ОХУ-ын Пятигорск хотын блогчин Кирилл Терёшин 2017 онд гартаа синтол шахуулж, асар том булчинтай болсноороо алдаршсан. Кирилл бусдын адил дасгал сургууль хийж, булчинтай болохыг хүссэнгүй, шууд л синтол хэмээх бодис шахуулжээ. Булчинтай боллоо гээд тэр чадалтай болоогүй. Синтол гэдэг нь 85 хувь нь тос, 15 хувь нь лидокаин, бензилийн спиртээс бүтдэг эд бөгөөд муудаж өмхийрөх магадлалтай, хэт их хэрэглэвэл гараа тайруулах ч аюултай эд юм.

Удалгүй гоо сайхны мэс заслаар нүүрээ гурвалжин болгож, уруулаа томсгож, нүүрээ буддаг болжээ. Хагалгааны дараа Терёшин “Гурав дахь мэс засал амжилттай боллоо. Бүх юм төлөвлөгөө ёсоор явж байна. Би харь гаригийн хүнтэй адил болохыг хүссэн. Одоо би төгс эр хүн боллоо. Уруул, эрүү, дух, хамар бүгд өв тэгш” гэж ярьж байсан юм.

Тэгвэл эмч нарын анхааруулж байсан ёсоор булчин нь үрэвсэж, өмхийрөн, хагалгаанд орохоос өөр аргагүй болсон байна. Олон нийтийн сүлжээнд од болохын төлөө түүний төлсөн төлөөс амь насанд нь хүрч болзошгүй болоод байгаа юм.

Тун саяхан тэр инстаграмд зургаа оруулж, булчингаа авхуулах гэж байгаагаа мэдээллээ. Ямар мэс ажилбар хийхийг тэр хэлээгүй ч ямар ч гэсэн соруулж авах боломжгүй болсон гэжээ. Юуны өмнө үхсэн арьснуудыг нь тайрч байгаа гэнэ.
