UBLife Logo
"Гэрэг Фэйшн": It is not the end of the world
Ярилцлага

"Гэрэг Фэйшн": It is not the end of the world

"Гэрэг Фэйшн" сэтгүүлийн шинэ дугаарт орсон Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач, морин хуурч Н.Жигжиддоржын ярилцлагыг хүргэж байна. 

Гэрэл зураг, нийтлэлийг З.Энхмөнх

- Монгол хүн морин хууранд хайртай. Сүүлийн жилүүдэд хуурчид олширч түүнийг дагаад өрсөлдөөн тодорхой хэмжээнд ихэслээ. Өрсөлдөөнийг чи хэрхэн хардаг вэ? Чамд өрсөлдөгч бий юу?

- Хөгжим бүжгийн коллежид байхад мэргэжлийн шалгалтын оноогоор бид хооронд хэрэндээ үзэлцэнэ. 9­р ангид байхдаа Л.Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд орсон нь миний хувьд анхны томоохон уралдаан байлаа. Түүнд гуравдугаар байранд ороод, хоёр дахь уралдаанд нь түрүүлж байв. Өрсөлдөөд байх хуурч надад байхгүй. Манай хамт олонд ч “би биш бид” гэсэн л үзэл бий.

- Хуурч бүр өөр өөрийн давуу талтай учраас энэ хуурчаас ардын бүтээл тоглох чадварыг нь, өөр нэг хуур чаас уртын дууг нь суръя гэх санаа байдаг биз дээ?

- Байлгүй яах вэ. Жишээлбэл одоогийн хуурчдаас гэвэл М.Ганболд багш, Ховдын Д.Мөнхсүх ах ч юмуу татлагыг сайхан тоглоно, уртын дууг манай Р.Амарбаяр ахаас авхуулаад сайхан хуурддаг хуурчид байна. Чиний хэлснээр хүн бүрт өөрийн гэсэн тоглох арга барил бий. Түүнийгээ дагаад аль нэг талруугаа илүү авяастай нь ч харагдана.

- Тэгтэл манайхан энэ тал дээр холимог ойлголттой байх нь бий. Тухайлбал Б.Шаравын концертын дунд хэсэгт байдаг уртын дууны элементтэй хэсгийг уртын дуу шиг сайхан тоглосонгүй гэх ч юмуу... Энэ нь нөгөө талаараа мэргэжлийн бүтээл учраас түүнийг хэрхэн хөгжимдөх бүхэл ойлголтдоо ормоорсон.

- Үнэн. Хэрэв хэн нэг хөгжимчин мэргэжлийн сургууль төгсөж л байгаа бол мэргэжлийн бүтээлийг тоглох арга барилын нэг л ойлголт явах учиртай. Гэтэл зарим хүмүүс “Энэ хуурч үүнийг ардын маягаар тоглохгүй байна” ч гэх шиг юм ярьцгаадаг. Мэдээж тухайн зохиолын тоглох ерөнхий ардын уламжлалт мэдрэмжийг гаргаж чадахгүй бол энэ агуулгын алдаа. Харин ардын маягаар тоглож байна гээд өнгө ритмийн алдаа гаргах нь тусдаа асуудал. Ардын авяастан  гэж өөр төрөл бий.

- Тэгвэл мэргэжлийн хөгжимчин бүр ерөнхий нэг шаардлагыг хангахын сацуу өөрийн онцлогоо үргэлж тусгаж чадаж байдаг. Чамайг бусдаас өөр тоглолт той болгодог нь юу юм бэ?

- Өөрийгөө дүгнэнэ гэдэг хэцүү л юм.

- Гэхдээ чамд хэн нэгэн хөгжимдөхийг сонсоод би байсан бол ингээд тоглох байсан гэсэн бодол төрдөг байлгүй дээ?

