Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Аяллын тэмдэглэл | Адал явдал хайгчид Алтай Таван Богдод – I

Баруун аймгуудаар аялж, газар ус үзэхсэн гэсэн хүсэл тээсээр лав хоёр гурван жилийг үдсэн надад энэ жил боломж гарвал барууныг зорино гэсэн бодол санаа амраасангүй.


Урьд нь уулзаж танилцаж байгаагүй, бүр хэнийх нь ч зүс, хийгээд зан төрхийг гадарлахгүй таван хүнтэй нэг баг болоод, мөн л өмнө нь ганц ч удаа зориглон зорьж байгаагүй алс баруун хязгаарт аялаад ирсэн тухайгаа хуваалцъя. Энэ аялал эхлэхээс өмнө манай багийн хүн бүр эчнээ бүрдүүлсэн багийнхандаа яг л над шиг зүгээр л хэн нэгэн зургаа дахь нь байлаа. Ер нь хол замд хэнийг нь сайн мэдэхгүй хүмүүстэй нийлж аваад гараад шидчихье гэсэн бодол бидний хэдэд ижилхэн төрсөн нь эргээд бодохоор гайхмаар ч юм шиг. Ийм “галзуу” гэмээр, сохор болзоо шиг аяллыг яагаад хийх болсноо эхлээд бяцхан тайлбарлая л даа. Наймдугаар сард амрахаар шийдсэн ч хаана, хэнтэй, юу хийж өнгөрүүлэхээ баттай болгож чадахгүй байсаар долдугаар сарын сүүлчийг мушгиж суулаа. Найз нөхдийнхөө цаг завыг харсан ч миний амралттай яв цав таарах шинжгүй. Хамтдаа явахаар зэхсэн Хамрын хийдийн зам үерийн усанд боогдоод зорих аргагүйд хүрсэн билээ.

Баруун аймгуудаар аялж, газар ус үзэхсэн гэсэн хүсэл тээсээр лав хоёр гурван жилийг үдсэн надад энэ жил боломж гарвал барууныг зорино гэсэн бодол санаа амраасангүй. Долдугаар сар ч дууслаа, ажлын сүүлчийн өдөр ньюсфийдээр дүүрэн аялал болоод аялалтай холбоотой мэдээллүүд л хөвөрч байв. Наймдугаар сарын эхээр болох Алтай таван богдын аяллын мэдээлэл авсан ч үнэ төлбөр болоод Өлгийг ганцаараа зорих нь санаанд нийцээгүй тул Хөвсгөл далайн эрэг дээр хэд хоног амрах удаах төлөвлөгөө гаргахад хүргэсэн юм. Гэвч энэ төлөвлөгөө минь бас л бүтсэнгүй. Ажил тарахын алдад нэг эмэгтэй чатаар Алтай таван богдын аялалд нэгдэхийг санал болгосон нь таалагдсан тул уухайн тас зөвшөөрчихлөө. АТБ-руу наймуулаа явахаар төлөвлөсөн ч 5 нь замаасаа ухарснаар үлдсэн гуравт шинэ баг бүрдүүлэх эсвэл гурвуулаа явах сонголт үлдээжээ. Ингээд эрэл хайгуул хийсээр гурван хүнийг багтаа нэмж, хүсэл сонирхол нь нэгдсэн зургаа хоёрхон хоногийн дараа уртаас урт, адал явдлаар дүүрэн аялалдаа гарав. Биесээ үл таних таван залуу наймдугаар сарын 3-нд Баян-Өлгийн автобусанд Драгоноос суухдаа л анх удаа бараа бараагаа харан танилцаж байгаа юм. Багийн нэг гишүүн маань Хөвсгөлөөс наашилж, Лүн дээр нэгдэхээр ярилцсан ч амжаагүй тул араас ирэхээр тохирсон юм. Монголын баруун хязгаарыг хамтдаа зорихоор зориглосон зургаа хуульч, судлаач, нягтлан бодогч, багш, сошиал маркетер, сэтгүүлч мэргэжилтэй. Бүгд амралтаараа аялж яваа нь энэ. Өлгийн автобус хотоос гараад 30 орчим цаг явсны эцэст зорьсон газраа хүрлээ. Тавуулаа бүгд өөр суудалд явсан тул замын турш хангалттай сайн танилцаж чадсангүй. Гэсэн ч биднийг нэгтгэсэн цор ганц зүйл нь АЯЛАЛ.

