UBLife Logo
Спорт

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН  "МӨНХИЙН" РЕКОРДУУД #2

ХӨНГӨН АТЛЕТИКИЙН  "МӨНХИЙН" РЕКОРДУУД #2

Хөнгөн атлетикийн  тамирчдын хүсэл мөрөөдөл нь олимп, дэлхийн аварга болохоос гадна дэлхийн рекордыг тогтоох, эзэмших гэхэд болно.

Жилээс жилд тамирчдын амжилт сайжирч , дэлхийн рекорд амжилтууд шинэчлэгдэж байдаг ч хэдэн арванаар эвдэгдээгүй урт настай, мөнхийн гэмээр хөнгөн атлетикийн рекордууд цөөнгүй бий. "Таван цагариг" сонин эдгээр рекордыг танилцуулж байна.

ЭРЭГТЭЙ:

ӨНДРИЙН ХАРАЙЛТ

Кубын домогт өндөрт харайгч Хавьер Сотомайор 1993 оны долдугаар сарын 27-нд 2,45 метр дээгүүр харайж тогтоосон рекордыг өнөө хүртэл хэн ч шинэчилж чадаагүй 31 жил өнгөрчээ. 2 метр 45 см гэдэг хэр өндөр болохыг хэдэн жилийн өмнө Швейцарийн Лозанн хотноо байдаг Олимпийн музейн гол хаалганы өмнө байдаг Х.Сотомайорын супер рекордын яг л тэр өндөртэй харайлтын хөндлөвчийг хараад биширч билээ.

2014 онд Катарын алдарт харайгч Мутаз Башрим 2,43 м дээгүүр харайж, Сотомайорын суут рекордод тун дөхөж очсон. Түүнээс хойш 10-аад жил 2,40 м дээгүүр ч давсан харайгч гарсангүй ээ.

УРТЫН ХАРАЙЛТ

Энэ төрөлд алдарт Боб Бимон 1968 онд 8,90 м дүүлж, дэлхийн өмнөх рекордыг 55 см-ээр ахиулсан нь 23 жил оршсон түүхтэй. Тэгвэл цуутай Америк харайгчийн рекордыг 1991 онд нутаг нэгтнүүд нь эвдсэн билээ. Эхлээд домогт Карл Льюис 8,91 м , дараа нь Майк Пауэлл 8,95 м харайж шинэ дэлхийн рекордыг тогтоосон.

Майк Пауэллийн рекорд өдгөө 33 жил "амьдарч" байна. Түүний рекордод хамгийн "дөхсөн" харайгчид бол 8,74 м харайсан АНУ-ын Эрик Улдер (1994), Дуайт Филипс (2009) нар. Гэхдээ бүхэл бүтэн 20 гаруй см-ээр дутуу амжилтыг "дөхсөн" гэх ч хаашаа юм.

Гэхдээ 1995 онд Кубын харайгч Иван Педросо 8,96 м харайж, дэлхийн рекорд тогтоосон ч долоо хоноод уг рекордыг тодорхой шалтгааны улмаас тооцоогүй сонирхолтой түүх байдаг. Дараа нэг сонирхуулнаа.

ГУРВЫН ХАРАЙЛТ

Их Британийн харайгч Жонатан Эдвардс гурвын харайлтаар 18 метрийн хязгаарыг давсан (1995 оны ДАШТ дээр 18,16 м харайсан) анхны хүн болсон төдийгүй тэр өдрөө, бүүр тодруулбал ердөө 20-хон минутын дараа 18,29 м харайж, дэлхийн рекордыг тогтоосон юм. 28 жил түүний рекорд хэвээрээ байгаа бөгөөд 2015 онд АНУ-ын Кристиан Тэйлор 18,21 м харайж, Эрвардсын рекордод ойртсон билээ.

ДҮҮГҮҮР ШИДЭЛТ

Хуучин ЗХУ-ын дүүгүүрийн тамирчид болох Юрий Седых, Сергей Литвинов нарын хооронд 1980-аад онд энэ төрлийн гол өрсөлдөөн, халз "дуэль" болдог байлаа. Аль аль нь олимп, дэлхийн аварга болж, дэлхийн рекордыг эзэмшиж, бие биеээ хурцалж явсан хоёр л доо.

Дүүгүүрийн түүхэн дэх 20 шилдэг амжилтын 17 нь энэ хоёрт хамаарагддаг гэхээр ойлгомжтой байх.

1986 онд Юрий Седых дүүгүүрээ 86,74 м шидэж, шинэ дэлхийн рекорд тогтоосон нь 38 жил эвдэгдээгүй өнөөдрийг хүрлээ. Седыхийн рекордод ойртож очсон хүн нь Беларусийн В.Девятовский бөгөөд 2005 онд 84,90 м дүүгүүрээ шиджээ.

ЖАД ШИДЭЛТ

Чехийн домогт жадчин Ян Железны 1996 онд жадаа 98,48м шидэж тогтоосон дэлхийн рекорд 28 жил оршиж байна.

Германы Йоханнес Феттер Железныгийн рекордод хамгийн ойр буюу 97,76 м ( 2020 онд) шидсэн жадчин юм.

1500м

Энэ зайн 10 шилдэг амжилтын 7-г нь нэр дээрээ бичүүлсэн Мароккын аугаа гүйгч Хишам Эль Герруж 1998 онд 1500 метрийн зайд 3 мин 26,00 секунд гүйж тогтоосон дэлхийн рекордыг 26 жил хэн ч шинэчилж чадаагүй байна. Кенийн Бернард Лагат 2001 онд 3.26,34 гүйсэн нь Хишамын рекордод хамгийн ойртсон амжилт юм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.