- Зохиолын штрих, апликатура дээр би нилээд төвлөрч ажиллахыг хичээдэг. Бид өөрсдийн зэмсгээ мэргэжлийн сургалтад багтаагаад, мэргэжлийн хөгжмийн зохиолчдын туурвилуудыг мэргэж  лийн урлаачийн зэмсгээр хөгжимдөж байгаа юм бол олон зуун жилээр хөгжчихсөн сонгодог хөгжмөөс байнга суралцах ёстой. Тэглээ гээд ардын уламжлалт чанар алдагдаж, морин хуур үгүй болчихгүй. Үнэхээр уламжлалт бүтээлүүдээ авч явъя гэж байгаа бол үүнд бүр ч нарийн хандах учиртай юм бишүү? Нарийн гэдгээр ноотлолыг хэлэх гээд байна л даа. Жишээ нь уртын дууг хуурдах арга барил бидэнд суусан хэдий ч тоглоход одоо ч ноотны бэрхшээл тулгарсаар байгаа нь үнэн. ТШ, МУАЖ Г.Жамъян багшийн тоглож байсан арга барилыг бид өшөө нарийн ноотолж, баримтлах шаардлагатай байна. Урт дуу дуучин дагаад сурчих эд биш. Учир нь дуучинтай тоглох, дангаар хөгжимдөх нь маш их ялгаатай.

- Жишээлбэл?

- Нэгдүгээрт амьсгааны ялгаа байна. Дангаар тоглохдоо дууны амьсгааг богино тоглох тохиолдол бий. Хоёрт, хүний хоолой гүйцэтгэх боломжгүй нугалаа чимгийг хөгжим дээр гаргаж болох гэх мэт. Бидэнд одоогоор мэдэгдэж байгаа баримтаас морин хуурын ардын маньераар хамгийн дээд нь Жамъян багш юмаа. Түүн шиг хуурдах хуурч үнэхээр одоо байхгүйн дээр түүнээс хойш энэ талын арга барилууд суларсаар байна. Ийм учраас Жамъян гуайн хуурдсан дууг яг таг дуурайж сурч байж гартаа оруулахгүй бол болдоггүй. Уртын дуунуудаа бүгдийг нь яв цав ноотолж, хурууных нь дугаарыг өрөөд сургалтад оруулах хүсэл бий.

- Шинэ зохиолууд манайд төрж байгаа. Үүний зэрэгцээ бидэнд олон жил тоглосон бүтээлүүд ч байна. Цөөнгүй уралдаанд оролцсон хөгжимчний хувьд ахин дахин тоглогдож буй бүтээлүүд алсуураа сургалтын түвшинд сайжирч байгаа юм чамд ажиглагдав уу?

- Нэгэнт бичигдсэн хөгжмийн зохиолчдын бүтээлүүд өөрчлөгдөнө гэж юу байх вэ. Уртын дуу, ардын дууны хувьд төдийлөн сайжирсан юм ажиглагдсангүй. Мэргэжлийн морин хуурч мөртлөө ганц уртын дуу ч мэдэхгүй хуурчид өнөөдөр байгаа нь нууц биш шүү дээ. Жишээлбэл би уралдаанд орохдоо нэг бичлэгээр тоглох тухай заагдсан бол түүнийгээ би өөрөө ноотолж байж сурдаг. Хэчнээн ингэж хууллаа ч гэсэн агуу хуурчдын өнгө, цохилго сэлтийг яаж гаргаж чадах билээ.

- Ингэлээ ч гэсэн тодорхой хугацааны дараа тэр хөгжимд өөрчлөлт орох нь гарцаагүй нэгэн жам гэж би бодож байна. Үүнээс юу үлдэх бол оо гэдэг сонирх лыг минь эрхгүй татаж байна.

- Энэ асуудал бол надад томдсон хэрэг л дээ. Даяаршиж байгаа дэлхийд бид өөрсдийн өвийг хэрхэн авч үлдэх вэ гэлцэж байна.

- Чи хуурт зориулсан бүтээлүүдийн бараг бүгдийнх нь ард гарчихсан. Ширхэглэн жижиг хэсгүүд, томоор нь ажиллах хоёрын алин дээр нь илүү төвлөрч ажилладаг вэ?

