн баймгүй?

-Янзын гоё асуулт байна. Магсаржав надтай л холбоотой, түүнээс надтай байсан хүмүүс бүгд амьдрах гэж үзсэн. Би чинь өөр хүн байхгүй юу. Ертөнц, амьдралыг үзэх нийтийн үзэл хандлагаас эсрэг амьтан юм байна гэдгийг минь тэд хүлээн зөвшөөрсөн. Гэвч учирч дотноссон бүсгүйчүүдийнхээ гэрэлд би хамгийн сонирхолтой аялгуунуудаа биччихсэн байдаг. Хэрвээ Магсаржав сургууль төгсмөгц баян айлын хүргэн болоод элбэг хангалуунд умбачихсан бол энэ бүтээлүүд чинь гарахгүй байсан. Надтай учирч, ард түмний одоог хүртэл бахархан хайрладаг алдартай дуунуудаа зохиож байхад миний дэргэд ядуухан сууж, надтай хамт жаргаж, надтай хамт шаналж, үзэгчид алгаа ташихад миний өмнөөс баярлан дэвхцэж байсан тэр бүсгүйчүүдийг хайрлаж хүндэтгэсээр л дуусна. Би алга ташилтын төлөө л амьдарч байсан. Тэр он жилүүдэд би бүсгүйчүүдтэй дүүрэн зөрчил дотор амьдарсан, тэр эрчмээрээ ч сайн дуунууд төрсөн. Илүү гоё, илүү сайн дуу хийчихье л гэж явснаас тэдний хүсэж мөрөөддөг бодит ахуйн хогшил, хөгжил надад хэзээ ч сонин байгаагүйд уучлаарай.

-Гэтэл Ганаа... Энэ бүсгүйдээ учир байна уу, насны намарт учирсандаа байна уу?

-Манай Ганаа чинь өндөр боловсролтой, ухаалаг хүн. Гэхдээ л нийтлэг хэв шинжээс арай өөр хүн байгаа юм. Өөр байгаа нь миний оршихуйд их ойрхон. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, өндөр мэдрэмжтэй. Надад энэ бүсгүйтэй шинэ хуудас нээхэд дөхөм байсан. Ааш араншин нь зохиож байгаа хөгжмөө дагаж хувирдаг, нэг бол инээгээд, нэг бол уйтгарлаад, нөгөө бол дуугаа хураачихсан, эсвэл олон үгтэй болчихдог хүнийг харж хандах гэдэг бол гамшиг. Харин Ганаад би гамшиг шиг санагддаггүй л болоод хамт амьдардаг байх. Бидний дуртай, дургүй зүйлс гайхмаар адилхан. Аялал, адал явдлаас хэзээ ч хойш сууж байсангүй. Маргааш бид хоёр хаашаа ч юм гараад давхичихаж магадгүй, эсвэл гэртээ зочидтой сууж байхыг таашгүй. Эсвэл бид нэг сайхан дуу төрүүлж ч мэднэ. Анхнаасаа л бид юу ч тохироогүй, төлөвлөөгүй, зүгээр л шууд нэг гэрт орчихсон. Хоёулаа яах билээ гэхээр ёстой мэдэхгүй, гэхдээ өдөр бүр сонирхолтой амьдарч байна. Үүнийг амьдрал гэх үү, аялал гэх үү, өөрсдөө ч нэр оноож мэдэх юм алга. Насны намар гээч нь ийм байдаг юм уу? Жаран насанд 20 жил, 30 жилийн дараахыг ярихад хэцүү учраас одоодоо, хором мөчдөө амьдраад байгаа ч юм уу. Манай хадмууд гэж ёстой нэг өнөр өтгөн улс байна аа, Ганаа бид хоёр дуугаа хийчихээд хамгийн түрүүнд эдэндээ сонсгоно, тэд алга ташина. Хоёр настай хүүхдүүд нь хүртэл Маагаа хаана байна гээд байхаар би яах юм? Тэгэхээр би хаана байх ёстойгоо олсон, Ганаатай хамт байгаадаа их баярлаж явдаг. Амьдрах их сайхан юм аа. Амьдрал ямар гоё юм бэ? Намайг Өвөр Монголд ажиллаж байхад тэндэхийн Монгол үндэсний дээд сургуулийн захирал Мандах гэж хүн намайг аваад бид хоёр аялалд гарлаа. Хэд хоногийн дараа тэр хүн надад “Магсаржав багш аа, та бид хоёр хэд хоног сайхан аяллаа. Та архийг нэгдүгээрт тавих юм аа. Зорилго чинь архи болж, амьдрах гэдгийг бүр хаячихаж. Амьдралд ямар их гоё гоё юм байдаг гэж бодно доо. Өглөө сэрэх гоё, өглөөний цайгаа амтлан уух гоё, эхнэр хүүхдээ халамжлаад элэг бүтэн суух их гоё гээд л нэг их гоё хэлсэн. Миний одоогийн энэ амьдралыг л надад хэлээд байсан юм билээ. Зам харгуй, байгаль дэлхийгээ хараад л хажуудаа эхнэрээ суулгачхаад машинаа жолоодоод хүрэх газраа зорих нээрэн л сайхан шүү. Согтуу явахад юун зам харгуй байгаль дэлхий, амиа тээгээд архи уух л гоё байсан юм байна шүү дээ.

