Намар гэдэг уйтай бас дуутай, урлагийн бүхий л мэдрэмжийг сэргээсэн яруу улирал билээ. Энэ л улирал гэрэл зурагчид, яруу найрагчид, уран зураач гээд чухам урлагтай холбоотой хэн бүхний дотоод хүсэл бадарч уран бүтээл туурвидаг биз ээ. Иймд таны дотоод сэтгэлийг бүлээсгэж, эгшин ярууг мэдрүүлэх шүлгүүдийг хүргэе.
Г. Аюурзана “Миний мэдэх намар”
Харсаар байтал зуны сарууд яг дэргэдүүр минь өнгөрч
Хачин уйтгартай ч нэг л танил шаргал өдрүүд ээлжилнэ
Навчис, шувууд, дурлалууд надаас холдоод явахын цагт
Намрын бороо зуных шиг шивэрч сэтгэл үймүүлэх нь юу вэ
Чиний тухай бодлуудыг минь намрын салхи холоо хийсгэж
Чийглэг зөөлөн уруулын хээ навчтай цуг хатчихсан байна
Амрагийн сэтгэл шувуу шиг үргэж би намар шиг гунихын цагт
Арван сар гэдэг надад амьдрал шиг урт санагдаж байна
Инээлдэж байсан цэцэгс толгой гудайх нь үхэл шиг
Илүүдэж байсан дурлалуудаас нэг ч үгүй, цэцэгс шиг
Яг далайн давалгаа шиг шүлгэнд минь хүртэл гуниг шингэчхэж
Ямар их уйтгар вэ намар минь чамайг би өрөвднөм
Д.Урианхай “Намрын навчинд өргөх шүлэг”
Ургаж өөдлөөд, унаж газарладаг
Учир тавилантай шаргал навчисаа!
Өлмийдөө элбэг зай олоод, гишгэлгүй өнгөрөөе дөө би
Өнгөт хорвоогийн эргэлтээ ёсоороо дуусга даа!
Тормойх оддоос шүүдэр тосон
Тоонон дээр шуугихыг чинь олон сонссоон би!
Цагийн шүүдрийг сүү шиг шимж
Цангасан шувуу шиг газраа тэвэрч дээ, навчис минь!
Өнөө уналаа ч маргааш ургадаг
Өөдийн заяатай шаргал навчис аа
Салхины ая даахгүй хийсэхийг чинь харахад
Санааны үзүүрт хөндүүр л байна даа
Хөр цас, хүйтэн сэрүүнд нөмөр бараадах навчсыг
Хөөрхийлж дотроо өрөвдөх л юм даа би
Өөртөө элбэгхэн зай олоод шороо үргээлгүй өнгөрье дөө
Өнгөт хорвоогийн найранд бид ижилхэн л дугараа шүү дээ!
Б. Лхагвасүрэн “Намрын салхи”
Бодол сэвэлзсэн
Намрын бүрхэг өдөр
Ботгоны буйлах дуун
Нүдгүй архи нэрнэ.
Бүдэрсэн нулимсанд
Согтсон энгэрийн
Бүтэн хоёр товч
Хар аяндаа мултарна.
Болохын тухай
Бодохоос өрсөж
Болж өнгөрсний
Шарх илүү хөндүүр
Хэвтээ шар салхи
Өвсний уцаар хүргэж
Хэлгий цагаан манан
Уулын элгэнд цагираглана.
Цуламхан нам гүмийг
Цуулж нохой хуцна.
Цугтаа яваа юм шиг
Цуурай дагаж боргоно.
Өтгөн үүлс газарлаж
Үдээс хойш бороошино.
Салхи хэдий намдсан ч
Цээжин дотор эрвэлзэнэ.