- Надаас ийм асуулт асуухлаар би сайн тайлбарлаж чаддаггүй юм. Ямартай ч юун түрүүнд формыг (хэлбэр) нь харна. Голлох цагаа деталь дээр ажиллахад зарцуулна. Надад өөрийн гэсэн ерөнхий хөгжимдөх арга барил ямар нэгэн байдлаар суусан. Ер нь би тийм ч их давтдаггүй. Харин толгойдоо апликатура, штрихээ байнга бодоод явж байдаг. Нойрон дунд “ингээд тоглочихвол эвтэйхэн юм байна шүү дээ” гэж бодоод маргааш нь үзэхэд яг л болдог. Дээр нь аккомпенемент буюу хамсран хөгжимдөж буй хөгжмүүдээ маш сайн судлах зайлшгүй шаардлага бий.

- Миний мэдэхээр зэмсэг өөрөө бяд хийгээд эв шаарддаг болохоор хөгжимчид зэмсэгтэйгээ зуу рал даад их цаг авдаг байсан. Чамайг харахад их хялбар хөгжим дөөд байх юм билээ.

- Зэмсэг маань одоо ч хөгжсөөр байна. Тийм болохоор хөгжимчид өөрсдөө зэмсэгтээ анхаарал хандуулах ёстой байна л даа. Би гэхэд хуураа 2007 онд хийлгүүлснээс хойш хөгжмийнхөө нүүрийг (цар) бараг арваад удаа солиуллаа.

- Хөгжимчин хүний үндсэн үүрэг хөгжим сонсох, хөгжмөөр магадгүй дүүрч байх... Өөрийн дотоод хөгжмөө хөгжүүлэх үндсэн арга нь юу вэ?

- Байнга сонсох. Харьцуулж сонсох. Хөгжимчдийг хооронд нь ялгадаг зүйл бол өнгө, сэтгэлгээ хоёр юм.

- Өнгө хаанаас ирдэг юм бол?

- Энэ бол цэвэр өгөгдөл. Гайхамшигтай өнгөтэй хөгжимчид байдаг. Ямар ч хөгжмөөр тоглосон өөрийн өнгөтэй байна гэдэг сонин юм шүү.

- Жийгээгийн дотор ямар хөгжим байдаг юм бэ?

- Хөгжийн төрөл бүр өөрийн гэсэн мэдрэмжтэй. Тэр болгоныг ялгалгүй сонсож мэдрэхийг хичээдэг.

- Чи сургуульд байхаасаа л тодорсон. Гэхдээ ухамсартайгаар би хуурч болох ёстой хүн байна гэж ухаарч, шийдсэн тохиолдол байдаг уу?

- Хуурчаас өөр мэргэжил эзэмшье гэж бодож байсангүй. Багаасаа хөгжимд дуртай хүүхэд байлаа. Манайхан Эрдэнэт хотынх. Баяны жижиг хувилбар гармошка гээд хөгжмийн зэмсэг манайд байсан юм. Аавд өвөө авч өгч байсан юм гэнэ лээ. Би түүн дээр нь аккорд эд нар авч чадахгүй ч гэсэн аялгуу тоглодог хэсэг дээр нь Уран хасын вальсыг сурчихсан цэцэрлэг дээрээ хөгжимдөж байсан гэж ярьцгаадаг юм. Зургадугаар цэцэрлэг гэж санаж байна. Цэцэрлэгийн дуу хөгжмийн маань багш морин хуурч хүн байлаа. Ингээд долоотойгоосоо дугуйлан дээр морин хуур сурч эхлээд удалгүй хөгжмийн гүнзгийрүүлсэн дөрөвдүгээр сургуульд шилжиж Соёлын коллеж төгссөн Ж.Батсайхан багшид шавилж, төдөлгүй өсвөрийн морин хуурчдын уралдаанд 2003 онд тэргүүн байр эзэлсэн юм. Тэр уралдаанд урилгаар ирсэн шүүгч багш МУГБ Ё.Батбаяр намар нь Хөгжим бүжгийн коллежид авъя гээд аавд минь хэлээд явсан байх нь тэр. Хот явж сурна, дээрээс нь хөгжимдөө дуртайг хэлэх үү их л баярлаж билээ. Эрдэнэт дэх сургуульдаа тооны гүнзгий ангид давгүй суралцаж байсан болохоор бусад хичээл нь хаягдчихна гээд аав хөгжмөөр явуулах тал дээр эргэлзэж, харин ээж явуулъя гээд байв. Би ч их гүрийсээр байгаад Хөгжим бүжигт орсон.

