Гучин таван жилийн өмнө наранд улайдсан Говийн чулуурхаг хөрсөн дээгүүр бахиал гутлын мөр дурайж, хайгуулын багаж барьсан нэгэн хүн тонголзон яваа дүр зургийг төсөөлөөд үзье. Энэ бол онгон зэрлэг Говийн зүрхэн дэх Оюу толгой хэмээх газар зэсийн нөөцөөрөө дэлхийд цөөнд тооцогдох том ордын нэг олдохын эхэн байлаа. Ингэж Оюу толгойн түүх эхэлдэг.
Түүнээс хэдэн сая живаагийн тэртээ энэ л улайдмал хөрсөн дээгүүр аварга биет үлэг гүрвэлийн мөр бараантаж, элдэв идэштэн, аварга биет гүрвэлүүд тэртээ алсаас дүнхийлдэн, амьдралын төлөө тэмцэл, хүч сорьсон амьдрал буцалж байсныг шинжлэх ухаан баталсан билээ. Өөрөөр хэлбэл, Оюу толгой зөвхөн зэсийн нөөц хадгалсан онгон зэлүүд нутаг бус эртний түүхийн ул мөрийг хөрсөн дороо нуусан Говийн нууцлаг “арал” байлаа. Түүх эндээс л эхлэх ёстой.
Энэ явдлаас өчнөөн сая жилийн дараа Улаанбаатарт таны яг одоо нийтлэлийг нь уншин буй эгэл нэгэн иргэн буйдан дээрээ тухлаад “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал баримтат нэвтрүүлгийг үзэж сууна. “Хүрээлэн” төслийнхөн Говийн дархан амьтан хулангийн тухай энэ нэвтрүүлгийг “Оюу толгой” компанийн тусламжтайгаар бүтээж гэнэ. Түүх үлдэж л байна.
Гишгэсэн газраа эргэж заавал хар: Нээлт
Уул уурхай дагасан хамгийн том сэдвийн нэг нь байгалийн сүйрэл, хоёр дахь соёлын устал. Үнэндээ байгалийн сүйрлээс дутахгүй чухал асуудал бол хөрсөн доорх соёлын биет өвийг уул уурхайн үйл ажиллагаанаас хамгаалах. Тиймээс ч Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуульд дэд бүтэц, барилга угсралт, уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх компаниуд лицензийн талбайдаа хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар палеонтологи, археологийн судалгаа хийлгэхээр заасан байдаг. Энэхүү дүрмийн хэрэгжилтийг уул уурхайн компаниуд дээр шалгаад үзвэл “ичмээр” тоо гарч мэднэ. Гэхдээ жишиж яримаар сайн тохиолдлууд бий. Энд түрүүн дурдсан “Оюу толгой” компанийг жишээлж болох юм. Тус компани 2002 онд дээрх журмын дагуу Археологийн хүрээлэнгийн профессор Д.Цэвээндоржоор ахлуулсан багаар Оюу толгой орчмын 8.5x10 километр бүсэд археологийн судалгаа хийлгэж, геологи хайгуулын ажиллагаа явуулж болно гэсэн дүгнэлт авч байжээ. Өнгөрсөн хугацаанд энэ бүс нутагт хийсэн шат дараалсан археологи, палеонтологийн судалгааны дүнд үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яс, яст мэлхий, матрын чулуужсан яс, чулуун зэвсэг, шавар аяга, хадны зураг, хиргэсүүр зэрэг 400 гаруй олдвор нээж илрүүлээд байгаа. Олж нээж ирүүлэхээс гадна олдсон өлгийг хамгаалахад анхаарч 2013 онд үлэг гүрвэлийн мөрийг хадгалан үлдсэн байгалийн амьд музей Шар цавийг хамгаалалтад авч, хашсан байдаг.
Зөвхөн эртний хиргэсүүр, үлэг гүрвэлийн ясаар тогтохгүй эзэнт гүрний түүхтэй холбогдох эд зүйлс ч олдсон. 2012 онд Оюу толгойн орчмоос цутгамал толь олдсоныг судлаачид Зүрчидийн Алтан улсын үед хамаарна хэмээн мэдэгдэж байв. Оюу толгойн сав газрын палеонтологи, археологийн олдворыг нээснээрээ буусан газраа эргэн харах соёл, компанийн ёс зүйд “Оюу толгой” томхон жишиг тогтоосон нь энэ.