Баян-Өлгий хүртэлх 1600 гаруй км замыг туулахад Баянхонгороос Говь-Алтайн хооронд 60 орчим км л шороогоор явав. Жижиг тэргээр Өлгий хүртэл асуудалгүй явах юм билээ. Зам нь ч урамтай. Автобус байсхийгээд л зогсож, цаг алдах нь тэр хол газар хэзээ хүргэнэ дээ гэсэн яарах сэтгэлийг дэвэргэж байлаа. Улаанбаатараас баруун тийш явах тусам уулс өндөрсөж, үзүүр нь улам бүр шовх болох төдийгүй мөнх цаст хайрханууд өөрийн эрхгүй хараа булаана. Шумуул нь ч “аатай” бололтой. Ховдод түр зогсож, амсхийх зуураа духан дээрээ тоншуулсан би “эвэртэй” болоод цааш хөдлөв. Бараг гурван өдрийн дараа л хэвэндээ орсон байх шүү. Улаанбаатараас өглөө 10 цагт хөдөлсөн бид маргааш нь 14 цагийн үед Өлгийд хүрэхэд жолооч Данко ах биднийг тосч авлаа.

...

Ачаа тээшээ фургондоо ачаад Алтай таван богд руу нэвтрэх зөвшөөрлийн бичгээ авахаар цааш хөдөллөө. Данко ах Баян-Өлгийн Сагсай сумын уугуул. Эхнэр, гурван хүүхдийн хамт сумандаа амьдардаг. Биеийн тамирын багш мэргэжилтэй тэрээр эхнэртэйгээ хотод танилцаж, анхны хүүхдээ өлгийдөж авсныхаа дараа сумандаа амьдрахаар явсан гэсэн. Уг нь амьдрал зохиохоосоо өмнө Казахстанд суурьшихаар яваад нэг жил амьдарсан ч Монголоо бас сэтгэлт бүсгүйгээ санаад буцаад ирсэн юм билээ. Энэ тухайгаа тэрээр “Уг нь тэнд хөгжил сайтай, 11 сая гаруй хүнтэй ч сэтгэлд нийцэх хүн олдохгүй тогтож чадахгүй юм билээ. Төрсөн нутаг усаа, энэ “муу” хүнээ санаад буцчихсан” гэсээр инээмсэглэн ярих нь шийдвэрээ зөв байсныг хэлж байгаа хэрэг биз. Бид нар түүний хүлээж авсан хамгийн анхны монгол аялагчид гэдгийг аялал дуусахаас өмнөхөн хэлсэн юм.

Өлгийн төвд очоод АТБ-руу нэвтрэх бичгээ авсныхаа дараа бид хар захаар нь хоёр, гурван цаг эргэлдэж, цааш аялахдаа хэрэглэх хүнсээ бэлдлээ. Мах, ногоо, гоймон, будаанаас эхлээд авах зүйлс цөөнгүй. Хилтэй ойрхон учраас хүнс, бараа нь үнийн хувьд боломжийн дээрээс нь зургуулаа болохоор нэг хүнд ногдох мөнгөн дүн их болсонгүй. Талх боорцог, жимс ногоогоо таван өдрийн аялалдаа зориулаад хангалттай гэгч нь базааж явсаар орой боллоо. Аймгийн төвөөсөө урагш жаахан зайтай казах гэртэй амралтын кемпэд очиж, хонохоор болсон юм. Нэг хүний 10000 төгрөг, оройны хоол, өглөөний унд нэмэгдвэл 20 мянган төгрөг гэнэ. Хотоос гарсан чигтээ яваа бид нар томоо гэгчийн казах гэрт төвхнөж, хувцас хунараа солиод аймгийн төвд очиж хоолонд орлоо. 

Энэ бол “Памуккале” хэмээх турк хоолны ресторан. Өлгийн хамгийн алдартай бас амттай хоолтой рестораны нэг. Эзэн нь турк бөгөөд казах эмэгтэйтэй гэрлээд эндээ суурьшсан аж. Зөөгчөөс нь сайн асууж, хоолоо зөв сонгочихвол амт нь янзтай. Цай нь ч аагтай. Замын алжаалаа тайлж ганц ганц шар айраг уух гэсэн боловч тэнд зардаггүй юм билээ. Ер нь тэндэхийнхэн шар айраг, архи гэхчлэн алкоголь хэрэглэдэггүй бололтой. Уух нэгэн байдаг л байх гэхдээ цөөхөн л болов уу. Харин айраг, шимийн архи уучихдаг юм билээ. Ресторанаас гарах үед аль хэдийнэ харанхуй болсон тул кемп рүүгээ буцаж, эртхэн амрахаар болов.

Биднийг Өлгийд ийн нэг өдрийг өнгөрүүлэх зуур Хөвсгөлөөс найзуудаасаа арай гэж “ховхорсон” нэг нь замдаа яваа. Далайн эрэг дээр найзуудтайгаа наргиж суусан тэрээр Өлгий явах ёстойгоо гэнэт санаж, хүний машинд дайгдахдаа дайгдаж, тэр зуураа аяны хүмүүсийн аяыг аргалан хамт уухдаа ууж, нэлээн хэдэн машин сэлгэж, ямар сайндаа жолооч нь дугхийх зуур жолоо хүртэл барьж амжжээ. Бидний нэг нь автобусанд хамт явсан хүнээр дамжуулан хотоос Өлгий рүү гарч байгаа жийп машины жолоочтой холбогдоод Хөвсгөлийн “ганцаа” Лүн дээрээс суулгах болсон учраас чадах хэрээрээ тэндээс “хурдалж” яваа ухаантай. Дарханы зам засвартайгаас болж Эрдэнэт, Булганы хооронд хий эргэлт хийж, баахан цаг алдсан юмсанж. Өнөөх хотоос гарсан машин Лүн дээр ирэх, эсэх нь мэдэгдэхгүй хүнийг бүхэл бүтэн 4-5 цаг хүлээж байж авсан байгаа юм даа. Хаяад явахыг алийг тэр гэхэв. Унаандаа сууж, шуударсан гишүүн маань наймдугаар сарын 5-ны өглөө 7 цагийн үед кемп дээр ирж, бид зургуул нэгдлээ. Найзуудынхаа ятгалгаар Хөвсгөлд үлдэлгүй зорьсон газар, үл таних хүмүүс рүү явахдаа кино шиг замыг туулжээ. Бид тав түүнийг Хөвсгөлөөс ирэх нь “худ” хэмээн бодож явснаа сүүлд ярьцгаасан.  

ЗурагТайлбар




Баг бүрдэж, бид ч хөдлөх боллоо. Өлгийн төвийн “Зайсан толгой” гэх юм уу даа, “Найрамдал” оргилд гарч, Баян-Өлгий аймгийг дээрээс нь тольдов. Аймгийн тэг дундуур  Ховд гол үерлэн урсана. Өргөн ч юм, сүрдмээр ч юм. Голын урд хэсэг нь төв, хойд талд нь гэр хороолол голдуу. Хүн ам нь 100 мянга давсан уг аймаг дайлайн түвшнээс дээш 1301-4374 метрийн өндөрт оршино. Мөргөлийн цаг нь болохоор жигтэй ая цуурайтан аймаг даяар дуугарах нь сонирхолтой. 

ЗурагТайлбар



“Найрамдал” оргил дээр зураг хөрөгөө даруулж аваад Сагсай сум руу хөдөллөө. Аймгийн төвөөсөө 25 км зайд байрлах тус суманд Данко ахынх бий. Охин, хоёр хүүтэй тэрбээр гэртээ очмогцоо л энгэрийн гурван “зүүлттэй” болчих нь тэр. Аялал ийн эхлэхэд түүний төрсөн өдөр болж таарав. Бид гэр бүлтэй нь танилцаж, тэднийд хоол унд идэн төрсөн өдрийн баяр тэмдэглээд цааш хөдөллөө. Казах эмэгтэйчүүдийн зочломтгой, хоол ундны нь баялаг хийгээд амттайг яана.  

Өглөөнөөс эхлэн шивэрсэн бороо хэсэг хүчтэй аадарлан орсон ч биднийг хөдлөхөд намжиж, нар гарсан нь хол замд яваа бидэнд аятай.

...

Сагсай сумаас цааш 50 орчим км явсаар Цэнгэл сумын зах харагдав. Эндээс цаашаа сүлжээгүй тул бүгд гэрийнхэн, найз нөхдөдөө хэд хоног холбогдож чадахгүйгээ дуулгаж, шатахуунаа базааж аваад Цагаан гол буюу Сүүн гол руу явав. Энэ замын уртыг хэлэх үү, байгалийн үзэсгэлэнг нь бишрэхэд хэлэх ч үг олдохгүй зураг авч, бичлэг хийн нэг л мэдэхэд нар шингэх зүг рүү уусан холдсон байлаа.

Хад чулуу, бартаат замыг фургон л “баздаг” юм билээ. Сүрлэг өндөр уулсын орой нь фургоны лүүкээр л харагдаж байв. Хаа нэг өндөрлөг дээр барьсан эзэнгүй байшин, амбаар харагдана. Эздүүд нь бодвол зуслан, намаржаандаа буусан байх. Газрын ийм мухарт хүний бие нь муудвал яаж энэ замыг туулан эмнэлгийн бараа хардаг бол гэхээс төсөөлшгүй. Загаст нуурын баригадаар дайрахад бүх хашаа, байшин нь цоожтой тээр дээр харуул бололтой ганц айлын гадна очвол хүүхдүүд нь гүйгээд ирсэн. Чихэр тараагаад хөдөллөө.

ЗурагТайлбар




Төв, суурингаас холдох тусам улам сэрүүсэж байлаа. Аймгийн төвөөсөө 200 орчим км зайд орших Сүүн гол дээр харуй бүрийд ирлээ дээ. Майхнаа хатгаж, оройн хоолондоо будаатай шөл хийцгээлээ. 

Тогоотой хоолоо идэж дуусахад аль хэдийн шөнө хугасласан байдаг юм даа. Одод сартайгаа дээрээс юу юугүй нөмрөөд ороод ирэх нь үү гэмээр шөнийн тэнгэрийн дор Данко ахтай бидний зургаа элдвийг хөөрөлдөн суухад голын урсгал сонстон байсныг төсөөлөөд үз дээ. Үлгэрийн мэт юм билээ.

ЗурагТайлбар





Майханд шөнийн турш дороос чийг, хүйт даасан болохоор сайн унтаж чадсангүй. Гэвч өглөө босоход үдэш бүүр түүрхэн үзэгдэж байсан байгаль цогц үзэсгэлэнгээ гялбуулан угтсанд нойр мойрхон юу ч биш болов. Нэг гэм нь хоолой таг. Энэ хавиар тувачууд нутаглана. Эндээс Алтай Таван Богдын кемп хүртэл 17 км. Машин явах аргагүй тул тувачуудаас морь, тэмээ хөлсөлж явна. Мориор явах, алхах гэсэн хоёр сонголтод шинэ найзууд анх удаа санал зөрөлдлөө. Нэлээд хэлэлцсэний эцэст гурав нь алхаж, үлдсэн хэд нь ачаа бараагаа аваад мориор явах шийдэлд хүрэв. Би алхалтаар хичээллэдэг хоёроо дагахаар боллоо. Хоол ундаа идэж, ууж хүч сэлбээд бид гурав түрүүлж замдаа гарлаа. АТБ-д ирчихээд даваа гүвээ давж, гол ус, намаг шалбааг туулан алхана гэж зүүдлээ ч үгүй тул гэнэтийн зүйлтэй учруулсан том шалгуур байв. Урьд шөнийн хүйтнээс болж хоолой сөөж, хамар битүүрсэн надад шинэ жилээр монитагийн минь бэлэглэсэн нусны алчуур дараагийн 4 өдөр хань хамсаатан болно гэж яахин мэдэх. Биднийг 10 гаруй км алхсаны хойно араас морьтнууд гүйцэн ирж, бөөндөө цайллаа. Гэвч бидний араас түрүүлж давхисан нэг нь бараа сураг алга. Ерөнхийлөгчийн овоо талыг бариад аль эрт харлан бараантан давхисан хүн мөн байх гэж яриад хөдөлцгөөв. Бид гурав 17 км замыг 4-5 цаг алхаж туулаад кемпдээ ирэхэд морьтнууд маань майхнаа барьж, хоол цай хийхээр зэхэж байлаа.