-Гэр бүлийн тогтвортой амьдралд дасан зохицох нь Таны явдалд тохиромжгүй, тээртэй болж буцмаар үе байсан уу. Дуртай газраа, дуртай айлдаа хоноод л, ууж наргиад л, дуулж хөгжимдөөд явж байхыг архичны муухай амьдрал гэж үзэхийг тэрсээд дуусмаар оргих уу?   

-За яах вэ дээ, 57 хүртлээ зоргоор явсан хүнд чинь гэнэт юугаа ухаарчхав аа гээд цочих, өчигдөр рүүгээ сэрвэлзэх, санагалзах юм байсан. Сэтгэл гутарсан бол өмнөх амьдрал руугаа зугтах л байх. Надад баяр гуниг төрдөг, сэтгэл хөдлөл их ч гэлээ сэтгэлзүйн урхаг зовуурь, хэзээ ч арилшгүй сорви гээч нь харин гайгүй бололтой юм билээ. Хамгийн гол шалтгаан Ганаа байна шүү дээ. Тэр намайг эдгээсэн байх. Ганаагүй бол би барахгүй. Би Ганаад дахиж уухгүй гэж амалсан ч эхний жил чадаагүй. Тааруулж ууна гэж гараад л худлаа болдог юм билээ. Ер нь архинд дасал болсон хүмүүс 100-хан грамм татна гээд хэдэн шилээр, хэдэн өдрөөр үргэлжлүүлдэг шүү дээ. Согтох, мансуурах дон хүнээс тийм амар холддоггүй. Юм уух гээд эрж хайгаад байх тэр дон, хэвшил дасал болсон зан үйлийг цай, кофе, ундаа, усаар орлуулж байна. Найр цэнгүүн, сархадтай ширээнд суухын өмнө сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй болдог. Архи амсахгүйгээр бусдын адил инээж баясаад сэтгэл хөнгөн байж болж л байна. Би нэг хэсэг зайрмаг идсэн. Маш их идсэн, өдөр бүр 3-4 зайрмаг. Тэгтэл Ганаа надад нэг кг-аар савласан гоё амттай зайрмаг бариад ирэхээр нь суурин дээр нь “хуслаа”. Маргаашаас нь зайрмагнаас гарчихсан. Бялуураад. Архинд хүн ингэж бялуурч шартдаг мөртлөө зогсдоггүй. Шарталт ямар аймшигтай билээ. Гэтэл мансуурч солиорохыг үзсээр, архины шарыг архиар тайлсаар архичин болдог. Би ч үхээд сэхсэн хүн дээ. Тиймээс би архи амсахгүй болсон. Магсаржав гуайн амьдралаар явна гэх юм бол давах ч үгүй. Би харин байгалиас лут биетэй төрсөн тулдаа тэглэсэн шүү. Одоо би өглөө нүдээ нээгээд л энэ амьдралдаа, өөртөө, Ганаадаа баярладаг. Шартахгүй сэрнэ гэж ямар их амар амгалан, аз жаргал болохыг мэдрэх болгондоо нарандаа залбирдаг. Өө нээрэн, нар гэснээс өглөө шартаад сэрэхэд нарыг хараад л бөөлжис цутгадаг юм шүү дээ. Тэгж амьд явна гэдэг үнэхээр зовлонтой. Архи уухгүй болохоор бие өвдөхгүй, худлаа ярихгүй, хамгийн гол нь муу хөгжим бичихгүй. Согтоход онгод хөглөгддөг гэдэг шиг худлаа юм байдаггүй.