Эргэн тойрноо тухалж заавал хар: Танилц
Уул уурхайтай улаан шугамаар огтлолцон байдаг нэг сэдэв бол “байгаль орчин”. Говь нутаг эрс тэс уур амьсгалтай ч ховор, улсын тусгай хамгаалалтад орсон олон тооны төрөл зүйл, биологийн олон янз байдлаар баялаг газар. Уул уурхайгаас эрсдэж мэдэх байгалийн олон янз байдлын асуудалд тэд хэрхэн хариу арга хэмжээ авч, байгалийн тэнцвэрийг алдагдуулахгүй ажилладгийг сөхөөд үзье. Оюу толгойн уурхайн орчимд 158 зүйлийн ургамал ургадаг гэсэн судалгаа бий. Тиймээс ч ургамлын бүрхэвчийг аль болох бага хөндөх, хөндсөн аливаа газрыг бүрэн нөхөн сэргээх үүднээс газар нутаг, ургамалжилтыг хамгаалах, нөхөн сэргээх тусгай хөтөлбөр боловсруулж, мэргэжилтнүүдийг ажиллуулж буй талаарх тайланг сайтаас нь үзэх боломжтой юм байна. Мөн ан амьтдын шилжилт хөдөлгөөнийг ажиглан, өргөн хүрээнд судалж, Өмнийн говийн бүс нутгийн биологийн олон янз байдлыг алдагдуулахгүйн тулд ан амьтдыг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж буй.
“Оюу толгой” соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарч болох хамаг л газартай нийлж, хадгалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Энэ ч утгаараа Монголын телевизийн түүхэнд шинэлэг үзэгдэл болсон “Хүрээлэн” баримтат цувралыг ивээн тэтгэсэн биз. Мужаанд алх хэмээх багаж юу сан билээ, тэр нь соёл судлаачдын хувьд баримт билээ. Говийн дархан газрын чимэг болсон, монгол хулангийн тухай нэвтрүүлэг гэхэд зэрлэг адуу төдийхнөөр бидний мэддэг хулангийн үүсэл гарваль, амьдрах орчин, хөгжилд нь тулгараад буй бэрхшээл саадыг таниулж, байгаль дэлхийтэйгээ илүү ойртоход тусалж байна.
Бүү март, мартвал: Судал
Монголчуудын түүх урд зүгт Юань гүрэн, баруун зүгт Ил хаадын үе гэсэн хоёр том хэсгээр хүрээгээ тэлдэг. Түүх судлалд шинэ гэж болохоор энэ хоёр үеийг орчин цагийн монголчуудад хүргэж буй “Тасам” төсөл 15 жилийн хугацаанд Эзэнт гүрний түүхтэй холбогдох хэдэн мянган баримт, түүхэн дурсгал, өвтэй биднийг танилцуулжээ. Энэ бол түүхийг орчин цагт эргэн сануулах, түүхэн ой дурсамжийг сэргээх тал дээр сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том ажлуудын нэг. Харин Монголоор зогсохгүй олон улсад ач холбогдолтой иймэрхүү төслийг ойлгож дэмждэг газар хэр олон бол. Өв соёл бол мөнгөтэй шүргэлцдэг салбар биш, угаас мөнгө олох зорилготой салбар биш. Тиймээс хүмүүс соёл, түүхийн төсөлд хөрөнгө оруулахаас ихэвчлэн зайлсхийдэг, эмээдэг. “Тасам” төсөл өнөөг хүртэл Монголын түүхийн жимээр “алхаж” буйн цаана “Оюу толгой”, “Хасбанк” гэсэн үндэсний өв соёлыг дэмжигч байгууллагууд буй. Гэхдээ энэ бол гавьяа гэхээсээ үүрэг, хөрөнгө оруулалт гэхээсээ байгууллагын соёлын тухай яриа билээ.
Таван жилийн өмнө, яг өдийд Оюу толгойн уурхайн цогцолборын үүдэнд Говийн биет болон биет бус соёлын өвийг уурхайчдад болон орон нутгийн иргэдэд таниулах зорилготой “Ёс заншлын өргөө”-г нээж байсныг санаж байна. Бас 2003 онд Говийн ноён нутагт Данзанравжаагийн байгуулсан шашны өвийн гол дурсгал Дэмчигийн хийдийг сэргээн засварлахад 108 мянган ам.долларын хандив өгсөн байдаг юм.
Бид өв соёлоо өнгөцхөн харж шагширчхаад л өнгөрөөд байвал улам л алсарсаар байх болно. Харин түүнийг таньж, мэдэж, өөртөө өвлөн уламжлах ёстой. Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа мөрдөж, энэ үнэт зорилгыг байгууллагынхаа соёлд шингээсэн энэ мэт компани, байгууллагуудад талархъю.