Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос (UWW) 2018 оны шилдгүүдээ зарлалаа. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны "Оны шилдэг бөх" болгоныг тус бүр 10 мянган швейцарь франкаар шагнасан байна.
Эрэгтэй чөлөөт бөхөд өнгөрсөн жил чансааны 112 оноо авсан, 86 кг-ийн жингийн бөх АНУ-ын Дэвид Тейлор Оны шилдгээр тодорсон. Дэвид ДАШТ, Панамерикийн АШТ болон чансааны оноо олгодог "Иван Ярыгин", "Яшар Догу" тэмцээнүүдэд тэргүүлсэн юм. "Би АНУ-ын шигшээ, Nittany Lion багаа төлөөлөн барилдаж байгаадаа баяртай байдаг. Оны шилдэг бөх шагналыг багийн хамт олон, багш дасгалжуулагчгүйгээр авч чадахгүй байсан. Шагнал авсандаа баяртай байна. Шинэ оныг тэсэн ядан хүлээж байна"
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхөд Оны шилдэг болсон Финландын бөх Петра Олли (65 кг) нийт 110 оноотой 2018 оныг өндөрлүүлсэн. Олли ДАШТ, Европын АШТ-д түрүүлж, Финландын анхны дэлхийн аварга эмэгтэй бөх болсон билээ. "Оны шилдэг бөх болсондоо баяртай байна. энэ шагнал бол надтай өдөр бүр хамт бэлтгэл хийдэг Финландын чөлөөт бөхийн хамт олны шагнал юм"
Сонгомол барилдааны төрөлд Унгарын Петер Бачи шилдгээр шалгарсан. 35 настай Бачи хамгийн ахмад дэлхийн аваргаар тодорсон билээ. 82 кг-ийн жинд барилдсан тэрбээр хуучин оноо чансааны 82 оноотой дуусгасан.