-Та ардын дуу шиг болсон арван дууныхаа буянд айл айлаар өлсөж ундаасалгүй явсан юм байж. Тэр үед Таны хамгийн их дутагдаж гачигдсан зүйл юу вэ?

-Алга ташилт. Танхим дүүрэн хүн алга таших чимээ шүү дээ. Тэрийгээ их санасан.

-Эхнэр нь өдөр болгон шүлэг бичээд л, та түүнд нь ая зохиогоод л... Зарим шүүмжлэгч ингэж хардгийг Та хэрхэн үздэг вэ?

-Надад бүх юм, бүх хүн сонирхолтой байна шүү дээ. Түүн шиг би, бид хоёр шүүмжлэгчдийн анхааралд байна гэдэг юу нь муу гэж. Хийж байгаа бол магтаал ч, шүүмжлэл ч дагах жамтай. Хэрэв энэ гэрт уран бүтээл хийх боломж олдохгүй байсан бол би тэнээд явчих ч байсан билүү. Нэг ийм шүлэг бичээд өгөөч гээд л санаагаа хэлэхэд сэтгэлд нийцсэн хөг дантай юм бичээд байх чинь намайг сонирхолтой, бүтээлч байлгах юм. Манайд хүмүүс шүлгээ бариад дуу болгох гээд ирдэг л дээ. Зарим нь шүлэг хэвээрээ сайхан, яагаад ч дуу болохооргүй нь ч байдаг. Миний хамгийн аюултай юм шүлэг их голдог байхгүй юу. Аялгуутай шүлэг гэж байдаг. Ганаагийн шүлгүүд миний хөг аялгуутай сүлэлдэж төрдөг учраас дуу болчихдог. Мэдээж өөр хүний шүлэг сонирхоно, өөр хэв маяг, өөр уур амьсгалд шилжинэ. Энэ таван жилд ингэж л ажиллалаа. Хугацаа богиноддоггүй л юм байна. Амьдралаас алдуурсан 20 жилийн хугацааг таван жилд нөхөх гэж би улайраагүй байтлаа л нэг л мэдэхэд одоо дөрөв дэх тоглолтоо хийхээр бэлдэж байна. Ер нь өөрийгөө одоо боллоо гэж боддог, бяр дууслаа гэж ярьдаг чинь худлаа. Харин ч би өөрийгөө ясны урлагийн хүн юм гэдгээ одоо л мэдэрч байна. Би өөрийнхөө авьяасанд бардаж юунаас ч айхгүй хэдэн аялгуу бичсэн зоригийг ард түмэн их хайрласан, түүнээс хойш үргэлж хүлээсэн юм билээ. Би Монголын шилдэг яруу найрагчдын шүлгэнд аялгуу зохиож, хүмүүс бүгд миний дууг дуулж байхыг би мэднэ. Яагаад би дууны урлагт хэт орчихсон бэ гэхээр ээж аав хоёр минь намайг баянхууртай өсгөсөн, Багшийн сургуульд ирээд Оросын сонгодог хөгжмийн дэлхийд алдартай консерваториудад шилмэл боловсрол эзэмшсэн багш нараар хичээл заалгасан, Цэргийн ансамблийнхаа алдарт 60 харын дунд баян хуураа тоглохдоо 60 дуучны 60 хоолой, хэмжээг сонссон учраас би дуу хөгжим бодохгүй нэг өдөр ч байж чаддаггүй юм аа.

-Та 60 гарчихлаа. Жарны өндөрлөгөөс эргээд харахад өчигдрөөс үлдсэн, Таны өнөөдрийг нөхцөлдүүлж байдаг гол дүрүүд хэн бэ?  