Б.Ичинхорлоо “Зуун намар”
Зуун намар, зуун намар би ингэж гунихгүй
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлэхгүй
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагладаг минь ч үлдэхгүй
Зуун намар, зуун намар ингэж гунихгүйгээс хойш
Зузаан үүлсээр чамдаа хэл өгүүлсээр байх болно
Амгалан царайг чинь догдлон ширтээд
Аялгуут үгсийг шагласаар л байх болно
Зуун намар, зуун намар би ингэж дурлахгүй
Зулзаган нахиа шиг алган дээр чинь дэлгэрэхгүй
Зүүдэн гүнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургахгүй
Зуун намар, зуун намар ингэж дурлахгүйгээс хойш
Зулзаган нахиа шиг алганд чинь эрхэлсээр байх болно
Зүүдэнд чинь шөнийн саран шиг үлдээд
Зүрхэн дээр чинь хаврын мод шиг ургасаар л байх болно
Зуун намар, зуун намар
В. Гүнначүг “Намарт уйтгарлав”
Намрын салхин биеийг үлээхүйеэ сэтгэл санаа уярмуй,
Найргүй хүйтэн сарны гэрэлд гагц бие жихүүн
Нар шингэн зул мандахуйяа чиний мөрөөдөх цаг
Навч хийсэж цэцэг зулгарахуйяа миний санах үе
Д. Нацагдорж “Намар”
Намрын шар нар над дээр, чам дээр тусна.
Найган найгах улиралд нь бид бас найгана.
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна.
Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр үгүүлнэ.
Өглөөний хяруу сувдын адил гялтаганан бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ.
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ.
Урьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээр унахад
Сэтгэлийн доторхи уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно
В. Инжаннаши “Сэрүүн намар”
4
Намрын салхи цэлмэгэр жихүүн үед
Найгах өвс хийсэн уярмуй
Навчийн улаанд шүлэг бичсэн мэт
Найрт зузаан хүмүүнээ гомдмуй.
5
Өрнө салхинаа огторгуйн өнгө цэлмэвэй
Өөрийг мэдэгчид олж үзэв үү, үгүй юу?
Өглөө хийсэх хатсан навчийн чимээ
Өнчрөн суух даяаны хүмүүнээ тодорхой.
Л.Өлзийтөгс “Цас моддын дээр“
Моддын дээр цас орно
Өнгө нь хувирсан сүүлчийн навчис
Өвдөж байгаа болов уу, гуниглаж байгаа болов уу?
Аугаа их нам гүм - Цас
Аугаа их амьдрал - Навчис
Аугаа их үхэл - Намар
Аль алинаас нь би харцаа салгаж чадахгүй нь ээ
Моддын дээр цас орно
Зүрхнээс минь нэг нэгээрээ одож буй хүмүүсийн төлөө
Навч шиг тасран одож буй тэдний төлөө
Зүйрлэшгүй их шаналсан минь өчигдрийнх, зуных ...
Моддын дээр цас орно
Харин одоо цээжинд минь аль хэдийнээ гэрэл
Хачин нам гүм цас моддын дээр
Б. Явуухулан “Нүүдэлчний намар”
Нарс найгаа л
Навчис хийсээ л
Уулын оройд будан суугаа л
Шувуу буцаа л
Хяруу унаа л
Өвсөн толгойд цан буугаа л
Тал шарлаа л
Мал холхио л
Сэтгэл гэнэт догдлоо л
Салхи сэвээ л
Өрх дэвээ л
Өлөн тоос тэнгэрт босоо л
Айлууд нүүгээ л
Амрагууд холдоо л
Аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж!
Мишигийн Ширчинсүрэн
Намрын сайхан нар
Намрын сайхан нар – холдож байгаа нар
Илч нь бага боловч, өнгө нь тунгалаг цагаан
Намрын сайхан өдөр – саарч байгаа өдөр
Биед жихүүн гэлээ ч, сэтгэлд нэг л уян.
Дэндэвийн Пүрэвдорж - Навч
Намрын мөчрөөс
Навч хийсэн унав
Навчтай хамт
Нар хэлтрэн унав
Нарны тэр хэлтэрхийтэй
Намрын өдөр унав
Намрын тэр өдөр
Надаас гандан унав.
Жагдалын Лхагва
Намрын сүүлчийн навч
Дэгээнд орсон загас шиг
Эцсийн удаа цовхчино