Японы сүмо бөхийн холбооноос ирэх башёд макүшитагаас жюүрёод дэвших бөхчүүдийн нэрийг зарлалаа. Сүмо бөхчүүд жюүрёод дэвшснээр сэкитори буюу цолтой бөх болж, цалин авч эхэлдэг билээ.
Энэ удаад хоёр бөх шинээр жюүрёод шилжсэний нэг нь Өвөрмонголын хоёр дахь сүмоч Дайсэйзан буюу А.Асгахад байлаа. Түүний төрөлх нутагт маш том уул нуруу байдаг. Хамгийн өндөр оргилынх нь нэрээр Дайсэйзан гэдэг нэр авсан гэнэ.
Дайсэйзан Өвөрмонголын Хөх хотын уугуул. 24 настай. 191.7 см өндөр, 156.8 кг жинтэй. Арашио дэвжээ. Багадаа сагсан бөмбөгөөр хичээллэж байсан ч Хакүхо Цомын тэмцээнд ороод сүмо бөхийг сонгожээ. Аавтай нь Өвөрмонголд хамт чөлөөт бөх барилдаж байсан Өвөрмонголын анхны сүмоч Соококүрай Энхтүвшиний зуучлалаар Японд ирж, Хирюү дунд сургуульд суралцсан. 2018 оноос Арашио дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд оржээ. 2022 оны нэгдүгээр сараас барилдаж, санданмэд байхдаа баруун бугуйн гэмтлээр мэс засалд орж, 2 башё өнжсөнөөс бусад бүх тэмцээндээ 50 хувийн амжилт үзүүлсэн. Ингээд өнгөрсөн башёд макүшитагийн зүүний 2 дээр 7 ялан, түрүүлсэн юм. Тэр Хятадын 4 дэх, Өвөрмонголын 2 дахь сэкитори болж байна. Асгахадын аав Алтан-Очир 2001 онд Улаанбаатарт болсон Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээний 97 кг жингийн хүрэл медальтай. Өвөрмонгол үндэсний бөхийн барилдаанаар олон том наадамд түрүүлж байсан алдартай бөх ажээ.
Анхны Өвөр Монгол сүмоч болох Соококүрай Энхтүвшин өдгөө Арашио дэвжээг эзэмшдэг ояката болсон. Түүний замнал дардан шулуун байгаагүй. 2011 онд найрааны хэрэгт орооцолдож, холбооноос хөөгдсөн. Тэтгэлгийн мөнгө аваад зодог тайл гэсэн шаардлагыг үл хэрэгсэн, үнэн зөвөө тогтоох гэж 2 жил хагас шүүхдсэний эцэст дахин барилдах эрхээ авч байсан билээ. 2020 онд зодог тайлаад Арашио дэвжээг өвлөн авсан юм.