-Төрийн хошой шагналт Л.Мөрдорж гуайг үгүй мөн бодох юм. Бүр хамт байх шиг мэдрэх ч шиг. Багшийн захисан архийг нууж ороод эхнэрт нь баригдсанаар хаалгаар нь орох эрхээ хасуулчихсан ч Мөрдорж гуай эхнэрээ унтахаар надад сэм дохио өгдөг байхгүй юү. Тэгж цонхоор нь шөнө 12 цагт ороод өглөө 5 цаг хүртэл нэг биш удаа хичээллэж байлаа. Яах гэж Мөрдорж гуай тэр шөнө оройн цагаар надад зааж сургаад байсан нь миний ирээдүйд найдлага тавиад байж гэж бодохоор л... Монгол түмэнд алдаршсан дуунуудыг минь надад бичиж өгсөн яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Цэгмэдийн Гайтав, Шаравын Сүрэнжав, Шагдарын Дулмаа, Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол гээд л... Энэ хэдийгээ дурсахгүй амьдрах нөхцөл байхгүй. Хөгжим зохиоход энэ хэд маань нүдэнд харагдаж, яриа хөөрөө нь чихэнд сонсогдох шиг болдог доо. Өвөр Монголд өөрийгөө цөлсөн тэр дүлий юм шиг он жилүүдэд эх орны минь тайзан дээр Самандын Жавхлан төрөн гарсан нь миний онгод дахин долгисох, миний өнөөдөрт ирэх бас нэг хүчин зүйл болсон. “Ээжийн чанасан цай”, “Хуарангийн шөнө”, “Монгол омогшил”-оо тэгэхэд зохиосон юм шүү дээ.  

-Ингэхэд Та яагаад Өвөр Монголд 12 жил болчихсон юм бэ?

-2000-2012 он юм. Тэр үед Монголын нийгэм гүн хямралд орчихсон, юун урлаг соёл манатай тогтворгүй байсан болохоор би Хөх хотод ажилласан. Би чинь Бээжин хотод Дорно дахины хөгжмийн дээд сургууль төгссөн хүн шүү дээ. Энэ сургуулийг Монголоос гарын таван хуруунд багтах хүн хөгжмийн зохиолчоор төгссөний нэг нь би. Азид дээгүүрт жагсдаг томоохон консерваторид онол үзэж амжилттай төгсөөд 1996 онд омог бардам Монголдоо ирэхэд надад хаалгыг нь татаад орох урлагийн байгууллага олдоогүй. Өвөр Монголын алдарт морин хуурч Чи. Булаг мөн энэ сургуулийг төгсөгч учраас миний боловсролд итгэж Хөх хотод багшлах санал тавьснаар би очиж байсан юм. Тэгээд л 12 жил болчихсон.

-Бээжингийн консерваторын төгсөгчийн тань хувьд асуумаар санагдлаа. Ер нь авьяас, төрөлх өгөгдөл байхад мэргэжил боловсрол, сургууль соёлын хэрэг гэж үнэндээ байна уу? Та гэхэд л тэнд сурахаасаа өмнө тухайн цаг үеийнхээ мэргэжлийн хөгжмийн зохиолчдын чансааг тодорхойлж байсан “Алтан намар” наадмыг тэргүүлж байсан биз дээ?

