UBLife Logo
Дэлхий

Путин, ХАМАС-тай Трамп, Харрисын анхны мэтгэлцээн

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Путин, ХАМАС-тай Трамп, Харрисын анхны мэтгэлцээн

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Камала Харрис, Дональд Трамп хоёр 11 дүгээр сард болох сонгуулийн өмнөх эхний болон магадгүй эцсийн мэтгэлцээнээ ABC News-ийн шууд эфирт хийлээ.

78 настай Дональд Трампын нэрийг долдугаар сард БН намын чуулганаас албан ёсоор дэвшүүлсэн. Харин 59 настай Камала Харрис наймдугаар сард Ерөнхийлөгч Жо Байдений оронд нэр дэвшигчээр сонгогдсон билээ.

Мэтгэлцээний өмнө хоёр нэр дэвшигчийн дэмжлэгийн хувь бараг ойролцоо байлаа. Трампын хувьд долоо дахь мэтгэлцээндээ орж байгаа бол Харрис анх удаа мэтгэлцлээ. Мөн хоёр нэр дэвшигч урьд өмнө нэг ч удаа нүүр тулан уулзаж байгаагүй, ярилцаж байгаагүй гэдэг нь онцлог байлаа. Мэтгэлцээн зар сурталчилгааны хоёр завсарлагаатайгаар 90 минут үргэлжлэв.

Мэтгэлцээний эхний асуултыг ABC-ийн хөтлөгч Дэвид Мьюир тавьсан. Эдийн засгийн сэдэвтэй энэ асуулт нь “Америкчууд өнөөдөр 4 жилийн өмнөхөөс илүү амьдарч байгаа гэдэгт итгэлтэй байна уу”.

Харрис эхэлж хариулахдаа “Боломж дүүрэн эдийн засаг цогцлоох төлөвлөгөөтэй” байгаагаа хэлж, байрны үнийн асуудлыг шийдэж, жижиг бизнес, залуу гэрбүлд туслахаа амлав.

Харин Трамп ардчилагчид дөрвөн жилд эдийн засгийг сүйрүүлснийг онцлоод Харрист өөрийн бодлого гэж үгүй, Жо Байдений бодлогыг л хуулж байна гэж шүүмжилсэн юм.  

Харрис “Дональд Трамп Их Хямралын үеэс хойших хамгийн их ажилгүйдлийг бидэнд үлдээгээд явсан. Харин АН Трампын хийсэн эмх замбараагүй байдлыг арилгаж байна” гэж хариулснаар дэлхийн анхааралд ороод байгаа мэтгэлцээн эхэллээ.

“Марксист” Харрис

Бүгд найрамдах намаас гаргасан, Дональд Трампын засаглал ямар байх талаарх төслийг Харрис хэд хэдэн дурдсан бол Трамп огт уншаагүй гэж мэдэгдлээ. Энэ үеэр тэд хэд хэдэн удаа нэгнээ худалчаар нь дуудаж, Харрис “Трампаас дандаа худал хуурмаг, гомдол, доромжлол л үзэгчид сонсох болно” гэсэн бол Трамп Камалаг Стэнфорд их сургуулийн эдийн засагч байсан аавтай нь холбон, “Марксист эмэгтэй” гэж нэрлэсэн юм. Трамп “Хэрэв Харрисыг хэзээ нэгэн цагт иргэд сонгох юм бол тэр бүхнийг өөрчилнө. Энэ өөрчлөлт нь манай улсыг сүйрүүлнэ. Харрис бол марксист хүн гэдгийг бүгд мэднэ. Түүний аав охиныхоо тархийг сайн угаасан, эдийн засгийн марксист-профессор хүн” гэж дайрлаа. Үүний хариуд Харрис “Дэлхийн удирдагч нар бүгд Трампыг дооглон, инээдэг. Би зарим цэргийн зүтгэлтнүүдтэй уулзаж байсан. Бүгд таныг шившиг гэж хэлдэг” гэснээр энэ хэсэг өндөрлөв.

