1986 онд болсон Чернобылийн дэлбэрэлтийн нөлөөгөөр хөгжлийн бэрхшээлтэй төрсөн Оксана Мастерс бага насаа өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт өнгөрүүлсэн бөгөөд үнэн хэрэгтээ тэрхүү орчин нь янхны газар байжээ. Тэрээр энэ газарт байхдаа санаанд багтамгүй байдлаар сэтгэл санаа, бие махбод, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэдэг.
Улмаар долоон настайдаа Америк руу үрчлэгдэж, тэр цагаас цэцэглэн хөгжсөөр сэлүүрт завь, цана, дугуйн спортын төрлөөрх хамгийн алдартай пара сортын тамирчдын нэг болсон юм.
Мастерс 14 настайдаа хоёр хөлөө тайруулжээ. Түүний хувьд, спортын дөрвөн төрлөөр зургаан удаагийн паралимпод хүч сорихдоо 17 медаль хүртсэний долоо нь алтан медаль байдаг.
Мастерс анхлан 2012 оны паралимпоос сэлүүрт завины төрлөөр хүрэл медаль хүртэж байсан бол 2014 оны өвлийн паралимпоос гүйлтийн цана болон биатлоны төрлөөр хошой медаль өвөртөлж байв. Улмаар 2018 оны өвлийн паралимпыг хошой алтан медальтайгаар өндөрлүүлсэн бахдам амжилтын эзэн.
Тэрбээр мөн парадугуйн спортын дэлхийн аварга тамирчин юм.
“Ихэнх хүмүүс “Чи алхаж чадахгүй, тэгж ч чадахгүй, ингэж ч чадахгүй” гэж бага наснаас маань нааш туж гоочилсоор өдийг хүрсэн. Гэвч би тэдний үгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Паралимпын тамирчид хүрээлэн буй орчиндоо үргэлж дасан зохицсоор амьдардаг. Учир нь дэлхий зөвхөн бидний төлөө бүтээгдээгүй шүү дээ” гэв.
Мастерс тун удахгүй “Парис-2024” паралимпын наадмын дугуйн уралдаанд өрсөлдөнө.
“Би өнгөрсөн хугацаанд тун ч азтай байж, өндөр амжилтуудад хүрсэн. Гэхдээ миний хараахан хүрч амжаагүй нэг амжилт бол төгс гүйцэтгэл юм. Энэ бол медалийн индер дээр гарах эсвэл сүүлчийн байранд орохоос үл хамааран миний зорьж зүтгэж байгаа гол утга учир” хэмээн тэрбээр онцолжээ.
Мастерс 2023 онд хэвлүүлсэн "Хөндүүр дурсамжууд" номондоо хүмүүсийн хүйтэн хөндий хандлага, өлсгөлөн, хайр энхрийлэлгүй байдал, түүнчлэн хүчирхийллийн тухай бичсэн байдаг.
Тэрээр өөрт тохиолдсон олон зүйлийг номондоо бичихээр шийдсэн нь энэ аж. Түүний бичсэнээр, хамгийн сайн найз нь болох Лэйни хулгайгаар талх авах гэж байгаад түүний нүдэн дээр зодуулж амиа алдсан байна. “Тэр миний гэр бүлийн гишүүн байлаа, Лэйни надад хайр гэж юу болохыг, аюулгүй байдал гэж юу байдгийг зааж сургасан. Түүнийг амь эрсдэх хүртэл энэ дэлхий ямар хахир муухай газар болохыг би ойлгоогүй юм”. Мөн тухайн номонд дурдсанаар түүний амьдарч асан асрамжийн газрын дээд давхарт янхны газар ажиллуулдаг байжээ.
Үүгээр ч барамгүй түүнийг зарим үед хэрцгийгээр зоддог байсан гэлээ. “Миний хүсэл тухайн үед үхэх байсан. Гэхдээ би бас ээжтэй болохыг ч хүссэн. Зарим хүүхэд асрамжийн газрыг орхиж, шинэ гэр бүл рүүгээ нүүхийг хараад надад ч бас боломж байгаа гэж найдаж байсан хэрэг”.
Харин түүнийг Гей Мастерсийн гэр бүл өргөж авснаар цоо шинэ амьдрал эхлэх нь тэр. Бяцхан Мастерыг Америкт авчирсны дараахнаас зарим мэдрэмжийн тухайд сургах хэрэгтэй болжээ.
“Би өлсөж байгаагаа ч мэддэггүй хүүхэд байлаа. Учир нь асрамжийн газарт байхдаа мэдрэмжээ хэрхэн үл тоож, дарах вэ гэдгийг сурсан юм. Ээж маань надад хачин мэдрэмжүүд юу гэдгийг ойлгуулж, “аз жаргал” гэдэг үгний утгыг тайлбарлаж өгсөн. Би сургуульд явах болсноор л өөрийнхөө ялгаатай байдлыг мэддэг болсон. Хэдийгээр бие маань өвдөж буйг мэддэг байсан ч, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ тэр хүртэл мэдээгүй байсан юм. Харин сургуульд явж эхлэхэд хүмүүс надаас “Чи яагаад биднээс өөрөөр алхдаг юм бэ? Чи нэг л өөр харагдаж байна“ гэж асуудаг болсон. Өсвөр насандаа би бусдаас ялгаатай гэдгээ нуухын тулд урт ханцуйтай цамц, халхгар өмд өмсөж, өөрийг маань үнэлэхгүй байх асуудалтай өдөр болгон шахуу ширүүн тэмцдэг байлаа”.
Түүнийг 13 настайд нэгэн танил нь сэлүүрт завиар хичээллэхийг санал болгожээ. “Эхэндээ үүнийг сонсоод маш их уурласан. Спорт зөвхөн бие бялдар сайтай, эрүүл хүмүүст зориулагдсан гэж боддог байснаас тэр юм. Гэвч сэлүүрт завиар хичээллэх нь хөгжлийн бэрхшээлтэй байдлаасаа болж сургуулийнхаа волейбол, бүжгийн дугуйланд хамрагдаж чадалгүй хоцорсон уур хилэнгээ дарах хамгийн аюулгүй спорт шиг санагдсан. Завин дээр та зөвхөн усны чимээг л мэдэрнэ. Ингэхээр хашхирч, дотор бугшсан бүхнээ гадагшлуулах сайхан арга байгаа биз дээ. Харин уснаас гарч ирэхдээ би өөрийгөө тайвширсан байгааг анзаардаг. Спортоор хичээллэх нь амьдралынхаа 13 жилд хайсан сэтгэцийн хувьд хэвийн байлгах тэрхүү эм маань юм шиг санагдсан” гэжээ.