ОХУ-ын нийслэл Москвад болсон "Grand Prix Rostelecom Cup Moscow 2018" тэмцээн өндөрлөж, өчигдөр тамирчид үзүүлэх тоглолтоо үзүүллээ. Хамгийн хурц, олны анхаарлыг татсан нь олимпийн аварга Алина Загитовагийн "Лара Крофт" байлаа. Савхин өмд, хүрэм, хит аялгуу "Survivor" гээд л. Москвагаас өмнө Алина энэ үзүүлбэрээ Япон, Финландад үзүүлж байсан. Үзэгч олон ч Алинаг 17 настай жижигхэн охин биш үзэсгэлэнт бүсгүй болсныг хүлээн зөвшөөрсөн юм.

Лара Крофт гэж хэн бэ? Энэ бол компьютерийн "Tomb Raider"тоглоомын баатар. Алдарт зураач Тоби Гардын 1996 оны бүтээл. Ухаантай, үзэсгэлэнтэй археологч бүсгүй. Мафи, үлэг гүрвэл гээд олон дайсантай тэмцэн, эртний үнэт олдворын араас явдаг баатар. Лара Крофтын тухай 3 кино хийсэн байдаг бөгөөд гол дүрд нь Анжелина Жоли тоглосон.

2018 оны гуравдугаар сард гарсан шинэ "Tomb Raider: Лара Крофт" кинонд Алисия Викандер тоглосон билээ. Энэ киноны "Survivor" аянд Загитова гулгаж байгаа.
Алина "Энэ бол миний хувьд шинэ дүр. Улам хөгжүүлэх шаардлагатай байгаа. Намайг хэт халуун байлаа гэх зэргээр хэлж байгаа ч уран гулгалтын спорт нь угаасаа гоо сайхныг харуулсан спорт" хэмээн үзүүлэх тоглолтынхоо талаар хэлсэн байна.
