BTS хамтлагийн гишүүн Suga согтуу үедээ цахилгаан скутер унаж яваад цагдаад баригдан торгуулжээ. Түүний энэхүү асуудалд Big Hit Music-ээс “Өчигдөр орой Suga согтууруулах ундаа хэрэглээд хамгаалалт зүүж scooter унаад гэртээ харьж байсан ч зогсоолд тавьж байхдаа унаад цагдаагийн шалгалтад орж торгуулсан байна. Энэ асуудлаар өөрөө гэмтээгүй бас бусдыг гэмтээж, хохирол учруулаагүй болно. Уран бүтээлч хүний хувьд зохисгүй үйлдэл гаргасанд нь уучлалт гуйж байна. Цэргийн албаа дүйцүүлэн хааж байгаа нийгмийн ажилтны хувьд тэр ажил олгогчоосоо сахилгын шийтгэл авах болно. Цаашид бид ийм асуудал гаргахгүй байхад нь илүү их анхаарах болно” хэмээн мэдээлжээ.
Харин энэ тухай тэрээр өөрөө өгүүлэхдээ “Өчигдөр орой хоол идэж, жаахан архи уучхаад цахилгаан скутер унаж гэртээ харьсан юм. Манай гэр ойрхон байсан учраас би зүгээр гэж бодсон бас цахилгаан скутерийг согтуугаар барьж болохгүй гэдгийг мэдээгүй. Гэхдээ миний хайхрамжгүй зангаас болж гомдсон шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж байна. Цаашид ийм зүйлийг дахин давтахгүйн тулд өөрийн үйлдлээ илүү цэгнэх болно” гэжээ.