Аливааг турших, шинээр эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе гэж байдаг бол тэр нь шинэ санаагаар дүүрэн явдаг залуу нас биш гэж үү? Орчин үеийн технологийн шинэчлэл, интернэтийн давуу талууд залуучуудын амьдралын хэв маяг, карьерын сонголтыг өөрчилж, тэднийг өөрийнх нь нэрээр бусдад таниулах онцгой нэгэн бизнесийг бүтээж, бие даан ажиллахад хүргэжээ. Энэхүү нийтлэлд бид инновац ашиглан сонирхолтой ажил эхлүүлсэн залуусын анхны гараа, бие даан ажиллаж эхэлсэн үйл явц, тэдэнд тулгарсан сорилт, давуу талууд, урам зоригийн түүхийг ярилцлах болно. Энэ удаа “GenZ” үеийн хийж бүтээж буй залуусын төлөөлөл, “Evelyn Beauty“ брэндийг үүсгэн байгуулагч Л.Аззаяатай ярилцлаа.
-Бизнесээ анх хэзээ, яагаад эхлүүлэхээр шийдэж байсан бэ?
-МУИС-ийн Англи хэлний багшийн гуравдугаар дамжааны оюутан байхдаа 2021 онд анх бизнесээ эхэлж байлаа. Тэр үед яг корона вирус дэгдээд бүгд хөл хорионд орчихсон үе л дээ. Миний бодлоор тэр үе хүн бүрийн амьдралд том, жижиг, эерэг, сөрөг янз бүрийн л өөрчлөлтийг авчирсан гэж боддог. Харин миний хувьд гэртээ байх хугацаандаа бизнесээ эхлүүлэхээр шийдсэн. Хөл хорионы үеийн оюутан надад бараа бүтээгдэхүүнээ татахаас эхлээд бүх зүйл тийм ч амар байгаагүй л дээ. Төлөвлөөд бизнесээ эхэлтлээ нэлээд хугацаа зарцуулсан.
-Цалин орлогогүй оюутан хүн бие даан бизнес эхлүүлэхийг мөрөөдөж, төлөвлөж болох ч хэрэгжүүлэх гэдэг нь бараг боломжгүй мэт. Харин та хийчихэж. Яг тэр эхлэл ямар мэдрэмж төрүүлж байсан бол?
-Мэдээж догдлол дүүрэн байсан. Хүссэн зүйлээ эхлүүлж байгаа болохоор баярлаад л. Гэвч хөл хорионы үеийн хязгаарлагдмал нөхцөл байдлаас айж байсан. Зарим хүмүүсийн бизнес нүдэн дээр хаагдаж байсан үе шүү дээ. Бүх хүн амны хаалт зүүж, уруулаа ч буддаггүй болчихсон байхад би уруулын будаг хийчихсэн. Залуу насны зориг минь ч юм уу, нэг эхлүүлбэл хурдан, шуурхай хийж дуусгаж, эцсийг нь үзэж байж санаа амардаг зан минь ч юм уу, тэр гэж хэлэхэд баримжаалж мэдэхээргүй ч маш их хүсэл, мөрөөдөл надад тусалсан хэрэг байх. Тэгээд л юу ч гэсэн зүтгэсэн.
-Хүмүүс бараг уруулаа буддаггүй болчихоод байхад яагаад заавал уруулын будаг гэж?
-Гэнэтийн шийдвэр байгаагүй л дээ. Багаасаа л охидын нэгэн адил нүүрний будаг, нүүр будалтыг их сонирхдог байлаа. Ялангуяа уруулын будганд маш их ач холбогдол өгдөг. Уруулан дээр байгаа будаг бол үнэндээ хоолноос ялгаагүй шүү дээ. Бид өөрсдөө мэддэггүй ч их бага хэмжээгээр уруулын будгаа идэж байдаг учраас чанартай байх ёстой юм. Тиймээс найдвартай, чанартай орцтой уруулын будаг бүтээхээр шийдсэн. Тэгээд л гэрийн нөхцөлд уруулын будаг, өнгөлөгч хийх талаар сурч, судалж эхэлсэн.
-Их сургуулийн оюутнаас бизнес эрхлэгч болно гэдэг чамгүй өөрчлөлт, шилжилт шүү дээ. Энэ өөрчлөлтийн үйл явц өөрт чинь хэрхэн тусаж байсан бэ?