-Дан ганц авьяастан гэдэг нь нэг удаа гоцлоод урт замд алга болохын нэр. Боловсрол сорил, чансаа үнэлэмж гэх мэт академик чиг баримжаагүй бол хөгжихгүй юм байна гэдгийг Монголын бүх салбарын уналт бидэнд харуулж байна шүү дээ. Хөгжмийн онолыг заавал сургуулиар олно. Сургуульд хэм хэмжээг заадаг учраас тухайн авьяастныг тодорхой хил заагтай болгож буй хэрэг л дээ. За, та үүнээс хэтэрвэл сайхан биш хачин болно шүү гэх зүй зохист хязгаарыг баримжаалах мэдлэг олгодог гэсэн үг. Хүний хүчин зүйлийг хайрцагладаг ч гэдэг. Гэхдээ авьяастай хүн мөн л юм бол боловсролоос мэдлэгийг олж авахдаа зөв ашиглах, өөрийгөө хөгжүүлэх увдистай байх ёстой. Сургуульд ороод авьяас нь байхгүй болсон хүн гэж би л үзээгүй. Тэгсэн бол авьяасгүй байсан л хэрэг. Аймшигтай их авьяастан ч гэлээ зохиосон хөгжимтэйгөө хамт алга бологсдыг бол дуулсан юм байна. Би өрнө дорнын школтой шилдэг багш нарын шавь учраас тийм тохиолдлын нэг болох ёсгүй хүн. Надад онолын мэдлэг олж авсан чансаатай боловсрол байгаа тулдаа өөрийнхөө дуунуудыг ноттой нь үлдээхээр цуврал номынхоо эхнийхийг гаргасан. Хэвлэлтээс дөнгөж гараад байгаа “Нар хасын дуун” тэргүүн дэвтэрт миний аяыг нь зохиосон 44 дуу нот болон төгөлдөр хуурын клавир буюу дарамжтайгаа хамт хэвлэгдсэн. Одоо клавир бичдэг мэргэжлийн хүн тун цөөрч байна. Тэгэхээр алдаа мадаггүй клавир баримталж тоглодог хүн цөөрөх аюултай. Энэ нь хөгжмийн нот алдах, буруу тоглох гээд Монголын урлагт хорт үзэгдэл болж байна шүү дээ. Клавир буюу төгөлдөр хуурын дарамжтай энэхүү номоо нот мэддэг хүн бүрт зориулсан ч гэлээ мэргэжлийн сургууль, концертын байгууллагуудад ч мөн тун ч тустайг санаж бүтээн үлдээж байна. Дорно дахины монгол гармони пентатоникийн таван өнгөө барьдаг ном журмаар нь бичсэн. “Нар хасын дуун” номын клавирыг судалснаар Магсаржавын хэдэн дуугаар төгсөхгүй дээ. Хүн өөрийгөө яаж ч хөгжүүлж болох тархи задалсан эд хийхээр зориуллаа. За энэ караоке гэж юманд ороод би өөрийнхөө дууг танихгүй сүхдүүлсэн мэт ухаан балартав. Согтуу галзуу хүнд зориулсан нэг ийм юмны хариу болгож энэ номоо гаргалаа. Монголын урлагийг хөгжүүлэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулах гэж үнэн зөв бүтээлээ.

-Таны анхны клавир хэдэн онд ямар дууных байв?