Кемпийн урдхан талд  Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байх үед босгосон чулуун хөшөө байх аж. Хөшөөн дээр:
“Их эзэн Чингис хааны маань захиж хэлсэн
Өндөр уулыг зорь
Өргөн далайг гар
Хол хэмээн бүү цөхөр явбаас хүрнэ
Их хэмээн бүү шантар оролдвоос гатална гэсэн билиг сургаал нь иргэн хүнд ч, төр улсад ч нэн чухал болой
” гэж бичсэн нь бүдэгхэн харагдана.  

Түрүүлж мордсон нэг маань л байдаггүй ээ. Багийнхан цугларсан ч сураггүй алга болсон нэг гишүүнийг хайхаар морьдын эзэн, хөтөч Төгсөө нэг найзтайгаа мордлоо. Цаг гаруйн дараа майхандаа буцахдаа гурвуулаа болоод ирсэн. Сураггүй болсон нэг маань Ерөнхийлөгчийн овоон дээр очиход хүмүүс биднийг буруу зүгт зааж өгснөөр мөсөн голыг өгсөж, уруудан ганцаараа баахан давхиж, төөрөхөд хүргэжээ. Өдөржин морьтойгоо давхиж явсных түүний нүүр нь аяншиж, нүдний шилнийх нь ормоор цайрч, бусад хэсэг нь улаа бутарчээ. Их ядарсан ч бололтой. Ирмэгцээ унтчихав.  

АТБ-д байрлах тус кемпийг аяллын компани байгуулсан бололтой. Эргэн тойронд цас бороо нэвтэрдэггүй шар майхнууд байх бөгөөд дундаа “гал тогоо” болох томоо гэгч берзинтен ногоон майхан зоожээ. Малчин, Хүйтний оргилыг зоригсод энэ кемпэд л буудаллана. Энд бас цаг уурынхан байрладаг ганц гэр байдаг юм билээ.

Манайхан майхныхаа гадна харанхуй болохоос урьтаж хоол хийхээр бэлдэж байхад аяллын компанийн тогооч ах ирж, “гал тогоондоо” дулаахан сууж, хоол хийхийг зөвшөөрч, биднийг уриалгахан угтлаа. Хүмүүс түүнийг Таван богдын “Тарзан” Төгсөө гэдгээр нь анддаггүй гэсэн. Тэнд цаг агаар нь ч тогтворгүй юм. Төд удалгүй бороо шивэрчихсэн. Гадаа хоолоо хийсэн бол зутрах байж шүү. Морь, тэмээгээ уналгаар хөлслүүлж, хөтөчөөр энд ирдэг тува залуус болон Тарзан Төгсөө ах, манай хэд нийлээд долоон гарын муушги тоглож, шөнө болтол чимээ шуугиантай сууцгаав. Тоглоом дууссаны дараа бид майхныхаа гадна тухалцгааж, цүнхний “юм”-аа гарган яриа хөөрөөг дэлгэцгээв. Ханиаданд сайн гээд надад шимийн архи халаагаад өгөх хооронд л “эм” хөрж байсан нь хэр хүйтэн байсныг гэрчилнэ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.12
Будапештын тэмдэглэл
2
2024.02.19
Lonely Planet: 2024 онд аялах шилдэг орноор Монгол улсыг нэгдүгээрт жагсаажээ
3
2024.01.18
Аялагчдын сонголт: 2024 онд аялах шилдэг 25 газрыг нэрлэжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
4 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
7 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.09.12 172.69.252.149

Holboos n buruu bn shu, end daraad ghr n darsan dahiad l 1r heseg dre irchihlee

1 Хариулах