Парисын олимпын наадам эхэлснээс хойш жендерийн асуудал, маргаанд ороод байсан Алжирийн эмэгтэй боксчин Иман Хелиф 66 кг-ын жинд олимпын аварга боллоо. Финалын тулаанд түүний өрсөлдөгч нь Хятадын Ян Лю байсан бөгөөд Иман 5:0 итгэл төгс ялалт байгууллаа. Энэ олимпод тэр өрсөлдөгчдөө нэг ч үе алдаагүй юм.
Олимпын турш түүнийг шүүмжилсэн, доромжилсон сэтгэгдэл, нийтлэлүүд цахим ертөнцөөр гарч байсан ч Иман огт тоосонгүй. Охиноо өмөөрсөн аав нь багынх нь зургийг хүртэл сүлжээнд тавьж байлаа.
Дашрамд дурдахад түүний эх орон Алжирт хүйсээ солихыг хуулиар хориглодог. Алжирчууд улс орноороо Иманыг дэмжиж байсан юм. Олимпын өмнө 150 мянган дагагчтай байсан Иманы инстаграм хуудас одоо 1.6 сая дагагчтай болжээ.
Иман хүнд хэцүү амьдралыг туулсан.
“Би гудамжинд талх зардаг байлаа. Сав суулга гээд элдэв зүлй хог дээрээс түүнэ. Учир нь манай гэр их ядуу байсан. Харин надад боксын секцнийхээ төлбөрийг хийх шаардлага байсан” гэж тэр ярьж байлаа.
Парист тэр эхний тойрогт Италийн Кариниг ялсан. Өрсөлдөгч нь тулааны дараа гар барихаас татгалзаж, зодог тайлснаа зарласан. Дараа нь Унгарын Анна Хамори, Таиландын Суваннафенг нарыг ялсан.
Иманы олимпын алтан медаль бол Алжирын боксын түүхэн дэх хоёр дахь алтан медаль. 1996 оны Атлантагийн олимпод Хосин Солтани түрүүлж байлаа.
Олимпын аварга болсныхоо дараа Иман “Олимп бол миний нэр хүндийнхээ төлөө хийсэн тулааны талбар. Энэ медаль бол миний олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Энэ бол Алжир улс, Арабын бүх орнуудын шагнал. Би энэ ялалтаа Алжир эх орондоо, Алжирын эмэгтэйчүүд, Алжирын бокст зориулж байна” гэж хэллээ.