В.Путинд хэн нь идүүлэх вэ?

“Украины дайныг зогсоох ёстой, би зогсоож чадна” гэж Трамп мэдэгдсэн. Гэхдээ сонгогдсон тохиолдолд албан ёсоор ирэх жил ажилдаа орохоосоо өмнө чадна гэж хэлсэн. Дайтагч хоёр улсын тэргүүн Владимир Путин, Владимир Зеленский нарын хэн хэнтэй харилцаатай, хоёулаа түүнийг хүндэлдэг гэдгээ онцоллоо. “Тэд намайг хүндэлж, Байденыг хүндэлдэггүй. Байденийг яалаа гэж ч хүндлэх билээ” хэмээн бардамнасан.

Харин Харрис Байдентай биш өөртэй нь өрсөлдөж байгааг нь сануулаад “НАТО-гийн манай түншүүд таныг Ерөнхийлөгч биш болсонд их баяртай байгаа. Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгч байсан бол Путин одоо Киевт орчихсон, Польшоос эхлэн Европыг эзлэх санаа агуулаад сууж байгаа. Путин бол дарангуйлагч, Трампыг өдрийн хоолондоо л залгичихна” гэж сөргөлөө. Трамп “Харрис бол түүхэн дэх хамгийн муу дэд ерөнхийлөгч. Дэд ерөнхийлөгч байхдаа дайныг зогсоож чадаагүй” гэснээр энэ хэсэг төгссөн юм.

Ингээд бусад тулгамдсан асуудлуудаар нэр дэвшигчид ямар бодолтой байгааг харцгаая.

Аборт, үр хөндөх

Трамп – Үр хөндөхийг хориглосон хуулийн төсөлд хориг тавих талаар хэлэлцээд ч хэрэггүй. Учир нь хэзээ ч Конгрессийн дэмжлэг авахгүй.

Харрис – Үр хөндүүлэх үндсэн эрхийг эргүүлэн авахын төлөө тэмцэнэ. Мужууд бие даан үр хөндүүлэхийн эсрэг хязгаарлалт тавьснаар эмэгтэйчүүд маш их хохирсон. Эмэгтэйчүүдийн талаарх Трампын бодлого америк эмэгтэйчүүдийг дорожилж байна.

Трампын хэрэг

Харрис – Үндэсний аюулгүй байдлын эсрэг, сонгуульд хөндлөнгөөс оролцох болон эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон хүн гэмт хэргийн талаар ярих нь зөв үү?

Трамп – Миний эсрэг үүсгэсэн бүх хэрэг хуурамч. Би өнгөрсөн сонгуульд 75 сая саналаар ялсан байх учиртай. Капитолийн халдлага бол миний буруу биш аюулгүй албаныхны хариуцлага.

ХАМАС, Израилын дайн

Харрис – Израил өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэхдээ мэдээж хамгаалахад учир бий. Энэ дайн маш хурдан дуусах ёстой.

Трамп – Хэрэв би Ерөнхийлөгч байсан бол энэ дайн хэзээ ч эхлэхгүй байлаа. Харрис Израилыг үзэн яддаг. Хэрэв тэр Ерөнхийлөгч болбол Израил улс хоёр жилийн дараа устана.

Төгсгөлийн үг

Харрис – Би бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно.

Трамп – Бүтэн 4 жил дэд ерөнхийлөгч байхдаа юу ч хийгээгүй хүн одоо юм хийх үү? Харрис америкчуудын итгэдэггүй зүйлд итгэж байна. Манай улс уналтад ороод байна. Дэлхий тэр чигээрээ биднийг дооглон инээж байна.

Одоогийн байдлаар тэд дахин халз мэтгэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Трампын тал есдүгээр сард дахин уулзах санал тавьсан бол Харрис аравдугаар сар гэж хэлээд салцгаалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.