Жюүрёо зиндааны монгол бөх Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар энэ сарын 25-нд Томозүна дэвжээн дээр хэвлэлийн бага хурал хийлгэж, гэрлэснээ зарлалаа. Хэвлэлийн хуралд түүний гэргий Б.Сувд-Эрдэнэ (25 нас) мөн оролцсон байна.Кёкүшюүхо "Бэлтгэл сургуулиа сайн хийж, банцүкэгээ дээшлүүлэн, гэрбүлээ хайрлан, хамгаалан авч явах хүсэлтэй" гэж хурал дээр ярьжээ.
Б.Сувд-Эрдэнэ 7 жилийн өмнө Японд хэлний сургуульд орохоор ирсэн бөгөөд залуу хосууд 4 жилийн өмнө танилцсан байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард гэрбүлээ батлуулж, хэдийнэ 2 охинтой болоод байгаа аж.
Сэтгүүлчид яагаад ийм удаж байж зарласан бэ гэж асуухад Кёкүшюүхо "Дээд зиндаанд дахин дэвшсэн хойноо зарлах бодолтой хүлээж байсан ч гэмтэл бэртэл гээд дээд зиндаанд дэвшиж чадаагүй" гэж тайлбарласан байна.Б.Сувд-Эрдэнэ түүнийг "Дэлхийн хамгийн зөөлөн аав. Цагаан цайлган. Түүнтэй хамт байхад тайван амгалан болохоор би үргэлж аз жаргалтай байдаг. Нөхрийнхөө ар талыг бүрэн дааж, дэмжих болно" хэмээжээ.Хуримын ёслол ирэх жилийн 6-р сард болох гэнэ.