- Морин хуурын концерт гэдэг жанр бид нилээд хэдтэй боллоо. Зэмсгийн хөгжлөө ч дагаж байгаа байх. Хуурын хөгжлийн дараагийн шат чинийхээр юу вэ?

- Дараачийн шат гэхээсээ илүү бид стандарт гэдэг юм руу тэмүүлж байгаа. Хөгжимчдийн түвшин өнөөдөр ялгаа ихтэй байна. Жишээлэхэд сонгодог оркестрт хөгжимчдийн түвшин ер нь жигд байдаг бол үндэснийхэд тийм биш. Тэгэхээр тэр хүрэх нь бидний дараагийн шат юм болов уу.

- Түүнээс хөгжмийн зэмсгээс улбаатай биш үү?

- Зэмсэг нөлөөтэй. Нэг үеэ бодвол зэмсэг сайжирсан.

- Нөгөө талаар сургуулиас гадна байгууллага гэдэг институт байна. Би хуурын чуулгад ажиллахаар болбол шар тос үмхлээ л гэсэн үг. Яагаад гэвэл миний чадвар тэнд сайжрахаас өөр аргагүй. Сургууль байгууллага хоёрын ялгааг уул нь бид чадах чинээгээрээ багасгамаар байна, зөв үү?

- Үнэн. Сургалтын системийн чанар тааруувтар байгаа гэж би хэлмээр байна. Морин хуурын чуулгын бид сайнаас гадна бүрэн бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд цалин цавуу нь хэцүү учраас гайгүй хөгжимчид амьдралаа хөөгөөд явчихна. Түүнтэй залгаад консерваториос шинэ хүн авчихъя гэхэд хүүхдүүд гологдох маягтай байна. Гадны жишигээр бол олон уралдаан тэмцээнд амжилт гаргасан, олон том тайзнаа хөгжимдсөн туршлагатай гоцлоочдыг урьж залж мастер хичээл заалгадаг. Энэ маш чухал зүйл юм. Ирээдүйд ажиллах хөгжимчиддөө бид өөрсдөө анхаарал хандуулах цаг үе ирсэн санагдаж байна.

- Чи хэнд зориулж хөгжимддөг юм бэ?

- Томоохон хөгжимчдийн “Бусдад таалагдах гэж биш өөртөө таалагдахаар хөгжимдөж сурах хэрэгтэй” гэсэн яриа байдаг. Энэ их ортой үг шүү. Бусдад таалагдах гэж хөгжимдвөл тэр урлаг биш.

- Тэгвэл бусдад хөгжимдөж байгаа чинь хүрч байгаа эсэх нь хүртэл хамаагүй гэсэн үг үү?

- Хамаагүй шахуу. Гэхдээ хүний дотор “би ер нь зохиолоо ингэсгээд хөгжимд чихлөө дөө” гэсэн барим жаа байдаг. Ингэж бодож зорь сны дараа сонсогчдод хүр сэн энерги аяндаа мэдэгдээд ирдэг.

- Уран бүтээлч хүнд тайзны айдас гэж байдаг. Тэр айдас чиний хувьд одоо ямар хэмжээнд хүрсэн бэ? Сэтгэлзүйн хувьд чи хэр тогтвортой вэ?

- Үүнд хоёр зүйл нөлөөлдөг байх. Нэгдүгээрт туршлага. Хүн олон удаа тайзан дээр гарсны дараа сандрал, цочроо нь гардаг тал бий. Хоёрт бэлтгэл. Хэчнээн мундаг хөгжимчид байлаа гээд бэлтгэл муу бол гарцаа байхгүй сандардаг. Үнэхээр сайн сургуулилчихсан бол яаж л бол яаж тоглоё гэж санагдах үе ч байна.

- Цоо шинэ бүтээл, сонсогчийн мэддэг бүтээлийг хөгжимдөхийн ялгаа гэж бий юу?

- Аль алиныг нь тоглосон Жигжиддорж нэг иймэрхүү тоглодог гэсэн арга барил байдаг байх л даа... Нэг зохиолыг хэдэн жил яг л нэг маягаар тоглоно гэдэг уйтгартай. Тиймээс өмнө нь хөгжимдсөн зохиолуудаа би хөгжимдөх арга барилын хувьд байнга өөрчилж сайжруулахыг хичээдэг. Сонсогчийн талаасаа ч авч үзсэн сонсох бүрт ялгаа байж гэмээнэ амьд тоглолтын утга учир бий болдог.

- Хувь хүн нь хөгжчихсөн байдаг болохоор тэр үү?

- Яг тийм. Хөгжим тоглох нь өөрөө амьдралын үзэл бодлоо илэрхийлэх явдал шүү дээ.

- Сонсох тусам агуулгын сайн нь батлагдаад байдаг зохиол гэвэл юуг нэрлэх вэ?

- Оноож хэлэхэд хэцүү юм байна. Хийлийн концертоор жишээ авбал  А.Хачатуръяны хийлийн концерт гайхамшигтай. Армян үндэснийхээ ая дууг шингээсэн зохиомж хэмнэл нь давтагдашгүй амттай. Монголоос бид Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал зэрэг суут зохиолчдын хөгжмүүдийг олон жил хөгжимдлөө. Тэдэн шиг өөрийгөө олсон хөгжмийн зохиолчид одоогоор цөөн л байгаа.

- Ш.Өлзийбаяр хөгжмийн зохиол чийн талаар юу гэх вэ?

- Үнэхээр таалагддаг. Дээрх зохиолчдын араас гарч ирж байна. Хашир өөрөө морин хуурчаар сурч байсан болохоор тэр үү хууранд тавын таван концерт бичиж чадлаа. Гарцаагүй авьяаслаг хүн л дээ. Аялгуу сайтай, ритмийн мэдрэмж сайхантай. Жилээс жилд зохиож байгаа хөгжмүүдээс нь өөрийнх нь өнгө аяс улам батжиж байна.

- Олон улсын хөгжимчидтэй уулзах явцад монгол хөгжимчдийн ялгамж чанар чамд илүү тодорч ирсэн үү?

- Бид Оросуудын тавьж өгсөн сургалтын дэгийн сууриар яваад байгаа. Би ч түүний нэг. Америк яваад World Music жанрыг илүү ойлгохдоо олон хөгжмийг хольж найруулахаас гадна импровизацийг (авад зохиомж) ихээр хэрэглэдгээс харвал бид морин хуур дээр ч үүнийг хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна гэдгийг ухаарсан. Би импровизац хийе гэхлээр таг, заавал ноот уншиж тоглох гээд байдаг талтай... Ингэхлээр бид сургалтдаа сонгодог арга барилаасаа гадна дэлхийн хөгжимчин болгохыг зорих ёстой юм байна.

- Өвөр монголын хуурчдын талаар чи ямар бодолтой байдаг вэ? Надад бол нумын татлага арга барилаас нь юм сурмаар л санагддаг.

- Хоёр талтай л байх. Сүүлд очиход морин хуурын өөр хувилбар гурван утастай, морин хийл шиг том болгочихсон нь байсан. Тэгснээ жижиг хуур гээд хуучир шиг хөгжим байхыг үзсэн. Гэтэл тоглож байгаа юм нь тааруу, ач холбогдол муутай. Морин хуур 2 утастай л хөгжим. Өөр хоолойг хамсран хөгжимдөх хөгжим дэлхий дээр хангалттай олон байна. Олон саунд гаргах гэж оролдох нь буруу боловуу. Нөгөөтэйгүүр хуураа эвдэж байгаа хэрэг.

- Чи яагаад удирдаач болох болсон юм бэ? Шаардлагаар уу, эсвэл нууцхан мөрөөдөл байв уу?

