Зуны олимпын XXXIII наадмын уралдаан тэмцээний эргэн тойронд болж буй үйл явдлуудыг базваас:
*****
Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 м-т түрүүлсэн АНУ-ын Ноа Лайлз 200 м-т хүрэл медаль хүртэхдээ ковид туссан байжээ. Үүнийгээ Лайлз барианд орсны дараа л хэлжээ. Тэрбээр ханиалгаж, амьсгалахад хэцүү байсан тул гүйлтийн зам дээр эмнэлгийн ажилтнуудыг дуудаж , тэргэнцэр дээр сууж эмнэлгийн цэгт очжээ.
*****
Эмэгтэйчүүдийн 400 м-ийн саадтай гүйлтэд АНУ-ын Сидни Маклафлин түрүүлэхдээ (50,37 сек) өөрийнхөө сар гаруйн өмнө тогтоосон Дэлхийн рекордыг шинэчиллээ.
*****
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-bf19d86f-c91e-4f8e-b479-16017696234c.png)
Ботсваны гүйгч Летсиль Тебого улсынхаа түүхэнд анхны олимпын алтан медалийг авчирлаа. Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 200 м-ийн зайд 21 настай Тебого 19,46 секунд гүйлээ. Африкийн Ботсван улс өмнө нь олимпоос нэг мөнгө, нэг хүрэл хүртэж байжээ.
*****
Эмэгтэйчүүдийн волейболын хагас шигшээ тоглолтод АНУ-Бразилийг 3:2-оор хожин финалд үлдлээ. Тэднийг Туркийг 3:0-ээр хөнгөхөн буулган авсан Итали бүсгүйчүүд хүлээж байна.
*****
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/article/article-fcd9511f-5e42-40c3-ad91-ea440cb179a1.png)
Олимпын наадмын гол супер одод болох АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн баг хагас шигшээд Сербид -17 оноогоор хожигдож явсан ч төгсгөлийн 4 дүгээр үед тун сайн тоглож, 95:91-ээр хожлоо.
"Мөрөөдлийн баг"-ийг Стефен Көрри аварсан гэхэд болно. Стеф энэ тоглолтод 9 удаа 3 онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэж, 36 оноо авсан юм. 40 минут тоглодог ФИБА-ийн дүрмээр гэхэд ийм оноо авна гэдэг гайхамшигтай .
Финалд АНУ нутгийн эзэн Францын шигшээтэй тоглох бөгөөд Франц-Германыг 73:69-өөр хожсон юм.
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин