Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ.Эрэгтэй чөлөөт бөхийн Оны шилдэг барилдаанаар Японы Такүто Отогүро, Энэтхэгийн Бажранг Пуния нарын барилдаан шалгарчээ. Тэд Будапештийн ДАШТ-ий 65 кг-ийн жингийн финалд таарч, нийт 25 оноо авсан юм. Үүнээс 16 оноог япон бөх авч, дэлхийн аварга болсон билээ. 19 настай Такүто Японы чөлөөт бөхийн хамгийн залуу дэлхийн аварга болон нэрээ мөнхлөн үлдээсэн.
Сонгомол барилдаанд Оны шилдгээр Азийн АШТ-ий барилдаан шалгарсан. Бишкект болсон тус тэмцээний 72 кг-ийн жингийн финалд 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Акжол Махмудов 2017 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Казахстаны Демей Жадраевыг 8-6 ялсан барилдаан шилдэгт тооцогджээ.
Эмэгтэйчүүдийн 2018 оны шилдэг барилдаан дэлхий, тивийн АШТ биш байлаа. Шведэд болсон Klippan Lady Open тэмцээний 76 кг-ийн жингийн финалд дэлхийн 3 удаагийн аварга Аделин Грей (АНУ) өнгөрсөн жилийн дэлхийн аварга Ясмин Адар (Турк) нар халз үзэлцсэн. Грей 9-6 ялсан бөгөөд хэдэн сарын дараа Будапештийн ДАШТ-ий финалд мөн тааран, 13-1 ялж, дэлхийн 4 дэх алтан медалиа зүүсэн билээ.