- Би удирдаач болъё гэж айхавтар бодож байсангүй. Магадгүй цаг үеийн шаардлагаар болох ёстой байсан байх л даа.

- Тэгээд л болчхов уу?

- Тэгсэн. Америкт жил гаруй болоод ирэхэд концертмейстер байсан болохоор манай удирдаач Д.Түвшинсайхан ах “Энэ жилээс концертмейстерээс гадна туслах удирдаачаар ажиллуулмаар байна” гэж байх юм. Би ч үгүй гэсэнгүй тэгсгээд дуугүй өнгөрлөө. Ингээд УГЗ, Проф. Ч.Чинбат багш дээр бага багаар суралцахын хажуугаар чуулгадаа туслах удирдаачаар ажиллаж байна. Бид ч Чинбаа багшийгаа гол уран бүтээлүүддээ байнга урин ажиллуулдаг.

- Удирдаач хүний сонсож байгаа хөгжим тоглож байгаад нь шууд нөлөөл дөг гэж би боддог. Би хувь даа өрнийн хөгжмийн фэн ч гэсэн хайрцгаасаа гарч бай хын тулд олон жанрын хөгжим сонсчихыг хичээдэг. Харин чи?

- Чи бол хөгжмийн хувьд байгууллагад харьяалалгүй хүн.

- Гэхдээ л би хөгжимчин хүнийхээ үүргийг биелүүлж байгаа юм л даа.

- Зөв зөв. Миний хувьд хөгжим нь сурч дуусашгүй зүйл учраас голцуу сонгодог хөгжим сонсох юм. Ажил мэргэжлийн шаардлагаар.

- Чи шинэ цомог гаргаад удаагүй байгаа. Цомогтоо хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Амьдаар тоглоно гэдэг нэг хэрэг. Бичүүлж үлдээнэ гэдэг ганц хувилбараар үлдэх чанд зүйл. Цаг хугацаа өнгөрөхөд бичлэг л үлдэнэ...

- Сэтгэл хангалуун байгаа гэж хэлж болно. Хүн өөртөө хэзээ ч бүрэн гүйцэд таалагддаггүй байх. Бичлэгээ сонсоход янзалчихмаар юм дандаа л гарч ирээд байдаг юм билээ. Бичлэг бол том хариуцлага мөн интерпретаци. Болж л өгвөл гайгүй хийхийг бодно мэдээж. Харин амьд тоглолт бол тухайн үеийн нөхцөл байдал, уур амьсгалтай холбогдож илүү тавиу болдог. Үзэгчийн уур амьсгал ч үүнд томоор нөлөөлдөг.

- Гадны хөгжимчид угсруулаад л цомог гаргаад байдаг. Чамд бас тийм мөрөөдөл бий л биз? Хөгжимчид бид ядуу л гэдэг. Бид урлагийн менежментийн асуудалтай хэвээрээ л, мөнгөнд санаа зовсоор л байна.

- Байлгүй яах вэ. Даанч нөхцөл бололцоо хэцүү. Мөнгө төгрөгийн хойноос байнга хөөцөлдөх ч хэцүү. Харин продюсерууд хөгжимчдийг шахаж цомгийг нь гаргаж байх учиртай. Энэ их хүнд буруу өгсөн сонсогдож байгаа байх. Уул нь гадаадад ийм л жишгээр явдаг. Дуучныг л манайд ингэж гаргаж ирдэг гэж ойлгоод байна. Тийм биш шүү дээ. Уул нь зэрэгцээд явж байж хөгжинө. Дан хөгжмийн чиглэлийн лэйбл бий болоосой гэж хүсч байна. Нэг үеэ бодвол бид сайжирч байгаа. Хөгжимчид бид ч байнга л шинэ ажлууд туурвиж байх хэрэгтэй. Цомгийн тоглолтоо хийхэд хүмүүс маш ихээр ирж сонссонд баярлахын зэрэгцээ их гайхсан.

- Чи тэгвэл ганц өөртөө зориулж тоглоогүй л юм байна.

- Тийм юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.