Өдгөө 56 настай АНУ-ын Эрик Вайхенмайер 2001 онд Эверестийн ноён оргилд гарсан юм. Мөн 2008 онд тэрбээр Seven summits буюу Дэлхийн долоон эх газрын ноён оргилд бүгдэд нь авирч дууссан.
Эверестийн оргилд 7100 гаруй хүн хөл тавьсан, Seven summits-д 370 орчим уулчин гарсан, тэдний л нэг юм байна гэж Та бодож магадгүй. Тиймээ, Эрик тэдний нэг. Тэгэхдээ тэр огт хараагүй хүн гэдэгт гайхамшиг нь оршино.
Эрик Вайхенмайер төрөөд 15-хан сартайдаа харааны retinoschisis хэмээх өвчтэй гэдэг нь оношлогдсон бөгөөд 13 нас хүрэхдээ хараагаа 100 хувь алдаж, ертөнцийг тольдох хувь тохиол дутжээ.
Гэвч тэрбээр өөрт тохиолдсон хувь тавилан, бэрхшээлд бууж өгсөнгүй. Чөлөөт бөхөөр хичээллэн, дунд сургуулийнхаа багийн ахлагч төдийгүй АНУ-ын үндэсний АШТ-д тэмцээнд хүртэл оролцож явж.
1993 онд Бостоны их сургуулийг багшийн мэргэжлээр магистр цолтой төгссөнөөс хойш адал явдалт, эрсдэлтэй экстрим спортын төрлөөр эрчимтэй хичээллэх болжээ.
Эрик уулын авиралт, хадны авиралт, дугуй, цана, шүхэр, каяк завь зэрэг олон спортоор хичээллэдэг бөгөөд түүний хамгийн алдартай, бас эрсдэлтэй аялалын нэг нь алдарт Гранд каньонд Колорадо мөрний уулын хурдан урсгалтай, олон зуун эргэлт, уналттай 277 миль (443 км орчим) хүнд замыг каяк завиар туулсан нь юм.
Эрик Вайхенмайкер нь дэлхийн ноён оргил Эверестэд гарсан анхны хараагүй уулчин төдийгүй нилээн хэдэн ном бичсэн зохиолч, илтгэгч, манлайлагч, багш, мөн халамжит хань, хоёр хүүхдийнхээ хайртай аав нь билээ.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин