Казахстаны анхны олимпын аварга жүдоч Елдос Сметов эх орондоо харилаа. Нисэх буудал дээр түүнийг хэдэн зуун хүн хүлээн зогсож байв. Түүхэн гавьяа байгуулсан аваргаа Казахстан улс ёслол төгөлдөр хүлээн авч, шагналын хур буулаа.
Казахстаны Засгийн газраас олимпын аварга тамирчиндаа 250 мянган ам.доллар олгодог журамтай. Тэгэхээр Сметов юуны өмнө улсаас өгдөг энэ мөнгөө авах болно.
Дараа нь Казахстаны том бизнес эрхлэгч Ануар Акмурзаулы хурдан удмын 100 морь бэлэглэж байгаагаа зарлалаа. Нэг нь 7 сая төгрөгийн үнэтэй гэж байгаа. Яагаад ийм том бэлэг өгч байгаагаа тэрээр “Би Елдостой танил биш ч барилдааныг нь байнга үздэг. Тэр олимпын мөнгө, хүрэл медальтай. Харин энэ удаа алтан медаль авч, миний мөрөөдлийг биелүүлсэн. Баярлалаа. Елдос бол улс орныхоо бахархал тул би 100 морь бэлэглэхээр шийдсэн. Би анх бизнесээ 100 мориор эхлүүлж байсан юм. Елдост би өөр шиггээ аварга шавь нартай болоорой гэж захисан. Аав минь 1976 онд ЗХУ-ын аварга болж байсан тамирчин хүн байлаа” гэж тайлбарлажээ.
Харин аваргын төрөлх нутаг Тараз хотын захиргаанаас 5 өрөө байр, Lexus LX 600 машин гардуулж, хотоор парад жагсаал хийж, төв стадиондоо Бүх оддын тоглолт зохион байгуулсан байна.
Энэ олон шагналын дотор хамгийн өвөрмөц нэгэн шагнал нь Елдосын төрсөн тосгон. Түүний байшингийн дэргэдэх засмал зам цоорч, муудсан байсан аж. Харин олимпын аваргыг тосгондоо ирэхэд шинэ зам угтан авсан байна. Тосгоны захиргааны мэдэгдсэнээр энэ ажлыг үл мэдэгдэх нэгэн ивээн тэтгэгч хийжээ.
Мажилисийн депутат Руслан Берденов, Forbes-т бичигддэг тэрбумтан Жумабек Жаныкулов нар машин амласан байгаа. Ямар машин гэдэг нь дараа тодорхой болно.
Мөн Сметов дасгалжуулагчийн хамт сар бүр 318 мянган тенге (1 тенге=7төгрөг) тэтгэмж авна.