-Мэдээж маш том өөрчлөлтүүд гарч ирсэн. Бие дааж шийдвэр гаргахаас эхлээд санхүү, маркетингийн талаар судлах хэрэгтэй болсон. Дээрээс нь хичээл, ажил хоёроо зохицуулж, цагаа маш нарийн төлөвлөх шаардлага тулгарч байлаа. Мөн гэр бүлийн зүгээс “Хичээлдээ илүү анхаараач ээ, юу хийгээд байгаа юм бэ? Монголд ер нь хувийн бизнес бүтэхгүй ээ” гэх жишээний. Ер нь байнга л ямар нэг шүүмжлэл сонсох болсон. Төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах уу? Эсвэл өөрийн эхлүүлсэн энэ бизнесээ үргэлжлүүлэх үү гэх маш том сонголт дээр ирсэн. Тэгээд л “Яагаад заавал аль нэгийг нь сонгох ёстой юм” гэж бодоод хоёуланг нь зэрэг хийхээр шийдсэн дээ. Одоо бол англи хэлний багшаар ажиллахын хажуугаар бизнестээ илүү анхаарлаа хандуулж хаа хүрч чадахаа хармаар байгаа.
-Уруулын будгийг ерөнхийдөө залуу эмэгтэйчүүд сонирхон хэрэглэдэг. Тэгэхээр өөрийн гэсэн хэрэглэгчидтэйгээ харилцахын тулд тэдний сэтгэл зүй, сонирхол зэрэг олон талын судалгаа хийх шаардлага гардаг болов уу? Залуу эмэгтэйчүүдийн зан төлөвийг танаас асуувал их сонирхолтой зүйлсийг хэлж чадах байх, тэдэнтэй харилцахад танд мэдрэгддэг давуу эсвэл сул тал юу вэ?
-Ерөөсөө сул тал байхгүй гэж бодож байна. Манай үйлчлүүлэгчид үнэхээр хайр хүрмээр шүү дээ. Манайхаас 6-р ангийн хүүхдээс эхлээд 30, 40 настай хүмүүс ч зөвлөгөө авч, захиалга хийнэ. Дийлэнх нь 10 жилийн ахлах ангийн охид байдаг. Охид нэг нэгэндээ болон бусдад маш гоё үгсийг хэлдэг болсон байна билээ. Тэд үргэлж эерэг сэтгэгдлээ хуваалцаж надад хийж бүтээх урам зориг өгдөг. Тиймээс миний хэрэглэгчид тийм хөөрхөн гэж бодохоор бүтээгдэхүүнээ улам л чанартай, тэдний сэтгэлд нийцэхээр хийхийг эрмэлздэг.
-Бизнесээ эхлүүлсэн тэр цаг мөчөөс өдийг хүртэл өөрт тань хэзээ ч мартагддаггүй нандин дурсамж бий юү? Манай уншигчидтай хуваалцаач?
-Дурсамжтай үе маш олон бий л дээ. Яг одоо санаанд орсон нь дөнгөж эхэлж байх үед болсон явдал юм байна. Анх эхэлж байхдаа хүргэлтээс эхлээд бүх л зүйлээ өөрөө хийдэг байсан. Тэр үед больдог ч юм уу гэж бодох, шантрах тохиолдол бишгүй л байлаа. Нэг өдөр сургуулийн хажууханд хүргэлт хийх болоод алхаад очсон чинь захиалга өгсөн охин надаас бүтээгдэхүүнээ авахдаа буцаагаад нэг ундаа чихэртэй өгдөг юм. Тэгээд л хайр хүрээд явчихсан. Анх удаа зүгээр нэг хэрэглэгч, зүгээр нэг худалдан авагч биш дотнын хүн шиг санагдаад сэтгэл маш их хөдөлсөн. Тэрнээс хойш хийж байгаа зүйлдээ илүү дурлаж, итгэлтэйгээр хийдэг болсон доо.
-Бизнес эрхэлдэг залуу хүний хувьд Монголын зах зээлд хэр боломж байгаа гэж хардаг вэ?
-Надад бол би яг одоо өөрийнхөө хэмжээнд амжилттай болоод л байна. Амжилт гэдэг чинь заавал тийм том зүйл биш шүү дээ. Миний хувьд өөрийн хөдөлмөр эсвэл хичээл зүтгэлийнхээ үр дүнг бага гэлтгүй харж л байвал тэр амжилт. Тийм болохоор жижиг бизнес ч гэсэн амжилтандаа урамшаад цаашдаа улам л өсөж хөгжмөөр байна. Монголын нөхцөлд янз бүрийн асуудлууд байгаа. Гэхдээ ирээдүйд бизнес минь томроод, бэрхшээлүүд багасаад, ер нь илүү гоё болно гэж итгэдэг. Монголд жижиг бизнес эрхэлдэг залуучуудыг дэмжих бодлого боловсронгуй болж, бодлого нь хэрэгжих эдийн засгийн хөрстэй болох байх гэж маш их найддаг болохоор ирээдүйгээ гэрэлтэй хардаг даа.