Япон Улсын Засгийн Газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол дахь Коосэн хөтөлбөрийг дэмжиж хоёр сая ам.долларын мэргэжлийн лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өглөө. Уг ёслолын ажиллагаа ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургуулийн байранд өчигдөр буюу аравдугаар сарын 23-нд болов.
Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Масато Такаока, ЯҮТХ-гийн Төлөөлөгчийн газрын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа, ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон Монгол дахь гурван Коосэн технологийн коллежийн удирдлагууд оролцлоо.
Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Масото Такаока “Япон загварын боловсролын тогтолцооны суурь болох Коосэнгийн зорилго бол ажлын байранд шаардлагатай дадлага, мэргэжлийн мэдлэг, техник технологийг эзэмшсэн бүтээлч боловсон хүчнийг бэлтгэх явдал юм. Эдгээр боловсон хүчнүүд хурдацтай хөгжиж буй хотжилт, орчин үеийн хөгжилд хүрч буй Монгол Улсын нийгэм, аж үйлдвэрийн үндэс суурийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. ШУТИС-ийн Коосэн сургуульд 2016 оноос эхлэн төрөл бүрийн цахилгааны тоног төхөөрөмжийг гардуулсан. Харин өнөөдөр том оврын барилга болон механикийн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгснийг Монголд байгаа гурван Коосэн сургуульд ашиглах юм. Японд Коосэн сургууль төгсөгч монгол залуус болон Япон дахь Коосэнгийн холбогдох хүмүүсийн хүчин чармайлтаар томоохон амжилтанд хүрч, Монголд Коосэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Ирэх жил Монголын Коосэн сургуулийн анхны төгсөгчид бэлтгэгдэн гарна. Өнөөг хүртэлх хугацаанд чин сэтгэл, хүчин чармайлт гарган ажилласан холбогдох албаны хүмүүс болон Монгол Улсын Засгийн Газрын хамтын ажиллагаанд гүн талархал илэрхийлье” гэсэн юм.
Тус төслийн бус буцалтгүй тусламж нь 2014 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүүлийн ээлжийн барилга, механикийн лабораторийн тоног төхөөрөмжүүд гардуулж буй нь энэ аж. Тус төхөөрөмжүүдийг өнгөрсөн есдүгээр сард иж бүрэн суурилуулж, мэргэжлийн багш нарт нь төхөөрөмжүүдийн ажиллагааны талаар үе шаттайгаар сургалт зохион байгуулжээ.
Японы Үндэсний Технологийн хүрээлэнгийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Байгалмаа “Японы Засгийн Газрын буцалтгүй тусламжийн хүрээнд механик, барилга, цахилгааны чиглэлийн гурван том лабораторийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад маань бэлэглэж байна. Инженерийн боловсролд маш их санхүүжилт, боловсон хүчин шаардлагатай байдаг. Оюутнуудад бодит дадлага туршлага, мэдлэг олгоход лаборатори зайлшгүй хэрэгтэй байсан. Уг тусламжийг ШУТИС-ийн Коосэн коллежийг анх үүсгэн байгуулж, санаачилсан захирал агсан А.Ганбаяр хичээнгүйлэн хөөцөлдөж, бодит ажил болгосноор өнөөдөр бид энэхүү лабораторийг хүлээн авч байна. Эдгээр тоног төхөөрөмжүүд орчин үеийнх төдийгүй, ялангуяа жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих хүрээнд ашиглаж болохуйц төхөөрөмжүүд юм. Үүнээс гадна компьютер, цахилгаан электроник талаасаа ч орчин үеийн технологитой өндөр түвшний лабораторийн төхөөрөмжүүд орж ирсэнд баяртай байна” гэв.
Мөн тэрбээр “Бид нийслэл хотоо өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа. Үүнийг хийх хүмүүс нь үндэсний мэргэжилтнүүд, инженерүүд юм. Тийм учраас боловсон хүчнийг эртнээс чадавхжуулж бэлдэх хэрэгтэй. Энэ шаардлагыг япончууд эртнээс мэдэж, мэдэрч байжээ. 1990 оны цагаан морин жилээс хойш 28 жилийн хугацаанд япончууд бидэнд ямар ч цаг үед тус дэм болж ирсэн. Сүүлийн үед хүн рүү ялангуяа боловсрол, жижиг дунд үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогыг баримталж байгаа нь илүү бодитой, үр өгөөжтэй тусламж үзүүлэхийг эрмэлзэж байгаатай холбоотой болов уу. Энэ лаборатори нь “Монгол дахь жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн бус буцалтгүй тусламж” гэсэн нэртэй байгаа. Төслийн бус гэдэг нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хүрээнд Японы Засгийн Газраас үзүүлдэг хөнгөлөлттэй зээл, жижиг үйлдвэрүүдээр хангах төсөл бус өөрсдөө хөөцөлдөж хоёр сая ам.долларын тусламжийг авч байгаа гэсэн үг юм. Тэр утгаараа энэ тусламж бол Монгол, Японы харилцаанд дээд боловсролын салбарт анх удаа төслийн бус буцалтгүй тусламж орж ирж байгаагаараа онцлогтой” гэдгийг хэллээ.
Монгол дахь Коосэн технологийн гурван коллежийн анхны төгсөгчид ирэх оны хавар төгсөх бөгөөд одооноос эхлэн дипломын ажлаа ямар нэгэн тоног төхөөрөмжийн дутагдалгүйгээр хийх бололцоо үүгээр бүрдсэн байна.
Энэ талаар ШУТИС-ийн Коосэн Технологийн Коллежийн багш У.Ёндон “Урьд нь яг ийм тоног төхөөрөмжүүд сургалтын түвшинд байгаагүй. Уг тоног төхөөрөмжтэй болсноор оюутан сурагчид маань төгсөөд үйлдвэр дээр төхөөрөмжтэйгөө ажиллаж сурах гэж цаг алдахааргүй болж байна. Эдгээр төхөөрөмжийг эзэмшсэнээр механик хийц хийх, барилгын салбарт хийгддэг ажлуудыг стандартын дагуу хийх боломжтой юм. Төгсөгчид маань энэ стендүүд болон тоног төхөөрөмжүүд дээр төгсөлтийн ажлаа хийж, диплом хамгаалалтаа хийх бололцоо бүрдлээ” гэсэн юм.
Ийнхүү Япон улсаас үе шаттайгаар Монгол дахь коосэн технологийн гурван коллежийг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаснаар өндөр түвшний шинжлэх ухаанч, бүтээлч инженерүүд бий болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа хоёр талын төлөөлөгчид онцолж байв. Анхны төгсөлтөө хийхээс урьтаж оюутнуудыг нь Монгол, Японы талаас аль хэдийнэ ажлын байранд урьсныг ч энэ үеэр дурдсан юм.