-Радиод чинь хэрийн аавын хүүгийн дуу бичигдэхгүй ээ. Гол хэдэн дамжлага давна. Зохиолчдын хороо, хөгжмийн холбоо тамга дарах клавиртай байх ёстой. Ёстой шүүсийг нь шахаж байсан байгаа биз. Миний анхны дуу “Сүүн далай ээж”-ийн клавирыг Л.Мөрдорж гуай бичиж өгсөн. Бичээд өгч байгаа нь надад итгээд урам хайрлаж байгаагийнх нь илрэл. Клавиртай байж радиод бичүүлэх эрх авна. Д.Лувсаншарав гуай тамга дарсан байдаг. Дуртай нэг нь дуу бичээд нийтэд цацдаггүй байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
93
2
21
1
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бадарчийн Г.\47.128.214.15
Олон сайхан дуутай хүн. Тоглолтыг нь үзнэ. Уран бүтээлийн амжилт хүсье
ЗОЧИН\18.143.158.35
Гайхалтай амьдралын түүхийг нь уншиж, хатан ухаант гэргийгээр чинь өөрөөр чинь бахархах, огших сэтгэл төрлөө.Алдсан хугацаагаа богино хугацаанд нөхөж, том том ажлын ард гарч, аз жаргалаар дүүрэн амьдарч яваа та 2 т (танихгүй ч) урт наслаж, удаан жаргаж, ихийг бүтээгээрэй гэж хүсье!
ЗОЧИН\18.143.158.35
Гайхалтай амьдралын түүхийг нь уншиж, хатан ухаант гэргийгээр чинь өөрөөр чинь бахархах, огших сэтгэл төрлөө.Алдсан хугацаагаа богино хугацаанд нөхөж, том том ажлын ард гарч, аз жаргалаар дүүрэн амьдарч яваа та 2 т (танихгүй ч) урт наслаж, удаан жаргаж, ихийг бүтээгээрэй гэж хүсье!
Гайхалтай сайхан хүн шүү.Ганаатайгаа гайхамшигтай бүтээлүүдийг урлан ирээдүйд үлгэр жишээ болж яваад нь танихгүйч талархаж байдаг шүү.Аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.\13.228.70.127
Гайхалтай сайхан хүн шүү.Ганаатайгаа гайхамшигтай бүтээлүүдийг урлан ирээдүйд үлгэр жишээ болж яваад нь танихгүйч талархаж байдаг шүү.Аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.\54.254.134.35
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\18.139.2.131
ЗОЧИН\13.229.70.45
ЗОЧИН\18.141.57.159
Ymar goe ym unshchihva unheer ooriigoo joloodoj chadjee saihan setgelt busguite uchirch uhaan bodol ni zadarch amdrala saihanaar avch yva ta bolon saihan hanid ni saihan bugdiig husii
ЗОЧИН\3.0.183.200
ЗОЧИН\18.143.171.138
Үнэхээр сайхан, сэтгэл огшоосон ярилцлагыг уншлаа. Таны уран бүтээлд амжилт хүсэхийн сацуу үзэсгэлэнт ухаантай гэргийд талархан та хоёртоо аз жаргал ерөөе🎁🎁 Таныг хүндэтгэн бишрэн шүтэгч сонсогч Л. Н
ЗОЧИН\13.214.201.173
Үнэхээр сайхан, сэтгэл огшоосон ярилцлагыг уншлаа. Таны уран бүтээлд амжилт хүсэхийн сацуу үзэсгэлэнт ухаантай гэргийд талархан та хоёртоо аз жаргал ерөөе🎁🎁 Таныг хүндэтгэн бишрэн шүтэгч сонсогч Л. Н
Эх оронч\18.141.188.142
Ер нь наргиан цэнгээний төрөл хүнийг эвддэг. Дуучид, хөгжимчид, жүжигчид, бөхчүүд, морь уралдуулагчид, шүлэгч, алиасалбадайнууд гээд бүгд л наргиан цэнгээнээр явж байгаа хүмүүс шүү дээ. Үүнийгээ ажил хөдөлмөр гээд бат итгэчихсэн.... Гэтэл эдгээр хүмүүс улс орныг огт хөгжүүлдэггүй юм. Ийм хүмүүс архи дарсаар жигүүр хийж, хөөсөрч, хөвж явах дуртай. Гэтэл токорын машин дээр агрегат зорж байгаа хүн тэгдэггүй. Гагнуураар машин техник хийж байгаа хүн тэгдэггүй. Төмөр хайлуулж онгоцны хөдөлгүүр хийж байгаа хүн тэгдэггүй. Иймээс улс орон хөгжүүлдэг жинэхэнэ ажил хөдөлмөр лүү залуус хошуурах ёстой!!!! Нэг ангийн 30 хүүхэд бүгдээрээ улс хөгжүүлдэггүй хөнгөн хийсвэр, наргиан цэнгээний төрөл рүү орчихвол энэ улс орон чинь яах болж байнаа??? Хуурамч ажил руу биш ю, жинэхэнэ ажил руу хошуурцгаах хэрэгтэй!!!
Цогзолмаа\18.136.102.54
Энэ хүн алдсан оэ жилүүдээ нөхөж чаддаг агуу холын бодолтой юмаа Монголын урлагийн хойчид санаа нь зовж явдаг хэдхэн хүний нэг мөнөөсөө мөн байнаа уран бүтээлийн гайхам амжилт хүсье
Цогзолмаа\18.136.102.54
Энэ хүн алдсан оэ жилүүдээ нөхөж чаддаг агуу холын бодолтой юмаа Монголын урлагийн хойчид санаа нь зовж явдаг хэдхэн хүний нэг мөнөөсөө мөн байнаа уран бүтээлийн гайхам амжилт хүсье
Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан Д.Чинбат: Би ердөө үнэн амьдралаа л хэлье

Өвийн ажилтан гэдэг унаагүй хүн, соёлын төв нь ямар ч төсөвгүй газар. Би хувийнхаа унаагаар буган чулуун хөшөө, хадны зураг, булш хиргисүүрийн хойноос явсаар нэг мотоциклыг эдэлж барсан. Бидэнд бензиний төсөв ч байдаггүй юм. Хувийнхаа унаагаар, бензинээ хийгээд, бүх зардлаа өөрөө даагаад энэ ажилд зүтгэнэ гэдэг чинь тос даасан сайхан сэтгэлээр л дийлэх ажил байгаа биз дээ?